Гон Пильдү ирээдүйн даалгавруудад хэрэгтэй учраас түүнийг алж болохгүй байв. Гэхдээ Гон Пильдүг хувийн газраас нь гаргах хэрэгтэй байлаа.
Энэ хэцүү дилеммын үндсэн нөхцөлд анхаарлаа төвлөрүүлэв. Жишээлбэл, тэр ‘хувийн газар’ дээр байсан бол хувийн газрыг нь устгах хэрэгтэй байлаа.
— Өө... т-тэр гарчихлаа.
— Энэ муу нохой...
Гэхдээ энэ аргыг хэрэгжүүлэхэд асар их хүч хэрэгтэй байлаа. ‘Асар том’ хувийн газрыг ганц цохилтоор устгаж чадахуйц дийлдэшгүй хүч. Тиймээс би И Хёнсоныг хөгжүүлэх гэж яарсан юм.
— Ээээ!
Газар доорх гуравдугаар давхар луу унасан хүмүүс өвдөн ёолов.
Үйл ажиллагаа амжилттай боллоо.
Ногоон бүсүүд алга болж, газрын эзэд ‘өрөөнүүдээ’ алдлаа. Гон Пильдүгийн нүүр тоосонд дарагдсан ч тэр над руу харж байв. Түүнийг ам нээх гэж байтал Бихёны дуу чихэнд сонсогдов.
[Одоо чи юу хийгээд байгаа юм бэ? Уаааа!]
‘Чимээгүй бай.’
[Галзуу новш оо! Чамаас болоод Чүнмүро дахь доккэбигүүд галзууртлаа сандарч байна!]
Толгойд цуурайтах од эрхсийн мессежүүдээс болж толгой өвдөж байлаа.
[Алтан бүслүүрт хоригдол од эрхэс таны бодлогогүй зоригт дуртай байна.]
[‘Шударга ёсны халзан жанжин’ од эрхэс таны хувьсгалд дуртай байна.]
[‘Ёроолгүй ангалын хар дөлт луу’ од эрхэс сүйтгэл ба Хаост дуртай байна.]
[300 зоос ивээн тэтгэлэг болгон өгөгдлөө.]
— Ч-Чи муу новш!
— Тэднийг ал!
Холбооны гишүүд бидэн рүү хашхирлаа. Би И Хёнсоны хамт тавцан руу доош гүйлээ.
[Онцгой чадвар болох Дүрүүдийн жагсаалт идэвхжлээ.]
+
[Дүрүүдийн жагсаалт]
Нэр: И Хёнсон
Шинж: Шударга ёсыг эргүүлэн олсон хүн (Ховор зэрэг)
Тамга: Их уулын цохилт — 1-р түвшин, Их уулын түлхэлт — 2-р түвшин.
Онцгой чадварууд: Жадлагийн ур чадвар — 2-р түвшин, Өнгөлөн далдлалт — 2-р түвшин, Тэвчээр — 1-р түвшин, Шударга ёсны мэдрэмж — 2-р түвшин, Зэвсгийн бэлтгэл — 3-р түвшин.
+
И Хёнсоны хөгжил амжилттай болсон. Яг нарийндаа бол энэ дөнгөж эхлэл байлаа. Гэхдээ И Хёнсон Их уулын цохилтыг ашиглаж чаддаг болсон нь бүлгийн хүчийг маш хурдан нэмэгдүүлнэ.
— Хёнсон гуай, та үүнийг дахиад хэдэн удаа ашиглаж чадах вэ?
— ...Магадгүй дахиад нэг, хоёр удаа.
И Хёнсон амьсгаадан, илт сульдсан байлаа.
Тэгэх нь ч аргагүй. Их уулын цохилтын тамга бол асар их тэсвэр тэвчээр, ид шидийн хүч зарцуулдаг дээд чадвар байв. Биеийн хүчийг нэмэгдүүлэх төрлийн чадварууд дундаас цэвэр биеийн хүчээрээ Их уулын цохилтоос давсан чадвар бараг үгүй.
Энд тэнд тархсан хүмүүс энэ зүг рүү гүйж байх шиг харагдав. Урд талд гүйж явсан Ю Санъаас асуулаа.
