Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв

18-р анги

18-р анги — Газрын Илдийн мөнх настны тухай сонсож байсан уу?

— Лу Ян ах аа, миний санаж байгаагаар та Илдийн сүнслэг язгууртай бил үү? — гэж Тао Яо-е асуув.

Тэр Лу Яны бүсэлхийд зүүсэн эртний илд болон илд олонтаа далайснаас эрхий, долооворын завсарт нь тогтсон эвэр рүү харлаа. Ердөө нэг жилийн дотор гарсан энэ өөрчлөлтөөс л Лу Ян илдийн бэлтгэлээ ямар хатуу хийснийг харж болохоор байв.

Лу Ян толгой дохиод даруухнаар,

— Илдийн бясалгагч гэж арай гэж тооцогдох байх, — гэв.

Бясалгагчдыг эзэмшсэн чиглэлээр нь Үрлийн бясалгагч, Сахиусын бясалгагч, Шидэт байгууламжийн бясалгагч, Биеийн бясалгагч, Илдийн бясалгагч гэх мэтээр ангилна. Тэдний дундаас Илдийн бясалгагчдын дайрах чадал хамгийн хүчтэй. Ижил шатны тулаанд хэн ч Илдийн бясалгагчтай нүүр тулахыг хүсдэггүй.

Илдийн бясалгагчдын хамгийн алдартай онцлог нь “ганц илдээр түмэн аргыг эвдэх” явдал.

Чиний Даогийн арга хэчнээн гүн байсан ч би ганц илдээр эвдэнэ.

Харин Илдийн бясалгагчдын эсрэг туйл нь Даогийн бясалгагчид. Чиний илдийн арга хэчнээн гүн байсан ч тэд түмэн аргаар задална.

“Ганц илдээр түмэн аргыг эвдэх”-ээс гадна “Илдээр Тэнгэрийн хаалгыг нээх”, “Нисдэг илд” зэрэг нь Илдийн бясалгагчдын дунд нэрд гарсан аргууд байлаа.

Цас шиг цагаан хувцас өмсөн, нисдэг илдэн дээр гишгэж, салхи давалгааг сөрөн давхих нь ямар сүр жавхлантай харагдах билээ?

Бясалгагч хүн юуг эрэлхийлдэг вэ?

Нэгдүгээрт хүч. Хоёрдугаарт — гоё харагдах.

Илдийн бясалгагчид энэ хоёр шаардлагыг төгс хангадаг тул тоо томшгүй олон бясалгагч Илдийн бясалгагч болохыг хүсдэг. Харамсалтай нь Илдийн Даогийн төрөлхийн авьяасгүй учраас хүссэн болгон нь болж чаддаггүй.

— Тэгвэл Лу Ян ах аа, та илдээр нисэж сурчихаад яах юм бэ?

Тао Яо-е өндрөөс айдаг Илдийн бясалгагчийн тухай урьд өмнө сонсож байгаагүй.

Бусад хүн тэнгэр газраар эрх чөлөөтэй зорчихын тулд бясалгадаг. Харин Лу Ян ах нь магадгүй зөвхөн газар дэлхийгээр эрх чөлөөтэй зорчихын тулд бясалгадаг бололтой.

Лу Ян нухацтайгаар,

— Илдийн мөнх наст заавал тэнгэрт нисдэг байх албагүй. Тао дүү минь, Газрын Илдийн мөнх настны тухай сонсож байсан уу? — гэж асуув.

Тао Яо-е үл ялиг алмайрав. Лу Ян дэндүү нухацтай хэлсэн болохоор “Газрын Илдийн мөнх наст” гэх нэр хаа нэгтээ сонсож байсан мэт санагдаж, өөрийн эрхгүй толгой дохилоо.

— Мөнх настнууд бүгд тэнгэрийн өндөрт байх ёстой гэж хэн хэлсэн юм? “Мөнх наст” хэмээх ханзанд хүртэл “хүн” гэсэн 人 тэмдэг ордог. Мөнх наст хүн тэнгэр газрын хооронд оршино. Дээшээ гараад од сарыг шүүрч авч чадна, доошоо буугаад есөн ёроолын гүнд ч орж чадна. Хаашаа ч чөлөөтэй.

— “Газрын Илдийн мөнх наст” гэдэг нь Илдийн мөнх наст зөвхөн тэнгэрт байдаггүй, газраар ч алхаж чадна гэсэн үг. Ганц илдээ шидэхэд мянган газрын цаадах чөтгөр мангасын толгойг тасалж чадна!

— Миний зорилго бол яг тийм Илдийн мөнх наст болох!

Тао Яо-е уур амьсгалд нь автаад толгой дохих гэж байсан ч төрөлхийн тайван зан нь нэг зүйл буруу байгааг анзаарав.

