Хэр их хугацаа өнгөрснийг би мэдсэнгүй. Амьсгал маань байн байн тасалдаж, бүх булчин минь хөшиж орхисон тул би тэднийг бараг хөдөлгөж чадахгүй байлаа.
[Хэдэн од эрхэс таны амьд үлдэх гэсэн хүсэл зоригийг биширч байна!]
[Од эрхэс танд 100 зоос ивээн тэтгэлээ.]
Гэхдээ би тэссээр байв. Тэсэж чадна гэж итгэж байсан учраас тэр. Харанхуйд өргөснөөс цацрах гэрэл амьд байгааг минь нотолж байлаа. Ходоодны ханын температур буурч байгааг шалгасны дараа би түүнийг үхэж байна гэдэгт итгэлтэй болсон.
[‘Чөтгөр мэт галын шүүгч’ од эрхэс таны сэтгэлийн тэнхээг биширч байна.]
[Од эрхэс танд 100 зоос ивээн тэтгэлээ.]
Өлсөхөөрөө би өргөсний үзүүрт хэлээ хүргэв.
Өргөснөөс урсан гарсан өтгөрүүлсэн шингэнд ихтиозавраас шингээсэн амьдралын хүч агуулагдаж байв. Энэ өтгөрмөл шингэнийг шингээхийн тулд салсыг урьдчилан уусан юм.
[Ихтиозаврын хүчийг шингээсний улмаас таны тэсвэр бага зэрэг нэмэгдлээ.]
Үзүүлэлтийн түвшин нэмэгдсэн нь шууд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй ч ихтиозавраас зугтан гарах хүртэл тэсвэрийн түвшин маань дор хаяж хоёр шат ахих байв.
Дээд түвшинд бол энэ нь бүтэхгүй ч зоос ашиглалгүйгээр тэсвэрээ нэмэхэд хэрэглэж чадах цөөн хэдэн арга мэхний нэг байв.
…Үнэхээр энэ зүүд биш байлаа.
Энэ бол миний хийж чадах цорын ганц зүйл байв. Би зүгээр л жирийн уншигч. Гол дүр биш. Ямар ч мөчид орон дээрээ хашхирсаар сэрэх юм шиг санагдсан ч хэчнээн нүдээ анивчаад ч тийм гайхамшиг болсонгүй.
…Ээж зүгээр байх аа. Тэр гайгүй. Энэ өөр хэн ч биш, «Ээж» байсан.
Шалан дээрх шингэн шавхагдах болгонд унтаж, хүйтэн голын ус аманд орох бүрд сэрлээ.
Эцэст нь ихтиозаврын хоол боловсруулалт зогсов. Дотор эрхтний дулаан гэнэт хөрч, уян ходоодны бүрхүүл аажмаар хатуурч байлаа. Тэгэхэд л би итгэлтэй боллоо.
Тэр үхсэн.
[…Чи үнэхээр мундаг юм.]
Харанхуй дундах хурц гэрэл. Бихёнгийн бүдэг дүр агаарт хөвж байлаа.
[Чулуун гахайн өргөсийг ингэж ашиглана гэж… Би бүр огт бодож байгаагүй. Од эрхсүүд ээ, та нарын хувьд ч бас адилхан биз?]
Бихён бүдэг гэрэл цацруулж буй чулуун гахайн өргөсийг харав.
[Чулуун гахай гэдэг голдуу эрэг хавьд амьдарч, далайн жижиг амьтдаар хооллодог нөхөр. Тэд олзныхоо арьсанд өргөсөө шигтгэдэг ч, тэр өргөсөөр хоол боловсруулах шүүс гардаг нүхнүүдийг бөглөж болно гэж би бодоогүй…]
Бихёнгийн гялалзсан нүд над руу чиглэсэнгүй. Энэ үгс ч надад зориулсан тайлбар байсангүй.
[Хэдэн од эрхэс аль хэдийн мэдэж байсан мэт инээмсэглэж байна.]
[Од эрхэс танд 100 зоос ивээн тэтгэлээ.]
[Хэдэн од эрхэс таны шийдвэрийг сая л ойлгож байна.]
[Од эрхэс цаашдаа өөртэйгөө ярилцахдаа тэдэнд ч бас хэлж байгаасай хэмээн гомдоллож байна.]
Би од эрхсийн мэдэгдлүүдийг үл тоон өтгөрүүлсэн шингэний үлдсэнийг ууж дуусгав.
[Ихтиозаврын хүчийг шингээсний улмаас таны тэсвэр бага зэрэг нэмэгдлээ.]
[Таны тэсвэрийн түвшин нэмэгдлээ!]
[Тэсвэрийн түвшин 11 → Тэсвэрийн түвшин 12]
Би зорьсондоо хүрсэн. Бихён над дээр бууж ирээд түлэгдсэн гарыг минь харав.
