Дараагийн өглөө И Юнь эртлэн босож, эмийн ургамал түүхээр гарлаа.
Бэлтгэлийн талбайн хажуугаар өнгөрөхдөө И Юнь тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүд талбай дээр цугларсныг харав. Тэдний голд асар том тогоо тавьжээ. Дотор нь үнэхээр амттай сайхан үнэртэй зүйл чанаж байлаа!
Энэ бол махны үнэр байв!
Хэдэн өдөр өлссөн байсан И Юнь энэ үнэрийг даруй танилаа.
Чөмөг цэвэршүүлэлтийн дараа И Юнь хоолны дуршил нь үнэхээр гайхалтай болсныг ойлгожээ. Түүний идсэн бүх тариан зутан ходоодонд нь орсон даруйдаа бүрэн шингэчихнэ.
Бие нь сайжрахын хэрээр энергийн хэрэгцээ нь улам нэмэгдэж байгааг И Юнь ойлгов.
Тулааны бэлтгэлийн эхэн үедээ яваа хүн учраас тэр “Тэнгэр-газрын Юань Ци”-г шингээх чадваргүй байлаа. Энергийнхээ эх үүсвэр болгон хоолонд найдахаас өөр арга түүнд байсангүй.
Гэвч өдөр бүр иддэг өрөвдмөөр багахан тариан зутан нь энергиэ нөхөхөд огтхон ч хүрэлцэхгүй байв!
Хоолгүйгээр тэр яаж хүчирхэгжих билээ?
Овгийн бүх шилдэг хүмүүс өдөр бүр Зэлүүд араатны мах иддэг байлаа. Тэр мах их хэмжээний, өндөр чанартай энерги өгнө. И Юний иддэг тариан зутантай харьцуулахын аргагүй байв!
Хэрэв удаан хугацаагаар өлсгөлөн явбал биед нь муугаар нөлөөлнө гэдгийг И Юнь мэдэж байлаа. Тэр одоо ч өсөж торниж яваа насандаа байсан бөгөөд Чөмөг цэвэршүүлэлтээр бие нь сэргэсэн учраас л асар их сайжирсан байв.
Хулс үе суух шатандаа орж байхад нь ус бага өгвөл дараа нь ухаж авч ашиглах боломжгүй болно. Ингэвэл асар их төвөг учирна!
Үнэндээ И Юний одоогийн чадвар түүнд тулаанчийн бэлтгэлийн хуаранд элсэн орж, илүү сайн нөхцөл эдлэхэд хангалттай байлаа. Гэвч дөнгөж хөлд орж яваа нэгэн байж бүхнийг нэг дор олж авбал Нил Талстын нууц илэрч мэднэ. Түүний нэг шөнийн дотор залуужин сэргэснийг хэн ч тайлбарлаж чадахгүй.
Түүнчлэн И Юнь тулаанчийн бэлтгэлийн хуаран болон Лянь Чэнъюйтай сайнгүй харилцаатай байсан тул тийшээ орох бодолгүй байв.
—Энэ лав Зэлүүд араатны мах байна. Ан хийж олж авсан байх.
Жянь Сяожоу атаархсан өнгөөр хэлэв.
Энэ ертөнцийн ёсоор жирийн хүн өдөрт хоёр удаа хооллодог байв. Тэд өглөөний 5 цагт сэрсэн даруйдаа хоол иддэггүй, харин 9 цагт иддэг байлаа.
Зөвхөн тулаанчид болон тулаанчийн бэлтгэлд хамрагдагсад өдөрт гурван удаа хооллож чадна. Бэлтгэл хийхэд нь энерги хэрэгтэй тул тэд сэрсэн даруйдаа хоол идэж болдог байв.
Тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүд бэлтгэл хийх шаардлагатай учраас үйлдвэрлэлийн ажилд оролцох албагүй. Тэд хааяа ан хийдэг байлаа.