— Түр хүлээгээрэй. Би Газрын мөнх наст гэж л сонсож байсан. Энэ “Газрын Илдийн мөнх наст” гэдэг нэр хаанаас гараад ирэв?

Лу Ян Тао Яо-е рүү гурван хором дуугүй ширтэв. Цээжиндээ эртний нэг нууцыг тунгааж байгаа мэт байснаа аяархан,

— Би өөрөө зохиосон, — гэв.

Тао Яо-е: — ...

Түүний дэндүү чин сэтгэлээсээ хэлсэн байдал Тао Яо-ег хэлэх үггүй болгов.

Тао Яо-е энэ сэдвийг цааш ухсангүй. Гуравхан өдөр хамт явсны эцэст Лу Ян ахын тухай ойлголт нь бүрэн өөрчлөгджээ.

Шалгалтын эхний хэсэгт Лу Ян Илдийн сүнслэг язгууртайгаа илрүүлэхийг тэр өөрийн нүдээр харсан. Тэр үед Тао Яо-егийн төсөөлөлд Лу Ян зөв шударга, хэзээ ч бөхийхгүй нэгэн илд мэт — дуугүй ч мохошгүй хүн байв.

Хоёрдугаар хэсэг дууссаны дараа Лу Ян шалгалтыг ямар өвөрмөц аргаар давснаа ярьсныг сонсоод, ийм уян хатан сэтгэдэг Илдийн бясалгагч ирээдүйд илүү өндөр амжилтад хүрч мэднэ гэж боджээ.

Гуравдугаар хэсэгт Зүрхээ шинжих уулан дээр Тао Яо-е ядарсандаа нүдээ ч нээж чадахгүй шахаж, тавин гишгүүрт хүрэх хүн байхгүй гэж бодож байтал Лу Ян тавь дахь гишгүүрт амжилттай хүрч шалгалтыг давсан. Түүний амжилт Тао Яо-ед үргэлжлүүлэн авирах хүч, шийдэмгий байдал өгч, өөрөө ч шалгалтыг амжилттай давсан билээ.

Нэг жилийн дараа тэр өндрөөс айдаг, бас тун их ярьдаг Лу Ян ахтай дахин уулзав.

Тэгээд “хол байхаар л хүн сайхан санагддаг” гэдэг үгийн утгыг ойлгожээ.

— Цагаа харвал буух газар маань ойртож байна, — гэж Лу Ян хэлэв.

Тэр том газрын зураг дэлгэлээ. Түүн дээр Даог эрэлхийлэх бүлгэм, Их Ся улсын хааны нийслэл, алдарт уул мөрөн, чухал хотууд, Агуйн тэнгэр орон, ерөөлт газруудыг хүртэл нарийн тэмдэглэсэн байв.

Энэ бол Төв тивийн наймны нэгийг багтаасан газрын зураг.

Газрын зураг дээр жижигхэн улаан цэг аажмаар хөдөлнө. Анхааралтай харахгүй бол хөдөлгөөнгүй юм шиг санагдана.

Тэр улаан цэг нь хоёрын одоогийн байршлыг зааж байлаа.

Энгийн газрын зураг биш, аян замд зайлшгүй хэрэгтэй шидэт эдлэл аж.

Газрын зураг хэчнээн нарийн байсан ч Тайпин тосгон дэндүү жижиг тул тэмдэглэгдээгүй. Чюхэ хошуу хүртэл арай гэж харагдана.

Даог эрэлхийлэх бүлгэмээс Их Ся улсын хааны нийслэл хүрэх Нисдэг завь тоо томшгүй олон газрын алсыг туулдаг. Тайпин тосгоныг бүү хэл Чюхэ хошуу хүртэл ийм холоос өчүүхэн цэг төдий. Нэрийг нь бичих зай ч газрын зурагт бараг гарахгүй.

Нисдэг завь Чюхэ хошуу шиг жижиг газарт зогсохгүй. Хаа сайгүй зогсоод байвал хурд нь ихээр буурч, сүйх тэрэгнээс нэг их дээрдэхгүй.

Энэ Нисдэг завь Даог эрэлхийлэх бүлгэм, Чинъюнь хот, Тунтянь хөндий, Фулун уул, хааны нийслэл зэрэг хэдхэн том тээврийн зангилаанд л зогсоно.

Лу Ян ахлах эгчээс сонссоноор, Нисдэг завинаас буухыг хүсвэл зүгээр л үсэрчихэд болдог аж.

Энэ тухай бодох төдийд Лу Яны нүдний булан татвалзав.

