— Таныг нэг цохих уу?
Наймаачин энэ залуу юу санаад байгааг огт ойлгосонгүй.
— Тийм ээ! — Жан Сюань толгой дохив.
— Чи намайг дооглоод байгаа юм уу!
Нөгөө залуугийн царай тун нухацтай байгааг хараад наймаачны уур дүрэлзэж, шууд нударга зангидан Жан Сюань руу цохилоо.
Солиотой хүн бишгүй харж явсан ч ийм солиотой нөхөртэй анх удаа таарч байна. Өөрийгөө намайар цохиулах гээд байгаа юм уу? Тэгвэл бүр зодож алчихъя л даа!
Наймаачин хамаг хүчээ нударгандаа төвлөрүүлэхэд цохилтын салхи исгэрэв. Бясалгалын түвшин нь ч ил боллоо.
Тулаанчийн 3-р дань — Жинхэнэ Хийн шатны эхэн үе!
— Муугүй юм!
Жан Сюань үл ялиг инээмсэглээд биеэ жаахан хажуулдуулан цохилтыг төвөггүй зайлав.
Тэр аль хэдийн Тулаанчийн 5-р дань — Хүч Тогтоох шатны оргил үед хүрсэн. Жинхэнэ Хийн шатны эхэн үеийн хүний хүч түүнийг яаж гэмтээх билээ.
— Хм?
Наймаачин энэ залууг зүгээр л хэрэг тарьж яваа, бясалгал ч үгүй танхай амьтан гэж бодсон байв. Гэтэл цохилтоос нь ингэж амархан зайлахыг хараад өөрөөс нь өндөр түвшний бясалгагч болохыг шууд ойлголоо. Тэр гайхсандаа хөдөлгөөнөө зогсоов.
Ядаж Тулаанчийн 3-р даньд хүрсэн хүн ердөө найман алтан зоостой юм худалдаж авахаар ирнэ гэж үнэхээр байдаг юм уу...
— Миний таамаг зөв бол та Ся Пиньи хотоос ирсэн хүн байна!
Наймаачин хөдөлсөн мөчид Тэнгэрийн Нууц Номын Санд түүний тухай ном үүссэн байлаа. Хүссэн мэдээллээ авсан Жан Сюань үл ялиг инээмсэглэв.
— Та... та яаж мэдэв?
Наймаачин цочин балмагдав.
Ся Пиньи бол Тяньсюань хааны хотыг тойрсон мужийн жижиг хотуудын нэг. Том хот ч биш. Нийслэлийг тойроод иймэрхүү ная гаруй хот бий. Тийм байтал энэ залуу яаж шууд гарал нутгийг нь таачихав?
Наймаачин доош харан хувцас, төрхөө нэгжин шинжив. Хаанаас ирснийг нь илтгэх ямар ч онцгой зүйл харагдсангүй.
— Би яаж мэдсэнийг мэдэх шаардлагагүй!
Жан Сюань царайгаа тайван, сүртэй болгож нөгөө хүнийг дахин ажиглав.
— Хагас жилийн өмнө та Тяньсюань ойд аюултай таарч, Хүйтэн Хулсан Могойд хатгуулсан байх. Амиа авч гарсан ч бөөр тань гэмтжээ. Миний таамаг зөв бол... тэр тал дээр эр хүний чадал тань нэг л болохоо больсон биз дээ?
— Та... та...
Наймаачин хэдэн алхам ухарч, нүд нь бүлтрэх шахав.
Хагас жилийн өмнө Тяньсюань ойд Хүйтэн Хулсан Могойд хатгуулсан нь үнэн!
Тэгээд цааш хэлсэн зүйл нь ч... бас үнэн.
Гэхдээ энэ тухай өөрөөс нь гадна янхны газрын тэр эмэгтэй л мэднэ. Өөр хэнд ч ам нээгээгүй. Энэ залуу яаж мэдсэн юм бэ?
Ирээдүйг мэргэлж чаддаг зөнч юм биш биз?
Наймаачин итгэж ядан гөлрөн зогсов.
— Яав? Миний хэлсэн буруу юм уу? — Нөгөө хүний царайг хараад Жан Сюань Номын Санд бичигдсэн зүйл алдаагүй гэдгийг мэдлээ. Тэгээд өрөвдсөн янзтай, — Хэрэв буруу ярьсан бол энэ эмийн ургамлыг авахгүйгээр шууд явж болно. Гэхдээ... өвчнөө эдгээх цорын ганц боломж тань ч хамт алга болно. Харамсалтай даа. Цаашдаа эр хүн шиг байж чадахгүй бол надад сануулаагүй гэж битгий гомдоорой... — гэв.
— Би... Эрхэм залуу, битгий яваарай!
Тайлбар: «Эрхэм залуу» гэдэг нь залуу эрийг хүндэтгэн дуудах хэллэг.
Өвчнийг нь эмчилж чадна гэхийг сонсоод наймаачны бүх бие догдлон чичирч, яаран урагш алхав.
— Та... үнэхээр эмчилж чадах юм уу?
Эр хүн байж тэр чадвараа алдана гэдэг юунаас ч хүнд зовлон. Сүүлийн үед тэр найз нөхдийнхөө урилгад ч очихоо больжээ. Асуудал нь бусдад мэдэгдэх вий гэж айсан хэрэг. Дотроо шаналсаар олон эмчээр явсан ч бүгд нэг л зүйл хэлсэн. Эмчлэх тун хэцүү, бүр тасдахаас өөр аргагүй гэж...
Гэтэл зүгээр л юм авахаар ирсэн нэг залуу асуудлыг нь шууд хэлээд зогсохгүй эмчилж чадна гэж байна. Итгэхэд бэрх байлаа.
— Итгэхийг би албадахгүй. Гэхдээ таны юу болсныг нэг хараад мэдэж байгаа хүн эмчлэх аргаа ч мэдэж л таарна биз дээ? — гэж Жан Сюань тайван хэлэв.
— Эрхэм залуу, намайг эмчилж өгөөч! Хэрэв үнэхээр эдгээж чадвал... ганц Хүйтэн Нарны Өвс байтугай энд байгаа бүх эмийн ургамлаа танд өгье!
Наймаачин сандран урагш бөхийж, гуйсан харцаар ширтэв.
Энэ ертөнцөд хачирхалтай чадвартай хүн олон. Өвчнийг нь шууд таньж чадсан юм чинь эмчлэх арга мэддэг гэсэн үг нь ч логиктой.
Тэгээд ч түүний өмнө өөр сонголт алга. Өчүүхэн ч гэсэн найдвар байвал зуурахаас өөр яах вэ. Эцсийн эцэст энэ чинь насан туршийнх нь аз жаргалтай холбоотой асуудал...
— Хүйтэн Хулсан Могой угаасаа хүйтэн шинжтэй амьтан. Танд хатгуулах үед хүйтэн энерги биед тань нэвтэрч, тэр эрхтний үйл ажиллагааг доголдуулжээ. Тэр хүйтэн энергийг жирийн эмийн ургамлаар тараах боломжгүй учраас олон эмч, бүр зарим алхимич ч яаж ч чадахгүй.
Жан Сюань үргэлжлүүлэв.
— Гэхдээ энэ могойн нэг хачирхалтай тал бий. Бие нь бүхэлдээ хүйтэн атлаа цөс нь дулаан шинжтэй. Өөр нэг Хүйтэн Хулсан Могой олж алаад цөсийг нь идвэл биед тань үлдсэн хүйтэн энергийг бүрэн хөөж чадна. Гэмтсэн бөөр ч аажмаар эдгэрнэ. Тэгээд эр хүний чадал тань буцаад хэвийн болно!
Хүйтэн Хулсан Могойн хорыг тайлах арга олон ч хамгийн сайн хор тайлагч нь өөрийнх нь биед байдаг. Түүний цөс л өвөрмөц хүйтэн энергийг нь хамгийн сайн дардаг.
Жан Сюань энэ тухай Хунтянийн Номын Хөмрөгийн Асарт байсан нэг номоос уншиж байжээ. Хүйтэн Хулсан Могой гэх нэрийг бодох төдийд тэр мэдээлэл санаанд нь тодров.
Тиймээс л тэр Номын Сангаас өөр олон арга олж болох байсан ч заавал могойн цөсийг санал болгосон хэрэг.
— Хүйтэн Хулсан Могойн цөс идэхэд л болно гэж үү?
