И Юнь зааврыг нь хамгийн түрүүнд дагаж байгааг харсан Жан Юйсянь сэтгэл хангалуун толгой дохив.
Бусад нь тэгж бодсонгүй. Жао Тежу И Юнийг мод идэж байгааг хараад ёжлон, —Мод иднэ гэдэг тийм амархан зүйл биш шүү дээ, гэв.
—Баатар болох гэж үзэж байгааг чинь харж байна. Гэхдээ дараа нь гэдэс чинь хэрхэн цуурч үхэхийг чинь харна даа.
Хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэх үедээ өвсний үндэс, модны холтос иддэг байв. Харин мод, тэр дундаа болоогүй хатуу мод идэхийг хэн ч оролддоггүй байлаа.
Морин шоргоолж, мод цоологч шавжаас бусад амьтан дэлхий дээр мод иддэг нь ховор. Модны ширхэглэгийг ходоод шингээж чаддаггүй байв.
—Яв! Гуаньинь шавар ухаж гарга! гэж Жан Юйсянь тушаав. Гуаньинь шавар нь үнэндээ магнийн силикат байлаа. Яагаад ингэж нэрлэснийг хэн ч мэддэггүй байв. Магадгүй өлсгөлөнгийн үед хүмүүс Гуаньинь бурхнаас тусламж эрдэг байсан байх. Энэ шавар ходоод дүүргэж чаддаг учраас ийм нэртэй болсон бололтой.
Гэвч үнэн хэрэгтээ Гуаньинь шавар нь хор байв. Бага хэмжээгээрээ хоргүй ч арай их хэмжээгээр идвэл хоол шингэхээ болино. Биеэс гадагшлуулах боломжгүй болж, эцэст нь гэдэс нь хэт дүүрснээс хүн үхдэг байжээ.
Тохиолдлоор Лянь овогт ийм материал байв. Гуаньинь шавар үхэлд хүргэдгийг мэддэг атлаа хүмүүс яагаад иддэг байсан юм бол гэж зарим хүн гайхаж магадгүй.
Энэ нь нутгийнхны харанхуй бүдүүлэг ойлголттой холбоотой байлаа. Тэд сэтгэл нь чин үнэн байвал Гуаньинь бурхнаас аврал хүртэнэ гэж итгэдэг байв.
Хоёр дахь шалтгаан нь Гуаньинь шавар модны холтос, өвсний үндсээс хамаагүй амттай байсных. Гадаад төрх, амт нь гурилтай төстэй байв. Туйлын өлсгөлөнгийн үед уруу таталтыг тэсэж чадалгүй хэт их идсэн зарим хүн үүнээс болж нас бардаг байжээ.
Гуаньинь шаврыг ухаж гаргаад, овоолжээ.
Энэ Гуаньинь шаврыг нутгийн иргэд энд зөөж авчирсан байв. Лянь овгийнхон үзэхээр цуглан, бүгд үзэгчид болон хувирчээ.
Тулаанчийн бэлтгэлийн хуарангийнхан Гуаньинь шавар идэх гэж байгааг харсан үзэгчид санаа зовов. Гуаньинь шаврыг бага зэрэг идэхэд зүгээр ч тэр их хэмжээгээр нь дуусгавал үр дагавар нь аймшигтай байх байлаа.
—Эхэл, гэж Жан Юйсянь аяархан хэлэв. И Юнь эргэлзэлгүй, Гуаньинь шаврыг их хэмжээгээр идэж эхлэв. Онцгой амтгүй, бага зэрэг цөцгийвтөр байлаа.
Гуаньинь шавар модноос хамаагүй амархан залгигдаж байв.
И Юний үйлдлийг хараад Тулаанчийн бэлтгэлийн хуарангийнхан ингэж зүгээр хараад сууж чадсангүй.
Тэд шүдээ зууж байгаад идэж эхлэв.
