«Уурхай нурах үед яг юу болсныг тодорхой ярьж чадах уу?» гэж Роланд асуув.
Анна толгой дохин ярьж эхлэв.
Түүнийг дуугүй байх юм уу, эсвэл уурлан хараах байх гэж бодож байсан Роланд гайхав. Гэвч Анна түүний бүх асуултад дуулгавартай хариулж байлаа.
Энэ тийм ч ярвигтай түүх биш байв. Аннагийн аав уурхайчин бөгөөд уурхай нурах үед ажиллаж байжээ. Ослын тухай сонсмогц Анна болон бусад уурхайчдын гэр бүлүүд хайртай хүмүүсээ аврахаар очив. Хойд энгэрийн уурхайн орчимд бүх зүгт салаалан үргэлжилсэн олон замтай, орхигдсон мангасын үүр байсан гэх яриа тархсан байлаа. Аврагчаар сайн дураараа ирсэн хүмүүс тус тусынхаа дураар ажиллаж байсан тул уурхайн аман дээр салцгаав. Анна аавыгаа олох үед түүний хажууд хөршүүд болох Сьюзан, Ансгар хоёр л байв.
Аннагийн аавын хөл хүдрээр дүүрэн тэргэн доор дарагдаж, хөдөлж чадахгүй болсон байлаа. Харин хажууд нь өөр нэг уурхайчин мөнгө хайж, биед нь нэгжлэг хийж байв. Тэднийг харсан дээрэмчин Ансгар руу жоотуу барин дайрч, түүнийг газарт унагаав. Анна руу цохих гэж байх мөчид Анна түүнийг түрүүлж хөнөөжээ.
Аннагийн хөршүүд түүний нууцыг хадгална гэж амлаад, аавыг нь аврахад туслав. Гэвч маргааш өглөө эрт Аннагийн аав таяг тулан гарч, эргүүл хийж явсан харуулуудад охин нь шулам болсон гэж мэдэгджээ.
«Яагаад?» гэж Роланд өөрийн эрхгүй асуув.
Баров санаа алдаад хариулав. «Шагнал авахын тулд л тэр тэгсэн байх. Шидтэн бүсгүйг илрүүлж, мэдүүлбэл хорин таван алтан рояль авдаг. Хөл нь тахир дутуу болсон хүний хувьд хорин таван алтан рояль гэдэг насан туршид нь хүрэлцэх мөнгө.»
Хэсэг чимээгүй байсны эцэст Роланд асуув. «Чиний өрсөлдөгч чинь нас бие гүйцсэн, хүчтэй эр байсан. Тэгэхэд чи түүнийг яаж алж чадсан юм бэ?»
Анна инээхэд бамбарын дөл нуурын мандлын давалгаа мэт найгаж эхлэв.
«Таны бодож байгаачлан, би чөтгөрийн хүчийг ашигласан» гэж Анна хэлэв.
«Дуугүй бай, бузар шулам!» гэж шоронгийн харгалзагч хашхирсан ч хоолой нь чичирч байгааг хүн бүр сонсов.
«Үнэн гэж үү? Би үзмээр байна» гэж ханхүү Роланд огтхон ч тээнэгэлзэлгүй хэлэв.
«Эрхэм ханхүү, энэ тоглоом биш шүү!» гэж тэргүүн хүлэг баатар хөмсгөө зангидан ярианд хөндлөнгөөс оролцов.
Роланд тэргүүн хүлэг баатрынхаа цаанаас гарч, хорих өрөө рүү алхав. «Хэн нэгэн нь түүнээс айж байгаа бол энд үлдэхийг нь би шаардахгүй.»
«Бүү сандар! Түүний хүзүүнд “Бурхны Өшөө авалтын зүүлт” байгаа!» гэж Баров хүн бүрийг, гэхдээ ихэнхдээ өөрийгөө тайвшруулахын тулд хашхирлаа. «Чөтгөр хэчнээн хүчтэй байлаа ч Бурхны хамгаалалтыг давж чадахгүй.»
Роланд хорих өрөөний төмөр торны өмнө, Аннагаас гарын уртхан зайд зогсоод түүний тоос шороонд дарагдаж, хөхөрсөн царайг тодхон харж байв. Зөөлөн төрхтэй царай нь түүнийг насанд хүрээгүйг илтгэх боловч түүний төрхөд хүүхдийн гэмгүй байдлын өчүүхэн ч шинж байсангүй. Царайнд нь уур хилэн ч байсангүй. Түүний төрх Роландад өмнө нь зөвхөн зурагтаар л харж байсан нэгэн эвгүй мэдрэмж төрүүлж байлаа. Энэ бол ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн тэнүүчилж яваа өнчин хүүхдийн царай байв. Гэхдээ яг тийм ч биш. Тийм хүүхдүүд камерын өмнө үргэлж бөгтийж, толгойгоо гудайлган зогсдог байлаа. Харин Анна тэгсэнгүй.
Тэр одоо хүртэл биеэ цэхлэн, толгойгоо өргөж, ханхүүгийн нүд рүү тайвнаар ширтэж байв. «Тэр үхлээс айдаггүй юм байна» гэж Роланд ойлгов. «Тэр үхлийг хүлээж байгаа юм байна.»
«Ноёнтон, та шидтэн бүсгүйг анх удаа харж байна уу? Таны сониуч зан аминд тань хүргэж мэднэ шүү» гэж Анна хэлэв.
«Хэрэв чи үнэхээр чөтгөрийн хүчтэй байсан бол харцаараа л алж чадах байлаа» гэж Роланд хариулав. «Тийм байсан бол үхлээс айх ёстой хүн нь би биш, харин чиний аав байх байв.»
Шоронгийн бамбарууд гэнэт бүдгэрэв. Энэ лав хуурмаг үзэгдэл биш байлаа. Дөл нь дарагдан жижигхэн оч болон үлдсэн мэт харагдав. Роланд араас нь байсан хүмүүсийн амьсгаадах, залбирах чимээг, мөн зугтах гэж байгаад бүдэрч унасан хүмүүсийн пад пад хийх дууг сонсов.
Роландын зүрхний цохилт түргэсэж, өөрийгөө хоёр ертөнцийн зааг дээр зогсож байгааг мэдрэв. Нэг талд нь түүний мэддэг хууль, тогтмол хэмжигдэхүүнтэй яг нийцдэг эрүүл ухааны ертөнц байлаа. Нөгөө талд нь нууцлаг, үл мэдэгдэх зүйлээр дүүрэн гайхамшигт шинэ ертөнц оршиж байв. Тэр энэ ертөнцийн өмнө зогсож байлаа.
«Түүний хүзүүнд байсан зүйл нь Бурхны Өшөө авалтын зүүлт мөн үү? Ямар энгийн, бүдүүлэг хийцтэй зүүлт вэ» гэж Роланд бодов. Энэ нь гялалзсан, тунгалаг унжлагатай улаан төмөр гинж байлаа. Шидтэн бүсгүйн гар гавтай байгаагүй бол эвдэхэд тун амархан мэт харагдана.
Роланд ард нь байсан хүмүүс рүү хяламхийн харвал тэд сандарсан хэвээрээ амандаа залбирал уншиж байв. Тэр хурдхан хорих өрөө рүү гараа оруулж, унжлагыг шүүрэн аваад зүүлтнээс татахад гинж тасрав. Энэ үйлдэл Аннаг хүртэл цочоожээ.
«Алив» гэж Роланд шивнэв.
«Чи үнэхээр худалч юм уу, ямар нэгэн алхимич юм уу, эсвэл жинхэнэ шулам юм уу? Хэрэв лонх сав гаргаж ирээд хүчил найруулж эхэлбэл урам хугарна шүү» гэж Роланд бодов.
Тэгтэл Роланд усны уур халуунд тэлэх мэт шаржигнасан чимээ сонсов. Эргэн тойрон нь маш хурдан халж, газар дээрх ус уур болон хувирч эхлэв.
