“Тэгэхээр би Зэлүүд ясыг боловсруулж болох нь ээ?” гэж И Юнь асуув.
Лянь Чэнъюй дуугүйхэн зөвшөөрөв. Үхэл рүүгээ илгээгдэх гэж байж ингэтлээ баярлаж буй хүнийг харах үнэхээр өрөвдөлтэй байлаа.
“Баярлалаа, Залуу Эзэн ээ.” И Юнь үнэхээр их баярлав. Энэ нь дүр эсгэсэн хэрэг биш, тэр чин сэтгэлээсээ баярлаж байлаа. Лянь Чэнъюй түүнийг амьд байгааг хараад галзуурч, үхсэн эсэхийг нь баталгаажуулахын тулд дахин хэд хэд цохино гэж тэр анх бодож байсан юм.
Лянь Чэнъюйн арга барил И Юньд хор хүргэхгүй ч олон үр дагавар дагуулах байв.
Лянь Чэнъюй анх удаа И Юнийг алж чадаагүйгээ өөрийнх нь гаргасан алдаа гэж эндүүрч магадгүй. Харин хоёр дахь удаа давтагдвал учрыг нь ойлгоно. Энэ нь И Юний хувьд сайн мэдээ биш байлаа.
И Юний Зэлүүд яс боловсруулах зорилго Лянь Чэнъюйн ачаар биеллээ.
Зэлүүд яс боловсруулах нь И Юньд амьсгаа авах зав өгчээ. И Юний хүч асар хурдацтай нэмэгдэж байсан тул хоёр сарын дараа бүх зүйл өнөөдрийнх шиг байхаа болино!
“Юнь-эр, яагаад гэртээ ирж хоол идэхгүй байгаа юм бэ?” Жянь Сяожоу хоолоо бэлдэж дуусаад И Юнийг хайхаар гарчээ. Гэтэл хаалгаар гармагцаа И Юнийг Лянь Чэнъюйтэй ярилцаж байхыг харав.
Жянь Сяожоу тэр даруй санаа зовов. Лянь Чэнъюй өмнө нь И Юнийг хүндээр шархдуулж, амийг нь авах шахсан билээ!
Лянь Чэнъюй И Юнийг гэмтээчих вий хэмээн айж, тэр даруй дөхөж очлоо.
Жянь Сяожоу Лянь Чэнъюйг яс махандаа тултал үзэн яддаг байсан ч түүний өмнө ёс алдсанаар болохгүйг мэдэж байв.
“Аан, Лянь Залуу Эзэн юм байна.” Жянь Сяожоу Лянь Чэнъюйг хараад эвгүйхэн инээмсэглэн, И Юнийг ардаа оруулав.
“Өө? Жянь Сяожоу, чамайг санаж байна.” Жянь Сяожоугийн үйлдлийг анзаарсан Лянь Чэнъюй хөмсгөө зангидлаа. Энэ охин өөрт нь одоо ч дайсагнасан хэвээр байв!
Лянь овгийн ядуу жирийн хүмүүс өөрийг нь үл хүндэтгэхийг Лянь Чэнъюй үзэн яддаг байлаа. Томоохон хүчнүүдийн өмнө өөрийгөө дорд үздэг сэтгэл нь түүнийг өөртэй нь эн зэрэгцэхгүй ядуусын дунд эрх мэдлээ тогтоохыг эрмэлзэхэд хүргэдэг байв.
Гэвч Жянь Сяожоу бол түүний таалдаг эмэгтэй учраас түүнд арай илүү тэвчээртэй ханддаг байлаа. Түүнийг аажмаар номхруулна гэж бодно.
Лянь Чэнъюй яваад өгөв. Жянь Сяожоуг таалдаг байсан ч түүнд анхаарал хандуулсангүй, ганц үг ч илүү хэлсэнгүй. Тэр дээд зиндааны хүн байлаа. Өөрөө араас нь хөөцөлддөггүй, зөвхөн очиж үзээд буцдаг эзэн хаан шиг байв. Жянь Сяожоуг цөхрөнгөө барсан байдалд орохыг хүлээгээд, Жао Тежугаар асуудлыг нь шийдүүлэхэд л хангалттай байлаа.
Жянь Сяожоу Лянь Чэнъюйн холдох нурууг ширтэнгээ И Юний жижигхэн гарыг атгаж, “Юнь-эр, юу болсон юм бэ?” гэж асуув.
“Юу ч болоогүй ээ, Сяожоу эгч ээ. Та санаа зовох хэрэггүй” гэж И Юнь хариулав.
Лянь Чэнъюй өөрийг нь шархдуулсныг Жянь Сяожоуд хэлсэн хүн нь И Юнь өөрөө байлаа. И Юнь түүнийг тайвшруулсан тул Жянь Сяожоу ч бага зэрэг тайвшрав. Сүүлийн хэдэн өдөр тэр дүү нь урьдынх шигээ зүгээр нэг хүүхэд байхаа больсныг бүдэг бадаг мэдэрч эхэлжээ. И Юнь өөрийн гэсэн бодолтой болсон байв.
