“6,000 Алт!” Дуудлага худалдаа эхэлмэгц Шүань Вүхан Сүнс бэхжүүлэгч эмд шууд үнэ хэлэв.
“6,100 Алт!”
“6,200 Алт!”
Хэдхэн минутын дараа Шүань Вүхан Сүнс бэхжүүлэгч эмийг 7,500 Алтаар авч чадлаа.
“Тийм ээ! Одоо би Сүнслэг Дайчны гурав дахь түвшинд дэвшиж чадна!” гэж тэр ялалт байгуулсан мэт нударгаа зангидлаа.
Гэвч Шүань Вүхан ганцхан савтайд сэтгэл ханасангүй. Тиймээс үлдсэн хоёр савд мөн үнэ хэлж эхлэв.
Дахиад хэдэн минутын дараа Сүнс бэхжүүлэгч эмийн хоёр савыг Шүань Вүханд гардуулсан бөгөөд тэр гурван савны төлөө нийт 25,000 Алт төлжээ.
“Хөөе, Юүан.” Шүань Вүхан гэнэт түүнийг дуудлаа.
“Яасан бэ?” гэж Юүан түүн рүү эргэж харав.
Шүань Вүхан инээмсэглээд эмийн савнуудынхаа нэгийг онгойлгон, дотроос нь Сүнс бэхжүүлэгч эм гаргаж ирэв.
“Энэ ч нэг их зүйл биш л дээ. Гэхдээ бид олон жилийн турш найзууд хэвээр байгаасай гэж хүсэж байна!” гэж тэр эмийг Юүанд өгөв.
Юүан нүд нь үл ялиг томрон эмийг хүлээн авлаа.
“Баярлалаа!” гэж тэр инээмсэглэн хэлэв.
Юүан Сүнс бэхжүүлэгч эмийг гартаа атгамагц систем түүнийг автоматаар шинжиллээ.
[Сүнс бэхжүүлэгч эм] [3-р түвшин] [Цэвэршилт: 82%]
[Нөлөө: Сүнсний хүчийг 1,000-аар байнга нэмэгдүүлнэ]
[Тайлбар: Бай Мингийн урласан Сүнслэг эм.]
[Хязгаар: 3]
“Сүнсний хүчийг минь байнга нэмэгдүүлдэг юм байна! Тэгээд бүр 1,000-аар!” гэж Юүан уулга алдав.
Шиао Хүа түүнд тайлбарлав.
“Ихэнх эмийг биед тань ашиггүй болохоос нь өмнө тодорхой тоогоор л хэрэглэж болдог. Сүнс бэхжүүлэгч эмийг гурван удаа хэрэглэсний дараа биед тань үзүүлэх ашиг тус нь алга болно. Гэхдээ биеийг тань сайжруулахаа больсон ч өөр ашигтай талуудтай. Жишээлбэл, бясалгалын үеэр сэтгэл санааг тайвшруулдаг. Тиймээс тэр олон сав авсан юм.”
“Ойлголоо...” гэж Юүан толгой дохив.
“Хөөе, Хатагтай Шүань, тэр эмнүүдээс бидэнд ч бас нэгийг өгчихгүй юу? Бид ч бас найзууд биз дээ?” гэж Ду ах дүүс түүнээс асуулаа.
“Хэрэв та нарт хэрэгтэй байсан юм бол яагаад өөрсдөө авах гэж оролдоогүй юм бэ?” гэж Шүань Вүхан асуув.
“Чи тэднийг авах гэж маш их хүсэж байсан болохоор бид чамтай өрсөлдөөгүй юм” гэж Ду Хай овжин инээмсэглэн хэлэв.
“Намайг та нар зөвшөөрсөн болохоор л ялсан гэж хэлэх гээд байна уу?” Шүань Вүхан түүн рүү нүдээ нарийсгав.
Ду Хайн овжин инээмсэглэл тэр даруй уучлалт гуйсан төрхтэй болж,
“Т-Тийм санаа байгаагүй...” гэв.
“Тэгвэл март!”
“...”
Шүань Вүхан харцаа буруулсны дараа Ду Хай Юүан руу нүдээ нарийсган харлаа. Тэр энэ бүхнийг Юүан үүсгэсэн мэт түүнд буруутай хандаж байв.
Удалгүй дахиад арван эд зүйл дуудлагаар зарагдсаны дараа Юүаны мангасын цөмүүд ээлжээ хүлээн тайзан дээр гарч ирэв.
“Хмм... Дараагийн эд зүйл бол хэдэн мангасын цөм байна...” гэж Чин Чин өмнөхөөсөө итгэл муутай, өөрийн хэлсэн үгнээсээ бага зэрэг ичсэн мэт хэлэв.
“Мангасын цөм үү? Сүнслэг Мастерын түвшинд хүрсэн араатных байж болох уу?” Мангасын цөмүүд Дуудлага худалдааны ордонд ховорхон зарагддаг тул хүмүүс бага зэрэг гайхав.
“Эдгээр нь Сүнслэг Шавь түвшний мангасын цөмүүд” гэж Чин Чин нэг л хачин өнгөөр хэлэв.
“Сүнслэг Шавь түвшний мангасын цөм үү? Дуудлага худалдааны ордон алдаа гаргасан юм биш үү? Ийм хогийг энд яаж зарж болох юм?”
“Энд ямар нэгэн алдаа гарсан байх. Хөх Фениксийн Дуудлага худалдааны ордон санаатайгаар хог зарна гэж төсөөлөхийн аргагүй.”
“Хөх Фениксийн Дуудлага худалдааны ордон алдаа гаргадаггүй. Шалтгааныг нь би мэдэхгүй ч эдгээр мангасын цөмийг Ахмад Чанг өөрөө зөвшөөрсөн” гэж Чин Чин хэлээд үргэлжлүүлэв. “Эдгээр дөрвөн мангасын цөмийн нийт эхлэх үнэ 500 сүнслэг чулуу байна.”
Гэвч хэдэн минут өнгөрсөн ч хэн ч үнэ хэлсэнгүй. Энэ нь Хөх Фениксийн Дуудлага худалдааны ордонд урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл байлаа.
“Наад хогоо бидний нүднээс зайлуул! Биднийг дооглоод байгаа юм уу? Хэн ч үүнийг хүсэхгүй!” гэж Ду Бай чангаар хашхирлаа.
“Тийм шүү! Энэ чинь ямар тоглоом вэ? Хөх Фениксийн Дуудлага худалдааны ордон байсан ч гэсэн хязгаар гэж бий.”
Ду Байг даган бусад зочид ч гомдоллож эхлэв. Хэдэн арван мянган Алтын үнэтэй эрдэнэс зарагддаг ийм дээд зэрэглэлийн Дуудлага худалдааны ордонд үнэ цэнэ багатай зүйл зарна гэдэг нь тансаг ресторанд гудамжны мах зарж байгаатай адил байлаа. Зочид өөрсдийг нь Дуудлага худалдааны ордон дооглож байгаа мэт мэдэрч байв.
‘Би яах вэ...? Ахмад Чанг эдгээрийг нүүрээ алдах байсан ч хамаагүй зар гэж хэлсэн!’ гэж Чин Чин дотроо хашхирлаа.
Энэ хооронд ВИП өрөөнд байсан Юүан уурласандаа үл ялиг чичирч байв. Гомдлууд Дуудлага худалдааны ордон болон Чин Чин рүү чиглэж байсан ч эдгээр мангасын цөмийг зарахыг хүссэн Юүан өөрийг нь доромжлоод байгаа мэт мэдэрч байлаа.
Шүань Вүхан Юүаны ууртай царайг анзаарч, эдгээр мангасын цөм түүнд хамаатай эсэхийг гайхав. Эцсийн эцэст тэр хотын үүдэнд Юүанаас нэгийг нь авсан шүү дээ.
‘Энэ ердөө хэдхэн зуун Алт. Хэрэв эдгээр мангасын цөм үнэхээр түүнд хамаатай бол энэ нь бидний харилцаанд лав ашигтай. Тэр бүр нүүр тахалсаныхаа хариуд надад өртэй болж магадгүй. Бас энэ нь түүний өөр нэг сорилт байж болох юм...’
Тэгээд Шүань Вүхан дараагийн мөчид,
“Би эдгээр мангасын цөмд 600 Алт өгье” гэв.
“Хатагтай Шүань! Та яах гэж тэр мангасын цөмүүдэд үнэ хэлж байгаа юм бэ? Тэд чинь зүгээр л хог! Мөнгөө дэмий үрэх хэрэггүй. Хэрэв хүсвэл би танд Сүнслэг Дайчны түвшний хэдэн мангасын цөмийг үнэгүй бэлэглэж чадна!” гэж Ду Хай түүнд хэлэв.
“Дуугүй бай! Би ямар нэгэн зүйл худалдаж авахдаа чиний зөвшөөрлийг авах хэрэгтэй юу? Надад эдгээр мангасын цөм хэрэг болсон учраас авч байгаа юм!” гэж тэр хүйтнээр тургив.
“...” Юүан түүн рүү нүд нь томрон харлаа.