— Эвдэж чадаагүй зүйл байсан уу?
— Хоёуланг нь эвдчихсэн!
— Өрөөнүүдийг ингэж эвдэж болдог гэж мэдсэнгүй. Бид хоёр хамтдаа газрыг чанга цохитол тэр бутарчихсан...
Жон Хивон араас нь дагав.
Ю Санъа, Жон Хивон, И Гилён гурав жижиг Ногоон бүсүүдийг устгав. Гон Пильдүгийн Ногоон бүсээс бусад нь ихэнхдээ гурав буюу түүнээс цөөн хүн багтаах хэмжээтэй байлаа. Хэмжээ нь тодорхой бус хэдэн Ногоон бүс байсан ч тэдгээрийг өөр нэг хүн хариуцаж байв.
[Хөөе! Чи сонсохгүй байна уу? Одоо яах гэж байна?]
Нөгөө талаар Бихён ‘доккэби холбоо’-гоор чанга хашхирсаар байлаа.
‘Чи юунд санаа зовоо вэ?’
[Чи мартчихсан юм уу? Би Чүнмүро дахь цорын ганц суваг биш. Үүнийг хийвэл юу болохыг чи үнэхээр мэдэхгүй байна гэж үү?]
Мэдээж би мэдэж байлаа. Гон Пильдүгийн суваг дахь од эрхэс яг одоо галзууртлаа хөөрч байгаа байх.
‘Гон Пильдү аль сувагт байдаг юм бэ?’
[…Бирюгийн суваг. BIR-3642.]
‘Чамайг түр завгүй байх хооронд ирсэн тэр нь Бирю юу?’
[Тийм ээ. Тэр муу новш.]
‘Түүний захиалга ямар тохиргоотой вэ?’
[Энэ бол ‘зугаа цэнгэл эрэлхийлэгчид’ бүлгийн тэргүүлэх суваг.]
Зугаа цэнгэл хайхыг гол зорилгоо болгосон доккэбигүүд. Тиймээс тэдний нэвтрүүлэг эрс тэс байв. Сайхан юм. Тэгвэл сувгийн доторх хариу үйлдэл төсөөлснөөс хавьгүй халуухан байх нь. Бүгд ёстой нэг зугаацах нь дээ.
Би 4-р шугам руу шилжих хонгилоор шатаар уруудан явж байтал танил царай угтав. Түүний гар дахь ир агаарыг зүсэн хөдөлж байлаа.
— Та тэднийг эвдчихэв үү?
— Тийм ээ. Амархан байсан.
И Жихегийн үүрэг нь таваас найман хүн багтаасан Ногоон бүсүүдийг устгах явдал байв. Энэ бол Жон Хивон ганцаараа хийхэд хэцүү ажил. Үнэхээр ч тэр Ю Жүнхёгийн шавь, мэргэн баатрын хувилгаан байлаа. Одоо Чүнмүрод Ногоон бүс нэг ч үлдээгүй.
— Одоо яах вэ? Тэр новшнууд давхиж ирнэ. Аан, тэд ирчихлээ.
И Жихе ар тал руу минь хараад царай нь хувирав.
— Энэ удаа би та нарт туслахгүй.
— Хэрэггүй ээ.
И Жихе ухарч байхад нь харсан Жон Хивон хөмсгөө атирууллаа.
— Тэр чинь яачихсан юм?
Эргээд бодоход Жон Хивон И Жихегийн талаар мэддэггүй байв. Гэхдээ түүнд хэлэх цаг байсангүй.
[Хаха... одоо та нар сүйрлээ.]
Бихёны үгтэй зэрэгцэн нэгэн мессеж сонсогдов.
[Шагналт даалгавар үүслээ!]
+
[Шагналт даалгавар — Аллагын захиалга]
Ангилал: Дэд
Төвөгшил: C
Биелүүлэх нөхцөл: #BIR-3642 сувгийн од эрхэс тодорхой нэг хүнийг алахыг хүсжээ. Чүнмүро өртөөний ‘Ким Дугжаг’ ал.