Зэлүүд нутгийн аюулаас болж эдгээр бэлтгэгдэж буй тулаанчид ан хийсэн ч багахан зүйл л олдог байв. Олдсон багахан хүнсийг зөвхөн өөрсдөө идэх бөгөөд ард олонд огт өгдөггүй байлаа. Учир нь тэд бэлтгэл хийж, хүчээ нэмэгдүүлэхийн тулд мах идэх хэрэгтэй. Харин ядуу жирийн иргэдийн хийдэг гарын ажил нь их энерги шаарддаггүй тул тэдэнд тариа байхад л хангалттай.
И Юнь, Жянь Сяожоу хоёрын хажуугаар өнгөрөхөд тулаанчийн бэлтгэлийн хуарангийн эрчүүд тэднийг харлаа. Жао Тежу исгэрэн, ястай махны хэсэг авч И Юнь, Жянь Сяожоу хоёрын өмнө зажилж эхлэв.
—Энэ бор гөрөөсний мах ямар сайхан үнэртэй гээч, ха ха ха! гэж Жао Тежу ялсан мэт царай гарган инээлээ.
Махыг давс, амтлагчаар амталж гал дээр шарсан тул шүүс нь гоожин, анхилуун үнэр ханхалж байв!
Жао Тежу махыг замбараагүй идэн, уруулаа бас хуруугаа долоож байлаа. Яг л хэлээ өөрөө залгих гэж байгаа мэт харагдана.
Тэр ингэж аашлахаас гадна хааяа ямааны арьсан сав гаргаж ирээд бага багаар шимэн ууна.
Тэр нь архи байлаа!
Лянь овогт архи гэдэг туйлын тансаг хэрэглээ байв. Хоол хүнс ховор байхад архи исгэх үр тариа хаанаас байх билээ?
Тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүд илүү их хүнс авч чаддаг тул хуваарилсан хүнснийхээ багахан хэсгээр архи исгэдэг байлаа. Өвлийн өглөөний хүйтэнд биеэ дулаацуулахын тулд тэд архи хэрэглэнэ.
Архи исгэсний дараах үлдэгдлийг ч дэмий үрэлгүй ядууст тараадаг байв. Үлдэгдэл нь гашилсан байсан ч өлсөж үхсэнээс хавьгүй дээр тул түүнийг хэзээ ч хаядаггүй байлаа.
Тиймээс овгийн настнууд тулаанчийн бэлтгэлийн хуаран нууцаар архи исгэхийг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй.
—Архи ууж, мах идэх гэдэг амьдралын жаргал юм даа.
Жао Тежу юу ч санаа зовохгүй мэт чангаар инээлээ.
Зөвхөн ийм үед л Жао Тежу амьдралын жаргал болон тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүн болсноор өөрт нь хүртсэн ашиг тусыг эдэлж чаддаг байлаа.
—Энэ хоёр гуйлгачин үнэхээр өрөвдөлтэй юм. Дараа нь үлдсэн шөлнөөсөө жаахныг өгье.
Эм гөрөөсний махыг шарсан байсан тул шөл огт байсангүй. Жянь Сяожоу Жао Тежу тэднийг санаатайгаар өдөж байгааг мэдэв. Тэр хамраараа ууртайхан дуугараад И Юний гараас шүүрч, явах гэж бэлдлээ. Гэвч тэр мөчид гэдэс нь урваж, хоржигнов.
Жао Тежу хол байсан тул үүнийг сонссонгүй, харин И Юнь тодхон сонслоо. Жянь Сяожоу ичсэндээ улайв.
И Юнь хажуунаас нь харж зогсон, түүний хөөрхөн байдалд дотроо инээд хүрэв. Жянь Сяожоугийн хувьд гэдэс нь хоржигнох нь эгч хүний байр суурь, нэр хүндэд баймгүй зүйл байлаа.
—Сяожоу эгч ээ, би ирээдүйд танд элдвийн амтат хоол авч өгнө. Тэгээд дэлхий дээрх хамгийн амттай бүхнийг идүүлнэ!