‘Тэр надад хэдэн зуун Алтын үнэтэй Сүнс бэхжүүлэгч эм өгөөд зогсохгүй, миний мангасын цөмүүдийг ч авч байна... Ирээдүйд би түүнд заавал зохих ёсоор талархах хэрэгтэй...’ гэж тэр дулаахан инээмсэглэн бодов.
“Мангасын цөмийн төлбөрийг одоо хийх үү?” гэж өрсөлдөгч байгаагүй тул амархан ялсан Шүань Вуханаас Дуудлага худалдааны ордны туслах асуулаа.
Шүань Вүхан 600 Алт гаргаж ирээд туслахад өгөв.
“Би одоо авмаар байна” гэж тэр хэлэв.
“Ойлголоо.”
Туслах мөнгийг хүлээн аваад хэдэн минутын дараа мангасын цөмүүдийг авчирлаа.
Энэ хооронд тайзан дээр шинэ эд зүйлийг аль хэдийн дуудлагаар зарж эхэлжээ.
“Дараагийн эд зүйл бол гарал үүсэл нь тодорхойгүй энэ болор байна. Үүнийг ямар зорилгоор ашигладгийг бид хэлж чадахгүй ч мангасын цөмтэй адил их хэмжээний ци дотор нь урсаж байна. Үнэндээ, хэрэв энэ мангасын цөм байсан бол Сүнслэг Агуу Мастерын түвшний мангасын цөмтэй дүйцэх байлаа” гэж Чин Чин бөөрөнхий чулууны хэмжээтэй болорыг зочдод үзүүлэв.
“Сүнслэг Агуу Мастерын түвшний мангасын цөмтэй дүйцэх үү?!”
Хүмүүс цочирдов. Сүнслэг Агуу Мастерын түвшний мангас маш ховор төдийгүй аймшигтай хүчтэй бөгөөд Сүнслэг хот шиг том хотыг ямар ч асуудалгүйгээр устгаж чадна. Үнэндээ энэ дэлхийд хамгийн сүүлд Сүнслэг Агуу Мастерын түвшний мангас гарч ирээд мянган жил өнгөрчээ. Тэр үед хэдэн сая хүнийг хөнөөж, дэлхийг сүйрүүлэх шахсан бөгөөд Сүнслэг Агуу Мастерууд өөрсдийн амийг золиослон байж түүнийг устгасан юм.
Шиао Хүа бөөрөнхий чулууны хэмжээтэй болорыг хараад нүд нь үл ялиг томров.
“Юүан ах аа, тэр бол Сүнслэг болор.”
Шиао Хүагийн дуу Юүаны толгойд гэнэт цуурайтав.
“Сүнслэг болор уу? Надад байдаг Эртний Сүнслэг Хаш шиг үү?” гэж тэр асуув.
“Үгүй, энэ жинхэнэ Сүнслэг Хаш биш. Жинхэнэ Сүнслэг Хаш хамгийн муу чанартай байсан ч илүү их ци агуулдаг. Гэхдээ Сүнслэг Хаштай зүйрлэшгүй ч энэ нь таны бясалгалд ихээхэн түлхэц өгнө. Мөн дээд ертөнцүүдэд мөнгөн тэмдэгт болгон ашиглаж болно.”
‘Үүнийг хэрэглэвэл би хэчнээн их ци авах бол?’ гэж Юүан бодов.
“Юүан ах аа, та үүнд үнэ хэлэх хэрэгтэй” гэж Шиао Хүа гэнэт хэлэв.
“Юу? Гэхдээ надад мөнгө байхгүй.”
“Одоо бидэнд мөнгө байхгүй байж болох ч Тэнгэрийн Жавар чинжаалыг зарсны дараа хангалттай их мөнгөтэй болно. Ийм Сүнслэг болор худалдаж авахад тэр мөнгө хүрэлцэхээс ч илүү. Тэгээд энд байгаа хүмүүс түүний жинхэнэ үнэ цэнийг мэдэхгүй бололтой.”
Юүан хэсэг бодсоноо,
“Чи итгэлтэй байна уу? Тэр чинь бас чиний мөнгө шүү дээ” гэж асуув.
Шиао Хүа түүнд Тэнгэрийн Жавар чинжаалыг зарсан мөнгийг ашиглахыг зөвшөөрсөн ч Юүан тийм ичгүүргүйгээр зөвшөөрч чадахгүй байлаа. Үнэндээ Шиао Хүа түүнд аль хэдийн өгсөн бүхнийг бодолцвол энэ мөнгийг ч бас хүлээн авбал Юүанд гэмшил төрөх байв.