Нисдэг завь өмнөх амьдралынх нь нисэх онгоцтой төстэй — хурдан, үр ашигтай. Хамгийн том ялгаа нь өмнөх амьдралд зорчигчид онгоц газардаж дуустал тэвчээртэй хүлээж байж буудаг. Харин Бясалгалын ертөнцөд хүссэн үедээ шууд үсэрч бууж болно.

Энд эрх чөлөө, нээлттэй байдлыг дээдэлдэг байжээ.

Лу Ян Нисдэг завинаас анх удаа буух гэж байгаа тул тун их догдолж байлаа.

Хоёр хөл нь чичирч байгаагаас нь энэ догдлол тодорхой харагдана.

Энэ чинь арван мянган метрийн өндөр шүү дээ.

— Лу Ян ах аа, та яаж буухаа мэдэж байгаа биз дээ? — гэж Тао Яо-е асуув.

— Мэдэлгүй яах вэ, — гэж Лу Ян өөртөө итгэлтэй, бүр үл ялиг бардамдуу хариуллаа.

Арван мянган метрийн өндрөөс ямар ч арга хэрэглэлгүй эгц унавал Суурь тогтоох шатны хожуу үеийн бясалгагч хүртэл газарт нухлагдана.

Лу Ян ахлах эгчээс яаж буухыг нь асууж байсан ч тэр шууд хариулаагүй. Номоос бүү хар, бусдаас бүү асуу, өөрөө бодож сур, бие даан сэтгэх сайн дадалтай бол гэж л хэлжээ.

Тиймээс Лу Ян яаж буухаа өөрөө амжилттай бодож олоод, бэлтгэлээ ч базаасан байв.

Зөвхөн Лу Ян, Тао Яо-е хоёр ч биш, танихгүй долоо найман хүн ч буухаар бэлдэж байлаа.

Лу Ян, Тао Яо-е болон тэр долоо найман хүн тавцангийн захад эгнэн зогсов.

Танихгүй хүмүүс бүгд ижил загварын цаасан шүхэр гаргаж ирлээ.

Тао Яо-е өөрийнхөө нямбай боловсруулсан улаан цаасан шүхрийг гаргав.

Харин Лу Ян нуруундаа үүрсэн буух шүхрээ гаргалаа.

— Өө?

Лу Ян өөрийгөө бусдаасаа нэг л өөр харагдаад байгааг мэдрэв. Яагаад тэдний барьсан зүйл өөрийнхөөс нь өөр байгаа юм бол?

Лу Ян тэд цаасан шүхрээрээ юу хийх гэж байгааг гайхаж зогстол хар хувцастай дунд эргэм насны эр шүхрээ барьсаар Нисдэг завинаас үсэрлээ.

Хар хувцаст эр сум шиг доош унаж, хурд нь улам нэмэгдэв.

Тэр тайвнаар Сүнслэг эрчмээ цаасан шүхэрт оруулав. Хөнгөн Сүнслэг эрчим нарийн утас мэт, шаламгай ногоон могой шиг шүхрийн бариулаас араг ясыг нь даган ороож эхэллээ.

Цаасан шүхэр амь орсон мэт, өвлийн нойрноос сэрсэн мэт дэлгэгдэв. Хар хувцаст эрийн унах хурд аажмаар саарч, бие нь үл ялиг савласаар газарт эсэн мэнд буулаа.

Тэр шүхрээ тавихад цаасан шүхэр өөрөө хумигдан, гэрлийн зурвас болон хувирч үүлсийн далайг зүсэн Нисдэг завь руу буцав.

Тэр цаасан шүхэр хар хувцаст эрийн өөрийн эд биш, Нисдэг завинаас зорчигчдод түр хэрэглүүлэхээр өгдөг зүйл байжээ.

Танихгүй долоо найман хүн болон Тао Яо-е бүгд нэгэн зэрэг толгой эргүүлэн Лу Ян руу харлаа. Тао Яо-е хүртэл гайхсан байв.

Тэд бүгд үсрэх гэж гартаа шүхэр барьсан байхад Лу Ян ганцаараа нуруундаа нэг том боодол үүрчихсэн. Тэр чинь юу хийх гэж байгаа юм бол?

Лу Ян гаднаа тайван, сандарсан шинжгүй хэвээр байж, нүүрэндээ гэрэлтсэн инээмсэглэл тодрууллаа. Яг л бусдаасаа зөрөөд байгаа хүн нь өөрөө биш мэт.

Харин дотроо бол хөл толгой нь эргэчихсэн, гомдоллох үг нь овоороод хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байв.

Тэр бүх гомдлыг ганц өгүүлбэрээр хурааж болох байлаа.

Ахлах эгч ээ, та намайг хуурчихлаа!

18-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв18-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах