‘Т-тэр зүгээр байгаа биз дээ? Энэ бол зүгээр л NPC-ийн дүрд үзүүлж буй хариу үйлдэл, тийм биз дээ? Намайг явсны дараа гар нь юу ч болоогүй юм шиг буцаад ургачихна биз дээ?’
Юүан шавийн гарыг тасалсандаа өөрийгөө арай бага буруутгахын тулд ингэж өөрийгөө ятгахыг хичээлээ.
“Чи муу новш! Би чамайг алж орхино!”
Рэн Фүчен уурлан архирсан ч Юүаны дарангуйлах хүчнээс нууцхан айж байлаа. Юүаны цохилтоос болж гар нь одоо ч чичирч байв.
“Тэр манай тулаан руу өөрөө үсэрч орсон нь миний буруу биш.”
Юүан бурууг өнөөх шавь руу тохов. Түүний үгийг сонссон шавь амнаасаа цус бөөлжив.
“ААААА! Туслаач! Би цус алдаад үхэх нь!”
Шавь хамаг чадлаараа үргэлжлүүлэн орилсон ч ойролцоох шавь нар түүнд тусалсангүй. Тэд энэ бужигнаанд орооцолдохыг хүсээгүй ажээ.
Эцэст нь шавийн дуу тэр газраас холгүйхэн цай ууж байсан Ахлагч Жиангийн чихэнд хүрэв.
Ахлагч Жианг цайгаа доош шидээд агаарт үсрэн, чимээ гарч буй зүг рүү очлоо. Тэр дээврээс дээвэр дамжин үсрэхдээ эргэн тойрныхоо таталцлыг удирдаж байгаа мэт, жингүй юм шиг харагдаж байв.
Түүнийг ирэхэд, учир нь ойлгомжгүй энэ нөхцөл байдлыг хараад нүд нь гайхсандаа томров. Дараа нь тэр даруй арга хэмжээ авч, шавийн гараас олгойдон гарч буй цусыг тогтоов.
Ахлагч Жианг шавийн гарын эргэн тойронд ямар нэгэн төрлийн лац тавин асуудлыг шийдсэнийхээ дараа духныхаа хөлсийг арчаад Мө Жоу руу эргэв.
“Энд юу болоод байна аа, Мө Жоу?!”
Тэр уураа Мө Жоу руу чиглүүлэв. Мө Жоу шавийн шаналант орилооныг сонсоод өмдөндөө тавьчихгүйг хичээж байлаа.
“Э-Энэ... Т-Тэд бидэнтэй дайсагнан өөдөөс ирсэн юм. Намайг хамгаалахын тулд Бясалгагч Юүан ахлах шавь Рэнтэй тулалдсан... Ахлах шавь ялагдахын даваан дээр очиход, ахлах шавь Хуанг Бясалгагч Юүан руу араас нь сэмхэн довтлохыг оролдсон. Тэгээд ийм байдалд хүрчихлээ...”
“Бясалгагч Юүан? Тэр хүүхэд үү?!”
Ахлагч Жианг Юүан руу эргэж харлаа. Юүан гартаа барьсан цуст сэлмээ арагшаа нуухыг хичээн, түүн рүү эв хавгүйхэн инээмсэглэж байв.
‘Ердөө Сүнслэг Шавийн 9-р түвшинд байгаа энэ хүүхэд Хуанг Дингийг төдийгүй Дотоод ордны шилдэг шавь нарын нэг болох Рэн Фүчэнийг ялсан гэж үү?’
Ахлагч Жианг чихэндээ итгэж чадахгүй байлаа. Бясалгагчид өөрсдөөсөө өндөр бясалгалын түвшинтэй хүмүүсийг яллах нь тийм ч ховор зүйл биш. Гэхдээ ийм их түвшний зөрүүтэй ялалт урьд өмнө сонсогдож байгаагүй!
“Энд хэний зөв, хэний буруу гэдэг одоо хамаагүй. Гэхдээ чамайг зочноор дотогш оруулсан миний өгөөмөр сэтгэлийг ингэж хариулж байгаа юм уу? Чи ямар гаралтай байсан нь надад хамаагүй. Нисдэг Сэлмийн Бүлгэмийн шавь руу дайрсныхаа үр дагаврыг амсахад бэлд!”
Ахлагч Жианг Юүан руу дөхөж эхлэв. Юүанд энд ямар нэг зүйл буруу санагдлаа. Түүнтэй дайсагнан өөдөөс ирсэн хүмүүс нь өөрсдөө илт буруутай байсан. Тэр бүр тэдний шавь нарын нэгийг дээрэлхүүлж байхад нь хамгаалсан. Гэсэн ч одоо өөрийг нь шийтгэх гэж байна.
Мэдээж, тэр шавийн гарыг тасалсан. Гэхдээ энэ бол осол байсан бөгөөд өнөөх шавь тэдний тулааны голд үсэрч ороогүй бол үүнээс зайлсхийж болох байлаа.
