«Шэ ах аа, хар даа. Би чамд худал хэлээгүй биз? Шорон тоглогчдын гарт орчихсон байна.»
Шоронгийн гаднах ойн сүүдэрт Цүн Шэ тоглоомон дуран барин доторх байдлыг ажиглаж байлаа.
Өчигдөр гарын хүмүүсээсээ шоронг бусад тоглогч эзэлсэн тухай сонсоод Цүн Шэ эхэндээ итгэсэнгүй.
Тоглоом байлгүй! Шорон дотор тийм олон зомби байхад гэнэт алга болчихно гэж яаж байх вэ?
Мэдээ үнэн зөв эсэхийг дахин дахин шалгасны эцэст Цүн Шэ шилдэг хүмүүсээ бүгдийг нь дагуулан нөхцөл байдлыг шалгахаар иржээ.
«Сайн ажиллалаа. Үүнийг чинь гавьяанд тооцно оо.»
Цүн Шэ тоглоомон дурангаа хураахад уруулынх нь үзүүрт харгис инээмсэглэл тодров.
Зомби хэрхэн алга болсон нь одоо чухал биш.
Тэр дээрэмдэхэд амар, олз арвинтай бай олсон нь л чухал байлаа.
Түүний цуглуулсан хүмүүс бүгд байлдааны чиглэлийн төрөлхийн чадвартай тоглогчид байв.
Тэд зодолдохдоо тун гаргууд ч амьд үлдэх болон хоргодох байр барих тал дээр үнэхээр тааруу.
Эхэндээ бүлгийн хөгжил Цүн Шэгийн төлөвлөсний дагуу өрнөж, тэд бусад тоглогчдыг дээрэмдэн нөөцөө бүрдүүлдэг байлаа.
Гэвч хэсэг хугацааны дараа Цүн Шэ асуудлыг олж харжээ.
Ойр хавийн хэд хэдэн хоргодох байрны тоглогчдыг тэд бараг бүгдийг нь дээрэмдчихсэн байв.
Үхсэн нь үхэж, зугтсан нь зугтжээ.
Одоо нөөц байтугай хоол хүнсний асуудлаа ч Цүн Шэ болон гарын хүмүүс нь шийдэж чадахгүйд хүрсэн байлаа.
Хоол хүнсгүй болсон тул багийн урам өдөр ирэх тусам мохож, Цүн Шэ сандарч эхлэв.
Ашгүй дээ!
Энэ шорон бол тэнгэрээс түүнд заяасан боломж байлаа!
«Ийм том шоронд нөөц хэрэгсэл элбэг байж таарна» гэж Цүн Шэ дотроо бодов.
Шоронд суурьшсан тоглогчдыг хөөн гаргаж, шоронг бүхэлд нь эзэлчихвэл болно.
Цаашдаа тэр энэ шоронг түшиглэн асар том бүлэглэл ч байгуулж чадна!
Цүн Шэгийн амбиц дахин дэвэрч эхлэв.
Тэр урьдын жижиг байшиндаа суух дургүй болоод аль хэдийн уджээ!
«Шэ ах аа, шоронгийн хамгаалалт нь дажгүй баригдсан бололтой.»
«Тф! Сайн барьсан байлаа гээд яах юм? Бидэнд л зориулж босгочихсон юм биш үү? Тэдэнд баярлалаа гэж хэлэх юм уу?»
Цүн Шэ үл тоосон янзтай хүйтнээр инээмсэглээд гарын хүмүүстээ нүд ирмэв.
«Ах дүүс ээ! Надтай хамт явцгаа!»
Тоглогчид зэвсгээ гарган авч, Цүн Шэг даган ихэмсэг алхаатайгаар шорон руу ойртлоо.
Цүн Шэ хамгийн түрүүнд шоронгийн гаднах төмөр торон хашаанд хүрэв.
Тэр хөлөө өргөн, урагш хүчтэй өшиглөв.
«Тас!»
Төмөр торон хашаа тасхийн дуугарч, хүчтэй чичирлээ. Тэсвэр 2 оноогоор буурав.
«Хм!»
Цүн Шэ үл тоосон янзтай хамраараа дуугарлаа.
Шорон доторх тоглогчид ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэгэхэд Цүн Шэ гараа даллав.
«Бүгдээрээ нүдээд өг!»
«За!»
Арын хүмүүс нь чулуун алхнуудаа ээлж дараалан далайж, шоронгийн хамгийн гаднах төмөр торон хашааг цохиж эхлэв.
«Дан дан! Дан!»
Төмөр торон хашаа цохилт бүрд донслон, асар чанга нижигнэнэ.
Цүн Шэ шоронгийн доторх гурван барилгыг ширтэхэд нүдэнд нь шунал дүүрэн байлаа.
Энэ шоронг тэр заавал өөрийн болгоно!
Гэвч хөөрсөн Цүн Шэ болон гарын хүмүүс нь нэг зүйлийг анзаарсангүй.
Тэр үед тэдний ар талын ойд хоёр харц тэднийг салгалгүй ажиглаж байлаа.
«Том гар асуудалд орох нь.»
Лу Юй намхан бутны дунд бөгтийж суун, Цүн Шэ нарын хөдөлгөөнийг болгоомжтой ажиглав.
«Би тэр ахлагчийг танина. Хоч нь Цүн Шэ. Хөлсний цэрэг, нэр хүнд нь тун муу. Сүүлийн хэдэн өдөр ойр хавийн олон тоглогчийн сууцыг тэд дайрсан гэж сонссон.»
«Новшнууд байна даа.» Жоу И ийм хүмүүст дургүй байв. Тэр аяархан асуулаа. «Чи хэдтэй нь үзэж чадах вэ?»
Лу Юй байлдааны төрлийн төрөлхийн чадвартай. Тэр дайснуудыг дахин нэг бүрчлэн ажиглав.
«Тэд дэндүү олон байна. Отолт хийвэл дээд тал нь хоёрыг л дөнгөж дарж чадна.»
«За, эхлээд нуугдсан хэвээрээ байя. Том гарт мэдээ явуулаад түр хүлээе. Дараа нь түүнтэй хамтарч дотор, гаднаас нь хавчин дайръя.»
«За.»
Лу Юй толгой дохин амьд үлдэх радиогоо нээж, Фан Хэнд яаралтай зурвас илгээв.
…
Фан Хэн саяхан Сүйрлийн худалдаачдын отгоос буцаж, шоронгийн 3-р байранд ирээд байлаа.
Тэр зоорийн агуулах дотор шинээр элсүүлсэн гурван хөлсний цэргийг тоноглож байв.
Гар буу, сум, шоронгийн харуулын дүрэмт хувцас, бослого дарах бамбай…
Бүгдийг нь өгнө!
Шоронгийн харуулын дүрэмт хувцсыг шоронгийн хувцас солих өрөөнөөс цуглуулжээ.
Бүтэн иж бүрдлээр нь өмсвөл бүх төрлийн бууны оновчийг 2%-иар нэмэгдүүлнэ. Харин бослого дарах бамбайд үзүүлэлтийн нэмэгдэл байхгүй ч зарим довтолгоог хааж чадна.
Фан Хэн өөрөө аль алийг нь хэрэглэсэнгүй.
Гол нь дэндүү муухай, бас нүсэр санагдсан юм.
Түүнээс гадна тэр өөрөө тулалдаанд оролцохгүй.
Мөн 5-р түвшний хөлсний цэргүүдийг одоохондоо мэргэн буудагчийн буугаар зэвсэглэх боломжгүй байв.
Харамсалтай.
Ийм айхтар зэвсгийг ашиглах хүн олдохгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
Магадгүй Хар баатруудын бүлгийн даалгаврыг биелүүлсний дараа илүү өндөр түвшний хөлсний цэрэг элсүүлж чадвал мэргэн буудагчийн буу ашиглаж болох байх.
Фан Хэн гурван хөлсний цэрэгт шоронг хамгаалан эргүүл хийх тушаал өгч байтал амьд үлдэх радиод яаралтай зурвас ирснийг анзаарав.
Тэр амьд үлдэх радиогоо нээв.
