‘Мү Чингийн зөвшөөрөл…? Мү Чин гэдэг нь саяын тэр хүн юм болов уу?’ Мэдэгдлийг харсан Юүан гайхсан байдалтай хөмсгөө өргөлөө.
«Мү Чингийн зөвшөөрөл: Тодорхой үйл явдалд оролцох эрх олгоно»
‘Энэ ямар нөлөөтэй зүйл вэ?’ Тайлбарыг харсан Юүан бүр ч их гайхав.
Мо Жөүгийн талархал түүнд довтолгоонд ашиглах давуу тал олгодог байсан бол Мү Чингийн зөвшөөрөл иймэрхүү тодорхой бус тайлбараас өөр юу ч өгсөнгүй.
‘Мо Жөүгийн талархал шиг бүх нөлөө заавал ашиг тустай байдаггүй бололтой…’ гэж Юүан дотроо бодов.
“Шиао Хүа, би одоо Сүнслэг Дайчны түвшний мангасыг ялсан болохоор ижил түвшний өөр мангасуудтай тулалдахад бэлэн болсон гэж бодож байна уу?” гэж хэсэг хугацааны дараа Юүан түүнээс асуулаа.
“Тийм. Гэхдээ Сүнслэг Дайчны түвшний мангасууд энэ хавиар ихэвчлэн явдаггүй. Тэр Чөтгөрлөг Аалз онцгой тохиолдол байсан байх. Юүан ах Сүнслэг Дайчны түвшний мангасуудтай тулалдахыг хүсэж байвал бид өмнө зүгт орших Нил Ягаан Хулсан Ой руу явах хэрэгтэй. Тэнд Сүнслэг Дайчны нэгдүгээр түвшнээс гуравдугаар түвшин хүртэлх мангасууд бий.”
“Энэ газар хэр хол вэ?” гэж Юүан асуулаа.
“Хэдэн мянган миль,” гэж тэр тайвнаар хариулав.
“Хэдэн мянган миль гэж үү?!” Жинхэнэ ертөнцөд нэг тивээс нөгөө тив рүү аялахтай адил сонсогдсон тул Юүаны нүд гайхсандаа томров. Онгоц эсвэл өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэлгүйгээр тэд тэнд хэр удаж хүрэх бол?
“Тэгвэл… бид тийшээ яаж очих вэ?” гэж тэр асуухаар шийдэв.
“Мэдээж ниснэ,” гэж Шиао Хүа тайвнаар хариулав. “Юүан ах тийшээ гүйж очихыг хүсэхгүй л бол. Тэгвэл хэдэн өдөр зарцуулна.”
“Х-Хүлээгээрэй… чи сая ‘ниснэ’ гэж хэлсэн үү? Чи нисэж чаддаг юм уу?!” Өөрийнх нь чадваруудыг бүр мартсан Юүан нүд нь томрон түүн рүү харав.
Шиао Хүа толгой дохин, “Бясалгагч Сүнслэг Агуу Мастерын түвшинд хүрмэгцээ бие доторх болон эргэн тойрныхоо сүнслэг энергийг удирдаж, тэнгэрт хөөрч чаддаг. Мэдээж Сүнслэг Агуу Мастерын түвшинд хүрэхээсээ өмнө нисэж чаддаг авьяаслаг хүмүүс ч бий” гэв.
“Гэхдээ Юүан ах одоохондоо нисэж чаддаггүй болохоор Шиао Хүа нисдэг сэлмээр ахыг авч явна.”
Ингэж хэлснийхээ дараа Шиао Хүа хадгалах уутнаасаа нэг сэлэм гаргаж ирээд агаарт шидэв.
Хүндийн хүч сэлмийг газарт унагах ёстой мэт санагдсан ч сэлэм агаарт тогтсон хэвээр үлдэв. Яг л үл үзэгдэх гар түүнийг барьж байгаа мэт байлаа.
“Бурхан минь…” Юүан хөвж буй сэлмийг гялалзсан нүдээр ширтэв.
Тэр энэ ертөнцөд анх ирээд сэлмэн дээрээ зогсон тэнгэрт хөвж буй нэгэн бясалгагчийг харсан цагаасаа хойш ийм зүйл туршиж үзэхийг хүсэж байсан. Гэхдээ ийм боломж ингэж хурдан гарч ирнэ гэж бодоогүй байв.
“Чи хамгийн мундаг нь шүү, Шиао Хүа! Би чамд хайртай!” гэж Юүан догдолсондоо түүн рүү очиж тэвэрлээ.
“Өө…” Тэврүүлсэн Шиао Хүагийн зөөлөн хацар бага зэрэг улайв.
“Ямартай ч би үүнийг яаж хийх вэ? Зүгээр л сэлмэн дээр үсрээд гарчих уу?” гэж Юүан дараа нь түүнээс асуулаа.
“Т-Тийм.” Шиао Хүа толгой дохин үргэлжлүүлэв, “Шиао Хүа сэлмийг Юүан ахын өмнөөс удирдах учраас ах та зөвхөн хөл, тавхайнхаа сүнслэг энергийг удирдах хэрэгтэй. Эс тэгвээс агаарт байхдаа сэлмээс уначихна.”
“За, үүнийг туршаад үзье!”
Юүан догдолсон харцаар нисдэг сэлэм рүү эргэж харав.
