Гурав хоногийн дараа.
— Биеэ доошлуулан бултах нь савчин ирэх нударгыг сөрөх хамгийн түгээмэл арга. Дайсан тань дайран ирвэл тэр даруй сууж, зэрэгцүүлэн сөрөг довтолгоо хий. Цавь эсвэл хэвлий рүү нь цохь. Нударгаа савчин дайрах хүнээс айх хэрэггүй. Тулаан эхэлмэгц ухаангүй цохилт шиддэг хүмүүс ихэнхдээ бодлогогүй, түргэн зантай байдаг.
Академийн тулааны талбайд багш ийн тайлбарлахын зэрэгцээ хөдөлгөөн бүрийг биеэр үзүүлж байлаа.
Модон хүүхэлдэйн баруун нударга хөндлөн савчин ирэхэд тэр даруй доош сууж, цохилтоос бултав. Дараа нь хүүхэлдэйн хэвлий рүү хэдэнтээ хүчтэй нударгалан газар унагалаа.
Сурагчид тойрон зогсож, үзүүлбэрийг харж байсан ч ихэнх нь сэтгэлгүй, огт сонирхохгүй байгаа нь илт.
Академи олон төрлийн хичээл заадаг. Харин энэ бол тулааны урлагийн суурь заах хичээл байлаа. Нударга, хөлөөрөө тулалдах нь сарны ирний сүрлэг, гайхамшигтай довтолгоотой харьцуулахад хэтэрхий бүдүүлэг харагдана. Тиймээс сурагчдын бараг хэн нь ч анхаарлаа төвлөрүүлсэнгүй.
— Дараагийн хичээлээр Сарны Гэрэл Гү ашиглах шалгалт авна. Та нар сүүлийн үед хэр сайн давтаж байна?
— Би гайгүй. Гурван сарны ир харваж чаддаг болсон ч бүгдийг нь онож чадахгүй байна. Ихэвчлэн хоёроор нь л өвсөн хүүхэлдэйг онодог.
— Би ч адилхан. Энэ хэд хоногт давтахын тулд бүр тусгайлан өвсөн хүүхэлдэй худалдаж авсан шүү.
Залуус хоорондоо шивнэлдэж, бодол санаа нь аль хэдийн дараагийн хичээл рүү оджээ. Удахгүй болох шалгалтын төлөө тэд хичээлийн дараа удаан давтсан тул одоо ур чадвараа үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байв.
Сурагчдын яриа багшийн чихэнд хүрэхэд тэр огцом эргэн харж:
— Хичээл дээр ярихгүй! Амаа хамхиад сайн хар! — хэмээн хашхирлаа.
Тэр хоёрдугаар зэргийн Гү бясалгагч бөгөөд чийрэг, булчинлаг биетэй эр байв. Цээжин бие нь нүцгэн, хүрэн бор арьсан дээгүүр нь тоо томшгүй олон сорви үлджээ. Түүнийг чанга дуугарахад сүрдэм төрх нь тулааны талбай дахь бүх сурагчийг тэр дор нь номхруулав.
Эргэн тойрон нам гүм боллоо.
— Тулааны урлагийн суурь бол хамгийн чухал зүйлийн нэг. Ялангуяа Гү бясалгагчийн бясалгалын эхэн үед юунаас ч илүү хэрэгтэй. Бүгд анхаарлаа төвлөрүүл!
Тэднийг загнасныхаа дараа багш өөр нэг модон хүүхэлдэй дуудан гаргав.
Цайвар шар өнгөтэй тэр хүүхэлдэй хоёр метр өндөр байлаа. Аварга модон хөл нь чулуун хавтан дээгүүр алхах бүрд тасхийсэн чимээ гаргана. Хоёр гараа алдлан дэлгэсэн хүүхэлдэй болхи хөдөлгөөнөөр багш руу дайрлаа.
Багш довтолгооноос нь бултаад бэлхүүсээр нь хүчтэй тэвэрч авав. Тэгээд ташааг нь хянан, бүх хүчээрээ урагш түлхэхэд өндөр том хүүхэлдэй газар саван уналаа. Дараа нь багш бэлхүүс дээр нь мордож суугаад толгой руу нь нударгаа бороо мэт буулгав.
Модон хүүхэлдэй хэсэг зуур эсэргүүцсэн ч удалгүй толгой нь бяцарч, газарт хөдөлгөөнгүй хэвтлээ.
