Солиорлын гэгээнтэн

18-р анги

18-р анги — Өнгөрснийг утаа мэт сарниулъя

Сонсох

Дүүгийнхээ асуултыг сонссон ч Фан Юань хариулсангүй. Өглөөний хоолоо тайван идсээр байв.

Тэр Фан Жэний занг сайн мэднэ.

Дүү нь тэвчээртэй байж чаддаг хүн биш.

Санаснаар нь Фан Юань өөрийг нь агаар мэт үл тоомсорлон, ганц ч харахгүй байгааг анзаармагц Фан Жэн тэссэнгүй.

— Ахаа, та Шэнь Цүйд юу хийсэн юм бэ? Тэр өчигдөр танай өрөөнөөс гарч ирснээсээ хойш тасралтгүй уйлсан. Намайг тайвшруулах тусам улам их уйлаад байсан!

Түүний дуу дургүйцлээр дүүрэн байлаа.

Фан Юань толгойгоо өргөн дүү рүүгээ харав. Царайд нь ямар ч хувирал байсангүй.

Фан Жэн хөмсгөө зангидан, ах руугаа цоо ширтэж хариуг нь хүлээнэ.

Уур амьсгал аажмаар түгшүүртэй болов.

Гэвч Фан Юань ганцхан хором хараад толгойгоо буулган, хоолоо үргэлжлүүлэн идлээ.

Фан Жэн тэр даруй бачимдав.

Ах нь өөрийг нь илтэд басамжилж байв.

Ичиж, бухимдсан тэр ширээг алгаараа хүчтэй цохин босоод:

— Гү Юэ Фан Юань, та яаж ингэж аашилж чаддаг байна аа! Шэнь Цүй олон жилийн турш танд үйлчилсэн. Тэр танд хэчнээн эелдэг, халамжтай ханддагийг би өөрийн нүдээр харсан!

— Таныг хүнд байдалд орсныг мэднэ. Сэтгэлээр унасныг чинь ч ойлгож байна. Тийм ээ, та ердөө C зэрэглэлийн чадамжтай. Гэхдээ өөрөө азгүйтлээ гээд уур бухимдлаа бусдад гаргаж болохгүй! Шэнь Цүйд ингэх нь шударга бус!

Түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад Фан Юань өндийн босож, гараа цахилгаан мэт өргөв.

Тас!

Түүний алга Фан Жэний хацар дээр хүчтэй буулаа.

Фан Жэн баруун хацраа даран хоёр алхам ухрав. Царай нь балмагдсан төрхтэй байв.

— Хэрэггүй шаар минь, төрсөн ахтайгаа ямар өнгөөр яриад байна? Тэр Шэнь Цүй чинь ердөө зарц охин! Тийм дорд охиноос болж намайг ах гэдгээ ч мартчихав уу?

Фан Юань намуухан боловч хатуу дуугаар зэмлэв.

Фан Жэн сая нэг ухаан орлоо.

Хацрын хорсох өвдөлт мэдрэлээр нь давлагаалан тархана.

Тэр нүдээ том болгон, амьсгаадан ах руугаа итгэж ядсан янзтай ширтэв.

— Ахаа, та намайг цохичихлоо гэж үү? Намайг бага байхаас өнөөдрийг хүртэл та хэзээ ч гар хүрч байгаагүй!

— Тийм ээ, намайг A зэрэглэлийн чадамжтай, харин таныг C зэрэглэлийнх гэж тогтоосон. Гэхдээ үүнд намайг буруутгаж болохгүй. Энэ бүхэн тэнгэрийн...

Тас!

Фан Жэн үгээ дуусгаж амжаагүй байхад Фан Юань гарынхаа араар дахин алгадав.

Фан Жэн хоёр хацраа алгаараа даран, мэл гайхаж зогслоо.

— Гэнэн тэнэг минь, сайн сана!

Фан Юанийн дуу улам хүйтэрлээ.

— Багаасаа өнөөг хүртэл би чамайг яаж халамжилж ирсэн бэ? Эцэг эх маань нас барсны дараа бидний амьдрал хүнд байсан.

Шинэ жилээр авга ах, авга эгч хоёр бидэнд ганц нэгээр нь шинэ өмсгөл өгдөг байлаа. Би өөрийнхийгөө өмссөн үү? Хэнд өгснийг санаж байна уу?