Хугацааны хязгаар: 10 минут.
Шагнал: 2,000 зоос.
Бүтэлгүйтвэл: Байхгүй
+
Ийм байдал үүснэ гэж бодож байлаа. Ёстой хөгжилтэй байх нь тодорхой. Одоо энэ бүс нутгийн бүх хувилгаан намайг барихаар 3-р шугамын тавцанд цуглах байв. Хажууд минь байсан Жон Хивон асуув.
— Би яг одоо Дугжа аа, таныг албал 2,000 зоос авна гэсэн үг үү?
— Яах нь вэ, намайг алах гэж байгаа юм уу?
— Тийм ээ, магадгүй. Чи надад 200,000 зоос өгвөл л мэдэхгүй юм.
Энэ охин 200,000 зоос ямар их үнэ цэнтэйг мэддэг болов уу?
— Дугжа аа. Миний ард ор.
И Хёнсон миний өмнө гарч зогсов. Жон Хивон миний хажууд үлдэж, Ю Санъа, И Гилён хоёр нэвтрэх зам бүрийг хаахаар байрлав. Намайг тойрсон хамгаалалт бүрджээ. Жон Хивон инээмсэглэв.
— Одоо өрөө төлж чадна.
— Дугжа аа, бид яаж ийгээд хааж үзье.
Биднийг тойрсон хүмүүс дайсагнасан байв. Уурласан газрын эзэд болон түрээслэгчид шагналт даалгаварт сохорчээ. Би зэвсэг барьсан И Гилёныг хараад ам нээлээ.
— Битгий сандар.
Би И Гилёны мөрийг аяархан илээд, төмөр замын зүг хөдөллөө.
— Тэдэнтэй заавал тулалдах шаардлагагүй.
Ийм дүр зураг хэдхэн буцалтын өмнө гарч байсан юм. Би энэ нь яг аль буцалтад тохиолдсоныг шалгах завгүй байсан ч Ю Жүнхёк Чүнмүрод ирэнгүүтээ Ногоон бүсүүдийг устгасан байв.
Тэр үед ч одоогийнхтой адил байлаа.
[Энэ бүс нутгийн бүх Ногоон бүс устгагдаж, үндсэн даалгавар нуран унав.]
[Даалгаврын төвөгшил үлдсэн хугацаанд тохируулан автоматаар өөрчлөгдөнө.]
[Даалгаврын агуулга шинэчлэгдлээ!]
+
[Үндсэн даалгавар №3 — Яаралтай хамгаалалт]
Ангилал: Үндсэн
Төвөгшил: B-
Биелүүлэх нөхцөл: Бүс нутгийн бүх Ногоон бүс устаж, үлдсэн өдрүүдэд бий болох байсан мангасууд гэнэт олноороо гарч, догшин дайрчээ. Үлдсэн хугацаанд мангасуудын үерийг сөрөн амьд үлд.
Үргэлжлэх хугацаа: 8 цаг.
Шагнал: 1,000 зоос.
[Бүтэлгүйтвэл: ―]
+
Уг нь даалгавар дуусахад гурван өдөр үлдсэн байв.
Одоо Ногоон бүсийн даалгаврын үлдсэн хугацаанд бий болох ёстой байсан мангасууд бүгд нэг дор гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, бүх зүйл маш энгийн байлаа.
[Яаралтай хамгаалалт эхэллээ!]
Хамгаалалтын тоглоом эхэлсэн байв.
— Ю-Юу вэ?
Над руу ойртож явсан хүмүүс хашхирч эхлэв. Тавцангийн хамгаалалтын хаалганы цаанаас мангасуудын архирах чимээ сонсогдлоо. Мангасуудын сүрэг уурссан давалгаа шиг нөмрөн ирж байв.
— Галзуу юм! Энэ чинь юу вэ?
3-р шугамын тавцан тэр дороо замбараагаа алдав. Хүмүүс тал бүрээс ирж буй мангасуудыг харан, царайд нь түгшүүр тодров. Шагналт даалгаврыг бүгд бүрэн мартжээ.
— Грррр!