“Ав, Юүан ах аа.” Шиао Хүа шийдэмгий царайтайгаар толгой дохив.
“За, тэгвэл чиний хэлснээр болъё.”
‘Ци нь бялхсан энэ болорыг би заавал авах ёстой! Хэрэв доторх ци-г нь бясалгаж чадвал удахгүй түвшнээ ахиулж, Сүнслэг Мастер болж ч мэднэ!’
Шүань Вуханы нүд догдлолоор гялалзав.
“Ийм их ци агуулсан зүйл эрдэнэ биш байна гэж байхгүй! Энэ нь хүчирхэг чадвартай эрдэнэ байх ёстой!”
Шүань Вүханаас гадна ВИП өрөөнд байсан Ду ах дүүс болон бусад хүмүүс ч догдлон чичирч байлаа.
“Бид үүний жинхэнэ үнэ цэнийг мэдэхгүй тул зочдоор шийдүүлцгээе. Дуудлага худалдаа эхэллээ!” гэж Чин Чин чангаар зарлав.
“10,000 Алт!”
“30,000 Алт!”
“100,000 Алт!”
Хүмүүс тэр даруй үнэ хэлж эхэлсэн бөгөөд үнэ маш хурдан өсөж байлаа.
Хэдхэн минутын дотор Сүнслэг болорын үнэ 500,000 Алтад хүрэв.
“Шиао Хүа... Үнэ нь аль хэдийн 500,000 Алт болчихлоо. Бид одоо ч худалдаж авах уу?” гэж Юүан түүнээс асуулаа.
Шиао Хүа нэг хором ч эргэлзэлгүй толгой дохив.
“500,100 Алт!” гэж Юүан энэ дуудлага худалдаанд төдийгүй амьдралдаа анх удаа үнэ хэлэв.
“Энэ залуу... Хүлээж байсанчлан энгийн нэгэн биш юм байна...”
ВИП өрөөнд байсан хүмүүс нүднийхээ булангаар Юүан руу харлаа.
‘Намайг энд байхад ямар нэгэн зүйл худалдаж авах гээ юу? Тэгвэл эхлээд надаас зөвшөөрөл авах хэрэгтэй!’ гэж Ду Хай дотроо хүйтнээр инээгээд гараа өргөв.
“510,000 Алт!”
“510,100 Алт” гэж Юүан тайван хариулав.
Ду Хай шүдээ хавирч байгаад чангаар,
“Чи яагаад дандаа ийм бага хэмжээгээр нэмээд намайг санаатайгаар өдөөгөөд байгаа юм бэ?!” гэж асуулаа.
Ду Хайн үгэнд Юүан хөмсгөө өргөв. Тэр үнэхээр Ду Хай яагаад уурласныг ойлгосонгүй.
“Үүнд ямар нэгэн асуудал байна уу?”
“...”
Юүаны хариуг сонссон Ду Хай уурласандаа чичирлээ. Тэр Юүан өөрийг нь дооглож байна гэж бодов.
“520,000 Алт! Дуудлага худалдаанд ингэж л үнэ хэлдэг юм! Ийм бага хэмжээгээр нэмээд байх ямар хэрэг байна?!”
“520,100 Алт. Хэрэв би хэт ихээр нэмбэл мөнгө үрэгдэнэ шүү дээ. Би арай болгоомжтой тоглосон нь дээр гэж бодож байна” гэж Юүан гэмгүй царайлан толгой сэгсрэв.
Эцсийн эцэст үнэ хэлэхдээ тэр өөрийн мөнгийг ашиглаж байгаа биш билээ.
Юүаны үгийг сонсоод Шүань Вүхан инээд алдав. Энэ нь Ду Хайн уурыг бүр ч их хүргэлээ.
“За! Чи ингэж тоглохыг хүсэж байгаа бол би ч бас тоглоё!”
“520,200 Алт!”
“520,300 Алт.”
“520,400 Алт!”
“520,500 Алт.”
Хэдэн минутын турш тэд ийнхүү ээлжлэн үнэ хэлсний эцэст Ду Хай тэвчиж чадалгүй уурлан,
“Новш минь! Надтай ингэж тоглож зүрхэлдэг байна аа!” гэж хашхирлаа.
Ду Хай уураа барьж дийлэлгүй Юүан руу цохихоор зэхэхэд ард чимээгүй зогсож байсан На Нинг урагш гарч ирэн,
“Эрхэм зочин, биеэ зөв авч явна уу. Хэрэв та цааш үргэлжлүүлбэл бид таныг явуулахаас өөр аргагүй болно” гэв.
