—Бидэн шиг зөнч үү?
—Тийм. Эхэндээ түүнийг зөнч гэдгийг ойлгоогүй. Харин одоо бол тийм бололтой. Чам шиг ирээдүйг мэдэж байсан.
—…Тэгээд?
—Тэр чамаас ч хавьгүй ихийг мэддэг бололтой. Төөрөгдлийн чөтгөрийг алж, эхэнд нь далд даалгавруудыг хамж идсэн. Тэрнээс болж миний төлөвлөгөө орвонгоороо өөрчлөгдсөн.
—Т-Тийм хүн байдаг гэж үү…?
Мэдээж байлгүй яах вэ. Тэр хүн яг өмнө чинь байж байна.
Тэр бүр намайг дүр эсгэн дуурайж байгаа бололтой. Хамгийн сүүлд түүнтэй таарахад үхлийн ирмэгт байсан ч одоо Чүнмүро орчимд идэвхтэй байх магадлалтай.
[Од эрхэс ‘Нууц хуйвалдагч’ таны ичгүүргүй зоригийг биширч байна.]
—…Чүнмүро? Намайг битгий хэлүүлээрэй дээ?
Жон Минсоб гайхсандаа ухаалаг утсаа гаргаж ирээд, И Сонгүгийн адилаар гарын товчлуурыг товшив. Магадгүй тэр бусад зөнчдөд мэдээлж байсан бололтой.
Жон Минсоб надаас дахиад хэдэн зүйл асуухад би товчхон хариуллаа.
—Ийм байна! Аан… тэгвэл гурав дахь буцалтын явц өөрчлөгджээ… Та үнэхээр Ю Жүнхёк юм байна.
Жон Минсоб гүнээ биширсэн байдалтай байлаа.
—Тиймээс Төөрөгдлийн чөтгөрийн оронд тэр охиныг авсан юм байна. Тэр Ким Намүнийг орлохуйц юм. Тэр намайг ганц цохилтоор даран…
Хамгийн чухал нь тэдний эндүүрэл байв.
Жон Минсоб хэсэг бодсоноо хэлэв. —Гэхдээ Ю Жүнхёкийн түүхийг сонсохдоо Төөрөгдлийн чөтгөрийг хэн алсныг мэдэж байх шиг боллоо.
—…Мэдэж байгаа юм уу?
—Тийм. Би үүнийг өмнө нь хэлж байсан… Урьдчилж хэлэхэд, бүх зөнч нэг талд байдаггүй.
Ийм яриа гарахыг би хүлээж байсан. Ирээдүйг мэддэг 48 хүн байгаа юм чинь буруу бодолтой хүмүүс ч байлгүй яах вэ.
—Тэд өөрсдийгөө Арван хоёр элч гэж нэрлэдэг. Жинхэнэ Илчлэлтийг уншсан цорын ганц хүмүүс нь өөрсдөө бөгөөд энэ ертөнцийг өөрчилж чадна гэж итгэдэг.
12 хүн. Энэ нь Амьд үлдэх арга замын 50-р бүлгийг хүртэл уншсан хүмүүсийн тоотой яг таарч байлаа.
—Тэд та нараас юугаараа өөр юм бэ?
—Тэд… биднээс илчлэлтийг илүү их уншсан.
Би зөв таажээ.
—Одоогоор 11 элч танигдсан. Ю Жүнхёк-нимийн уулзсан зөнч бол одоогоор танигдаагүй сүүлчийн элч байх гэж тааж байна.
Сэтгэмжтэй хүмүүс болохоор даалгаварт шидэгдмэгцээ дасан зохицжээ. Энэ бол ихэд ашигтай эндүүрэл байлаа. Үгүй ээ, түр хүлээ… эндүүрэл гэж үү?
Бодож үзвэл, 50-р бүлгийг хүртэл уншсан 12 хүний нэг нь би өөрөө байх учиртай.
—Та элч нарт таатай ханддаггүй юм уу?
