Мод бэлтгэгчдийн отог Сүйрлийн худалдаачдын отгоос тийм ч холгүй байв.
Арван таван минутын дараа Фан Хэн мод бэлтгэгчдийн отгийн гадна сэм гэтэн ирлээ.
Тэр намхан бутны дунд нуугдан, чимээгүй ажиглав.
Хөөх, мод бэлтгэгчдийн отгийг хэдэн зуун зомби эзэгнэсэн нь ганц харахад л илт байв.
Зомбиуд шигүү бөөгнөрч, гингэнэх дуу нь чих дүүргэнэ. Энэ дүр зургийг харсан хэний ч бие арзайх нь гарцаагүй.
Фан Хэн ч зомби ийм олон байна гэж төсөөлөөгүй байв.
Тэр догдлон гараа үрэв.
«Яг таарлаа, надад хувьслын талстын хэлтэрхий цуглуулах боломж олдлоо!»
Фан Хэн гараа даллахад араас нь дагаж явсан арван зомби тэр даруй хөдөллөө.
Тэд модон жад барин, удаан хазганасаар мод бэлтгэгчдийн отог руу орцгоов.
Отог доторх зомбиуд эдгээр арван «нэвтрэгчийг» огт анзаарсангүй. Тэд урьдын адил отог дотор хөдөлгөөнгүй зогсоно.
«Час!»
Зомби хуулбар жадаа өргөөд, өмнө нь байсан нэг зомбийн нуруунд хамаг хүчээрээ сүлбэв.
Модон жаданд хатгуулсан зомби аажуухан эргэж, өөртэй нь адил зомбийг ямар ч хувиралгүй ширтлээ.
Энгийн зомби өвдөлт мэдэрдэггүй. Тэдний тархийг хамгийн анхан шатны махчин хүсэл л эзэмджээ. Нөгөө зомби энэ төрөл нэгэн нь яагаад гэнэт өөрийг нь сүлбэснийг ойлгох ч үгүй, бодох ч үгүй.
Тэгээд урьдын адил байрандаа зогсон гөлрөв.
Энэ мод бэлтгэгчдийн отогт байсан зомбиуд нядлуулах хонь шиг л байлаа. Тэд чимээгүйхэн байрандаа зогссоор, Фан Хэний зомби хуулбаруудын удаа дараагийн довтолгоонд өртөн үхэцгээв.
【Мэдэгдэл: Таны зомби хуулбар сул зомби алж, 1 Амьд үлдэх оноо авлаа.】
【Мэдэгдэл: Таны зомби хуулбар хүчирхэг зомби алж, 3 Амьд үлдэх оноо авлаа.】
【Мэдэгдэл: Таны зомби хуулбар хүчирхэг зомби алж, 3 Амьд үлдэх оноо болон 1 хувьслын талстын хэлтэрхий оллоо.】
【Мэдэгдэл: Таны зомби хуулбар зомби алж...】
Фан Хэн отгийн үүдний дэргэдэх намхан бутны дунд нуугдан, тоглоомын бүртгэлд ар араасаа нэмэгдэх мэдэгдлүүдийг чимээгүйхэн харж байв.
Автоматаар ажиллуулна гэдэг ёстой сайхан юм!
Эхэндээ зомби хуулбаруудаараа мангас агнуулж байгааг харах үнэхээр догдлом байлаа.
Гэвч тэр анхны хөөрөл намдсаны дараа уйдаж эхлэв. Фан Хэн газарт лагхийн сууж, үүргэвчнээсээ жимсний лааз гарган идлээ.
Яах вэ дээ, энэ чинь төрөлхийн чадварын давуу тал.
Зомбийн сүйрлийн ертөнцөд зомби хуулбар гэдэг төрөлхийн чадвар үнэхээр дэндүү хэрэгтэй ажээ!
Ямар ч гэмтэлгүйгээр мангас агнана!
Тэр тусмаа зомби хуулбарын тоо тодорхой хэмжээнд олшроход мангас агнах үр ашиг нь асар их нэмэгдэнэ.
Хэрэв Элсэлхэг эзгүй ертөнц шиг өөр Сүйрлийн ертөнцөд байсан бол удаан хөдөлгөөнтэй зомби хуулбаруудыг хувирсан амьтад аль хэдийн тасчин хаячих байв.
Энд байгаа шиг тэнэг зомбиуд нэг нэгээрээ байрандаа зогсоод, өөрсдийгөө цавчуулахыг хүлээж байх уу?
【Мэдэгдэл: Та отгийн цэвэрлэгээг гүйцэтгэлээ.】
【Мэдэгдэл: Та Мод бэлтгэгчдийн отгийг цэвэрлэх даалгаврыг гүйцэтгэлээ. Сүйрлийн худалдаачдын отогт аль болох хурдан буцаж очоод, Сүйрлийн худалдаачин Феттельтэй уулзаж даалгаврын шагналаа авна уу.】
Чихэнд нь тоглоомын мэдэгдлийн дуу сонсогдох үед гурван цаг гаруй өнгөрчээ.
Зүгээр л зогсож байгаа зомбиудыг эцэж цуцдаггүй хуулбаруудаар сүлбүүлж алахад хүртэл 3 цаг зарцуулжээ. Тэгэхээр тоглогч өөрөө зомбийн отгийг цэвэрлэхэд ямар их хүч, нөөц шаардагдахыг төсөөлж болно.
Зомби хуулбарууд нэг нэгээрээ отгоос гарч ирээд, түрүүн мангас агнаж олз болгосон хувьслын талстын хэлтэрхийнүүдийг Фан Хэний өмнө шидэв.
【Мэдэгдэл: Та хувьслын талстын хэлтэрхий*47 авлаа.】
Баяжлаа, баяжлаа.
Фан Хэн газарт гялалзах хэлтэрхийнээс атгаж аваад, гартаа шууд няцлав.
«Пүн!»
Алган дээр нь өтгөн цусны манан дэлбэрэн задарч, сулхан нэгэн хүч гарын алгаар нь дамжин биед нь шингэхийг Фан Хэн мэдэрлээ.
«Пүн!!»
«Пүн, пүн!!»
Цусны манан бөөн бөөнөөрөө дэлбэрэв.
【Мэдэгдэл: Таны дүрийн түвшин LV: 5 боллоо.】
Ар талын шороо хөдөлж, шинээр амилсан таван зомби хуулбар эгнээнд нь нэгдэв.
Фан Хэн сэтгэл хангалуун байлаа. Түүний зомбийн арми дахиад гуравны нэгээр өргөжиж, байлдах чадвар нь эрс нэмэгджээ.
Тоглогчийн түвшин 5-р түвшинд хүрмэгц энгийн хувьслын талстын хэлтэрхий туршлагын оноо өгөхөө больж, цааш ахихын тулд илүү өндөр түвшний бүтэн хувьслын талст хэрэгтэй болно.
Бүтэн талст олж авах арга нэлээд төвөгтэй. Ерөнхийдөө элит мангас алсан үед олз болж гарах магадлалтай.
Үүнээс гадна олж авах өөр аргууд ч бий. Тухайлбал, Сүйрлийн зарим отогт бүтэн хувьслын талстыг цөөн хэмжээгээр худалдаалах магадлалтай. Зарим тоглогч тусгай чадвар эсвэл төрөлхийн чадвараараа хэлтэрхийнүүдийг дахин нэгтгэн, бүтэн талст гаргаж авч чадна.
Одоогоор бүтэн хувьслын талст олох багагүй хэцүү байгаа тул Фан Хэн түр азная гэж шийдэв.
Фан Хэн үлдсэн 13 хувьслын талстын хэлтэрхийг үүргэвчиндээ хийгээд, зомбийн сүргээ дагуулан орхигдсон мод бэлтгэлийн талбай руу орж нөөц цуглуулав.
10 минутын дараа Фан Хэний өмнө материалууд овоолоостой байлаа.
【Мэдэгдэл: Таны зомбийн сүрэг Мод бэлтгэгчдийн отгийг нэгжиж, жижиг савтай бензин2, түлээ21, хоолны тогоо1, ган мод бэлтгэлийн сүх33, гуалин291, хаягдал эд анги23, хуучирч муудсан уулын дугуй1, тасархай материал2, ноорхой даавуу21, хөлдөөсөн банш10, мод бэлтгэгчийн ажлын хүрэм*24... оллоо.】
Сайхан юм!
Уулын дугуй хүртэл байна!
Фан Хэний нүд гэрэлтэв.
Хээрээр аялах хурдыг асар их нэмэгдүүлдэг жинхэнэ эрдэнэ! Зам хороох супер хэрэгсэл!
Ойн орчинд уулын дугуй заримдаа цэргийн ачааны машинаас ч илүү хэрэгтэй байдаг. Гэртээ харих хугацааг эрс багасгана!
Бас ган мод бэлтгэлийн сүх байна!
Цаашдаа Хоргодох байр барихад асар их мод хэрэгтэй.
Зомби хуулбарууд ган мод бэлтгэлийн сүхтэй бол мод огтолж, мод бэлтгэн авах нь хавьгүй үр дүнтэй болно!
«Баяжчихлаа, энэ удаа үнэхээр баяжлаа!»
Дээр нь ийм олон бэлэн гуалин байна. Мод огтлох гэж зарцуулах байсан асар их цагийг хэмнэнэ.
Бензин ч байна!
Цахилгаан үүсгүүртэй бол цахилгаан гаргаж болно. Тээврийн хэрэгсэл ч түлшинд бензин хэрэглэнэ. Эхний, дунд, сүүлчийн үеийн аль ч үед бензин маш чухал материал хэвээр байна!
Хөлдөөсөн банш!
Тийм ээ, баншнаас амттай юм гэж хаа байх вэ!
Хөөх? Хувцас хүртэл байна уу?
Тоглоомын ихэнх энгийн хувцас ямар ч үзүүлэлтгүй байдаг.
Фан Хэн хувцасны тайлбарыг харлаа.
Эд зүйл: Мод бэлтгэгчийн хүрэм.
Тайлбар: Өмсвөл хамгаалалт 1-ээр нэмэгдэнэ. (Мод бэлтгэгчийн хүрэм, мод бэлтгэгчийн өмдийг зэрэг өмсвөл мод бэлтгэх үр ашиг нэмэлтээр 25%-иар өснө.)
Хамгаалалт 1-ээр нэмэгдэх нь муугүй ч иж бүрдэл нь арай дэндүү муухай юм.
Фан Хэн хэсэг бодсоноо хажуу дахь зомби хуулбарыг дуудаж, иж бүрдлийг өмсгөв.
«Дажгүй болж байна. Яг таарчээ.»
Зомби мод бэлтгэгчийн иж бүрдлийг өмссөн ч огт зохисгүй харагдсангүй. Дээр нь хамгаалалт нь 1-ээр нэмэгдэв.
Зомбид хамгаалалт 1-ээр нэмэгдэх нь нэмэртэй гэхэд тун бага ч иж бүрдлийн өгдөг нэмэлт 25%-ийн мод бэлтгэх үр ашиг л Фан Хэний хүссэн зүйл байлаа.
Мод бэлтгэгчдийн отгийг цэвэрлэсний дараах олз үнэхээр санаанд багтамгүй их байв.
Газар дүүрэн овоолсон нөөцийг хараад Фан Хэн дахиад л санаа зовов.
Түүний үүргэвч хэтэрхий жижиг учир ийм их зүйлийг нэг дор буцааж авч явж яагаад ч чадахгүй.
Харанхуй болох хүртэл хагас цаг гаруйхан үлдсэн тул хоргодох байр руу яваад Мод бэлтгэгчдийн отогт буцаж ирж амжихааргүй байлаа.
Аргагүйдсэн Фан Хэн үнэ цэн өндөртэй хоол хүнс, мод бэлтгэлийн сүхнүүдээс авч, жин ихтэй гуалин зэрэг нөөцийг түр орхив.
Үлдсэн материалыг ч бас үрэн таран хийж болохгүй. Өнөө орой нар жаргасны дараа зомбиудаар системийн хоргодох байр руу дахин дахин зөөлгөнө.
Фан Хэн үүргэвчээ дүүртэл нь ачаалаад, уулын дугуйгаа унан Сүйрлийн худалдаачдын отог руу даалгавраа хүлээлгэн өгөхөөр хөдөллөө.