— Чи багадаа амтат зутанд дуртай байсан. Өдөр бүр чамд нэмж нэг аягыг хийж өгөхийг гал тогооныхонд хэн тушаадаг байсан бэ?

— Бусдад дээрэлхүүлэхэд чинь хэн чамайг дагуулж ирдэг байлаа? Өөр тоо томшгүй олон зүйл бий. Гэхдээ одоо ярих үнэ цэнгүй санагдаж байна.

— Харин чи нэг зарц охиноос болж надтай ийм өнгөөр ярьж, намайг байцаахаар ирэв үү?

Фан Жэний царай час улайлаа.

Уруул нь чичирнэ.

Тэр ичсэн, бухимдсан, гайхсан, уурласан ч ганц ч үг сөргөж чадсангүй.

Учир нь Фан Юанийн хэлсэн бүхэн үнэн байв.

— Яах вэ дээ.

Фан Юань ёжтой инээмсэглэв.

— Чи төрсөн эцэг эхээсээ хүртэл нүүр буруулж, өөр хүмүүсийг аав, ээжээ гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр ердөө ах чинь болсон би чиний хувьд юу юм бэ?

— Ахаа, та яаж ингэж хэлж чадна аа? Намайг багаасаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хэчнээн их хүсэж ирснийг та өөрөө мэднэ. Би...

Фан Жэн яаран тайлбарлах гэтэл Фан Юань гараа өргөн үгийг нь таслав.

— Өнөөдрөөс эхлээд чи миний дүү биш. Би ч чиний ах биш.

— Ахаа!

Фан Жэн цочин, дахин юм хэлэхээр амаа нээлээ.

Гэвч Фан Юань түрүүлж:

— Чи Шэнь Цүйд дуртай биз дээ? Санаа зоволтгүй. Би түүнд юу ч хийгээгүй. Тэр одоо ч онгон, биед нь гар хүрээгүй хэвээр.

— Надад зургаан анхдагч чулуу өг. Тэгвэл Шэнь Цүйг чамд өгье. Өнөөдрөөс эхлээд тэр чиний хувийн шивэгчин болно.

— Ахаа, та яагаад...

Дотроо нууж явсан бодлыг нь ингэж гэнэт ил хэлэхэд Фан Жэн сандарч, яахаа мэдэхгүй болов.

Гэсэн ч сэтгэл нь нэг талаар амарлаа.

Түүний хамгийн их айж байсан зүйл болоогүй байжээ.

Өнгөрсөн шөнө Шэнь Цүй өөрийн биеэр түүнд үйлчилж, биеийг нь угааж өгсөн.

Хэдийгээр юу ч болоогүй ч Фан Жэн тэр шөнийн энхрий зөөлөн байдлыг мартаж чадсангүй.

Шэнь Цүйн эв дүйтэй гар, зөөлөн улаан уруулыг бодох бүрд зүрх нь хүчтэй цохилно.

Залуу насны үнэнч сэтгэл түүний цээжинд аль хэдийн үрээ суулган, соёолж эхэлжээ.

Тиймээс өчигдөр орой Шэнь Цүйн байдал хэвийн бус болсныг сонсмогц уур хилэн нь оргилсон юм.

Тэр Сарны Гэрэл Гүг боловсронгуй болгох ажлаа шууд орхиод, Фан Юанийг олохын тулд тосгоныг нэгжжээ. Ахтайгаа нүүр тулан учраа олохыг хүссэн байв.

Фан Жэн хариу хэлэхгүй байгааг хараад Фан Юань хөмсгөө зангидан:

— Хайр сэтгэл бол энгийн зүйл. Шулуухан бай. Нуух ямар ч хэрэггүй. Мэдээж солилцохыг хүсэхгүй байвал бас болно, — гэв.

Фан Жэн тэр дороо сандарлаа.

— Солино! Яагаад солихгүй гэж? Гэхдээ одоо надад зургаан анхдагч чулуу хүрэхгүй.

Тэр ингэж хэлээд мөнгөний уутаа гаргав. Нүүр нь тэр чигтээ улайжээ.

Фан Юань уутыг авч нээтэл дотор нь зургаан чулуу байв.

Гэхдээ нэг чулуу нь энгийн анхдагч чулуунаас хоёр дахин жижиг болжээ.

Фан Жэн Сарны Гэрэл Гүгээ хурдан боловсронгуй болгохын тулд тэр чулуунаас анхдагч мөн чанарыг нь шингээснийг Фан Юань тэр дороо ойлгов.

Анхдагч чулууны байгалийн мөн чанарыг шингээх тусам чулуу жижгэрч, жин нь хөнгөрдөг.

Нийтдээ тав хагасхан чулуу байсан ч энэ нь Фан Жэнд одоо байгаа бүх анхдагч чулуу гэдгийг Фан Юань мэдэж байлаа.

Фан Жэнд өөрийн гэсэн хуримтлал байсангүй. Эдгээр зургаан чулууг авга ах, авга эгч хоёр нь саяхан өгсөн юм.

— Эднийг авлаа. Одоо явж болно.

Фан Юань хүйтэн царайгаар уутыг өвөртөллөө.

— Ахаа...

Фан Жэн дахиад юм хэлэхийг хүсэв.

Фан Юань хөмсгөө үл ялиг өргөөд удаанаар:

— Намайг бодлоо өөрчлөхөөс өмнө нүднээс далд ор, — гэлээ.

Фан Жэний зүрх базлах шиг болов.

Тэр шүдээ зуугаад эцэст нь эргэн явлаа.

Дэн буудлын хаалгаар гарахдаа өөрийн эрхгүй цээжин дээрээ гараа тавив.

Сэтгэл нь нэг л тавгүй.

Дөнгөж сая маш чухал зүйлээ алдчихсан мэт мэдрэмж төрнө.

Гэвч Шэнь Цүй болон өнөөх зүүд шиг шөнийг бодох төдийд цээж нь хурдан халуу оргиж эхлэв.

«Эцэст нь Цүй Цүйг өөрийн хүн болгож чадна.»

Тэр эргэж харсангүй. Фан Юанийн хараанаас холдон алхав.

Фан Юань ямар ч хувиралгүй зогссоор байлаа.

Тэр удтал зогссоны эцэст аажуухан суулаа.

Цонхоор тусах хурц нарны гэрэл түүний хайхрамжгүй царайны талыг гэрэлтүүлнэ. Тэр төрхийг харсан хэний ч сэтгэлд үл мэдэг жихүүдэс төрөхөөр байв.

Хоолны танхимд үйлчлүүлэгч цөөн.

Харин гудамж улам хөл хөдөлгөөнтэй болжээ.

Гадаах олны шуугиан, хөгжилтэй дуу чимээ дотогш нэвтрэх тусам танхим бүр ч нам гүм санагдана.

Ширээн дээрх хоол хөрчихөв.

Нэг зарц болгоомжтой ойртож ирээд өглөөний хоолыг нь дахин халаах эсэхийг асуулаа.

Гэвч Фан Юань сонссонгүй.

Харц нь үүл мэт алслан өөрчлөгдөж, өнгөрсөн үеийн дурсамжаа эргэн санаж буй мэт байв.

Зарц хэсэг хүлээлээ.

Фан Юань бодолд автсан хэвээр, ганц ч үг хэлсэнгүй. Тиймээс зарц эвгүйрхэн хамраа имрээд цааш явлаа.

Удаан хугацааны дараа Фан Юанийн харц дахин төвлөрөв.

Сэтгэл дэх өнгөрсөн үеийн дурсамж утаа мэт хэдийн сарнижээ.

Тэр дахин бодит байдалдаа эргэн ирэв.

Цонхоор урсан орсон нарны гэрэл ширээний талыг гэрэлтүүлнэ.

Хоолноос савсаж байсан уур аль хэдийн алга болж, гудамжны хөл хөдөлгөөнтэй олны шуугиан чихэнд нь хүрч байлаа.

Фан Юань өвөр лүүгээ гараа хийж, тав хагас анхдагч чулуугаа тэмтэрлээ. Уруулынх нь үзүүрт гашуун бөгөөд өөрийгөө шоолсон инээмсэглэл тодров.

Гэвч тэр инээмсэглэл тэр дороо алга боллоо.

— Зөөгч өө, энэ хоолыг дахин халаагаад өг.

Фан Юань ширээн дээрх хоол руугаа хараад намуухан дуудлаа.