—Үнэнийг хэлэхэд… тийм. Тэд бидэн шиг биш, Илчлэлтийн номыг ашиглан энэ ертөнцийг эзлэхээр төлөвлөж байгаа.
…Яагаад сэтгэл минь хатгуулчихав?
—Тэд Ю Жүнхёктой хүч хавсран ертөнцийн сүйтгэлийг зогсоохын оронд өөрсдийн ашиг сонирхол, үнэнч сэтгэлээ хөөцөлддөг хүмүүс. Арван муу ёр шиг.
—Арван муу ёр…
—Тиймээс Ю Жүнхёк-нимээс гуймаар байна. Биднийг удирдаач. Тэднийг зогсоогооч.
Аан, ийм учиртай байж. Энэ л тэдний жинхэнэ зорилго байжээ. Үнэнийг хэлэхэд бага зэрэг гайхмаар байв. Зөнчдийн дотоод зөрчлөөс болж надад хэрэг гарна гэж би огт бодоогүй. Хэсэг бодсоны эцэст ам нээлээ.
—За. Зөвшөөрье. Эвсэл байгуулъя.
—Ү-Үнэхээр үү?
—Гэхдээ нэг болзолтой.
И Сонгүг, Жон Минсоб хоёр болзлыг минь сонсохоор хүлээх зуурын царай нь чангарчээ.
—Эхлээд Чансин өртөөг надад өг.
—Юу? Чансин өртөөг…
—Дунмёгийн яг дээр байдаг өртөө. Та нар аль хэдийн эзэлчихээгүй юм уу?
—Аан, тэгвэл Чүнмүрогийн зорилтот өртөө…
Жон Минсоб ямар нэг зүйл мэдэж байгаа бололтой байв. Үнэндээ энэ нь эвслийн хамгийн гол хэсэг байлаа.
Тугийн төлөөх тэмцэлд миний зорьж, эзлэх ёстой өртөө нь Чансин өртөө байлаа. Хааны замыг эцсийг нь хүртэл туулсан ч түүнийг эзэлж чадахгүй бол дөрөв дэх даалгаврыг дуусгаж чадахгүй. Дөрөв дэх даалгаврыг гүйцээж чадахгүй бол би ч, манай бүлэг ч автоматаар үхнэ.
Дашрамд хэлэхэд, И Сонгүгийн царай хачин байлаа.
—Ю Жүнхёк-ним, уучлаарай. Үнэхээр уучлаарай… Энэ жаахан хэцүү байна.
—Яагаад?
—Чансин өртөөний эзэн манай бүлгийн гишүүн биш.
—Таных биш гэж үү?
Хачирхалтай байв. Учир нь Дунмё өртөө түүний яг өмнө байдаг байлаа.
И Сонгүг санаа алдан хэлэв. —‘Дарангуйлагч хаан’ эзэлчихсэн.
Дарангуйлагч хаан. Цус минь хүйт оргив.
—…Тэр аль хэдийн хаан болчихсон гэж үү?
Сөүлийн Долоон хааны нэг болох Дарангуйлагч хаан. Тэр энэ үед Ю Жүнхёктой эн зэрэгцүүлж болох цөөхөн хүний нэг байлаа.
Тэр хаан болон тодрох хүртэл хэдэн өдөр хэрэгтэй биш бил үү? Тобун өртөөнөөс эхэлсэн тэр нөхөр аль хэдийн ингэтлээ доошилж ирчихсэн гэж үү? Яаж бодсон ч учир нь олдсонгүй.
И Сонгүг миний харцыг мэдрээд доош харав.
—Үнэндээ… зарим зөнч алдаа гаргаснаас болж түүний хүч гэнэт өссөн. Хэд хэдэн зөнчийг олзлон авах зуураа тэр өртөөг эзэлчихсэн юм… Тэр үед Зөнчид 53 гишүүнтэй байсан.