Гэвч удалгүй Жянь Сяожоу нэг л зүйл сэжигтэй байгааг гадарлаад, “Юнь-эр, чи Зэлүүд ясыг боловсруулах тухай бодож байгаа юм биш биз? Тэр газар руу явж болохгүй!” гэв.
И Юнь Жянь Сяожоуг гайхан харлаа. Жянь Сяожоугийн зөн совин хурц байв. Тэр боловсруулах үйл явцад ямар нууц агуулагддагийг мэдэхгүй ч энэ нь аюултай ажил гэдгийг таамаглаж чаджээ.
И Юнь хэсэг бодсоны эцэст аяархан хэлэв, “Сяожоу эгч ээ, би таны бодож байгаачлан сул дорой биш. Үхлээс буцаж ирснийхээ дараа би урьдынхаасаа өөр болсон гэж бодож байна… Та хэд хоногийн өмнө намайг 20 метр өндөр хадан цохионд авирч гарсныг санахгүй байна уу?”
И Юнь ингэж хэлэхэд Жянь Сяожоу тэр явдлыг саналаа. Тэр И Юнийг хаданд авирч буй хурдыг нь хараад гайхсан ч И Юнь багаасаа авирч, эмийн ургамал түүх дуртай байсан тул нэг их сэжиглээгүй байв.
Эргэцүүлээд үзэхэд И Юнь үнэхээр илүү тэнхээтэй болсон байлаа. Тэр Тулаанчийн бэлтгэлийн хуарангийн ихэнх гишүүдээс ч хадан цохио авирахдаа хавьгүй сайн байв.
Ингэж бодоод Жянь Сяожоугийн сэтгэл амрав. Дүү нь үнэхээр өөр болжээ.
Заримдаа үхэлд хүргэх нөхцөлөөс амьд гарсан хүнийг дараа нь их аз хүлээж байдаг. Жянь Сяожоу аянгад ниргүүлсэн ч үхэлгүй үл барам онцгой чадвар олж авсан хүмүүсийн тухай сонсож байлаа.
“Юнь-эр ч бас ийм байдалтай тулгарсан юм биш биз?”
Тэр шөнө шинээр ажилд орсон И Юнийг Үр тариа наранд хатаах талбайд авчрав.
Үр тариа наранд хатаах талбайг модон хашаа хүрээлдэг байв. “Хижиг”-ийн хэрэг явдлаас болж модон хашааг улам олшруулсан тул гаднаас хэн ч доторхыг харах боломжгүй болжээ.
Зэлүүд яс боловсруулах ажилд нийт гуч орчим хүн оролцож, хоёр ээлжээр ажилладаг байв.
И Юнь шөнийн ээлжид хуваарилагджээ. Шөнийн ээлжид арав гаруй хүн байв. Тэд Тулаанчийн бэлтгэлийн хуарангийн эрчүүд шиг чийрэг биш ч бүгд нүсэр биетэй байлаа. Тэдний дунд И Юнь яг л хунгуудын дундах бяцхан дэгдээхэй шиг харагдана. Түүний өндөр тэдний цээжинд л хүрч байв.
И Юнийг хараад арав гаруй эр цочирдов. Тэдний ширтэх болсон шалтгаан ойлгомжтой байлаа. Ийм турьхан хүүхэд яаж Зэлүүд яс боловсруулах ажилд сонгогдсон юм бол?
Биеийн хүчийг нь эс тооцвол өндөр нь хүртэл дэндүү намхан тул сандал дээр зогссон ч тогооны амсарт хүрч чадахгүй байв. Тэгээд тэр “Ли галын ус”-ыг тогоонд яаж хийх юм бэ?
“Хүү минь, чи тоглоод байна уу? Чам шиг хүн яс боловсруулж чадна гэж үү?”
“Ийм жаахан биеэрээ юу хийж чадах юм? Хөл чинь түлээнээс ч нарийхан байна!”
Бүх эр И Юнийг хараад өөр өөрийн бодлоо илэрхийлэв. И Юнь юу ч хийхгүй байж гахайн утсан мах авах нь тэдэнд огт таалагдсангүй.
И Юнь тэдэнтэй ярилцахыг ч хүссэнгүй. Тэр түлээний овоолгын дэргэд суугаад, тэднийг хүссэнээрээ ярьж байхыг нь зүгээр л орхив.
“Будааны зутан боллоо!” Тулаанчийн бэлтгэлийн хуарангийн нэг эр хувинтай зутан авчран гаргав. Зэлүүд яс боловсруулж буй хүмүүст хоол өгдөг байв. Энэ нь Зэлүүд ясыг саадгүй боловсруулахын тулд дээд удирдлагаас гаргасан хангамж байлаа. Эхлээд хооллож байж л ажиллах тэнхээтэй болно.
Зутан ирснийг сонсмогц эрчүүдийн нүд нь гялалзаад, түүн рүү гүйлдэн очив.