И Юнь түүний нүд рүү харан чин сэтгэлээсээ хэлэв.
Жянь Сяожоу дүү нь ийм үг хэлэхийг сонсоод гайхжээ. Тэр үүнийг хүүхдийн дэмий яриа гэж бодоод өнгөрөөсөн ч И Юнь өөрийг нь ингэж бодож явдагт баярлав.
Тэр И Юний толгойг энхрийлэн илээд, өхөөрдсөн хүүхдийнх шиг хоолойгоор —Эгч нь хүлээж байна шүү! гэж хэлэв.
Жаахан охинд тоглуулж, толгойгоо илүүлсэн И Юнь юу хэлэхээ ч мэдсэнгүй. Гэхдээ өөрөө тэр жаахан охиноос намхан байхад яалтай билээ. —Сяожоу эгч ээ, Тай А Тэнгэрлэг Улсын талаар мэдэх үү?
Лянь Чэнъюйн хэлснээр гурван сарын дараа Тай А Тэнгэрлэг Улсын тулаанчийн сонгон шалгаруулалт болно. Сонгогдсон хүний байр суурь эрс өөрчлөгдөнө. Тийм ч учраас Лянь Чэнъюй өөрийгөө ингэтлээ улайран бясалгаж, ямар ч үнээр хамаагүй Зэлүүд яс олж авсан байлаа.
—Тай А Тэнгэрлэг Улс… Сяожоугийн харц дурсамждаа автав. —Тай А Тэнгэрлэг Улс бол хүн төрөлхтний эртний хаант улс юм. Тус улс 108 муж, 24 зэлүүд нутгийг захирдаг!
—Бидний одоо байгаа газар 24 зэлүүд нутгийн нэг болох Үүлэн зэлүүд нутагт оршдог.
—Тай А Тэнгэрлэг Улс маш хүчирхэг. Нийслэлд нь олон хүчтэн бий. Улсын тулаанчдын ихэнх нь 108 мужаас гаралтай. Энэ нь 24 зэлүүд нутгийн тулаанчид сул дорой гэсэн үг биш, харин хүн ам нь цөөнтэй холбоотой. Тулаанчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад их хэмжээний зохион байгуулалт, хүн хүч шаарддаг тул шалгаруулалтын зардал өндөр байдаг.
Тулаанчийн сонгон шалгаруулалтын урьдчилсан шатыг Тай А Тэнгэрлэг Улсаас ирсэн хүмүүс явуулж, овгуудаас нэр дэвшигчдийг сонгодог. Үгүй бол тэр залуу тулаанчид зэлүүд нутгийг гатлан үхэл рүүгээ явсантай адил болно.
—Гэхдээ энэ удаа Тай А Тэнгэрлэг Улс сонгон шалгаруулалтаа Үүлэн зэлүүд нутагт явуулахаар сонгосон нь үнэхээр хачирхалтай. Ямартай ч энэ нь Үүлэн зэлүүд нутгийн олон жижиг овгийн хувьд асар том боломж. Лянь Чэнъюй энэ боломжийг онилж, нэг үсрэлтээр дээгүүрт гарч, ядуу жижиг тосгоноос зугтахыг хүсэж байгаа.
Жянь Сяожоу ийнхүү аажуухан тайлбарлахад И Юнь гайхан, —Эгч ээ, та ийм ихийг яаж мэддэг юм бэ? гэж асуув.
Жянь Сяожоугийн дуу хоолой хүүхдийнх хэвээр байсан ч ойлгоц, ярих чадвар нь хүүхдийнхтэй огт адилгүй байлаа.
—Би энэ бүхнийг төрсөн ээжээсээ сонссон. Багадаа хачин жигтэй үзэгдлийн талаар ч нэлээд их уншдаг байсан болохоор багагүй мэднэ. Юнь-эр, чи олон зүйлийг санахгүй байгаа бололтой. Чамд уншихыг чинь ч би заасан шүү дээ.