[Түүнээс гадна салс… Алхт далайн морины салс ийм хүчтэй гэдгийг би мэдсэнгүй.]
Уг нь ихтиозаврын хоол боловсруулах шүүснээс арьс минь хайлах ёстой байлаа. Бихёнгийн дэмий яриаг таслахын тулд ам нээлээ.
—Алхт далайн морины салс хоол боловсруулах шүүсэнд тэсвэртэй. Ихтиозавруудад байнга идүүлдэг байсан болохоор тэд ингэж хувьссан.
[Хэдэн од эрхэс таны мэдлэгийг биширч байна.]
Тэгтэл Бихён урвагдсан мэт царайлан над руу харав.
[Уучлаарай, тайлбарлах хүн нь би байх ёстой…]
—Чи мэдэхгүй учраас би өөрөө хийчихсэн. Одоо тайлбар дууссан уу?
[…Тийм.]
—Тэгвэл шагналаа өг.
[Даварсан новш.]
Бихён үглэж байх зуур нүдний өмнө маань шагналын мэдэгдэл гарч ирэв.
[Нууц даалгавар дууслаа.]
[Та нөхөн олговор болгон 9,000 зоос авлаа.]
[Та 7-р зэрэглэлийн амьтныг амжилттай агнасан анхны хүн боллоо.]
[Та амжилтын шагнал болгон 1,000 зоос авлаа.]
9,000 зоос дээр нэмээд 1,000 зоос. Маш их орлого байлаа.
[Эзэмшиж буй зоос: 14,800 C]
Амьд үлдэж буйг минь нэвтрүүлсний төлөө өгсөн 500 зоосыг нэмбэл нийт орлого 10,500 зоос болсон. Зорьсноос давжээ.
[Ха ха, Од эрхсүүд ээ. Сайн үзлээ биз? Дараагийн даалгавар руу шууд орохын өмнө хурдан сурталчилгаа үзэцгээе!]
Хаа нэгтээгээс сурталчилгааны бүдэг чимээ сонсогдов.
Шинэ даалгавар нээх тусгай багц, 8,800 зоос…
Од эрхсийн нүд алга болмогц Бихён надтай найрсгаар ярьж эхлэв.
[Өө… үнэхээр гайхалтай амьд үлдлээ. Од эрхсийн хариу үйлдэл үнэхээр гайхалтай байлаа.]
—Хэр их хугацаа өнгөрсөн бэ?
[Дөрвөн өдөр. Чамайг ажиглаж байх бүх хугацаанд би сэтгэл түгшиж байлаа. Чи цаг хугацаа өнгөрч байгааг мэдээгүй юм уу?]
—Ухаалаг утасны цэнэг дууссан.
Миний бодсоноос удаан хугацаа оржээ. Анхны зорилго хоёр өдөр байсан… Гэхдээ Ю Жүнхёк дөрөв дэх тойрогтоо үүнийг агнахад дөрвөн өдөр зарцуулсан болохоор хурд муугүй.
Ямартай ч чадчихлаа.
Сэтгэл ханамжийн таатай мэдрэмж бүх биеийг минь бүрхэж, өөртөө итгэх итгэл төрүүлэв. Би жирийн чадвартай жирийн хүн байлаа. Гэхдээ энэ нь би зөвхөн жирийн зүйл хийж чадна гэсэн үг биш.
…Ямар инээдтэй юм бэ.
Хачирхалтай. 28 жилийн турш надад тус болоогүй роман одоо намайг бусдаас онцгой болгож байв.
[Өө, чи аль хэдийн өөртэйгөө ярьж эхэлсэн үү?]
“…”
[Тийм биз дээ? Хувилгааны хувьд өөртэйгөө ярилцах нь зайлшгүй чухал. Мэдээж, үүнд дургүй од эрхэс байдаг ч ихэнхдээ…]
—Дуугүй байж, Доккэбигийн уутыг нээ.
[Яагаад? Ямар нэг юм худалдаж авах гэж байна уу?]
—Авахгүй ээ, зарна.
[Хараал ид, сурталчилгааг богиносгохоос өөр аргагүй боллоо. Од эрхсүүд ээ, түр хүлээгээрэй. Дууны хэмжээг тохируулъя.]
Бихён Доккэбигийн уутыг нээхэд би хананд шигдсэн өргөснүүдийг харав.
Дээд хаалт хатуурч, өргөснүүдийн эргэн тойронд гүн ан цав үүссэн байв. Одоо би хүчээрээ дээд хаалтыг нэвт цохин гарч чадна.
Үлдсэн ганц өргөсөөр ханыг бага багаар цөмлөв. Удалгүй цэнхэр гэрэл цацруулсан ихтиозаврын цөмтэй тулгарлаа.
[Ихтиозаврын цөм]
Энэ бол 7 болон түүнээс дээш зэрэглэлийн мангасаас олддог эфирийн цөм байлаа. Ийм цөмийг залгивал зоос хэрэглэлгүйгээр ид шидийн хүчний түвшнээ нэмэгдүүлж чадна. Далайн жанжны зэрэглэлийн ихтиозаврынх байсан тул чанар сайтай байв.
Бихён гайхсан янзтай над руу ширтэж байх зуур би цөмийг тойрсон махыг болгоомжтой зүсэв.
—Үүнийг зарна.
[Чи үнэхээр…]
—Мэдээж чамд зарна гэсэн үг биш. Доккэбигийн дуудлага худалдаанд тавина.
Бихён надаас юм асуухаас залхсан мэт түүнийг авлаа.
[Ая… хүссэнээ хий. Хэдээр зарах гэж байна?]
—Зоосоор зарахгүй. Арилжаална.
[Хараал ид, чи элдвийг мэддэг юм байна.]
Бихён үглэнгээ эд зүйлийг Доккэбигийн дуудлага худалдаанд байршууллаа. Түүний хүсэл энгийн байв. Энэ нөхөр бодсоноос минь илүү үг сонсдог байж мэдэх нь.
—Хэн нэгэн үүнийг авахаар гарч ирнэ. Харин солилцох эд зүйл нь ‘Эвдэрсэн итгэл’ байх ёстой.
[Эвдэрсэн итгэл үү? Үүнийг эзэмшдэг хүн бий… Ямартай ч бүртгэгдлээ.]
— Тийм. Бас би үүнийг авна…
Худалдааны сагсанд Цагаан ариун одны энерги байгааг олж харав. Үнэхээр, одоогоор үүнийг хэн ч аваагүй байлаа. Ихэнх од эрхэс зоосоор авдаг эд зүйлсийн үнэ цэнийг сайн мэддэггүй байв. Доккэбигийн уутанд буй үнэтэй зүйлс заавал сайн байдаггүй.
[Түр хүлээ, чамтай жаахан ярьж болох уу?]
Бихён ингэж хэлмэгц сурталчилгааны дууны хэмжээ дахин нэмэгдэв.
[Урт сурталчилгаанд Од эрхэс гомдоллож байна.]
Дахин нэг сурталчилгаа гарч ирснийг хараад Бихён юу хэлэхийг хүссэнийг тааварлав.
—Гэрээний тухай юу?
Нэвтрүүлгийг унтраалгүйгээр од эрхсийн нүд, чихийг далдлах цорын ганц арга нь сурталчилгаа байлаа. Одооноос энэ нь од эрхэст зориулсан яриа биш.
[Тийм. Би итгэлгүй байсан ч энэ даалгаврын дараа итгэлтэй боллоо. За… нэг үзье. Би чамд бага зэрэг тусалж чадна.]
—Энэ нэвтрүүлэгчийн амлалтыг зөрчихгүй юу?
[Аан, мэдээж би чамд үнэхээр тусалж чадахгүй. Зүгээр л ингэж хэлж байгаа юм. Гэрээнд гарын үсэг зурах уу?]
—Нөхцөл нь юу вэ?
[Хар даа.]
Доккэби урьдчилан бэлдсэн сүржин гэрээг гаргаж ирэв.
Агаарт тунгалаг цонх мэт гарч ирсэн гэрээг би уншлаа.
—–
[Урсгалын гэрээний хэлэлцээр]
Хувилгаан Ким Дугжа (Гап) бүх даалгавар дуусах хүртэл, эсвэл нас барах хүртлээ Бихён (Ыль)-тэй онцгой гэрээ байгуулна.
—–
…Би Гап гэж үү?
[Ха ха, хүмүүст ийм зүйл таалагддаг биз дээ? Ямар ч утгагүй. Цааш нь унш.]
—–
Хувилгаан Ким Дугжа (Гап) бүх даалгавар дуусах хүртэл, эсвэл нас барах хүртлээ хэзээ ч ивээн тэтгэгч сонгохгүй.
—–
Энэ ч бас таамагласантай адил байлаа.
—–
Хувилгаан Ким Дугжа (Гап) зөвхөн Доккэби Бихён (Ыль)-гийн сувагт үйл ажиллагаа явуулна.
Хувилгаан Ким Дугжа (Гап) болон Доккэби Бихён (Ыль) Урсгалын гэрээнээс олох орлогыг хуваарилах бөгөөд энэ харьцааг харилцан зөвшилцөж тогтооно.
·····.
Хувилгаан Ким Дугжа (Гап) болон Доккэби Бихён (Ыль) энэ гэрээг зөрчвөл Оддын урсгалын хуульд заасны дагуу Сүйтгэлд өртөнө.