Хэдэн гролл гүйж ирээд холбооны гишүүдийн заримыг хазав. Сандарсан хүмүүс хашхиралдав.
Одоо л цорын ганц боломж байлаа. Би бүлгийнхэндээ хашхирлаа.
— Шилжилтийн зам руу!
Би нөхдийнхөө хамт шилжилтийн шатаар дээш гүйв. Дээд түвшинд хүрэхэд замыг хүмүүс хаачихсан байлаа.
— Юу вэ? Зам тавь!
— Унахыг хүсэж байна уу?
Би дагалдагчдын заримыг өшиглөж, ирээ сугаллаа. Цагаан ариун одны энергийн ирийг хараад хүмүүс цочин ухарлаа.
— Та нар нөхцөл байдлыг одоо ч ойлгоогүй байна.
— Ю-Юу?
— Дээш гарсан ч амьд үлдэж чадахгүй.
Хүмүүсийн царайд цөхрөл тодров. Өрөө ч үлдсэнгүй. Одоо Чүнмүрод мангасуудаас хоргодох аюулгүй бүс нэг ч үлдээгүй.
— Бид яах вэ?
— Өөр яах юм? Тулалдана.
— Галзуу юм бүү ярь! Энэ бүхэн чамаас болсон! Хэрэв чи бидний өрөөнүүдийг эвдээгүй бол...!
Би Итгэлийн ирийг идэвхжүүлээд шилжилтийн шат руу чиглүүлэв.
— Кваарүрр!
— Увааааа!
Шатны гол хэсэг хүмүүсийн хамт чанга нүргэн нурлаа. Харгис хэрэг байсан ч зайлшгүй байв.
— Новш! Өөр шат хурдан ол! Хурдан!
За, тэгнэ гэж бодохгүй байна.
И Хёнсон аль хэдийн гүйж байв. Би бидний өгсөж ирсэн шилжилтийн шатыг нураачихад, үлдсэн ганцхан шат л байлаа. Удалгүй нөгөө талаас хүмүүсийн маргалдах, ямар нэг зүйл хагарах чимээ сонсогдов.
— Новш! Уааа!
3-р шугамын тавцанд хавчуулагдсан хүмүүсийн хашхираан сонсогдлоо. И Жихе над руу ойртон ирээд асуув.
— Ах аа. Энэ чинь таны надад хэлсэн зүйл биш байна. Ингэж орхивол...
— Мэдэж байна.
Доод давхар замбараагүй үймээн болж хувирахыг би харлаа. Ингэж орхивол бүгд алагдана. Мангасуудад алуулсан ч бай, эсвэл бие биеэ гишгүүр болгон дээш гарах гэж оролдохдоо үхсэн ч бай.
Энэ миний хүссэн зүйл биш.
[‘Номын хавчуурга’ онцгой чадварыг одоо идэвхжүүлэх боломжтой боллоо.]
[‘Дүрүүдийн хавчуурга’ идэвхжлээ.]
[Боломжтой хавчуургын зай: 3]
[Боломжтой хавчуургын жагсаалтыг гаргаж байна.]
[Хавчуургын зайд бүртгэгдсэн хүмүүс]
Төөрөгдлийн чөтгөр Ким Намүн (Ойлголт 35).
Ган илд И Хёнсон (Ойлголт 65).
Чон Инхо (Ойлголт 20).
Би гурав дахь хавчуургыг идэвхжүүллээ.
[Гурав дахь хавчуурга идэвхжлээ.]
[‘Номын хавчуурга’ чадварын түвшин бага тул идэвхжих хугацаа богиносож байна.]
[Идэвхжих хугацаа: 5 минут.]
[Таны дүрийн талаарх ойлголт бага тул тухайн дүрийн чадварын зөвхөн нэг хэсэг идэвхжинэ.]
[Өдөөн хатгалга 2-р түвшин идэвхжлээ.]
Гэнэт хэл минь өөрөө амь орж байгаа мэт санагдав. Чон Инхо яг ийм мэдрэмжтэй байсан. Би доош харлаа. Үймээн самууны дунд дунд эргэм насны нэг эрийг олж харав.