—Өө… И Юнь толгойгоо маажин, зовсон янзтай инээмсэглэв. Үнэхээр ч ядуу айлын хүүхэд ном уншиж яаж чадах билээ?
Жянь Сяожоугийн ач буянаар л тэр уншиж чаддаг байлаа.
Жаахан байхаасаа уншиж чаддаг байсан нь Жянь Сяожоуг лав элбэг хангалуун айлын охин байсныг харуулна.
—Сяожоу эгч ээ, Лянь Чэнъюй Тай А Тэнгэрлэг Улсын тулаанч болбол бүх овгийг хотод авчирна гэж хэлсэн. Энэ үнэн үү?
—Маш хэцүү… Жянь Сяожоу толгой сэгсрэв. —Тай А Тэнгэрлэг Улсын тулаанчийн сонгон шалгаруулалт олон шаттай. Урьдчилсан шат, хагас шигшээ шат гээд шат бүрд олон хүн хасагдана. Онцгой амжилт үзүүлсэн хүмүүст “Улсын эрдэмтэн” цол олгоно. Энэ бол туйлын нэр хүндтэй цол. Улсын эрдэмтдээс шилдэг нь хаант улсын нийслэлд орж, улсынхаа нөөц боломжийг ашиглан “Тай А Ариун Техник”-ийг суралцаж чадна!
—Бүх овгийг хотод оруулахын тулд зөвхөн хагас шигшээг давахад хангалтгүй, бас сайн амжилт үзүүлэх хэрэгтэй. Лянь Чэнъюй одоохондоо тэр хэмжээнд хүрээгүй байж мэднэ. Ирээдүйд тийм хэмжээнд хүрсэн ч зан чанарыг нь бодвол тэр биднийг тоохгүй нь лавтай.
—Юнь-эр, чи яагаад ингэж асуув? Лянь Чэнъюй улсын тулаанчаар шалгарч, биднийг сайхан амьдралд хөтлөөсэй гэж найдаж байгаа юм биш биз?
—Зүгээр л асуусан юм. И Юнь хамраа илэн хэлэв. Лянь Чэнъюйд найдаж байснаас гахай ниснэ гэж найдах нь дээр байлаа.
Тэр нөхөр хаалттай бясалгалаасаа гарч, И Юнь амьд байгааг харвал хамгийн эхний боломж дээрээ түүнийг хөнөөж мэднэ!
И Юнь тэр үед өөрийгөө хамгаалах чадвартай болсон байна хэмээн найдаж байлаа. Устгагч нь хэн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байв!
—Би Тай А Тэнгэрлэг Улсын тулаанчийн сонгон шалгаруулалтад оролцож болох юм байна. Энэ нь бид хоёр хоёулаа сайхан амьдралтай болохыг баталгаажуулах хамгийн хурдан арга гарцаагүй мөн!
—Тэр “Тай А Ариун Техник” гэдэг нь лав ямар нэгэн бясалгалын арга байх. Энэ ертөнцөд тулааны урлаг бэлтгэхийн тулд арга заавар заавал хэрэгтэй. Нил Талст хэчнээн гайхамшигтай ч намайг л залуужуулж чадна. Хэрэв Тай А Тэнгэрлэг Улсад орохгүй бол бясалгалын арга хаанаас олох билээ? И Юнь үүнийг өөртөө бувтнангаа шийдвэрээ гаргав.
И Юнь одоохондоо Лянь овгийг орхиж болохгүй байлаа. Хэдийгээр хүч нь нэмэгдсэн ч зэлүүд нутгийг гатлах нь мунхаг хэрэг хэвээр. Тэр Лянь овогт байхдаа хүчээ нэмэгдүүлж, Тай А Тэнгэрлэг Улсын тулаанчийн сонгон шалгаруулалтыг давах ёстой. Байгаа нөхцөлдөө энэ нь түүний хувьд хамгийн зөв сонголт байв.