Багш босоход амьсгаа нь урьдын адил тогтуун, жигд байв.
— Ойрын тулаанд өөрөөсөө том биетэй дайсантай тулгарлаа гээд айж болохгүй. Хүндийн төвийг нь алдагдуулах нь дайснаа дарах хамгийн оновчтой аргын нэг. Сая миний хийснийг сайн сана. Бэлхүүсээр нь тэвэрч, ташааг нь хянана. Дараа нь бүх хүчээрээ урагш түлх. Унамагц нь бие дээр нь гарч суугаад хайр найргүй нударгал. Хамгаалах чадваргүй хүн бол тэр дороо сөхөрнө.
Сурагчид ар араасаа толгой дохисон ч ихэнхийнх нь харцанд үл тоосон өнгө тодорно.
Багш үүнийг хараад дотроо гашуунаар инээмсэглэв.
Үе үеийн сурагчид бүгд ийм байдаг байлаа. Залуусын анхаарлыг өнгө үзэмжтэй, сүрлэг зүйл амархан татдаг. Харин өөрсдөө биеэр туулж үзэхээс нааш тулааны суурь ур чадвар ямар чухлыг ойлгоход хэцүү.
Үнэн хэрэгтээ бясалгалын эхэн шатны Гү бясалгагчид тулааны суурь ур чадвар нь сарны ирээс ч илүү чухал байв.
— Сайн санацгаа. Ойрын тулаанд дайсныхаа нүд рүү байнга ширтэж болохгүй. Харин мөрийг нь ажигла. Нударгаар цохих ч бай, өшиглөх ч бай, дайсны мөр хамгийн түрүүнд хөдөлнө...
— Ойрын тулаанд хурд маш чухал. Энд би нударганы хурдыг бус, хөлийн хөдөлгөөний хурдыг хэлж байна...
— Зай бол хамгийн шилдэг хамгаалалт...
— Хөлөө хэт чангалалгүй уян байлга. Тэгж чадвал хүчээ хормын дотор тэсэлж гаргана...
— Нударгаар цохих үедээ биеэ гурван цэгээр тулсан байрлалд байлга. Эс бөгөөс тэнцвэрээ алдана. Дайсан чинь ч унаагүй байхад өөрөө эхэлж ойчно шүү...
Багш хөдөлгөөн бүрийг үзүүлэн, тэвчээртэй тайлбарлаж байв. Эдгээр нь олон тулаанд цус, хөлсөө урсган байж олж авсан үнэт туршлага нь байлаа.
Харамсалтай нь сурагчид үүнийг ойлгосонгүй. Удалгүй тэд дахин шивнэлдэж эхэлсэн бөгөөд яриа нь дараагийн хичээлийн сарны ирний шалгалтыг тойрно.
«Энэ багш их бодитой хүн юм. Гэхдээ заах арга барил нь буруу байна.»
Олны дунд Фан Юань чимээгүй ажиглаж, үе үе толгой дохин, заримдаа сэгсэрнэ.
Багш хичээлээ тодорхой дэс дараалалгүй, өөрийн сонирхлоор заадаг байв. Толгойд нь юу орж ирнэ, түүнийгээ ярьдаг тул заасан зүйлс нь эмх замбараагүй, хэт олон мэдээлэлтэй болчихно.
Эхэндээ олон сурагч анхааралтай сонссон ч удалгүй сонирхол нь буурч, өөр зүйлд сатаарчээ.
Гагцхүү Фан Юань л эхнээс нь дуустал нямбай сонсов. Бусад нь шинээр сурч байхад тэр өмнөх мэдлэгээ сэргээн бататгаж байлаа. Түүний тулааны туршлага багшийнхаас хавьгүй арвин. Гэвч бусдын тайлбарыг сонсох нь өөрийн бясалгалын замыг дахин нягтлах нэг арга мөн.
Гү бясалгагчдын тулалдах арга барилыг ерөнхийд нь ойрын болон алсын тулаан гэж хоёр ангилна.
Сарны ир нь алсын довтолгоонд тооцогддог. Гэвч үр дүнтэй тусах зай нь ердөө арван метр тул нарийн ангилбал дунд зайн довтолгоо байв.
Ойрын тулааны Гү бясалгагчдын хамгийн тод жишээ нь энэ багш. Тэд ихэвчлэн биеийн чадварыг нэмэгдүүлдэг Гү сонгон бясалгана. Тийм Гү нь хүний хүч, шаламгай байдал, хариу үйлдэл, тэсвэр хатуужлыг ердийн хэмжээнээс давуулан өсгөдөг.
Жишээ нь, багшийн бүх бие хүрэл мэт арьсаар бүрхэгдсэн байлаа. Энэ нь түүний төрөлхийн арьсны өнгө биш, харин Хүрэл Арьсны Гүгийн нөлөө юм. Тус Гү арьсны бат бөх чанар, хамгаалалтыг асар их нэмэгдүүлж, илүү хүнд гэмтлийг тэсвэрлэх боломж олгоно.
«Нэг сарны ир харвахад анхдагч мөн чанарын арван хувийг зарцуулна. Гү бясалгагч жинхэнэ тулааны үед нийт хэдэн сарны ир харваж чадах вэ? Тоо нь маш цөөн. Ялангуяа эхлэн суралцагчид байг онож сураагүй байдаг. Тиймээс сарны ирийг зөвхөн шийдвэрлэх мөчид ашиглах далд хөзөр гэж үзэж болно. Түүний сүрдүүлэх чадвар нь бодит хор хөнөөлөөсөө илүү.
Нэгдүгээр зэргийн Гү бясалгагчид жинхэнээсээ найдаж болох зүйл нь тулааны суурь ур чадвар. Учир нь биеэр тулалдах нь илүү удаан үргэлжилж, илүү найдвартай байдаг. Харамсалтай нь эд нар өөрсдөө тулалдаж үзэх хүртлээ үүнийг ойлгохгүй.»
Фан Юань үе тэнгийнхнээ хөнгөн гүйлгэн харж, уруулынх нь үзүүрт үл мэдэг ёжтой инээмсэглэл тодров.
Удалгүй тулааны суурь хичээл дууслаа.
Богинохон завсарласны дараа сурагчдын нүд хүлээлтээр гялалзав. Академийн ахмад ч удалгүй хүрэлцэн ирлээ. Тэр гараа өргөн, хулсан хананы өмнө эгнүүлэн тавьсан өвсөн хүүхэлдэйнүүд рүү заагаад шууд гол зүйлдээ оров.
— За, өнөөдөр та нарын бэлтгэлийн үр дүнг шалгана. Тав таваараа бүлэг болон дарааллаар гарч ирээд, сарны ирээр тус бүр гурван удаа довтол.
Үүш!
Эхний таван сурагч гарч ирэхэд сарны ирүүд агаарыг зүсэн нисэв. Гурван ээлжийн довтолгооны дараа нийт есөн сарны ир л өвсөн хүүхэлдэйнүүдийг оносон байлаа.
Академийн ахмад үл ялиг толгой сэгсрэв. Онох хувь хэтэрхий бага байлаа. Тэр таван сурагчийн хоёр нь л гурван оролдлогоос хоёрыг нь онож чаджээ.
— Та нар сайн давт. Ялангуяа чи, бас чи.
Ахмад хоёрыг нь товчхон зэмлээд гараа даллав.
— Дараагийн бүлэг.
Зэмлүүлсэн хоёр толгой гудайлган, урамгүйхэн талбайгаас буув. Тэдний нэг нь охин байсан бөгөөд нүд нь бага зэрэг улайжээ.
Тэр ердөө C зэрэглэлийн чадамжтай. Анхдагч мөн чанараа хурдан нөхөхийн тулд анхдагч чулуу үрэхээс гар татдаг байв. Иймээс өнгөрсөн гурван хоногт тун бага давтсан бөгөөд сарны ир ашиглах чадвар нь сайжраагүй.
Гү бясалгагчид Гү боловсруулахад мөнгө хэрэгтэй. Гү тэжээхэд ч мөнгө хэрэгтэй. Тэр бүү хэл Гү ашиглан дасгал хийхэд хүртэл хөрөнгө шаардагдана.
Харин тэр тийм их мөнгийг хаанаас олох билээ?
Эцэг эх нь араас нь дэмжиж байсан ч айл бүрд өөр өөрийн зовлон бий. Хөрөнгө мөнгөний дутагдал бол Гү бясалгагчдад байнга тулгардаг бэрхшээл байлаа.
«Надад ямар ч байсан тэргүүн байр эзлэх өчүүхэн ч боломж байхгүй. Бууж өгөөд анхдагч чулуугаа хэмнэсэн нь дээр.»