Тэр мөчид түүний нүд мөс шиг хүйтэн байв.

— Юу гэнэ ээ? Ах чинь үнэхээр тэгж хэлсэн юм уу?

Их танхимд авга ах нь хөмсгөө зангидан, хүйтэн дуугаар асуулаа.

Авга эгч нь хажууд сууж, Фан Жэний хоёр хацар дээр тодорсон улаан алганы мөрийг дуугүй ширтэнэ.

— Тийм ээ. Ахтай дэн буудалд таарсан. Тэр өглөөний хоолоо идэж байсан. Бүх зүйл ингэж болсон.

Фан Жэн хүндэтгэлтэйгээр хариулав.

Авга ахын хөмсөг улам зангирч, хөмсөгнийх нь хооронд гурван босоо үрчлээс суув.

Хэдэн амьсгааны дараа тэр санаа алдаад, нухацтай өнгөөр:

— Фан Жэн, хүү минь. Үүнийг сайн сана. Шивэгчин Шэнь Цүй бол Фан Юанийн хувийн өмч биш. Бид түүнийг Фан Юаньд үйлчлүүлэхээр томилсон юм. Тэр яаж Шэнь Цүйг наймааны эд болгож болох билээ?

— Хэрэв чи түүнийг хүссэн бол бидэнд эртхэн хэлэхгүй яасан юм? Бид зүгээр л чамд үйлчлүүлэхээр шилжүүлчих байсан шүү дээ.

— Аан?

Фан Жэн үүнийг сонсоод балмагдав.

Авга ах гараа дохилоо.

— Одоо явж болно. Чи бүх анхдагч чулуугаа Фан Юаньд өгсөн тул би чамд дахиад зургааг өгье.

— Энэ удаа зөв ашигла. Гүгээ амжилттай боловсронгуй болгож, тэргүүн байрыг эзэл. Чамайг чадвал бид маш их бахархана.

— Ааваа, хүү нь үнэхээр ичиж байна...

Фан Жэний нүдэнд нулимс цийлэгнэв.

Авга ах санаа алдаад:

— Яв даа. Өрөөндөө хурдан буцаж, Гүгээ боловсронгуй болго. Чамд үлдсэн хугацаа бага, — гэв.

Фан Жэнийг гарсны дараа авга ахын царай ширүүн, ууртай болов.

Тас!

Тэр ширээг алгаараа хүчтэй цохив.

— Хмф! Хараал идсэн тэр гөлөг! Манай зарцыг наймаанд оруулж, бүр зургаан анхдагч чулуу салгачихлаа. Үнэхээр овжин юм!

Авга эгч тайвшруулахыг хичээж:

— Нөхөр минь, уураа барь. Ердөө зургаан анхдагч чулуу шүү дээ, — гэв.

— Эмэгтэй хүн чи юу ойлгох вэ!

Авга ах шүдээ хавиран уурлав.

— Фан Юань ердөө C зэрэглэлийн чадамжтай. Сарны Гэрэл Гүг боловсронгуй болгоход нь анхдагч чулуу зайлшгүй хэрэгтэй.

Анх удаа Гү боловсронгуй болгож байгаа туршлагагүй хүнд зургаан чулуу хүрэлцэхгүй. Харин одоо түүнд арван хоёр чулуу байгаа тул хангалттай болчихлоо!

Тэр цааш үргэлжлүүлэв.

— Хангалттай нөөцтэй, саад тотгоргүй байвал Гү бясалгагч маш хурдан ахина. Хоёр, гурван жилийн дараа овог дахин нэг хоёрдугаар зэргийн Гү бясалгагчтай болно.

— Фан Юанийн бясалгалын түвшин доогуур байх тусам нэг жилийн дараа гэр бүлийн өвийг булаан авах найдвар нь багасна.

— Тэр одоо залуу, бясалгаж дөнгөж эхэлж байна. Бид түүнд саад хийж, эхлэлээс нь үе тэнгийнхнээс нь хоцроох хэрэгтэй.

— Академийн нөөцийг үргэлж шилдэг сурагчдад олгодог. Төрөлхийн чадамж муутай тэр нэг л хоцорвол цаашид ямар ч нөөц авч чадахгүй. Нөөцийн дэмжлэггүй бол бясалгал нь улам хоцорно.

— Ийм харгис тойрогт орсны дараа жилийн дараа гэр бүлийн өвийг залгамжлах чадал түүнд үлдэх эсэхийг харъя!

Авга эгч учрыг нь ойлгосонгүй.

— Бид саад хийхгүй байсан ч жилийн дараа тэр ихдээ л нэгдүгээр зэргийн дунд шатанд хүрнэ. Нөхөр минь, та өөрөө хоёрдугаар зэргийн бясалгалтай. Яагаад түүнээс айгаад байгаа юм бэ?

Авга ах уурандаа хөлөө дэвслэв.

— Үс урт, ухаан богино гэж чамайг л хэлнэ! Би ахмад хүн байж залуу үеийн хүүхдийг өөрийн гараар нухчин дарах ёстой гэж үү?

— Тэр гэр бүлийн өвөө буцаан авахыг хүсвэл ёсонд нийцсэн хэрэг болно. Шууд хориглох боломжгүй. Тиймээс би зөвхөн овгийн дүрмийг ашиглан түүнд саад хийж чадна.

— Овгийн дүрэмд арван зургаан настайдаа өрхийн тэргүүн болохын тулд ядаж нэгдүгээр зэргийн дунд шатны бясалгалтай байх ёстой гэж заасан.

— Хэрэв хүрч чадахгүй бол Фан Юань овгийн нөөцийг үрэх эрхгүй гэсэн үг. Одоо ойлгов уу?

Авга эгч сая нэг учрыг ойлголоо.

Авга ах нүдээ онийлгож, харцанд нь хүйтэн гэрэл гялсхийв.

Тэр толгойгоо үл ялиг сэгсрэн санаа алдаад:

— Фан Юань дэндүү ухаантай, хэтэрхий овжин. Тэр эрх мэдлийн тоглоомыг хүртэл нэвт харж чадсан. Ийм залуу насандаа ингэж тооцоолж, хуйвалдаж чадна гэдэг үнэхээр аймшигтай.

— Уг нь би түүний эсрэг төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх гэж байсан. Гэтэл тэр шууд нүүгээд явчихлаа.

— Шэнь Цүйгээр дамжуулан түүнийг хянаж, төвөг учруулахыг хүссэн ч эцэст нь өөрөө холдоод зогсохгүй зургаан анхдагч чулуу олчихлоо.

Тэр дахин санаа алдав.

— Хэрэв Фан Жэн шиг тэнэг байсан бол хэчнээн амар байх байсан бол доо.

— Нээрэн, өнөөдрөөс эхлээд Фан Жэнд илүү сайн хандаарай. Эцсийн эцэст тэр A зэрэглэлийн чадамжтай.

— Бас Фан Юаньд гомдож, дургүйцэж эхэлснийг нь би харж байна. Энэ бол сайн хэрэг. Тэр мэдрэмжийг нь зөв чиглүүлэх хэрэгтэй.

— Ирээдүйд Фан Юанийн эсрэг ашиглах хамгийн сайн хэрэгсэл Фан Жэн болно гэсэн зөн надад төрж байна!

Нүд ирмэхийн зуур хоёр өдөр өнгөрчээ.

Дэн буудлын өрөөнд гэрэл асаагаагүй байв.

Сарны туяа цонхоор цутгаж, өрөөнд цан хүүрэг татсан мэт цайвар өнгө нэмнэ.

Орон дээр Фан Юань завилан сууж, нүдээ анижээ.

Тэр ногоон зэс анхдагч мөн чанараа хөдөлгөн, бүх анхаарлаа Дарсны Өт Гүг боловсронгуй болгоход төвлөрүүлсэн байлаа.

Дарсны Өт Гүгийн биеийн өчүүхэн хэсэг хэдийн ногоон зэс өнгөөр будагджээ.

Гэвч түүний хүсэл зориг хад мэт хатуу хэвээр.

Тэр биет бус анхдагч мөн чанарын дунд тасралтгүй тэмцэлдэнэ.

Фан Юанийн боловсронгуй болгох явц огт урагштай байсангүй.

Туйлын хэцүү байлаа.

«Би хоёр өдөр, хоёр шөнийн турш өдөр бүр хоёрхон цаг амарч, арван хоёр анхдагч чулуу зарцууллаа. Гэтэл ердөө арван тавны нэг орчим хэсгийг л боловсронгуй болгож чаджээ.

Хугацааг нь тооцвол энэ хэдэн өдөрт хэн нэгэн Гүгээ амжилттай боловсронгуй болгож эхлэх байх.»

Фан Юань нөхцөл байдлыг тодорхой ойлгож байлаа.

Угаас түүний төрөлхийн чадамж муу.

Дээр нь боловсронгуй болгох гэж буй Дарсны Өт Гүгийн амьд үлдэх хүсэл ердийн Сарны Гэрэл Гүгийнхээс ч хавьгүй хүчтэй байв.

Тиймээс үе тэнгийнхнээсээ хоцрох нь хэвийн.

«Хэсэг зуур хоцрох ямар ч хамаагүй. Дарсны Өт Гү миний гарт байгаа цагт...»

Фан Юанийн сэтгэл толь мэт тунгалаг байлаа.

Түүнд өчүүхэн ч түгшүүр, цөхрөл байсангүй.

Гэнэт Дарсны Өт Гү биеэ бөөрөнхийлөн хумив.

«Муу ёр! Дарсны Өт Гү сөрөг дайралт хийж байна!»

Фан Юань нүдээ тэр даруй нээлээ. Харцанд нь үл ялиг гайхшрал тодров.

Түүний өмнө Дарсны Өт Гү жижигхэн бөөрөнхий банш мэт хумигдаж, нүд сохлом цагаан гэрэл хүчтэй цацруулж байлаа.

Бүхнээ тавьсан эцсийн дайралт!

Дараагийн мөчид Дарсны Өт Гүгийн биеэс хүчирхэг хүсэл зориг оргилон гарч, Фан Юанийн анхдагч мөн чанарыг даган бясалгалын сүв дэх анхдагч тэнгис рүү нь шууд нэвтэрлээ.

Гү ийнхүү эзнийхээ эсрэг дайрах тохиолдол тун ховор.

Зөвхөн туйлын хүчирхэг хүсэл зоригтой Гү л амь, үхлээ шийдэхээр бүхнээ тавин тэмцдэг.

Ийм байдалтай нүүр тулсан жирийн өсвөр насны хүүхэд аль хэдийн сандарч тэвдэх байсан биз.

Фан Юань гайхсан ч сандарсангүй.

Харин ч бага зэрэг баярлав.

«Бүхнээ тавьсан сүүлчийн оролдлого нь надад бас ашигтай. Энэ дайралтыг давж чадвал Дарсны Өт Гүгийн хүсэл зориг асар ихээр суларна.

Гэхдээ би бүх анхаарлаа энэ хүсэлтэй тэмцэхэд төвлөрүүлэх ёстой. Гаднын өчүүхэн төдий саад ч авч болохгүй.

Үгүй бол бүх зүйл сүйрнэ.

За яах вэ... Энэ үед хэн ч ирж саад болохгүй байгаасай.»

Бодлоо цэгцэлсэн Фан Юань бясалгалын сүв дэх анхдагч мөн чанараа төвлөрүүлж эхлэв.

Тэр Дарсны Өт Гүгийн хүсэл зоригийг хүлээн авч, түүнтэй гурван зуун удаа ч хамаагүй тулалдахад бэлэн байлаа.

Гэвч яг тэр мөчид санаанд оромгүй гайхамшиг тохиов!

Бясалгалын сүвийнх нь төвд, анхдагч тэнгисийн дээгүүр агаарт нэгэн Гү гарч ирлээ.

Тэсрэлт!

Тэр Гүгээс сүрлэг, хүчирхэг оршихуйн дарамт оргилон цацрав.

Тэр дарамт яг л Тэнгэрийн заадас нурах мэт, уулнаас үерийн ус хуйлран буух мэт байлаа.

Бас нутаг дэвсгэрт нь халдсан этгээдийг харахаар цусан улаан нүдээ нээсэн, сүр хүч нь гутаагдсан аймшигт араатан мэт.

— Энэ чинь... Хавар Намрын Цикада?!

Тэр Гүг харсан Фан Юань бүрэн балмагдав.

18-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Солиорлын гэгээнтэн18-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах
Унших заавар, тусламж