“Ду Хай, буцаад суу!” гэж Ду Бай хөмсгөө атируулан Ду Хайн хувцаснаас татлаа.
“Чэ!” гэж Ду Хай хүйтнээр туршаад суудалдаа буцаж суулаа. Гэвч хэсэг хугацаа өнгөрсөн ч тэр Юүаныг нүдээ нарийсган харсаар байв.
“Бид Хөх Фениксийн Бүлгэмийг өдөж болохгүй! Бас энэ эрдэнээс татгалз. Чи нэг дор ингэж их мөнгө зарцуулбал бидний мөнгө дуудлага худалдаа дуустал хүрэхгүй. Хэрэв түүнтэй тооцоо бодохыг хүсэж байгаа бол дуудлага худалдааны дараа болно” гэж Ду Бай дараа нь Ду Хайн чихэнд шивнэв.
“Юүан, Ду ах дүүс өршөөлгүй хүмүүс. Тэд дараа нь чамд лав төвөг удахыг оролдоно. Би тэдэнтэй дараа ярья” гэж Шүань Вүхан тэдний сэжигтэй харцыг анзаармагцаа Юүаны чихэнд шивнэв.
“Анхааруулсанд баярлалаа” гэж Юүан толгой дохив.
Тэр тэднээс айгаагүй ч тэдэнтэй харьцах шаардлагагүй байсан нь дээр гэж бодож байлаа.
Хэдэн минутын дараа Юүан 550,000 Алтаар үнэ хаян яллаа.
“Эрхэм зочин, та эд зүйлийн төлбөрийг одоо хийх үү, эсвэл дараа төлөх үү?” гэж На Нинг эелдэг өнгөөр, хүндэтгэлтэй байдлаар түүнээс асуулаа.
“Төлбөрийг дараа нь тэр зүйлээс хасаарай” гэж Шиао Хүа түүнд хэлэв.
“Ойлголоо” гэж На Нинг толгой дохин холдлоо.
Шүань Вүхан Шиао Хүагийн үгийг сонсоод хөмсгөө өргөн бодов.
‘Тэр зүйл гэж юу гэсэн үг вэ? Тэд мангасын цөмөөс өөр зүйл дуудлага худалдаанд оруулсан юм болов уу?’
Сүнслэг болорыг зарсны дараа дахиад хэдэн эд зүйл зарагдлаа.
“Өнөөдрийн сүүлчийн эд зүйлийн дуудлага худалдааг эхлүүлэхийн өмнө энэ Дуудлага худалдааны ордны эзэн болох Ахмад Чангийг та бүхэнд танилцуулъя!” гэж Чин Чин гэнэт хэлээд тэнд байсан хүмүүсийг мэл гайхуулав.
“Чанг хатагтай өнөөдөр өөрийн биеэр гарч ирэх юм уу? Ховор үзэгдэл байна.”
Хүмүүс ийн бодож байлаа.
Хэдхэн хормын дараа гартаа модон хайрцаг барьсан хөгшин эмэгтэй тайзан дээр гарч ирэв.
“Өнөөдөр миний Дуудлага худалдааны ордонд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн сүүлчийн эд зүйл бага зэрэг онцгой тул сүүлчийн дуудлага худалдааг би өөрөө явуулна” гэж Ахмад Чанг нам дуугаар хэлсэн ч түүний хоолой танхимын өнцөг булан бүрд цуурайтав.
Тэр үгээ хэлж дуусаад модон хайрцгийг нээж, дотор нь байсан гоёмсог чинжаалыг үзүүлэв.
“Э-Энэ аура! Тэнгэрлэг зэрэглэлийн эрдэнэ байна!”
Ахмад Чанг Тэнгэрийн Жавар чинжаалыг танилцуулах шаардлага ч байсангүй. Цэнхэр чинжаалыг бүрхсэн гүн гүнзгий аурагаас тэнд байсан хүмүүс ямар төрлийн эрдэнэ болохыг нь аль хэдийн мэджээ.
“Үнэхээр Тэнгэрлэг зэрэглэлийн эрдэнэ байна! Ха ха ха! Өнөөдөр энд ирсэн минь аз болжээ!”
“Би үүнийг авч чадахгүй ч ийм үнэ цэнтэй зүйлийг өөрийн нүдээр харсан минь хангалттай!”
Тэнгэрийн Жавар чинжаал гарч ирмэгц олны дунд шуугиан дэгдэв. Учир нь ийм үнэ цэнтэй зүйл хамгийн сүүлд олны өмнө гарч ирснээс хойш бүтэн зуун жил өнгөрсөн байлаа!