Тэдний итгэл даах байдал гэнэт эрс буурлаа. Бодож үзэхэд, тусламжгүйгээр романы эхлэлийг ч би сайн мэдэхгүй байв. Яагаад эднийг сайн явна гэж бодсон юм бол?
—С-Санаа зовох хэрэггүй. Бид Дарангуйлагч хааныг устгах хүчирхэг зэвсэг бэлдэж байгаа. Энэ зөвхөн Дарангуйлагч хаантай тэмцэх зэвсэг биш. Арван хоёр элчтэй тэмцэхэд зориулагдсан зэвсэг.
Жон Минсоб зөвшөөрөн толгой дохив.
—Ю Жүнхёк-ним та үүнийг сайн мэдэхгүй байж магадгүй. Бид илчлэлтүүдийг тайлж мэдэх гэж маш их хичээсэн юм…
Үгүй, би мэднэ. Эднийг ганцааранг нь орхиж болохгүй. Энэ хүмүүс зохиолыг сүйтгэж амжихаас нь өмнө би үүнийг дуусгах ёстой.
—Аан, сайн байна. Удахгүй та зэвсгийг өөрийн нүдээр үзэх боломжтой болно.
—Зэвсгийг харах боломж уу?
—Маргааш Арван хоёр элчээс бусад нь цугларч, Зөнчдийн шөнө болно. Х-Хэрэв та дургүйцэхгүй бол…
Жон Минсобын хүсэмжилсэн харц над руу чиглэв.
—Ю Жүнхёк-ним, бидэнтэй хамт ирээч.
*
Ярианы дараа Жон Хивон, И Хёнсон бид гурав И Сонгүгийн гаргаж өгсөн байранд цуглав. Би Чүнмүро өртөөний тугийг ажиглан харлаа.
Үдээс хойш Дундэгүмүн өртөө, Чонгү өртөөг шилжүүлэн авснаар миний туг ‘тэнгисийн цэргийн хөх’ болж өөрчлөгдөв.
[Тэнгисийн цэргийн хөх тугны давуу талыг ашиглалаа.]
[Одооноос бүлгийн гишүүдтэй ‘бүлгийн чат’-аар харилцаж болно.]
Одооноос яриагаа бусдад сонсгуулах вий гэж санаа зовох шаардлагагүй болов. Өөр нэг бүлгийн гишүүн тэр бүсэд байхгүй л бол бүлгийн чатыг чагнаж чадахгүй.
Би өнөөдөр болсон явдлыг товчхон тайлбарлав. Жон Хивон бүдэг бадаг таамагласан байсан ч И Хёнсон цочирдов.
—Бурхан минь, итгэмээргүй юм. Тэд ирээдүйн нэг хэсгийг мэддэг… Тиймээс Дугжа-ши Ю Жүнхёкийн дүр эсгэж байгаа юм байна, тийм үү?
—Тийм.
—Ха… Тэгвэл одоохондоо энд байж байя. Тэдний талаар илүү мэдээлэл олж мэдэх хэрэгтэй…
—Үгүй.
—Юу?
—Өнөөдөр би тэднийг өөрөө шийднэ.
Би Жон Хивон руу хараад хэллээ.
—Уучлаарай, Жон Хивон-ши.
—Зүгээр ээ… Би жаахан л гомдсон.
-……
—Зүгээр тоглосон юм. Дугжа-ши одоо гангстерын дүрд тоглож байгаа биз дээ? Хэрэв үнэхээр уучлалт гуйж байгаа бол түрүүний тэр новшийг надад даатга.
Жон Хивон инээмсэглээд үргэлжлүүлэв.
—Тэгвэл өнөө шөнө халуухан шөнө болох нь ээ?
—Х-Халуухан…?
И Хёнсон Жон Хивоны тоглоомоос болж балмагдав. Би толгой сэгсрэв.
—Эхлээд хийх ажил байна.
—Хийх ажил уу?
—Одоо тэд бүгд хөдөлж байна. Хэцүү байх болно.