Наймаачин итгэлгүй хэвээр байлаа.
Ийм энгийн гэж үү?
Тэгвэл өмнө нь очсон олон эмчийн нэг нь ч яагаад хэлээгүй юм бол?
— Энэ худалдааны төвд Хүйтэн Хулсан Могой зардаг л байж таарна. Эргэлзэж байвал нэгийг аваад яг одоо турш. Үр дүнг нь үзтэл би энд хүлээе! — гэж Жан Сюань хэлэв.
Тяньюй Худалдааны Төвд зөвхөн эмийн ургамал биш, элдэв эрдэнэс, зэрлэг араатан, амьтан хүртэл зардаг. Хүйтэн Хулсан Могой бол доод зэрэглэлийн зэрлэг араатан. Хор нь үхлийн аюултай ч эм найруулахад ашиглаж болдог тул энд зардаг хүн бий.
— За. Түр хүлээж байгаарай...
Хэсэг эргэлзсэний эцэст наймаачин эргэж одов. Удалгүй нэг тор барьсаар буцаж ирэхэд дотор нь Хүйтэн Хулсан Могой цагираглан хэвтэж байлаа.
Жинхэнэ Хийн шатны тулаанчийн хувьд урьдчилан бэлтгэлтэй байхад ийм могой алах хэцүү биш. Удалгүй цөсийг нь гаргаж аваад наймаачин эргэлзэлгүй залгив.
— Хм?
Төд удалгүй нүд нь гэрэлтлээ.
Арга үйлчилсэн эсэхийн хариуг тэр аль хэдийн мэдсэн бололтой.
— Эрхэм залуу, тусалсанд тань баярлалаа! Энд байгаа бүх Хүйтэн Нарны Өвсийг аваарай!
Наймаачин баярласандаа догдолж, бараг сөхрөх шахав.
Энэ асуудал түүнийг удаан хугацаанд тарчилгасан. Амьдрах хүсэлгүй болж байсан үе ч бий. Өвчнөө эмчлүүлэх гэж хэдэн жил хураасан мөнгөө бараг барсан байлаа. Гэтэл ингэж амархан шийдэгдэнэ гэж хэн санах вэ!
— Харж байна уу? Та өөрөө надад үнэгүй өгнө гэж хэлсэн биз дээ!
Жан Сюань наймаачны өгөөмөр бэлгийг татгалзсангүй. Хүйтэн Нарны Өвсөөр дүүрэн хайрцгийг шууд авлаа.
Мэдлэг ч бас баялаг. Олон жил шаналгасан өвчнийг нь шийдэж өгсөн юм чинь хариуд нь багахан төлбөр авахад буруудах зүйлгүй.
— Эрхэм залуу, би таны чадварыг танилгүй бүдүүлэг аашилжээ. Уучлаарай! — Наймаачин ичсэндээ толгойгоо маажив.
Хэсэгхэн минутын өмнө Хүйтэн Нарны Өвсийг үнэгүй өгвөл өвөө гэж дуудна хэмээн бардам ам гарч байсан. Гэтэл Жан Сюаний хэлсэн үнэхээр биелчихлээ...
— Зүгээр дээ! — Жан Сюань гараа хайхрамжгүй дохив.
Түүнийг явахаар эргэтэл гэнэт бөөн хүмүүс сандарсан янзтай гүйлдэн өнгөрөв. Нүүр бүр нь догдолсондоо улайчихжээ.
— Хурдлаарай! Мо Ян багштан ирлээ!
— Мо Ян багштны ганц зөвлөгөөг авбал л баяжина. Ийм боломжийг алдаж болохгүй!
— Энэ удаа Мо Ян багштны надад сонгож өгсөн зүйл ямар үнэтэй байсан ч би авна!
— Тийм шүү. Өмнөх удаа боломжоо алдсандаа одоо хүртэл харамсдаг...
Хүмүүс гүйх зуураа ам булаалдан ярилцана.
— Юу болоод байна аа?
Алдартан хүрээд ирсэн аятай хүмүүс үймэлдэж байгааг хараад Жан Сюань гайхав.
— Мо Ян багштан ирчихлээ!
Наймаачны нүд хүртэл догдлон гэрэлтэж байв.