Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв

1-р анги

1-р анги — Аянд гарахад өлзийтэй, хуурч мэхлэхэд цээртэй өдөр

Сонсох

Билгийн тооллын хоёрдугаар сарын шинийн хоёр. Аянд гарахад өлзийтэй өдөр.

Бороо шивэрч, дуслууд газарт буун шорооны анхилуун үнэрийг сэргээнэ. Нуурын мандал борооны дусал бүрд долгилохдоо огтхон ч гомдоллохгүй атал замын хүмүүс бороог амандаа хараасаар алхана.

— Ёстой нэг аянд гарахад өлзийтэй өдөр юм аа! Гэрээс гарав уу үгүй юу бороо асгачихлаа, — гэж Лу Ян гэртээ борооны нөмрөгөө орхисноо бодон гомдоллов.

Амьдралдаа анх удаа холын аянд гарсан түүнд туршлага байсангүй. Гэнэт асгарсан бороонд нэвт норж, шаварт шигдсэн хөлөө алхам тутамдаа хүчээр сугалан явахдаа газар өөрийг нь залгих гэж санаатайгаар зууралдаад байгаа мэт санагдана.

Тэр үед араас нь туурайн төвөргөөн сонсогдож, Лу Яны анхаарлыг татав.

Эргэж хартал морин тэрэг ойртон ирж байлаа. Тэрэгчин гэх хүн байсангүй. Харин хөгшин морь нь замаа өөрөө мэддэг мэт тайван явна.

— Ямар гайхалтай морь вэ, — хэмээн Лу Ян уулга алдав. Хөгшин морины духан дээр могойн хайрс шиг хайрс ургасан байх бөгөөд ер бусын хувиралтай мангас араатан гэдэг нь илт.

Яг хэр үнэ хүрэхийг нь Лу Ян мэдэхгүй ч энэ хөгшин морь лав хямдхан эд биш гэдгийг ойлгож байлаа.

Ядаж одоогийн түүнд бол авч дийлэхгүй үнэ хүрнэ.

— Эрхэм та бороонд зугаалах их дуртай бололтой. Тэрэгт орж суух уу?

Тэрэгний дотроос эр хүний цовоо инээд сонсогдов. Лу Ян түүний сайхан сэтгэлийг татгалзалгүй хүлээн авч, шаварт шигдсэн хөлөө сугалан яаран тэрэгт орлоо.

— Танилцъя, намайг Лу Ян гэдэг.

Лу Ян биеэс нь дуслах борооны ус, наалдсан шавар тэрэгний дотор талыг бохирдуулах вий гэж санаа зовон болгоомжтой суув.

— Мэн Жинжоу.

Дуу хоолойноос нь төсөөлөгдөж байсанчлан тэрэгний эзэн тун цайлган, амгалан төрхтэй залуу байлаа. Хэнтэй ч хамаагүй дорхноо яриа өдөж чадах өөдрөг хүн гэдэг нь илт.

— Лу анд аа, Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь элсүүлэх шалгалтад орохоор явж байна уу?

— Аз аа үзэх гээд л.

Мэн Жинжоу цовоо инээд алдав.

— Лу анд аа, үнэнч шударга байх сайхан чанар биз дээ? Хэрэв үнэхээр азаа үзэх төдий явсан бол ийм бороонд Даог эрэлхийлэх бүлгэм рүү явган зүтгэхгүй л байсан даа.

Лу Ян үл ялиг ичингүйрэн,

— Даог эрэлхийлэх бүлгэмийг сонирхохгүй хүн олох ч хэцүү шүү дээ... — гэв.

Даог эрэлхийлэх бүлгэм бол Төв тив дэх Мөнх настны таван их бүлгэмийн нэг. Тоо томшгүй олон хүчирхэг бясалгагчтай, сүр хүч нь асар их. Өнөөдөр тус бүлгэм шавь элсүүлж байсан тул хаа сайгүй хүмүүсийн анхаарал тийш ханджээ.

Лу Ян, Мэн Жинжоу хоёр ч тэдний нэг байлаа.

Лу Ян багадаа өнчирснөөсөө хойш Төв тивд амьдарч иржээ. Эцэг эхээс нь үлдсэн өчүүхэн хөрөнгө, хөршүүдийн тусламжаар амь зуудаг байв.

Хотхонд амьдарсан он жилүүддээ тэр үлгэрчээс олон янзын түүх сонссон. Илдээ хөлөглөн тэнгэрийн хаалга өөд ниссэн мөнх наст, таван зуун миль газар нутгийг үерт автуулсан голын мангас, нисдэг илдээрээ мангас чөтгөрийг хядсан мөнх настны бүлгэмийн шавь гээд л.

Бас олны өмнө агаарт хөөрөн хүмүүсийг хуурдаг ноорхой хувцастай дао бясалгагч шоронгоос оргосныхоо дараа мөн агаарт нисэн ирсэн шударга ёсны хүчтнүүдэд ахин баригдсан тухай ч сонсож байлаа.

Тэр үед л Лу Ян энэ ертөнц өөрийнх нь мэддэг ертөнц биш, мэддэг аль ч эрин үе нь ч биш гэдгийг ойлгосон юм. Энэ бол ганц хүний хүч төсөөлөхийн аргагүй өндөрт хүрч чаддаг бясалгалын ертөнц байлаа.

Тиймээс тэр мөнх насны замыг эрж, мөнх настнуудын урт наслах аргыг сурахыг хүсжээ.

Даог эрэлхийлэх бүлгэм бол энэ хүслээ биелүүлэхээр зорьсон түүний анхны газар.

Тэр яагаад Даог эрэлхийлэх бүлгэмийг сонгосон бэ гэвэл шалтгаан нь тун энгийн. Гэрийнх нь ойролцоо өөр бүлгэм байгаагүй, ганцхан Даог эрэлхийлэх бүлгэм л байв.

Даог эрэлхийлэх бүлгэм энд байрлаж байхад өөр бүлгэм хажууханд нь өөрсдийн бүлгэмийг байгуулахаар тэнэг байхгүй нь мэдээж.

Зам зуур ярилцахдаа Лу Ян Мэн Жинжоуг нөлөө бүхий бясалгагчдын овгоос гаралтай, бясалгалын талаар өөрөөс нь хавьгүй их мэдлэгтэй болохыг ойлгожээ.

— Даог эрэлхийлэх бүлгэмд шавь орох хамгийн эхний шаардлага нь арван зургаагаас доош настай байх. Энэ зөвхөн Даог эрэлхийлэх бүлгэмийн дүрэм биш, ихэнх бүлгэмд адилхан тавигддаг шаардлага.

— Бясалгалын зам урт, хэцүү. Хий боловсронгуй болгох шат, Суурь тогтоох шат, Алтан цөмийн шат, Нялх сүнсний шат, Сүнс хувиргах шат, Хоосныг боловсруулах шат, Бие сүнс нэгтгэх шат, Тэнгэрийн сорилт давах шат гэж бий. Шат бүр нь бясалгалын шинэ ахиц бөгөөд шат болгонд гацсан хүн тоо томшгүй.

— Бясалгалд амжилт олоход аз, ухаан, сүнслэг язгуур гээд олон зүйл нөлөөлнө... Тэгэхэд Лу анд аа, өөрийнхөө сүнслэг язгуур ямар болохыг мэдэх үү?

— Даог эрэлхийлэх бүлгэм сүнслэг язгуурт хэт өндөр шаардлага тавьдаггүй ч дэндүү мууг нь бас авахгүй.

Лу Ян хөмсгөө зангидлаа. Сүнслэг язгуур гэдэг үгийг тэр үлгэрчээс сонсож байсан ч өөрийнх нь ямар язгууртайг мэдэхгүй байв.

— Мэдэхгүй ээ. Харин Мэн анд та?

Мэн Жинжоу гайхсан шинжтэй болж, толгой сэгсрэв.

— Манай овогт миний сүнслэг язгуурыг шалгаж байсан. Гэхдээ ахмадууд үр дүнг нь надад хэлээгүй. Бүгд л санаа зовсон царайтай байж, миний авьяас ер бусын, Мөнх настны таван их бүлгэмийн аль нэгэнд ороход асуудалгүй, тэнд очоод өөрөө мэдчихнэ гэж хэлсэн.

— Би аав ээжээсээ нууцаар асууж үзсэн ч тэд бүр ч их санаа зовсон янзтай болоод бас хэлээгүй.

Лу Ян таамаглан,

— Магадгүй таны сүнслэг язгуур хэтэрхий онцгой учраас Мэн овогт гай тарьж мэдэх байх. Таныг Даог эрэлхийлэх бүлгэм шиг аварга бүлгэм л хамгаалж чадах юм биш үү? — гэв.

— Би ч бас тэгж бодсон.

Мэн Жинжоу Лу Яны мөрөн дээр алгадаад, түүнийг өөртэйгөө адил авьяастай нэгэн хэмээн үнэлэв. Үнэхээр ч авьяаст хоёр бясалгагч нэг дор таарчээ.

Гадаах борооны чимээ улам ширүүсэхийг сонсонгоо Лу Ян Мэн Жинжоу өөрийг нь тэрэгт суулгасанд дотроо баярлаж байлаа.

— Зогс! — хэмээн Мэн Жинжоу гэнэт дуудав.

Хөгшин морь хурдаа сааруулсаар удалгүй зогслоо.

Тэрэг өөрөө ховор нандин эд байсан бөгөөд Мэн Жинжоу дотор нь суусан чигээрээ гаднах орчныг харж чаддаг аж.

Тэгээд тэр бороон дундуур алхаж яваа нэгэн залуу бүсгүйг олж харав. Яг саяхны Лу Ян шиг харагдана.

— Бүсгүй минь, энэ зүг рүү явж байгааг бодоход Даог эрэлхийлэх бүлгэмийн шалгалтад орохоор явж байгаа биз дээ? Бороо ч ширүүн байна. Тэрэгт орж хөлөө амраахгүй юу?

Мэн Жинжоугийн урилгыг сонсоод бүсгүй бага зэрэг гайхсан ч хэсэг бодсоны эцэст зөвшөөрөв.

Бүсгүй тэрэгт орж ирмэгц Мэн Жинжоу, Лу Ян хоёр хоёулаа хөшиж орхилоо.

Өөрийгөө хорвоо ертөнцөөр багагүй явсан хүн гэж боддог Мэн Жинжоу хүртэл ийм үзэсгэлэнтэй бүсгүйг урьд нь харж байгаагүй. Лу Яны тухай бол бүр ярих ч хэрэггүй. Түүний амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй нь хажуу айлд амьдарч, дүпү зардаг залуухан бэлэвсэн бүсгүй байлаа.

1-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв1-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах