Хашааны хаалга нээгдэхэд Ду Линфэй, Фэн Янь, Бай Сяочүн гурав дотогш өнгийж, бүхэлдээ сэрэмжтэй болов. Бай Сяочүн маш их сандарсан тул өөр дээрээ цаасан сахиуснуудыг нэг нэгээр нь нааж эхлэв.
Дөнгөж сая гарч ирсэн тэр дүр гартаа дэнлүү барьсан бөгөөд нээгдсэн хаалган дээр зогсон, сүүдэрт умбан гурвыг ширтэж байлаа.
— Энэ харанхуй үдэш та гурвуулаа Лоочэнь овогт ямар хэргээр ирэв?
Дэнлүүний анивчих гэрэлд тэнд тайван зогсон тэднийг харж буй залуугийн дүр арай ядан үзэгдэнэ. Тэр урт ногоон дээл өмссөн бөгөөд царай нь цусны өнгөгүй мэт цонхийжээ.
Гарч ирсэн зүйл нь хүн байсныг мэдээд Фэн Янь, Ду Линфэй хоёр санаа алдан тайвшрав. Хэсэгхэн өмнө мэдэрч байсан жихүүдэс төрөм мэдрэмж нь яагаад ч юм бага зэрэг намдсан байлаа.
Фэн Янь гар атган мэндлээд,
— Мэнд амар, нөхөр бясалгагч аа. Бид Сүнсний Урсгал Бүлгэмийн шавь нар байна. Хэдэн зүйл асуухаар ирлээ.
Энэ үед Ду Линфэй Бай Сяочүний эргэн тойронд анивчин буй олон бамбайг олж харснаар хөмсгөө зангидав.
Бай Сяочүн Ду Линфэйгийн харцыг анзаарсангүй. Яагаад ч юм, энд нэгэн залуу гарч ирсэн нь түүний мэдэрч буй асар их аюулын мэдрэмжийг огтхон ч багасгасангүй.
— Аан, Сүнсний Урсгал Бүлгэмийн нөхөд бясалгагчид юм байна, — гэж залуу хэлэв. — Ороод ир. Дотогш орж байгаад ярилцъя…
Дэнлүүний анивчих гэрэл залуугийн нүүрэн дээр сүүдэр тусгаж, тэр эргэж алхахад царайг нь тод харахад улам бэрх болов.
Хашааны хаалга гурван шавийг оруулахын тулд бүрэн дэлгэгдэв.
Фэн Янь хэсэг эргэлзсэн ч хаалгаар орлоо. Ду Линфэй араас нь дагав. Харин Бай Сяочүн эргэн тойрноо хэсэг ажигласнаа шүдээ зуун, болгоомжтойгоор хашаанд оржээ.
Тэдний ард том хаалга хаагдахтай зэрэгцэн гадна талын дэнлүүнүүдийн доор байсан хоёр чулуун арслан гэнэт хаалганы зүг эргэн харлаа. Тэдний нүдэнд цусны өнгөтэй гэрэл анивчиж байв.
Хашаан дотор ногоон шохойн чулуун зам ургамал, чимэглэлийн хад чулууны дундуур мушгиран үргэлжилнэ. Бүдэг сарны гэрэл тусаж, бүхнийг хагас сүүдэрт оруулжээ. Цорын ганц гэрэл нь залуугийн гарт нааш цааш ганхах дэнлүүнээс гарч байлаа.
Дөрвүүлээ уйтгартай нам гүмд хүрээлэгдэн замаар алхав. Энэ газар хаалганы цаадах ертөнцөөс огт өөр ертөнц мэт санагдана.
Замын баруун талд улаан жимсээр дүүрсэн хэдэн жимсний мод байлаа. Хашаан дотор өчүүхэн ч салхи байхгүй атал тэдгээр модны навч гэнэт сэрчигнэв.
Ду Линфэй, Фэн Янь хоёр урьд урьдынхаас илүү сэрэмжтэй болсон бол хамгийн ард алхаж байсан Бай Сяочүн бүх зүг рүү болгоомжлон харж байв. Яагаад ч юм, сэрчигнэх тэр жимсний модод түүнд маш хачин санагджээ.
Аажмаар шинэ цусных шиг үнэр ханхалж эхлэв. Үнэр нь сулхан боловч нэгэн зэрэг тод байлаа.
Бай Сяочүний зүрх хүчтэй цохилж эхлэв. Тэр ямар нэг зүйл хэлэх гэж байтал гэнэт жимсний модноос жимснүүд унаж, газраар өнхөрсөөр Бай Сяочүн болон бусад руу чиглэн ирэв. Хачирхалтай нь, жимснүүд дээр хүүхдийнх мэт царай харагдаж, өргөн инээмсэглэл нь бараг зурж наасан мэт байлаа.
— Ла ла ла! Сайн уу!
Жимснүүдээс гар, хөл урган гарч ирэв. Тэд Бай Сяочүн болон бусдын зүг гүйж очоод гар гараасаа барин, цочирдсон гурвыг тойрон дугуйлан харайж эхлэв.
Үүний зэрэгцээ жимснүүд догдолсон хоолойгоор хашхирлаа.
— Авга эгч сайн байж, уйлж болохгүй гэж хэлсэн! Бид зөвхөн инээж болно! Боловсорсон жимс л хамгийн сайн жимс!
Тэдний хоолой тун эгдүүтэй, чихэрлэг байв. Тэд бүжиглэн тойрч, хүүхдийн бүүвэйн дуу дуулж эхлэв. Ойрхон ирсэн тул эргэн тойронд нь тархах чихэрлэг үнэрийг мэдэрч болохоор байлаа. Үнэр нь дэндүү чихэрлэг, бүр дотор муухайрам байсан тул амьсгал авахад Бай Сяочүн болон бусад нь гэдэс дотроо урвуулан бөөлжих гэж байгаа мэт болов.
Жимснүүд дэнлүү барьсан залууд хэт ойртоход тэр тэднийг огт тоосонгүй. Тэр бүр хэд хэдэн жимсийг гишгэлэн няцалжээ. Гэвч няцарсан жимснүүд зүгээр л хөл дээрээ мөлхөн босож, инээмсэглэсээр бүжиглэж, дуулахаа үргэлжлүүлэв.
— Энэ чинь ер нь ямар новшнууд вэ?! — гэж Фэн Янь нүд нь анивчин уулга алдав.
Тэр ханцуйгаа сэгсрэхэд салхи босож, хэдэн жимсийг хийсгэн холдууллаа. Тэд газарт падхийн унасныхаа дараа хөл дээрээ гуйван босож, урьдын адил чангаар инээсээр тойрогтоо буцан оржээ.
Бай Сяочүний бүх биеэр арзасхийж, энэ үед тэр анивчин буй бамбайнуудаар бүрэн хүрээлэгдсэн байлаа.
Ду Линфэй гар гараасаа барин дуу дуулж буй жимснүүдийг ширтэхэд нүүрэнд нь айдас тодрон өнгөрөв. Зүрхэндээ төрсөн зэвүүцлийг дарж, тэр шүдээ зуун, галтай мэт нүдээрээ ууртайгаар гялалзав. Тэр гарын дохио зангаа үзүүлэх гэж байтал жимснүүдийн царай айсандаа гэнэт хувхайрлаа.
— Авга эгч ирж байна!!
Тэд ийш тийшээ хөлбөрөн гүйлдэж, мод руугаа буцан очоод анхны байрлалдаа үсрэн гарцгаав. Удалгүй инээд, дуу нь замхран алга болж, тэд ердийн жимснээс ялгагдахааргүй болов.
Лоочэнь овгийн залуу тэдэн рүү эргэж харсангүй. Гэвч тэд түүний дууг сонсов.
— Тэр бол овгийн тэргүүн Унасан оддын уулсын гүнээс авчирсан сүнсний жимснүүд юм. Тэдний дуулалт ямар санагдав, нөхөд бясалгагчид аа? Тэд дуулах их дуртай.
Фэн Янь, Ду Линфэй хоёр даган алхсаар байхдаа царайгаа эвгүйцүүлэв.
Бай Сяочүн хамгийн ард хэвээрээ байлаа. Гэнэт тэр айдсын хүйтэн мэдрэмжийг дотроо мэдэрч, нэг зүйлийг ухаарав… өөр нэг хөлийн чимээ сонсогдож байв!
Алх, алх, алх…
Энэ зүйл яг хэзээ эхэлснийг тодорхойлох аргагүй байлаа. Гэвч яг энэ мөчид замаар таван хүн алхаж байгаа нь илт байв!
Магадгүй тэр хөлийн чимээ тэднийг хашаанд орсон цагаас нь эхлэн өөрсдийнх нь хөлийн чимээтэй холилдсон байж болох юм. Хачин жимснүүдийн чимээнээс болж тэд анзаараагүй байжээ. Харин одоо жимснүүдийн хашхирааны дараах нам гүмд нэмэгдсэн тэр хөлийн чимээ маш тод сонсогдов.
Цуурайтах хөлийн чимээнд Бай Сяочүн чичирлээ. Хамгийн аймшигтай нь тэр чимээ яг араас нь гарч байв. Гэнэт мөстэй салхи нуруугаар нь уруудан гүйх шиг болов. Яг л хэн нэгэн ард нь зогсоод, түүн рүү амьсгалж байгаа мэт.
— Хөөе, та нар… — гэж тэр хэлэв. — Та нарын хэн нь ч анзаарсангүй юу… энд бас нэг хүний хөлийн чимээ байна шүү дээ?!
Бай Сяочүний хүзүүний арын үс арзайж байхад Фэн Янь ч мөн хөлийн чимээг мэдэрч, царай нь хувирав.
Ду Линфэйгийн хүүхэн хараа агшиж, амьсгаадан эхлэв.
Гурвуулаа гэнэт алхахаа зогсоов. Тэднийг зогсоход нөгөө хөлийн чимээ ч алга боллоо.
Бай Сяочүний зүрх түг түг цохилж байв. Тэр шүдээ зуун толгойгоо аажуухан эргүүлээд, улаан дээл өмссөн залуу эмэгтэйн нүд рүү ширтэж байгаагаа мэдэв!
Түүний дээл үл ялиг намиран, царай нь үхсэн хүн шиг үнсэн саарал байлаа. Тэр Бай Сяочүн рүү хэсэг зуур хачин инээмсэглэснээ уруул нь татвалзан,
— Энэ гал болохгүй байна. Надад туслаач, — гэв.
Дөнгөж сая болсон явдал хэтэрхий гэнэтийн байсан тул Бай Сяочүн агаарт үсрэн гарч, ориллоо. Улаан дээлтэй залуу эмэгтэй тэр даруй гэрлийн зурвас болон хувирч, нүд ирмэхийн зуур алга болов.
Бай Сяочүний царай цонхийн эргэн тойрноо харсан ч юу ч байсангүй… зөвхөн өөрийнх нь орилох дууны цуурай л сонсогдоно.
Ду Линфэй, Фэн Янь хоёр ч айсан байдалтай эргэн тойрноо харлаа. Бай Сяочүний харсан шиг ямар нэгэн хачин дүр тэдэнд харагдаагүй ч зүрх нь бас л хүчтэй цохилж байв.
Тэгтэл эмэгтэй хүний дуу гэнэт сонсогдон, нэгэн дуу дуулж эхлэв. Дууны үгс хашаан даяар тархаж, хүүхдийг тайвшруулах гэж дуулдаг бүүвэйн дуу шиг хачин, нууцлаг байлаа. Тэр дууны төдийхөн чимээ хүртэл харанхуйг урьд урьдынхаас илүү жихүүдэс хүргэм болгож байв.
— Сайн жаахан хүүхэд минь, унтах цаг болжээ. Салхи үлээж, гал дүрэлзэн асна. Уйлах хэрэггүй, чимээ гаргах хэрэггүй…
— Энэ жүжгээ одоо боль! — гэж Фэн Янь сандарсан нь илт уулга алдав.
Тэр даруй гарын дохио зангаа үзүүлэхэд нисдэг илд дуудагдан гарч, эргэн тойронд нь эргэлдэж эхлэв.
Үүний зэрэгцээ дэнлүү барьсан залуу эргэж тэдэн рүү харав. Дэнлүүний анивчих гэрэлд тэр урьдынхаас ч хачин харагджээ.
— Та нар энд зогсоод юу хийгээд байгаа юм бэ? Явцгаая, үргэлжлүүлэн алхъя.
Тэр инээмсэглэв. Гэвч тэр инээмсэглэл яагаад ч юм маш хэвийн бус байлаа.
Фэн Янь гүнзгий амьсгаа авснаа нүдэндээ ширүүн гэрэл асаан,
— Үгүй. Бид хаашаа ч явахгүй. Харж байна уу, бид нэгэн шавийнхаа сураггүй болсон хэргийг мөрдөн шалгахаар ирсэн юм. Нөхөр бясалгагч аа, тав орчим сарын өмнө манайхантай адил хүмүүс энэ хавиар ирж байсныг санаж байна уу? — гэв.
Ду Линфэй аль хэдийн ид шидийн хэрэгсэл гаргаж ирсэн бөгөөд анхаарлаа төвлөрүүлсэн нүд нь гялалзаж байлаа.
— Үгүй ээ, тийм хүн санахгүй байна, — гэж залуу хариулав.
Түүний аяархан хэлсэн үгс агаарт хөвөн гарч, эмэгтэйн дуулж буй дуу хоолойтой нийлэн зохицох шиг болов.
— Нөхөр бясалгагч аа, — гэж Ду Линфэй гэнэт асуув. — Танай овгийн бусад гишүүд яагаад энд алга байна вэ?
Залуугийн инээмсэглэл улам тэлж, хэвийн бус харагдах хэмжээнд хүрэв.
— Өө, тэд ажил амжуулахаар гарсан. Та нар асуух зүйлээ дуусгасан уу?
— Тийм ээ, бидний ажил дууслаа, — гэж Фэн Янь хэлэв. — Одоо бид явъя.
Ингээд тэр замаар буцан алхахаар эргэв. Ду Линфэй ч мөн дагалаа. Харин Бай Сяочүн аль хэдийн нисээд, тэдний түрүүнд нэлээд холдсон байв.
Залуугийн инээмсэглэл одоо дэндүү өргөн болж, амных нь хоёр тал урагдан задрах шахжээ. Яг л толгой нь голоороо тасран хуваагдах гэж байгаа мэт харагдав.
— Хэрэв цааш явахыг хүсэхгүй байгаа бол ядаж энд үлдэж болно шүү дээ… үлдээд бидэнтэй нөхөрлөж болно…
Гэнэт дэнлүү ногоовтор өнгөтэй болж, хашаа бүхэлдээ урьдынхаас ч харанхуйлав. Залуугийн үг дуусахтай зэрэгцэн тэр агаарт хөвөн, Фэн Янь руу чиглэн нисэж эхлэв.
Фэн Яньгийн царай хувирч, гарын дохио зангаа үзүүлэн хуруугаараа заахад нисдэг илд залуу руу хурдлан нисэв. Залуу илдийг биеэрээ нэвт сүлбүүлэхэд нижигнэсэн дуу гарлаа. Гэвч дараа нь тэр бүр ч өргөн инээмсэглэсээр Фэн Янь руу буудан ирэв.
Фэн Янь амьсгаадан ухрахын зэрэгцээ хар өнгийн эмийн үрэл гаргаж, газарт шидэв. Үрэл дэлбэрэхэд нижигнэсэн чимээ цуурайтлаа.
Дайран ирсэн залуу дэлбэрэлтэд оногдон, шарх сорвиор бүрхэгдсэн бие нь өнхрөн хол шидэгдэв. Гэвч тэр огт өвдөлт мэдэрсэнгүй бололтой. Урьдын адил инээмсэглэсээр, салхитай өдөр хийсэх цаасан шувуу шиг агаарт нуман хөөрөн, дахин Фэн Янь руу дайрлаа.
Эмийн үрэл дэлбэрсэн газарт одоо олон гэрэлтсэн зураас харагдав. Тэдгээр зурааснаас үхлийн хүчтэй аура цацарч, өөрсдийгөө засаж байгаа мэт нийлж эхлэв.
Газарт үүссэн хээг хармагцаа Фэн Янь сандран хашхирлаа.
— Энд ид шидийн хүрээ байна! Энэ бол Сүүдрийн тамын хүрээ!!
Үүний зэрэгцээ Ду Линфэйгийн хөл доорх ногоон шохойн чулуу чичирч эхлэв. Дараа нь чулуун дээр нүднүүд гэнэт нээгдэв. Нарийхан мөчир шиг туранхай, хатсан цогцосны гарнууд сунаж гарлаа. Тэдгээр гарын арьсан доогуур өт шиг тоо томшгүй олон амьтан мурилзан хөдөлж байв. Тэр гарнууд Ду Линфэйгийн баруун хөлийг атгав.
Ногоон шохойн чулууны гүнээс ёрын, айдас төрөм хоолойнууд цуурайтан гарлаа.
— Биднийг гишгэхээр өвддөг…
— Ир. Бидэнтэй хамт бай…
Харин Ду Линфэйгийн царай үнсэн саарал болов. Тэр яаран гарын дохио зангаа үзүүлэн хуруугаараа заахад хадгалах уутнаас нь туг нисэн гарлаа. Туг тэр даруй хоёр мананлаг араатан болон хувирч, түүнийг хамгаалан эргэлдэв. Үүний зэрэгцээ нисдэг илд гарч ирэн, гялалзсан илдний гэрэл хөлийг нь зуусан гарнуудыг тас цавчив. Ду Линфэй ингэснээр ухран холдож чадлаа.
Харин Бай Сяочүний чихэнд эмэгтэйн дуу гэнэт улам чанга сонсогдов.
— Уйлах хэрэггүй, чимээ гаргах хэрэггүй…