— Анна эгч ээ?
Нана шатнаас нүргэлэн сонсогдох хөлийн чимээг сонсоод хаалга руу гүйн очиж түр шагайсан ч, ирж яваа хүн нь Эрхэм ханхүү байсныг мэдээд удалгүй урам нь хугарчээ.
— Анна одоо ч ажиллаж байгаа байх, гэхдээ дараа нь хүрээд ирэх байх, — гэж Роланд Нанагийн дэргэд ирээд хэлэв.
— Ажил уу? — Нана сүүлийн үед ханхүүгийн амнаас энэ үгийг олонтаа сонсох болсон байлаа. — Энэ саарал шавар нунтагыг шатааж байгаа гэсэн үг үү?
— Одоохондоо тийм.
Нана уруулаа цорвойлгон ширээ рүүгээ буцав. «Надад ч бас ажил бий» гэж тэр бодлоо. «Миний ажил бол хотыг хамгаалж яваад шархадсан цэргүүдийг эмчлэхээр энд хүлээж суух.»
Роланд галын дэргэд суухаар сандал авч байхдаа зөөлөн инээмсэглэн асуув.
— Яаж байна? Анна байхгүй үед уйдаж байна уу?
— За... — гэж үнэнээ хэлэхээр толгой дохичихгүйн тулд Нана гараараа эрүүгээ тулав. Тэр шархадсан хүмүүсийг эмчлэхийг хүсээгүйдээ биш, гэхдээ... тэдний шархыг харах үнэхээр аймшигтай байлаа.
Тэр Брайаныг эмчилж байсан үеэ одоо ч санаж байв. Энэ нь хүнийг анх удаа эмчилсэн тохиолдол байсан юм. Тэр эрийн бүх бие цусаар будагдсан тул цусанд орчихсон мэт харагдаж байлаа. Гэдэсний хонхорт нь улаан хүрэн цусны бүлэн хатуурч, ам нь хатаасан загасных шиг болсон бөгөөд цагаан шингэн, улаан цус бөөлжиж байв. Тэгээд... Нана ухаан алдсан.
Үнэхээр ичмээр хэрэг байлаа.
Нана толгойгоо өргөн Роланд руу сэмхэн харлаа. Тэр сандалдаа налан сууж, хурхирч байв. «Ханхүү ядарсан бололтой» гэж Нана бодов. Харин ханхүүгийн хийх ажил гэвэл хана барих, цэргүүдийг сургах, хотыг чөтгөрийн араатнуудын довтолгооноос хамгаалах байлаа.
Роланд түүнээс тусламж хүсэхээр ирэхэд Нана эхэндээ нэлээд удаан эргэлзсэн ч эцэст нь татгалзаагүй юм.
«Чи амьд үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй болсон ч цааш амьдрахыг хүсэхэд хүргэх зүйлстэй учирна.» Нана энэ үгийн утгыг ойлгодоггүй байв. Гэвч нүдээ анихад Анна сэтгэлд нь тодрон гарч ирж, нуур шиг цэнхэр хоёр нүд нь түүнийг аажмаар хүрээлэх шиг санагддаг байлаа. Энэ л Роландын хүсэлтийг зөвшөөрсөн шалтгаан байв.
Тэр Анна эгч шигээ хүчтэй болохыг хүсэж байлаа.
Гэнэт доороос дахиад хөлийн чимээ сонсогдож, Нана тэр даруй сандлаасаа үсрэн босов. Энэ удаа Анна ирсэн эсэхийг харахаар хаалга руу очих гэтэл үл үзэгдэх гар түүнийг гэнэт зогсоолоо.
— Түр хүлээ. Нэгээс олон хүн байна.
Нана дургүйцэн цээжээ алгадаад,
— Намайг айлгачихлаа, Шөнийн гургалдай эгч ээ, — гэв.
Удалгүй хаалга онгойж, энэ удаа энд байрлаж байсан Брайан орж ирэв.
— Пайн авхай, доошоо бууна уу. Танд түлэгдсэн өвчтөн байна.
«Энэ л миний хийх ажил мөн биз дээ?»
Нана гүнзгий амьсгаа аваад,
— Би очъё, — гэв.