—–
Би гэрээний хамгийн сүүлчийн заалт хүртэл анхааралтай уншлаа. Тэр надад үл мэдэгдэх хошигнол хийсэн байж магадгүй гэж бодсон ч, тийм зүйл олж харсангүй.
Ганцхан зүйл байсныг эс тооцвол.
—Хамгийн чухал хэсэг байна.
[Юу гэсэн үг вэ? Зүгээр л зөвшөөрч байна гэдгээ хэлчих. Урсгалын гэрээ бол сүнсний тангараг—]
—Би төлбөрийн харьцааг хэлж байна.
[А-Аан. Ха ха. Тийм шүү.]
Энэ новш мэдэхгүй юм шиг.
Энэ л хамгийн чухал хэсэг байлаа.
— 5:5 болгох уу? Оронд нь би сувгийн шимтгэлээсээ татгалзъя. Аан, чи үүнийг яаж тооцдогийг мэдэх үү? Цаашид авах хандивыг чинь энэ харьцаагаар яг хуваана. Жишээ нь, чи 100 зоос авбал 50 зоосыг чи, 50 зоосыг би авна.
Бүх Урсгалын гэрээ ийм байсан. Од эрхэс хувилгаануудаа доккэбигийн сувагт гаргаж, бусад од эрхсээс ирсэн хандивыг тодорхой хувиар хуваадаг байв. Энэ бол хэвийн зүйл.
— Намайг амархан буулт хийх хүн гэж бодоо юу? Би зөвшөөрөхгүй.
[Юу? Г-Гэхдээ энэ чинь салбарын тогтсон тооцооны харьцаа…]
— Би ивээн тэтгэгчгүй хувилгаан. Ивээн тэтгэгчгүй хувилгаанд хандив өгөхдөө од эрхэс доккэбид асар их шимтгэл төлөх ёстой. Миний ачаар чи аль хэдийн хангалттай их ашиг хүртээгүй гэж үү?
Бихён аажмаар амаа ангайв. Гэхдээ ингэж царай гаргаад ч нэмэргүй байлаа.
— 10:0. Чи зөвхөн шимтгэлээ л авна. Би чамд ганц ч зоос өгөхгүй.
[Юу гэнэ ээ?! Ямар утгагүй юм бэ… я-яах вэ, 7:3?]
Харьцаа ихээхэн өөрчлөгдсөн. Гэхдээ би буулт хийхгүй байлаа.
“10:0.”
[Энэ чинь ямар новшийн балай юм бэ? Ямар утгагүй хувь хэмжээ вэ―]
— Тэгвэл хүлээж авах хэрэггүй. Би зүгээр л өөр суваг руу явна. «Гилдал» сүүлийн үед овоо явж байгаа. Түүнээс асуух хэрэгтэй байх.
[…8:2. Би үүнээс цааш буулт хийж чадахгүй.]
“10:0.”
[······.]
Бихёнийн царай заналхийлсэн өнгө аястай болов. Миний толгойг хэзээ мөдгүй дэлбэрэх юм шиг ширтэж байлаа. Гэхдээ би мэдэж байв. Тэр гэрээнээс хэзээ ч татгалзахгүй. Миний оршин байгаа нь түүний сүүлчийн боломж байсан.
— Зар сурталчилгаа дуусаж байна. Од эрхэс гомдоллож байгааг харахгүй байна уу?
Эцэст нь Бихён бууж өглөө.
[Новш гэж, ойлголоо. Тэгвэл чи гэрээнд гарын үсэг зурах уу?]
Тэр миний бодсоноос амархан бууж өглөө. Үнэндээ би 9:1 хүртэл буулт хийх бодолтой байсан юм.
…Тэр миний төсөөлснөөс их мөнгө олдог байсан бололтой. Жаахан жигшмээр санагдав.
— Тийм. Бас нэг зүйл байна.
[Юу? Одоо бас яасан?]
— Чи тусад нь урьдчилгаа төлбөр өгөх ёстой. Надад 5,000 зоос өг.
Бихёнийн царай хөшив.
[Чи-Чи нээрээ…]
Би инээлээ. Гап яагаад «Гап» гэж нэрлэгддэг, хүмүүс яагаад үүнд ингэтлээ ач холбогдол өгдөг юм бол… Би тэр хараал идсэн доккэбид үүнийг ойлгуулж өгнө.
[Урсгалын гэрээ байгуулагдлаа.]
[Урьдчилгаа төлбөр болох 5,000 зоосыг хүлээн авлаа.]
Зар сурталчилгаа дуусаж, од эрхэс буцаж ирэв. Би доккэбигийн мөрөн дээр зөөлөн алгадаад хэллээ.
— Эндээс гарцгаая.
Жинхэнэ эхлэл одоо л байлаа.