Жан Юйсянь тэдэнд хор хүргэх санаагүй гэдэгт тэд итгэж байлаа. Идэх нь үнэхээр муухай байсан ч энэ техникийг бэлтгэлээр эзэмшихийн тулд тэсэхээс өөр аргагүй!
Гэвч энэ бодол толгойд нь гялсхиймэгц Жан Юйсянь хэлсэн үгээрээ тэдний итгэлийг тэр дор нь үгүй хийв. —Заан залгих техникийг сурах тийм амархан биш. Заан залгих техникийг бэлтгэл болгон Гуаньинь шавар идсэн ч гэдэс нь дүүрч үхэхээсээ өмнө сурч амжаагүй хүмүүс бий.
—Юу гэнэ ээ!? Жан Юйсяний үгийг сонсоод саяхан зориг орсон нь тэр дороо мохож орхив.
Хэрэв Заан залгих техникийг эзэмшиж чадахгүй бол энэ бүх мод, Гуаньинь шаврыг идсэнээрээ үхэх байлаа!
Энэ техникийг сурах явцад хүн үхэж ч болох нь. Тэд зовно л гэж бодсоноос амь насанд нь аюултай гэж бодоогүй. Гэвч үнэн хэрэгтээ тэдний бодол буруу байжээ!
Жао Тежу нарын царайг харсан Жан Юйсянь басамжлан хараад, —Та нар тулааны урлагийн бэлтгэлийг бусдыг хоолонд дайлж, цэнгэн зугаалсантай адил гэж бодож байна уу? Тэгээд үүгээр дамжаад хосгүй техник сурна гэж үү? гэв.
—Тулаанч хүн тулааны урлагаар хичээллэхдээ үхэлтэй байнга нүүр тулна гэдгээ ойлгох ёстой! Алтан Лууны Харуулын гишүүдийн жирийн бэлтгэлийн үеэр ч үхэл гардаг! Биеэ хязгаар хүртэл нь шахахгүй бол яаж дэвших юм бэ!?
—Тулааны урлагийн зам мөр, нууцлаг нутагт орох, өшөө хонзон, эрдэнэс булаалдах, дотоод чөтгөрөө устгах, үхлээс мултрах, гай зовлонг даван амьд үлдэх! Эдгээрийн аль нь үхэл дагуулдаггүй гэж? Та нар дөнгөж эхэлж байна. Хэрэв Гуаньинь шавар идэхээс айж байгаа бол тулааны урлагаар бүү хичээллэ. Энэ уудам зэлүүд нутагт үхээд хэвт!
Жан Юйсянь иймэрхүү хүмүүст өөр шаардлага тавьсангүй. Мөн Заан залгих техникийг шинээр суралцагч хүн Гуаньинь шавар, модноос хэдийг идэх ёстойг ч хэлсэнгүй.
Хэдийг идэхээ хүн бүрийн зориг л шийднэ.
Тулаанчийн бэлтгэлийн хуарангийнхан бие бие рүүгээ харлаа. Тэгээд өөрсдөө ч анзааралгүй идэх хурдаа сааруулж эхлэв.
Харин И Юнь хэсэг зуур зогсов. Богинохон чимээгүйн дараа тэр бусдын үгэнд авталгүй, тогтмол хэмнэлээр идэж эхлэв.
Жан Юйсянь И Юнийг анзаараад толгой дохив. Энэ зориг нь бахархмаар байлаа.
Жао Тежу нар ч И Юнь мод, Гуаньинь шаврыг зогсолтгүй идэж байгааг анзаарсан нь мэдээж. Жао Тежу хорслын өнгөөр шивнэн, —Тэр новш одоо сүр үзүүлж л байг. Дараа нь гэдэс нь цуурч үхнэ! гэв.
—Тэр тэнэгийг тоох хэрэггүй ээ, Жао ах аа. Бид дөнгөж эхэлж байна. Хэт их идэлгүй байя. Хагас фунт, үгүй ээ... дөрвөөс таван унц байхад болох байх...
Тулаанчийн бэлтгэлийн хуарангийнхан идэх хэмжээгээ нямбайлан тооцож эхлэв. Тэд ховдог ч бялуугаа дуустал идэхийг хүсдэггүй хүүхэд шиг бага багаар идэж байлаа.
—Жао ах аа, амныхаа хэрээс хэтрүүлэх хэрэггүй. Алхам алхмаар явъя. Тогтвортой хийцгээе. Жан ноёнд тулааны урлагийн авьяасаа харуулъя! Жаахан хүүхдээс яаж дутдаг юм бэ!
Тулаанчийн бэлтгэлийн хуарангийнхан уураа дарж байв. Жан Юйсянь тэднийг дорд үзсэн бөгөөд үг нь тэднийг тоо гүйцээх гэж л сонгосон гэсэн утгатай байлаа.
Тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн ч И Юнь шиг сул дорой жаалыг ингэж өндөр үнэлсэнтэй эвлэрч чадахгүй байв!
Тэд Жан Юйсяньтай тулааны урлагаар хичээллэхдээ чулуун бул өргөж сурна гэж бодсон байлаа. Тэр бол тэдний давуу тал бөгөөд тэнд сүр үзүүлж, И Юнийг амархан дарж болох байв. Тэгсэн бол хэчнээн хөгжилтэй байх байсан бол.
Гэтэл бэлтгэлийнхээ төлөө мод идэх хэрэгтэй болно гэж тэд хэзээ ч төсөөлөөгүй!
Тэнгэрээс аянга буусан мэт байлаа!
—Зүгээр л мод, Гуаньинь шавар идэж байна. Айх юу байна? Ах нар аа, идэцгээе! И Юнийг давах ёстой. Энэ жаал чинь угаасаа зүгээр тоглохоор л ирсэн шүү дээ.
Ингэж бодох тусам Жао Тежугийн уур улам хүрэв. Хэрэв бусад нь идэхээс айж байвал тэр зориуд илүү их иднэ. Тэр өөрийгөө Заан залгих техникийг сурч чадахгүй гэж огт итгэсэнгүй.
Тэр үед И Юнь аль хэдийн тайван хэмнэлээр ойролцоогоор нэг килограмм Гуаньинь шавар идчихсэн байлаа. Гуаньинь шавар ходоодонд нь тэлж эхлэв. Ходоодонд нь хар тугалган гулдмай чихээд доош унагачихсан мэт санагдана.
И Юний ходоод өвдөж эхлэв.
Энэ өвдөлт эхэндээ төдийлөн мэдэгдэхүйц биш боловч цаг хугацаа өнгөрөх тусам улам хүндэрч, эцэст нь хүн өвдөлтөөсөө болж үхэх хэмжээнд хүрдэг байлаа.
Гэнэт И Юнь нэгэн дуу сонсов. —Намайг дагаад энэ арван хоёр хөдөлгөөнийг хий.
И Юнь толгойгоо өргөхөд Жан Юйсянь бүхний өмнө зогсож байлаа. Түүний нүд И Юнь дээр тусаж, урам өгсөн инээмсэглэл тодорчээ.
Тийн хэлээд Жан Юйсянь хөдөлж эхлэв.
Жан Юйсяний хөдөлгөөнийг дүрслэхэд хэцүү байлаа. Хөдөлгөөн нь бүрэлзэн харагдана. Тэр өөр орон зай, цаг хугацааны хэмжээнд зогсож, гадаад ертөнцтэй холбоо тасарсан мэт санагдав.
Тэр хөдөлгөөн бүрийг тус тусад нь үзүүлэв. Хөдөлгөөн бүр нь туйлын хачин байлаа. Гэвч тэдгээр нь хоорондоо залгагдахад жам ёсны, нэгэн цул уялдаа мэдрэгдэнэ.
Жан Юйсяний хурд янз бүрээр өөрчлөгдөж байв. Түүний хөдөлгөөнд тайлбарлашгүй нэгэн увдис шингэсэн байлаа.
Эдгээр хөдөлгөөн хүмүүсийн нүдний солонгон бүрхэвчинд туссан ч яг л байхгүй сүүдрийг харж байгаа мэт байв. Бүгд хий үзэгдэл шиг харагдана.
Зүүд шиг...
И Юнь гэнэт Жан Юйсяний хөдөлгөөнийг харахад яг л зүүдэлж байгаа мэт санагдав.
Зүүдэнд харсан зүйл, хэлсэн үгс бүгд бодит бөгөөд тодорхой байдаг.
Зүүдэндээ хязгааргүй уран сэтгэмж гаргаж, сайхан шүлэг зохиож ч болно.
Зүүдэндээ хүн өөрийнхөө уран зохиолын авьяас гайхалтайг мэдэрдэг ч яаж ч бодсон, бичсэн болон хэлсэн зүйлээ хэзээ ч санаж чаддаггүй.
Сэрмэгцээ бүх зүйл мартагдана.
Жан Юйсяний хөдөлгөөнийг хараад И Юньд ийм хачин бодол төрөв.
“Заан залгих техник” ердөө суурь техник юм биш үү? Яагаад надад “Лууны хавирга, барын ясны нударга”-аас хавьгүй дээр санагдаж байна вэ?
И Юнь үүнд итгэж чадсангүй.
Тэр үед Жан Юйсянь аль хэдийн дуусгасан байлаа. И Юнь хөдөлгөөнүүдийн ихэнхийг санаж чадахгүй байсан ч Жан Юйсянь бүхэл цогц хөдөлгөөнийг гурвантаа хийснийг мэдэж байв!
—За, энэ бол Заан залгих техникийн арван хоёр хөдөлгөөн. Ингэж хий. Чадвал Заан залгих техникт бага зэрэг амжилт олж, идсэн тэр хэмжээний Гуаньинь шаврыг шингээхэд хэцүү биш болно.
—Юу... юу гэнэ ээ?
Жан Юйсяний үгийг сонсоод Жао Тежу нарын нүд нь орой дээрээ гарав!
Жан Юйсянь сая юу хийчихэв?
Тэдний харсан зүйл гэвэл ердөө л нэг бүрэлзсэн дүрс байлаа. Жан Юйсяний бие ганхахад араас нь хэдэн дүрс үлдээд, дараа нь тэр буцаад л өмнөх газраа зогсож байв.
Зарим нь толгой нь эргэсэн үү, эсвэл юм хоёр хараад байна уу гэж бодов.
Тэд нөхцөл байдлыг ойлгосонгүй. Жан Юйсяний хөдөлгөөнийг дагаж хийх нь тэдний хувьд боломжгүй байлаа!
—Юу болов? гэж Тулаанчийн бэлтгэлийн хуарангийнхны балмагдсан царайг харсан Жан Юйсянь асуув.
—Нэг... нэг асуулт байна... Жао Тежу шүлсээ залгиснаа асуултаа арайхийн хэлэв. —Хэрэв... хэрэв таны хөдөлгөөнийг сурч чадахгүй бол, бидний сая идсэн Гуаньинь шавар, мод яах вэ?
Жао Тежу цөхөрч байлаа. Энэ дэндүү төвөгтэй байв. Тэр хөдөлгөөнүүдийг ойлгож ч чадахгүй байхад нь гурван хоногийн дотор сурах боломжгүй!
—Өө? гэж Жан Юйсянь хөмсгөө зангидлаа. Тэр Жао Тежугийн тэнэг асуултыг тоосонгүй. —Жорлонд орохдоо хуруугаараа юм уу ухах савхаар ухаж гаргавал амьд үлдэж магадгүй. Ус огт ууж болохгүйг сана.
Жан Юйсянь үгээ дуусгахад Жао Тежу нар хэдэн өдрийн турш гэдсэнд нь исэж дэвтсэн нэг килограмм баас идчихсэн мэт санагдав.
Тэдний царайг дүрслэхийн аргагүй байлаа.