Би яриагаа дуусгангаа жижиг нөмрөг гаргав. Дүрс минь гэнэт алга болж, И Хёнсон будилсан янзтай дуугарлаа.
—Ээ? Дугжа-ши?
—Би дохио өгнө. Тэгээд та нар хөдөл.
Энэ бол 3000 зоосоор худалдаж авсан Алтан гишүүний эрхийн эд зүйл болох ‘Ганцаардмалын нөмрөг’ байлаа.
Таван удаа хэрэглэх боломжтой эд зүйл боловч чадварыг идэвхжүүлсний дараа 20 минутын турш ‘туйлын нуугдмал байдал’-ыг хадгалж чадна.
Би харанхуйд уусан алга болов. Үнэмлэхүй мэдрэхүйн 6-р түвшин буюу түүнээс дээш түвшний чадвартай дайснуудын эсрэг энэ зүйл ямар ч нэмэргүй ч энд тийм чадвартай хүн байсангүй.
Би нойрмог харуулуудын хажуугаар өнгөрч, Хан Дунхүний майханд хүрэв. Майхны эргэн тойронд Дууны долгион хаах чадвар ажиллаж байсан тул дотогш ормогц хэн нэгэн сонсчих вий гэж санаа зовох хэрэггүй байлаа.
Тэр майхныг болгоомжтой нээгээд, гарын товчлуурын өмнө ганцаараа суух хүүг олж харав. Нүднийх нь доорх хар хүрээ өдрийнхөөсөө ч тодорчээ.
Ганцаараа сэтгэгдэл бичиж суух ганцаардсан хүү. Зөнчид энэ хүүг элэгдэж дууссан машин болгожээ. Уран зөгнөл, үнэнийг хольсон мэдээлэл цацаж ирээдүйг өөрчилдөг суртал ухуулгын машин. Одоохондоо төдийлөн нөлөөтэй биш ч энэ хүүгийн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам өснө.
Би араас нь чимээгүйхэн дөхөж очоод амыг нь таглав. Хан Дунхүн амьсгаадан тэмцсэн ч 10-р түвшний хүч чадалтай надад эсэргүүцэх боломжгүй байлаа.
Би халаасандаа гараа хийж, Ганцаардмалын нөмрөгийн хамт худалдаж авсан Оюун санаа сэрээх эмийг гаргаж ирэв. Энэ нь бүтэн 3000 зоосны үнэтэй байлаа.
Харамсалтай байгаагүй гэж хэлбэл худал болно. Гэхдээ Сүүдрийн ганцаардмал хааныг 3000 зоосоор олж авч чадвал ашигтай наймаа болно.
Сэргээш уулгаснаас хойш хэсэг хугацааны дараа Хан Дунхүний нүд өөрчлөгдөв. Ховсын нөлөө суларч, хүүгийн эрүүл ухаан аажмаар сэргэж эхэллээ.
—Ө-Өө, чи…
Ховс гэдэг нь бүхнийг мартуулна гэсэн үг биш. Энэ жаахан хүүгийн толгойд бүх төрлийн сэтгэлийн шарх эргэлдэж байв. Ховс тайлагдмагц ивээн тэтгэгч нь тодорхой хэмжээнд оролцож эхэлнэ.
[‘Хан Дунхүн’ дүрийн ар дахь ивээн тэтгэгч өөрийгөө илчиллээ.]
[Од эрхэс ‘Хөшигний цаадах сүүдэр’ танд талархлаа.]
[500 зоос ивээн тэтгэгдлээ.]
Хан Дунхүн гартаа туг барьсан чигээрээ ухарлаа. Би тугийг анхааралтай ажиглаад зориуд түүнээс холдлоо.
—Санаа зоволтгүй. Би тугийг чинь булаахаар ирээгүй.
—Ө-Өөө, аа…
—Чи ухаантай юм чинь дор нь ойлгоно. Чамд хор хүргэхийг хүссэн бол ховсыг чинь тайлахгүй байсан.
—Т-Т-Тэгвэл…
—Би чамтай найз болмоор байна.
Хан Дунхүний нүд салганав. Би хэсэг хүлээлээ. Толгой доторх нь үймээн намжтал хүлээсэн хэрэг. Гэвч Хан Дунхүн амархан үг хэлж чадсангүй. Тэгэхэд энэ залууд нэг асуудал байдгийг саналаа.
—Шууд ярихад хэцүү байна уу? Хэрэв дургүйцэхгүй бол ингэж ярилцъя.
Хан Дунхүн гартаа барьсан ухаалаг утас руу хараад ямар нэг юм бувтнаж эхлэв.
[‘Хан Дунхүн’ дүр таны ухаалаг утсан дээр ‘Өргөн хүрээний Интернет Lv. 5’-ыг ашиглалаа.]
[‘Хан Дунхүн’-ий ухамсар тасалдаагүй тохиолдолд ‘Сөүлийн бөмбөгөр хязгаар’-ын хаана ч Интернет ашиглаж болно.]
Хэсэг хугацааны дараа ухаалаг утасны мессенжерт Хан Дунхүний нэр гарч ирэв.
—Чи хэн бэ?
—Би чамайг хайж байсан.
—И Сонгүг ч бас тэгж хэлсэн.
—Тийм байх.
—Би…
Хүүгийн чичирсэн хуруу цааш хэдэн өгүүлбэр бичиж чадсангүй. Би тэр дороо ойлголоо. Энэ хүүг одоо ятгах боломжгүй байв.
Арав гаруй хоногийн турш хүүгийн шарх амархан эдгэхийн аргагүй болтлоо идээлжээ.
—Би чамайг ойлгож байна. Аймшигтай, бас будлиантай байгаа.
[‘Хан Дунхүн’ дүр ихэд сандарлаа.]
—Инээдтэй юм бүү ярь.
—Би тэр хүмүүсээс өөр.
—Би чамд итгэж чадахгүй.
—Чи Зөнчдийг үзэн яддаг биз дээ?
Хан Дунхүний нүд салганав. Ховсны нөлөөгөөр хүүгийн нүдэнд гүн суусан хорсол дүүрчээ.
—Чи зөвшөөрвөл би тэднийг үгүй хийж чадна.
—…Яагаад? Чи өөрөө Зөнч биз дээ…
—Тэд байх ёсгүй. Тэд ‘төгсгөлийн бүлэг’-т саад болж байна.
Хан Дунхүн учрыг нь үл ойлгосон харцаар над руу ширтээд гарын товчлуур дээр товшив.
—Надаас… Чи юу хүсэж байгаа юм бэ? Ямар ч байсан миний чадварыг л ашиглана биз дээ.
Би толгой өргөн амаа аажуухан нээлээ.
—Үгүй, харин ч эсрэгээрээ.
Би чангаар хэлэх зуураа Хан Дунхүний нүд рүү ширтэв.
—Чи юу ч хийх хэрэггүй.
*
—Одоо тэр новшнуудын цаг дууссан. Маргааш бүх зүйл дуусна.
—Хаа… Энэ бүхэн дуусмагц нэг шил сөжү ууна.
—Тийм ээ. Тэр новшийн нүдийг өмнө нь харсан уу? Мэргэдийн нүд над руу хилэнтэй ширтээд, би зүрх зогсох шахсан.
—Ха ха, Удиртгал дээр л буучихсан нөхөр Мэргэдийн нүдийг яаж мэддэг байна аа?
Цовоо яриа сонсогдов. Үнэхээр сонирхолтой байсан тул үргэлжлүүлэн сонсмоор байлаа.
—Хөөе, бусад Зөнчид одоо ч сэжиглэсээр байна… Тэднийг яаж итгүүлэх вэ? Чүнмүро руу яв гэж үглээд байх юм…
—Утсаа надад өг, би тэдэнтэй ярья. Ямар ч байсан… өө? Жон Минсоб гарын товчлуур дээр оролдож байтал царай нь хөшив. —Яагаад Интернет гэнэт ажиллахаа больчихов?