— Хөөе, Гон Пильдү. Чи тэндээ хэр удаан зогсох юм бэ?
Гон Пильдү над руу муухай харав.
— Энэ муу нохой...!
— Амьд үлдэхийн тулд чи хөдлөх ёстой биз дээ? Чи хөдөлбөл бусад нь амьд үлдэж чадна.
Өдөөн хатгалгын хүч айж балмагдсан бүх хүний чихэнд нэвт шингэв.
— П-Пильдү гуай!
— П-Пильдү гуай, биднийг авраач!
Гон Пильдүгийн царай гажив. Надад сайхан санагдлаа. Гымхо өртөөн дээр Чон Инхо яг ингэж мэдэрсэн байх.
— Гурав дахь даалгавар чиний бодож байгаа шиг хэцүү биш. Бүгд өрөөнүүдээ орхиж, хамгаалалтад оролцвол мангасуудыг тогтоон барих хүн хангалттай бий.
Миний үг хагас үнэн байлаа. Намайг энд ирэхээс өмнө Чүнмүро нэгдсэн байсан бол хохирогч хавьгүй цөөн байх байв. Эцсийн эцэст энэ даалгаврын хамгийн том занга нь Ногоон бүс байсан юм.
— Гон Пильдү хүмүүстэй хамт тулалдвал та нар амьд үлдэж чадна.
Хамтран тулалдсан нь амьд үлдэж, зугтсан нь үхнэ.
[И Жихегийн ар дахь ивээн тэтгэгч таны мэргэн ухаантай санал нийлж байна.]
[‘Тэнгисийн дайны бурхан’ од эрхэс толгой дохилоо.]
— Одоо та нарт зугтаах өрөө үлдээгүй. Байр эзэмшигч үү, түрээслэгч үү гэдгээ мартчихаад тулалд. Тэгэхгүй бол бүгдээрээ үхнэ.
Нөхцөл байдал хурцдах тусам Өдөөн хатгалгын нөлөө улам нэмэгдэж байлаа.
— Новш гэж, энэ муу нөхөр...!
— Пильдү гуай! Бидэнд туслаач!
Холбооны гишүүд Гон Пильдүгийн эргэн тойронд цуглав. Хэрэв тэр энд ганцаараа зугтчихвал Гон Пильдүгийн Байр эзэмшигчдийн холбоо нуран унана. Эцэст нь Гон Пильдү шийдвэрээ гаргав.
— Новш гэж... Бүгд энд цуглар!
Доод давхрын хүмүүс Гон Пильдүгийн эргэн тойронд цуглаж эхлэв.
— Би шинэ Зэвсэгт бүс суурилуулахад хугацаа хэрэгтэй. Бүгд тэсээд бай!
Гол зүйл нь Гон Пильдүгийн Зэвсэгт бүс байлаа. Гэхдээ сул тал нь Зэвсэгт бүсийг байрлалаа өөрчлөх болгонд дахин суурилуулахад хугацаа шаарддаг явдал байв.
Цус хаа сайгүй үсэрч, хүмүүсийн мөчийг тас татуулан орилж байлаа.
— Ааааа!
Таамагласнаар, бүрдсэн эгнээнээс хамгийн түрүүнд гарсан нь холбооны гишүүд биш, түрээслэгчид байлаа.
— Ю Санъа гуай.
— Тийм ээ. Надад даатга.
Би тайлбарлах шаардлагагүй байв. Ю Санъа юу хийх ёстойгоо аль хэдийн ойлгосон байлаа.
Түүний Хүлээсний утас сунан гарч, дахин тулалдаж чадахгүй болсон хүмүүсийг аварч эхлэв. Ямар ч байсан тэдний зорилго нь Гон Пильдүг Зэвсэгт бүсээ байрлуулах хүртэл хугацаа хожих явдал байлаа.
— Ө-өө... б-баярлалаа.
Түрээслэгчид утсанд өлгөгдөн дээд давхар руу татагдан гарчээ.
Аврагдсан түрээслэгчид гэмтсэн хэсгээ боож байхдаа чичирч байлаа. Энэ хооронд зэвсэгтэй хэдэн хүн над руу болгоомжлон харлаа. Би тэдэн рүү инээмсэглээд хэлэв.