Бэлдсэнийхээ дараа тэр сэлмэн дээр үсрэн гарлаа.
“Аа!”
Тэнцвэрээ буруу тооцсоны улмаас Юүан нэг хормын дараа сэлмээс уначихав.
“Бодсоноос хэцүү юм байна…” гэж Юүан хэлсэн ч итгэл найдвараа алдалгүй дахин оролдов.
“Аа!”
“Үф!”
“Ёо!”
Нүүрээрээ газарт унасан олон удаагийн бүтэлгүй оролдлогын дараа Юүан эцэст нь сүнслэг энергийг удирдаж, сэлмэн дээр тэнцвэрээ хадгалж сурах болжээ.
“Хараач! Би хөвж байна!” Юүан нисдэг сэлмэн дээр нэг минутаас илүү хугацаанд уналгүй зогссондоо догдлон хэлэв.
Үүнийг харсан Шиао Хүа, “Одоо Шиао Хүа сэлмийг хөдөлгөнө. Юүан ах, сэлмэн дээр тогтож үзээрэй” гэв.
“Удаанаар хийгээрэй!” гэж тэр яаран сануулав.
Нэг хормын дараа нисдэг сэлэм маш удаанаар хөдөлж эхлэв. Хэдэн секунд тутамд нэг метр явж байлаа.
“Ха ха ха! Би чад—”
Юүан амжилтаа тэмдэглэхээр зэхэж байх үедээ сүнслэг энергиэ удирдах чадвараа алдаж, сэлмээс дахин унав.
“Санаа зоволтгүй, Юүан ах. Та удахгүй дасна” гэж Шиао Хүа түүнд урам өгөв.
Ингээд Юүан үлдсэн өдрийн турш энэ нисдэг сэлмээр хичээллэжээ.
Олон цагийн бэлтгэлийн дараа Юүан сэлэм цагт 100 миль хурдтай нисэж байсан ч дээр нь зогтож чаддаг болов. Гэхдээ үүнээс илүү хурдан болмогц тэр шууд л сэлмээс уначихна.
Өдрийн төгсгөлд Юүан нисдэг сэлэм цагт 300 гаруй миль хурдтай нисэж байсан ч тэсэж чаддаг болжээ. Мэдээж сэлмийг түүний өмнөөс удирдах Шиао Хүа түүнд хэрэгтэй хэвээр байв.
“За, Шиао Хүа, намайг тоглоомоос гарах цаг болжээ. Би буцаж ирснийхээ дараа Нил Ягаан Хулсан Ой руу явж эхэлж болно” гэж Юүан эцэст нь түүнд хэлэв.
“Тийм.” Шиао Хүа толгой дохин зүүлт рүүгээ буцаж орсон бөгөөд удалгүй Юүан тоглоомоос гарлаа.
Тоглоомоос гарсны дараа Юүан өрөө рүү нь ойртон ирэх зөөлөн алхмын чимээг сонсов. Тэр шууд л энэ хүн Ю Рөү гэдгийг мэдэв.
Өрөөнийх нь хаалга нээгдэхэд Ю Рөүгийн зөөлөн хоолой цуурайтлаа.
“Ах аа, өчигдөр танд анхаарал тавьж чадаагүйд уучлаарай.”
“Уучлалт гуйх хэрэггүй. Чамд ч бас хааяа амрах хэрэгтэй. Ямартай ч чи зүгээр үү? Чамайг Аав, Ээжтэй ярилцаж байсан гэж гэрийн үйлчлэгч хэлсэн” гэж Юүан түүнд хэлэв.
“Ха ха…” Ю Рөүгийн амнаас гунигтай инээд гараад, “Ярилцсан гэхээсээ илүү загнуулсан гэж хэлбэл илүү зөв байх” гэв.
“Өө? Чи загнуулсан юм уу? Чамайг загнуулсан гэж өдөр болгон сонсоод байдаггүй шүү. Чи юу хийсэн юм бэ?” Ю Рөү эцэг эхдээ үргэлж хүндэтгэлтэй, дуулгавартай байдаг үлгэр жишээ охин тул түүнийг загнуулсан гэж сонссон Юүан гайхав.
“Сургуулийн дүн маань жаахан буурсан юм. Загнуулахад хангалттай хэмжээнд.”
Юүан түүний царайг харж чадахгүй байсан ч хоолойноос нь гашуун өнгө мэдрэгдэж байлаа.
“Ойлголоо… Эцэг эх маань амжилтын асуудалд их хатуу ханддаг шүү дээ” гэж Юүан хэлэв.
“Заримдаа арай дэндүү хатуу байдаг…” гэж тэр санаа алдав.
“Ямартай ч ийм гунигтай сэдвээр ярилгүй байя. Би чамайг цэвэрлэж өгөх зуураа Онлайн тулаанчид дахь туршлагынхаа талаар ярьж өгөөч. Одоогоор тоглоом чамд хэр таалагдаж байна?” гэж хэсэг хугацааны дараа Ю Рөү түүнээс асуулаа.
“Надад таалагдаж байна гэж хэлэх ч багадахаар байна!” гэж Юүан шууд хариулав.
“Өө? Надад илүү ихийг ярьж өгөөч.” Юүаны догдлол, баяр хөөрөөр дүүрэн хоолойг сонссон Ю Рөү инээмсэглэв. Энэ нь түүнд хүртэл танил бус мэдрэмж байлаа.