Роланд Аннагийн доороос дүрэлзсэн гал оргилж, түүний зогсож байсан газар гал авалцахыг харав. Тэдний ард байсан бамбарууд цэвэр хүчилтөрөгчөөр хангасан мэт нэгэн зэрэг дэлбэрч, нүд гялбам гэрэл цацруулав. Тэр агшинд бүх хорих өрөө өдөр шиг гэрэлтэй болж, харж байсан хүмүүс айсандаа хашхиралдав.
Шидтэн бүсгүй урагшлахад түүнийг хүрээлсэн дөл ч даган хөдөлж байлаа. Тэр хорих өрөөнийхөө захад хүрмэгц ханыг бүрдүүлж байсан төмөр торнууд галан багана болон хувирав.
Роланд арьс төөнөж, өвтгөсөн халуунаас өөрийн эрхгүй ухарлаа. Хэдхэн хормын дотор тэр зуны халуунд эргэн очсон мэт санагдав. Гэхдээ энэ нь эргэн тойрныг бүхэлд нь бүрхсэн зуны халуун биш, зөвхөн дөлнөөс үүссэн өөр төрлийн халуун байлаа. Биеийнх нь нэг тал галын халуун руу харсан хэвээр байхад нөгөө тал нь хүйтэн хэвээр байв. Роланд нуруугаар нь хүйтэн хөлс урсахыг хүртэл мэдэрч байлаа.
«Тэр үнэхээр галаас айдаггүй юм байна» гэж Роланд бодов.
Роланд дэд сайдын хэлсэн үгийг саналаа. Түүний хэлсэн санааг Роланд сая л үнэхээр ойлгожээ.
Хэрэв тэр өөрөө жинхэнэ гал юм бол өөрөөсөө яаж айх билээ?
Удалгүй төмөр торнууд час улаанаас цайвар шар өнгөтэй болж, хайлж эхлэв. Энэ нь төмөр торнууд Цельсийн нэг мянга таван зуун хэмээс дээш халсан гэсэн үг байлаа. Роландын хувьд ямар нэгэн дулаан тусгаарлах арга хэмжээ авалгүйгээр ийм хэмд хүрэх нь бараг боломжгүй мэт санагдав. Тэр бусдын адил хорих өрөөнөөс ухарч, нуруугаа хамгийн цаадах хананд наан зогсов.
Хэрэв ингэж амжаагүй бол хайлж буй төмрийн халуун шууд хүрэлгүйгээр ч хувцсыг нь шатаах байлаа. Аннагийн хувцас хүртэл үнс болон хувирч, оронд нь бөөн дүрэлзсэн гал үлджээ.
Үүрд үргэлжилсэн мэт санагдсан хугацааны дараа дөл алга болов.
Юу ч болоогүй мэт хананд чимээгүй асах хоёрхон бамбар л үлджээ. Гэвч Аннагийн үнс болтлоо шатсан хувцас, халуун агаар, тахийж мурийсан шоронгийн торнууд энэ бүхэн хуурмаг үзэгдэл биш байсныг нотолж байлаа.
Роланд, тэргүүн хүлэг баатраас бусад бүх эрчүүд газарт унасан байв. Харин шоронгийн харгалзагч айсандаа өмдөндөө алдчихсан байлаа. Анна одоо хорих өрөөний гадна нүцгэн зогсож, гарын гав дөнгө нь алга болсон байв. Тэр нүцгэн биеэ халхлахыг оролдсонгүй. Гараа хажуудаа сул унжуулсан бөгөөд цэнхэр нүд нь урьдын адил амар амгалан харагдаж байв.
«Одоо таны сониуч занг хангачихлаа, ноёнтон. Одоо намайг алж чадах уу?» гэж тэр асуув.
«Үгүй.» Роланд урагш алхаж, хүрмээ түүнд нөмрүүлээд, хүчээр зөөлрүүлсэн өнгөөр хэлэв. «Анна авхай, би чамайг ажилд авахыг хүсэж байна.»