Тэр доош буухад хоёр харуул ухаангүй хүнийг ор луу зөөж байлаа. Орны дэргэд нүүр дүүрэн түгшүүртэй, намхан эр зогсож байв. Брайан өвчтөн дээр очоод гар, хөлийг нь оронд нь цэгцтэй уяв. Уяж дуусаад тэр хэсгийг урьдчилан бэлдсэн хөшгөөр хааж тусгаарлаад, намхан эрийг өрөөнөөс дагуулан гарлаа.
Роланд доош бууж ирээд нүдээ нухлан асуув.
— Юу болсон бэ?
— Эрхэм ханхүү, Хойд энгэрийн уурхайгаас хүнд шархадсан хүн ирүүлжээ. Халуунд түлэгдсэн бололтой.
Ханхүү Брайан дээр очоод асуув.
— Уурын хөдөлгүүрт түлэгдсэн юм байна, тийм үү? Хөдөлгүүрт асуудал гарсан уу? Нанад хүргүүлсэн үү?
— Тэр эмчилгээний өрөөнд байгаа, — гэж Брайан хаалга руу заав.
— Энэ явдлыг шалгаад өг, — гэж хэлээд Роланд эмчилгээний өрөө рүү алхав.
Нана шархадсан эрийн дэргэд аажуухан ойртож, захын хараагаараа л болгоомжтой ажиглав. Нүүрийг нь харахад нүүрнийх нь төрх нялцгай зуурмаг шиг болж, бөөрөнхий бөмбөлөг мэт болчихсон байлаа. Улаан байх ёстой арьс нь хатаж, хүн бусын цагаан өнгөтэй болсон нь нүүрэн дээр нь өөдөс тавьчихсан мэт харагдана. Хүзүүн дээр нь жижиг өндөг шиг том цэврүүнүүд гарч, зарим нь хагарчээ. Цэврүүнүүдээс шүүрсэн нялцгай шингэн дэрэн дээрх цустай холилдсон байв. Галын анивчих гэрэлд түүний төрх Нанагийн зүүдэнд үзэгддэг чөтгөрөөс ч аймшигтай харагджээ.
Тэр хоёр алхам ухраад нүдээ анив. Дахин нүдээ нээхэд аав нь санаа зовсон харцаар өөрийг нь ширтэж байлаа.
— Зүгээр үү?
Нана толгой дохив. Роландын түүнд хэлсэн үгийг санаж байлаа. «Шархадсан хүмүүсийг бяцхан амьтдыг эмчилдэг шигээ эмчлэхэд л болно.» Тэр дахин ор руу ойртож, гараа сунгав.
Түүний бие дотор ер бусын мэдрэмж төрөн гарч, гарын алганд нь цуглав. Гараас нь урсан гарсан флюресцент ногоон шингэн шархадсан хүний нүүрэн дээр тусахад түүнээс нэгэн туяа цацрахыг Нана харлаа. Энэ флюресцент гэрэл түүнд маш тод харагдаж байсан ч бусдад үл үзэгдэх бололтой. Дараа нь шарх нь өөрчлөгдөж эхлэв. Түлэгдсэн арьс нь тасралтгүй хууларч, шинэ арьс нүдэнд ил харагдахуйц хурдтай урган гарч байлаа.
Шархадсан эрийн өвдөлттэй ёолох нь аажмаар намдсаар эцэст нь зогсож, амьсгал нь тайвшрав. Тэр гүн нойронд автсан мэт байлаа.
Нана санаа амарсан мэт амьсгалаа гаргав. Энэ удаа өмнөхөөсөө лав дээр эдгээж чаджээ. «Бэлтгэл хийснийхээ ачаар би нэлээд ахиц гаргасан байх аа, тийм үү?» гэж тэр бодов.
— Бурхан минь, Эрхэм ханхүү таны эдгээх чадварын тухай хэлсэн нь энэ байсан юм уу? Таныг ингэж хийхийг анх удаа харж байна, — гэж Пайн ноёнтон асуув. Дараа нь баярлан хашхирлаа. — Сайн охин, чи үнэхээр гайхалтай юм!
— Энэ бол бурхдын хүч юм, — гэж Брайан мөн л биширсэн өнгөөр хэлэв. — Намайг хүнд шархадсан байхад Нана авхай бас эдгээж байсан. Би түүнд үнэхээр их өртэй.
«Ямар тэнэг юм бэ. Тэр өдөр Шөнийн гургалдай эгч түүнийг сэм гаргаж аварсан гэдгийг мэддэггүй юм байх даа?» Нана ичсэндээ нүүрээ дарахаас өөр аргагүй болов.
— Тэр хэзээ болсон юм бэ? Би яагаад энэ талаар мэдээгүй юм бэ? — гэж Пайн ноёнтон гайхан асуув.
— Өө... Тэдний хүч бурхантай ямар ч холбоогүй, шидтэн бүсгүйчүүдийн өөрсдийнх нь хүч юм, — гэж Роланд хэлээд хөшгийг сөхөн дотогш орж, нэг удаа ханиалгаад ярианы сэдвийг өөрчлөв. — Түүний шарх ямар байна?
— Бараг бүрэн эдгэрчихсэн, — гэж Брайан догдлон хэлэв. — Огт шархдаж байгаагүй юм шиг байна! Эрхэм ханхүү, Нана авхайн тусламжтайгаар Чөтгөрийн сарын үеэр тулалдаж буй хүн бүр амьд үлдэх боломжтой боллоо!
— Газар дээрээ үхээгүй л бол амийг нь аврахад асуудалгүй, — гэж ханхүү батлан хэлээд, өвчтөн сэрсэн тул Брайанд яриагаа зогсоохыг дохив. — Чиний нэр Титус, тийм үү?
Титус хэмээх эр будилсан харцаар асуув.
— Би... Юу болсон юм бэ? Би зүүдэлж байна уу?
— Үгүй ээ, — гэж Роланд хэлэв. — Чи амьд байна.
— Та чинь...! Би таныг талбай дээр харж байсан! — Тэр аянгад цохиулсан мэт гэнэт сэргэж, орноос үсрэн буугаад өвдөг сөхрөв. — Эрхэм ханхүү, намайг та аварсан юм уу?
— Чамайг Пайн гэр бүлийн охин аварсан. Тэр шидтэн бүсгүй бөгөөд эдгээх чадвартай.
Нанагийн ухаан гацав. «Тэр намайг шулам гэж шууд хэлчихлээ. Ингээд зүгээр байх болов уу?» Үнэхээр ч Титусын харц тэр даруй өөрчлөгдөв.
— Эмэгтэй хүн... тэр шулам юм уу? Эрхэм ханхүү, тэд чинь чөтгөрийн... биш бил үү?
— Ийм дэмий юм бүү ярь! — Охиныг нь тийн ярьж байхыг сонссон Пайн ноёнтон ууртайгаар хашхирлаа. — Миний охин чөтгөртэй ямар ч холбоогүй, харин ч чиний амийг аварсан шүү дээ, эр минь! Чөтгөр чамд туслах гараа сунгана гэж бодож байна уу?!
— Үгүй, үгүй! Бүдүүлэг байсанд минь уучлаарай, — гэж Титус тэр даруй толгойгоо бөхийлгөн гүн ёслоод, — Амийг минь аварсанд баярлалаа, Пайн авхай, — гэв.
Нана гэнэт учир нь үл ойлгогдохоор тавгүйрхэв. Болдогсон бол тэр өрөөнөөс шууд гүйн гармаар байлаа. Гэвч сэтгэлд нь нэгэн дуу дахин дахин сануулж байв.
— Хүчтэй бай.
Титусыг явуулсны дараа Пайн ноёнтон санаа зовнин асуув.
— Эрхэм ханхүү, ингэхэд үнэхээр зүгээр байх болов уу? Ийм байхад охин минь энгийн амьдралаар амьдарч чадахгүй болох вий гэж айж байна.
— Сайн талаас нь бодох хэрэгтэй, Пайн ноёнтон, — гэж ханхүү тайтгаруулав. — Ийм нөхцөл байдлыг ашиглан мухардлыг эвдэх ёстой. Ингэснээр Нана ирээдүйд үнэхээр эрх чөлөөтэй болж магадгүй. Эс бөгөөс дараагийн жилүүдэд хэзээ нэгэн цагт түүний нууц ил болно. Тэр хүртэл Нана тусгаарлагдмал амьдралаар амьдрахаас өөр аргагүй байх вий.
«...Жинхэнэ эрх чөлөө гэж үү?» Нана энэ нь ямар утгатайг ойлгосонгүй. Учир нь одоо ч тэр өөрийгөө их эрх чөлөөтэй гэж мэдэрдэг байлаа. Гэвч Эрхэм ханхүү үүнд хүрч чадвал Анна эгч ч өөрийнх нь адил цайзаас гарч чадна гэж хэлсэн. Тэд бүр Карл багшийн коллеж руу буцаж очиж ч болох юм, тийм үү?