— Өө, та нар шагналыг авах гэсэн юм уу?
[Шагналт даалгаврын Хугацааны хязгаар дууслаа.]
[Ким Дугжад тавьсан шагнал устгагдлаа.]
— Уучлаарай, та нар дэндүү оройтжээ.
— У-учлаарай.
Түрээслэгчид ичсэн янзтай зэвсгээ хураав. Доороос Гон Пильдүгийн архирах дуу сонсогдлоо.
— Замаас зайл!
[‘Гон Пильдү’ дүр ‘Зэвсэгт бүс’ 3-р түвшнийг ашиглалаа!]
[‘Гон Пильдү’ дүр ‘Зэвсэгт бүс’ 4-р түвшнийг идэвхжүүллээ!]
Газрын хөрснөөс таван бууны цамхаг өргөгдөхөд механик чимээ гарлаа. Улаан ид шидийн сумнууд богинохон хугацаанд бөөгнөрөн бий болж, буудаж эхлэв.
Дүдүдүдүдү!
Панг! Пааанг! Пааанг!
Газрын хархнууд ид шидийн сумны бөмбөгдөлтөд өртөн орилж, гроллууд зог тусав. Хүмүүс бөөнөөрөө уулга алдав.
— Пильдү гуай ч аргагүй шүү!
— Ваааа!
Үнэхээр Гон Пильдү байлаа. Хамгаалалтын төрлийн даалгаварт тоглогчийн байлдааны чадварыг давсан хувилгаан байгаагүй.
Арван муу ёр гэж дуудагддаг нь учиртай байлаа.
— Та нар муу новшнууд бүгдээрээ алга бол!
Уур нь хүрсэн Гон Пильдү хамаагүй буудав. И Хёнсон бишрэн өгүүлэв.
— Үнэхээр айхтар тамга байна. Ид шидийн хүчний зарцуулалт ийм их байхад зүгээр үү?
— Сайн тамга болохоор хэсэгтээ зүгээр.
— Бид туслах уу...?
— Гон Пильдү ганцаараа хангалттай. Бид доошоо буувал анхаарал нь сарниж, буудахаа болино.
Гон Пильдүгийн ар дахь Хамгаалалтын мастер хэмээх ивээн тэтгэгч ийм төрлийн даалгаварт яг тохирч байлаа. Түүнийг дэмжсээр байвал Гон Пильдү энд үхэхгүй. Ивээн тэтгэлэг үргэлжилж л байвал.
Би суугаад хөлөө сунгалаа.
— Хэсэгтээ ёстой жаргана даа.
— …Одоо өөрийгөө тордох цаг болсон юм уу?
И Хёнсон надтай хамт сууснаар бүлгийнхэн нэг нэгээрээ тайвширч эхлэв. Жон Хивон асуулаа.
— Баярлалаа. Би хангалттай унтаж чадаагүй... Одоо унтаж болох уу?
— Тэг.
Арван минутын дараа Жон Хивон газар хэвтээд хурхирч байлаа. Би зөвшөөрсөн ч тэр яаж ингэж амархан унтаж чаддагийг үнэхээр ойлгосонгүй.
— Б-Бид арай дэндүү тайван байгаа юм биш үү?
Ю Санъа санаа зовсон өнгөөр дуугарав. Үнэхээр будлимаар нөхцөл байлаа. Одоог хүртэл ийм ‘даалгавар’ байгаагүй. Үнэндээ бид хямралын ирмэг дээрээс амьд гарсан төдий байлаа.
— Бид зөв шугам дээр зогсож байна гэж бод.
— Тэгвэл цаадах нь…
— Тэд буруу шугам дээр очсон.
Гон Пильдүгийн ачаар доод давхарын үймээн бараг намжжээ.
Дүдүдүдүдү!
— Увааааа!
Тэр илүү сайхан амьдрах ёстой байж дээ.
— Новш гэж! Муу новшнууд!
Мангасуудын тасралтгүй цуваан дунд Гон Пильдүгийн хашхираан цуурайтлаа.