Лу Юй: Том гар аа, шоронгийн гадна хүмүүс үймүүлж байна! Цүн Шэ нар байна. Тэд өмнө нь олон тоглогчийн сууцыг сүйтгэсэн. Энэ удаа ч бас маш олон хүн дагуулж иржээ. Санаа нь муу бололтой, болгоомжлоорой!
Лу Юй: Бид одоо тэдний яг арын ойд нуугдаж байна. Чиний зааврыг хүлээж байя. Дайрах болоход надад хэлээрэй.
Цүн Шэ гэж үү? Өмнө нь жижиг модон байшин руу гэнэдүүлэн дайрахаар зэхэж байсан хүмүүс мөн үү?
Фан Хэн тэднийг бүүр түүр саналаа.
Ингээд ийм хурдан эргээд хүрээд ирдэг байна шүү?
Тэр хурдан хариу зурвас илгээв.
Фан Хэн: Хүлээж авлаа. Эхлээд нуугдаж бай. Би мэдэгдье.
Фан Хэн амьд үлдэх радиогоо хаагаад гурван хөлсний цэрэгт дохин дагуулав. Гадаах Цүн Шэ тэргүүтэй халдагчидтай нүүр тулахаар гарах гэж байлаа.
«Том гар аа!»
Фан Хэн гарч амжаагүй байтал Ляо Буфань зоорийн агуулахын хаалгыг түрүүлж нээв.
«Том гар аа, хэцүүдлээ! Цүн Шэ нар дахиад ирчихлээ! Энэ новшнууд дахиад бидний толгой дээр гараад…»
Ляо Буфань ярьсаар байгаад дуу нь аажмаар сулрав.
«Новш гэж!? Хөлсний цэргүүд үү!?»
Ляо Буфань түрхэн зуур нүдэндээ итгэсэнгүй. Тэр нүдээ нухлав.
Андуураагүй байлаа!
Үнэхээр хөлсний цэргүүд байв!
«Чи… хоргодох байраа барьж дуусгасан юм уу?»
«Тийм ээ, дөнгөж барьж дуусгалаа. Чамд хэлж амжаагүй. Яг хажууд байгаа.»
Фан Хэн ингэж хэлээд Ляо Буфаний мөрийг алгадаж, «Явъя. Цүн Шэтэй уулзъя. Дараа нь чамд хоргодох байраа үзүүлье» гэв.
Ляо Буфань манарсан мэт газартаа зогсов.
Түүний толгойд олон бодол зэрэг төрлөө.
Том гар хоргодох байраа барьж дуусгасан юм уу?
Өнөө өглөө тоглоомын мэдэгдэл гарсан санагдана. Нэг тоглогч хамгийн түрүүнд асар том хоргодох байр барьж дуусгасан гэж байсан.
Одоо бүх тоглогч тэр хоргодох байрыг яг хэн барьж дуусгасныг тааж байлаа.
Ингэж сайхан сурталчилгаа хийх боломж байхад өнөөг хүртэл нэг ч тоглоомын компани, тоглоомын клуб, тоглоомын эвлэл гарч ирээд өөрсдийнх гэдгээ зарлаагүй нь хачирхалтай…
Түүгээр ч барахгүй сүүлийн хоёр өдөр том гар их хэмжээний модон банз, хадаас цуглуулж, үйлдвэрлэсэн…
Ляо Буфань энэ гурван зүйлийг хурдхан холбон бодов.
Тэгэхээр…
Ляо Буфань толгойгоо тогшлоо.
Гарцаагүй!
Асар том хоргодох байрыг хамгийн түрүүнд барьж дуусгасан хүн нь Фан Хэн байж таарна!
Новш гэж, том гар үнэхээр мундаг юм аа!
Тэр хоргодох байраа барьж дуусгаснаар зогсохгүй, ердөө ганц өглөөний дотор хөлсний цэргүүдийг хүртэл олж авчээ!
«Намайг хүлээгээрэй!»
Ляо Буфань бодлоосоо салан хартал Фан Хэн хонгилын аман дээрээс аль хэдийн алга болсон байв. Тэр сандран араас нь гүйлээ.