—Тэр банди дахиад унтаж байгаа юм биш үү? Очоод шалга.
Жон Минсоб майхнаас гарах гэж байтал бие нь ямар нэг зүйлтэй мөргөлдөв. Гараа сунгасан агшинд…
—Э-Энэ чинь юу вэ…?
Жингггг!
—Аааа!
Жон Минсоб орилсоор газар унав. Би Даяанчийн нөмрөгөө тайлаад Итгэлийн ирийг атгалаа.
—Ю-Ю Жүнхёк? Яаж яваад…?
Сандарсан И Сонгүг тээглэн бүдрэх зуур Жон Хивон майхны гаднаас толгойгоо цухуйлгав.
—Би хэдийг нь зохицуулчихлаа. Гэхдээ дэндүү олон байна… Удаан тэсэхгүй.
Жон Хивон алга болж, гаднаас зодолдох чимээ сонсогдов. Одоо харуулууд хуйлран ирнэ.
—Э-Энийг хийвэл юу болохыг мэдэхгүй байна гэж үү? Ю Жүнхёк, чи бид бүгдийг дийлэхгүй!
—Бүгдийг нь үү? Бүгдтэй нь зууралдах шаардлагагүй. Чамтай л харьцахад хангалттай.
Энэ үг И Сонгүгийн уруулыг таталдуулав.
—Уучлаарай, Ю Жүнхёк, гэхдээ би чамайг ингэхийг зөвшөөрч чадахгүй―
Күдүдүд!
Би унасан Жон Минсоб руу Эфирийн илдээ хөнгөн далайж, өмсөж байсан хуягыг нь зүсэв. Жон Минсоб ориллоо.
—Ааа!
Мах нь урагдаж, дотроос нь нэг даавууны хэсэг унав. Би унасан даавууны хэсгийг авлаа.
[Та ‘Дунмёгийн бүлэг’-ийн тугийг ялж авлаа.]
[Таны тэнгисийн цэргийн хөх туг тэнгисийн цэргийн хөх тугийн хуримтлагдсан амжилтыг шингээлээ.]
[Таны тэнгисийн цэргийн хөх туг бор туг болон хувирлаа.]
[Хүчирхэг туг таныг хамгаална.]
—Чи бол Дунмёгийн жинхэнэ төлөөлөгч юм.
—Я-Яаж…?
—Та нар хэчнээн тэнэг байсан ч тугаа ингэж бардам харуулахгүй.
Юуны өмнө, төлөөлөгчийн байр суурийг Хан Дунхүнд өгсөн нь хачирхалтай байв. Тэд ирээдүйг мэдэж байсан. Тиймээс зохиолын дүрд төлөөлөгчийн байр суурь өгөхгүй.
Гэвч И Сонгүг төлөөлөгч биш байлаа. Хариулт ганцхан байсан.
[‘Дунмёгийн бүлэг’-ийн үлдсэн гишүүд таны шийдвэрийг хүлээж байна.]
Одоо харуулууд хамаагүй болсон. Найдвар тасарсан Жон Минсоб ээрэн хэлэв. —Ю-Ю Жүнхёк! Бусад Зөнчид үүнийг мэдчихнэ…
—Интернет ажиллахгүй байхад чи тэдэнд яаж мэдэгдэх юм?
Бүх төлөвлөгөө нь нурсан гэдгийг ухаарсан И Сонгүг орилон асуулаа.
—Яагаад… яагаад бидэнд ингэж байгаа юм бэ?
—За даа… Энэ асуулт утгагүй. Би ‘жинхэнэ Ю Жүнхёк’ байсан ч та нар шиг нөхөдтэй эвсэхгүй.
—Ю-Юу… битгий хэл…?
Би царай нь цонхийсон тэр хоёр руу мушилзан инээгээд чангаар инээлээ.
—Та нар эцсийг нь хүртэл унших ёстой байсан юм.