Ингэж бодмогц охины сэтгэл дахин тайвширлаа.
Түүнтэй ижил бодолтой сурагч цөөнгүй байв. Дасгал дутуугаас болж олон сурагч тааруухан үзүүлэлт гаргалаа. Академийн ахмадын хөмсөг улам бүр зангирна.
Фан Юань энэ бүхнийг ажиглангаа дотроо толгой сэгсрэв.
«Эд үнэхээр өрөвдөлтэй юм. Хэдхэн анхдагч чулуунаас болж хөгжих боломжоо өөрсдөө хаяж байна. Анхдагч чулууг ашиглахын тулд л хадгалдаг. Харамч хүн шиг хураах юм бол Гү бясалгагч болсны хэрэг юу байна?»
Алсын хараагүй хүмүүс өчүүхэн ашиг бүрийг тооцож, чухал бус зүйлийн хойноос хөөцөлддөг. Харин их хүсэл зорилготой хүмүүс хүлээцтэй, өгөөмөр зан гаргаж, шаардлагатай үед зарим зүйлийг эргэлзэлгүй орхиж чаддаг байлаа.
— Эцэст нь миний ээлж ирлээ.
Яг тэр үед Гү Юэ Мо Бэйн урт гонзгой царайд итгэл дүүрэн инээмсэглэл тодорч, талбай руу алхав. Тэр бүдүүн, чийрэг биетэй бөгөөд догшин сүрлэг төрхтэй байлаа.
Байрлалаа эзэлмэгцээ гараа өргөн, гурван сарны ир дараалан харвав.
Гурвуулаа онолоо.
Хоёр ир нь хүүхэлдэйн цээжинд, нөгөө нь зүүн гарт тусаж, ногоон өвсийг нь хэсэгхэн хяргав.
Залуус тэр даруй уулга алдан шагшив.
— Сайн байна, — хэмээн ахмад хэлэхэд зангирсан хөмсөг нь үл ялиг тэнийлээ.
Дараагийн бүлэг гарч ирэхэд Гү Юэ Чи Чэн тэдний дунд байв. Тэр намхан жижиг биетэй, нүүр дүүрэн цоохор сорвитой бөгөөд бага зэрэг сандарсан шинжтэй харагдана.
Чи Чэн гурван сарны ир дараалан харвахад бүгд өвсөн хүүхэлдэйн цээжийг онож, хоорондоо огтлолцсон гурван шарх үлдээлээ. Шархнуудын гүн нь харилцан адилгүй байсан ч хүүхэлдэйн өөрийгөө нөхөн сэргээх чадварын ачаар хэдхэн амьсгалын дараа хуучин хэвэндээ орлоо.
Гэсэн ч энэ үр дүн Гү Юэ Мо Бэйтэй эн тэнцэхэд хангалттай байв. Тэр академийн ахмадын магтаалыг ч хүртлээ.
Чи Чэн талбайгаас буухдаа толгойгоо бардам өргөж, замдаа Мо Бэй рүү өдөөн хатгасан харцаар ширтэв.
— Хмф!
Гү Юэ Мо Бэй хүйтнээр тургисан ч Чи Чэний харцанд хариу барьсангүй. Харин талбайд хараахан гараагүй Гү Юэ Фан Жэн рүү үргэлжлүүлэн ширтлээ.
Түүний жинхэнэ өрсөлдөгчид бол Гү Юэ Чи Чэн, Гү Юэ Фан Жэн хоёр гэдгийг Мо Бэй сайн мэднэ.
Чи Чэн түүнтэй адил B зэрэглэлийн чадамжтай төдийгүй анхдагч чулуугаар тасралтгүй хангуулдаг. Харин Фан Жэн A зэрэглэлийн чадамжтай. Түүнд энэ хоёр шиг их анхдагч чулуу байхгүй ч чадамжийнхаа ачаар анхдагч мөн чанараа төрөлхийн хурдан нөхөн сэргээнэ. Иймээс богино хугацаанд олон удаа давтах боломжтой.
Гү Юэ Чи Чэн үр дүнгээ үзүүлж, Мо Бэйтэй тэнцчихлээ.
Одоо гагцхүү Гү Юэ Фан Жэн үлдсэн байв.
Сүүлийн хэдэн бүлгийн нэгэнд Гү Юэ Фан Жэн эцэст нь талбайд гарч ирлээ.