Хувинтай зутанг тэд шуугилдан булаацалдаж байгаад шалсхийтэл хоослов. И Юнь хамгийн ард байсан дээрээс нь хүмүүс хоолны төлөө ингэтлээ тэмцэлдсэн тул түүнд юу ч үлдсэнгүй.
И Юнь арга буюу байлаа. “Муу орчин хүнийг муу болгож орхидог” гэх үг учиртай аж. Муу орчинд байгаа хүмүүс ёс суртахуунгүйдээ бус, ёс журамтай байх нь амьд үлдэхийг нь баталдаггүй учраас аргагүйддэг.
“Ажилдаа ор! Ажиллах цаг боллоо!” гэж Тулаанчийн бэлтгэлийн хуарангийн эрчүүд хашхиралдав.
Хэдэн эр том тогоо руу алхав. Өдрийн ээлжийг солих цаг болжээ.
И Юнь хамгийн ард чирэгдэн, тогоо руу ширтсээр удаан алхав.
Бусдын нүдээр бол И Юнь нил ягаан галд төөнөн шатаж буй асар том хүрэл тогоог хараад мэл гайхсан мэт байлаа. Үнэхээр ч тогоо асар том байв. И Юний өндөр тогооны хоёр дахь бариулд ч хүрэхгүй.
Гэвч үнэн хэрэгтээ И Юний хараа бүдэгхэн гэрлийн цэгүүдээр дүүрчээ. Тэд шөнө нисэлдэх галт цох шиг харагдана.
Ямар гайхамшигтай хүч вэ! Энэ бол Зэлүүд ясны энерги, домогт Зэлүүдийн хүч байлаа!
Гэрлийн цэгүүдийн тасралтгүй урсгал И Юнийг догдлуулав. Өмнө нь Нил Талст Зэлүүд ясны энергиэс багахан хэсгийг шингээсэн ч И Юнь хол зайд байсан тул ихийг шингээж чадаагүй. Харин өнөөдөр тэр Зэлүүд ястай ойрхон харьцаж байлаа.
Үүнтэй харьцуулахад Нил хаш хүн орхоодой, Хар мөөг хоёр юу ч биш байв. Энгийн хоолонд дассан хүн тансаг зоог харсан мэт И Юнь туйлын их догдолжээ.
Энэ яг л хулгайч эзэн хааны бунханд орсон, үен тахианы хашаанд сэм орсонтой адил байлаа!
Зэлүүд ясны бүх энерги түүнд хамаарна.
“Хүү минь, юу хийгээд сууж байна? Түлээгээ хагал!” гэж нэг эр хашхираад И Юний өмнө сүх буулгав.
И Юнь манарсан байдлаасаа сэрж, баяртайгаар түлээ хагалж эхлэв.
“Энэ жаалын толгой зүгээр биш байна!” гэж өнөөх эр хараав. Тэр ч бас завгүй ажиллаж эхэллээ. Тэр болон бусад эрчүүд түлээ хагалах үүрэгтэй байв.
Түлээ нь галын гол түлш байлаа. Маш хатуу, хүнд тул хэд хэдэн хүчтэй эр нийлж байж нил ягаан түлээг хагалж чадна.
Эдгээр эрчүүд шаргуу ажилладаг байв. Хэрэв сайн ажиллавал ажлын ахлагч болж, илүү их гахайн утсан мах болон хоол хүнс авах боломжтой байлаа.
И Юнь баяртай байсан ч хөөрөлдөө автсангүй. Зэлүүд яс боловсруулах ажил “Хижиг”-ийн дэгдэлттэй ямар нэгэн холбоотойг тэр мэдэж байв!
Тэр хижиг өвчний дэгдэлтийн шалтгааныг сайтар шалгаж мэдэхийг хүсэж байлаа. Хэрэв Нил Талст энэ асуудлыг шийдэж чадахгүй бол шагнал нь хэчнээн их байсан ч И Юнь зугтаахаас өөр аргагүй болно.
Тиймээс И Юнь нэг их хичээлгүй мэт түлээ хагалах зуураа улаан цогтой хүрэл тогоог анхааралтай ажиглаж байлаа.
Аажмаар И Юнь асуудлыг ухаарч эхлэв.
Том тогооноос хоёр өөр өнгийн гэрлийн цэг нисэн гарч байлаа.
Эхнийх нь нил ягаан өнгөтэй бөгөөд үндсэн урсгалын нэг хэсэг байв. Тэр ямар ч зорилгогүй мэт энд тэнд нисэж байлаа. И Юнь анхаарлаа төвлөрүүлбэл эдгээр гэрлийн цэг өөр рүү нь нисэн ирэхийг анзаарчээ.
Нил Талст И Юний зүрхтэй нэгдсэнээс хойш, И Юнь Эгэл Цусны хоёрдугаар түвшинд нэвтэрснээсээ хойш Нил Талст хэр ихийг шингээхийг өөрөө удирдаж чаддаг болсон мэт санагдсан.
Тэр шингээх эсэхээ өөрөө сонгож чадна.
Нөгөө гэрлийн цэг нь өөр өнгөтэй, мөсөн цэнхэр байлаа…