“Хэн нь зөв, хэн нь буруу байх нь хамаагүй гэж үү? Би эндхийн хүн биш байсан ч танай гэрт зочноор ирсэн хүний хувьд аюулгүй байх эрхгүй гэж үү? Танай шавь нарын нэг нь намайг тулалдахыг өдөөн хатгасан ч та үүнийг тоосонгүй. Танай шавь нар өөрсдийнхөө нөхөд шавь нарт нүдэн дээрээ илт дээрэлхүүлж байхад хэн нь ч үүнийг зогсоох гэж оролдсонгүй. Хэрвээ та энд багшийн хувиар ингэж харьцдаг юм бол багш байх ёсгүй гэж бодож байна!”
Юүан Ахлагч Жиангийн нэр нүүрийг бодолгүй, бодож санаж явснаа шууд хэлэв.
“Чи яаж зүрхэлж байна! Надад сургамж айлдах хэн болоод байна?!”
Ахлагч Жиангийн нүд уурласандаа улайж, Юүаны үгэнд илт өдөөгдөв.
Ахлагч Жианг үл ялиг алах санаархал гаргаж байгааг харсан Шиао Хүа ч мөн дуугүйхэн биеэ бэлдлээ. Хэрвээ Ахлагч Жианг Юүанд гэм хүргэх гэж өчүүхэн төдий ч оролдвол тэр түүнийг эргэлзэлгүй ална.
Ахлагч Жианг хэтэрхий даварч ярьсан Юүаныг шийтгэхээр бэлдэж байтал гэнэт нэгэн дуу чихэнд нь цуурайтав.
“Түр хүлээ.”
Ахлагч Жианг тэр даруй хөдөлгөөнөө зогсоогоод ардаа эргэж харлаа.
Түүний ард хурц төрхтэй, сүр хүч нь давамгайлсан дунд эргэм насны эр зогсож байв. Үүнийг хараад Ахлагч Жиангийн нүд гайхсандаа томров.
“С-Бүлгэмийн тэргүүн!”
Зөвхөн Ахлагч Жианг ч биш, тэнд байсан бүгд чангаар уулга алдлаа.
“Хойшил, Ахлагч Жианг. Үүнийг би өөрөө шийдье.”
“Юу?!”
Ахлагч Жианг хэлэх үггүй болтлоо цочирсон ч татгалзаж зүрхэлсэнгүй, дуугүйхэн толгой дохив.
Ахлагч Жианг хойшилсны дараа Бүлгэмийн тэргүүн урагш алхлаа.
Тэр Рэн Фүчен болон Хуанг Динг рүү хараад хэлэв:
“Би эхнээс нь бүгдийг харж байсан.”
Түүний үг хоёрынх нь хэлэх үгийг барагдуулж, айсандаа чичрэхэд хүргэв.
“Ямар өрөвдөлтэй юм бэ. Та хоёр нийлж нэг хүний эсрэг тулалдсан мөртлөө ялагдсан төдийгүй араас нь сэмхэн довтлох гэж зүрхэлжээ. Та нар хулчгарууд шиг тулалдахыг хаана сурсан юм бэ? Манай Бүлгэмд ийм төрлийн сэлэмний урлаг зааснаа би санахгүй байна! Дараа нь та хоёрыг заавал сахилгажуулна.”
Бүлгэмийн тэргүүний үгийг сонсоод Рэн Фүчэний царай цонхийв. Түүний занг мэддэг болохоор үүний дараа там үзэх нь гарцаагүй байлаа. Харин Хуанг Динг Бүлгэмийн тэргүүний үгийг сонссон даруйдаа ухаан алдан унав.
“Хариу чинь юу вэ?!”
Бүлгэмийн тэргүүн гэнэт архирлаа.
“Т-Тийм ээ, Бүлгэмийн тэргүүн!”
Рэн Фүчен сөөнгө хоолойгоор хариулав.
“Хмф.”
Бүлгэмийн тэргүүн хүйтнээр хамраа шуухитнуулаад Юүан руу эргэж харав.
“Чиний сая ашигласан тэр техник... Чи Цусны Бүлгэмээс ирсэн байх.”
‘Цусны Бүлгэм үү?! Тэр бузар газар уу?!’
Ахлагч Жианг дотроо уулга алдлаа.
Юүан шиг гэмгүй харагддаг хүн тийм бузар газарт харьяалагддаг гэж тэр огт төсөөлөөгүй байв! Хэрвээ мэдсэн бол түүнийг энэ газар руу хэзээ ч оруулахгүй байлаа!
“Би чамтай ч, танай газартай ч ямар нэгэн асуудал үүсгэхийг хүсэхгүй байна. Тиймээс биднийг зүгээр тайван орхиод явна уу. Энэ явдлын тухайд буруу нь биднийх, тиймээс юунд ч санаа зовох хэрэггүй.”
Тэнд байсан бүх хүн хэлэх үггүй болов. Тэдний сүрдэм Бүлгэмийн тэргүүн өөрөөсөө хавьгүй залуу хүний өмнө ингэж даруухан авирлаж байгааг тэд харж байлаа. Тэдний олонх нь энэ Цусны Бүлгэмийн талаар сонсож ч байгаагүй тул учрыг нь бүр ч ойлгосонгүй.
“Өө...”
Юүан ч бас хэлэх үггүй болов. Нөхцөл байдал ингэж эргэнэ гэж тэр төсөөлөөгүй тул яахаа мэдэхгүй байлаа.