Дараагийн хэдэн өдөр Бүдүүн Жан болон бусад нь Бай Сяочүний сүрлэн овоохойг байнга ажиглаж байлаа. Харин Бай Сяочүний хувьд Ци хураахын хоёрдугаар шатанд нэвтэрсэн нь өөртөө итгэх итгэлийг нь ихэд нэмэгдүүлсэн тул бясалгалдаа үргэлжлүүлэн анхаарлаа төвлөрүүлэв.
Тэр одоо өрөөндөө духныхаа хөлсийг арчиж байлаа. Чармай нүцгэн тэрээр өвдөлтийг шүдээ зуун тэсэж, хулсан хуйлмалын гурав дахь зураглалд үзүүлсэн байрлалыг хадгалахыг хичээж байв.
Түүний цигийн сав урсгал горхи байхаа больж, харин жижигхэн гол болон хувирчээ. Гол биеэр нь урсан тойрох бүрд дотроос нь тас няс хийх чимээ гарна. Урьд нь бондгор байсан бие нь дахин туранхай болсон төдийгүй, Зуухнуудын газарт анх ирж байх үеийнхээсээ ч туранхай болжээ.
Гэвч биед нь ямар нэгэн эрчим хуримтлагдаж байгаа бололтой байв. Бясалгалаа үргэлжлүүлэх тусам туранхай биеийг нь бүрхсэн мах, булчин хүчээр лугшина. Чих тавин анхааралтай сонсвол өрөөнд нь цуурайтах зүрхний цохилтыг хүртэл сонсож болохоор байлаа.
Түүний дотор улам их сүнсний даралт нягтарч, Бай Сяочүнийг хүч нь нэмэгдэж байгаа мэт мэдрэмжээр дүүргэнэ. Дахин хэдэн өдөр өнгөрөхөд өвдөлт нь дэндүү тэсвэрлэшгүй болж, арга буюу бясалгалаа зогсоохоос өөр аргагүй болов.
Тэр амьсгаадан, нүд нь тэр чигтээ цус хураасан байлаа. Ийм маягаар цааш үргэлжлүүлж чадахгүй нь гэсэн хүчтэй мэдрэмж төрөв. Бясалгаж байхдаа тэнгэр, газрын сүнсний хүчийг аяндаа шингээдэг ч тэр урсгал нь өөрийнх нь зарцуулж буй хүчийг нөхөж огт чадахгүй байлаа. Түүнчлэн Зуухнуудын зуушны хуваарь тогтмол биш, зөвхөн азтай үед л тохиодог байв.
Ихэнх хүмүүс Нил ягаан Ци Тогоог Удирдах урлагийг хэдэн өдөрт нэг удаа бясалган хийдэг байлаа. Илүү хичээл зүтгэлтэй хүмүүс ч өдөрт нэг л удаа хийдэг. Харин Бай Сяочүн тасралтгүй бясалгаж байсан тул Бүдүүн Жан болон бусад нь цочирсон нь аргагүй байв. Түүний хийж буй зүйлийг сонссон бол Дотоод бүлгэмийн олон шавь хүртэл гайхан алмайрах байлаа.
Гэвч ийм түвшний бясалгалд хүрсэн ч Бай Сяочүн сэтгэл дотроо итгэлгүй, түгшүүртэй хэвээр байв. Эцсийн эцэст тэр аливаа зүйлд харамссанаас болгоомжлохыг илүүд үздэг хүн байлаа. Тэр эцэст нь сайжруулсан сүнсний будааныхаа нэг ширхгийг гарган авч, хэсэг зуур удаан ширтээд, энгийн тогоогоор болгов. Сүнсний эрчим нь ууршин гарч эхлэнгүүт тэр яаран залгив.
Сүнсний будаа аманд нь ормогц ердийн сүнсний будаанаас хэд дахин илүү хүчтэй, өтгөн сүнсний эрчмийн түрлэг болон хувирлаа. Үнэндээ энэ хоёр төрлийг нэг түвшинд ч зүйрлэхийн аргагүй байв. Дотроос нь нүргэлэх чимээ гарах зуур тэр бясалгал хийж эхлэв. Тэр даруй гурав дахь зураглалд үзүүлсэн байрлалыг авч, амьсгалаа зохицууллаа.
Хагас сар өнгөрсний дараа, шөнө дунд Бай Сяочүний бие гэнэт чичирч, тэр нүдээ нээлээ. Хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй нэгэн мөчид өөрийгөө Ци хураахын хоёрдугаар шатнаас гуравдугаар шатанд нэвтэрснээ гэнэт ойлгов.
Энэ явдал түүнийг баярласандаа хөөрөн догдлоход хүргэлээ. Нүдэнд нь хөөрөл дүүрч, тэр чангаар хөхрөн инээв. Өөрийгөө шалгаад үзтэл доторх цигийн сав нь бүрэн өөрчлөгдөн жижигхэн гол болжээ.
Жижигхэн гол биеэр нь урьд урьдынхаас хавьгүй хурдан урсан тойрно. Тэр ч байтугай ганцхан бодлоороо сүнсний эрчмийг биеийнхээ өөр өөр хэсэг рүү илгээж чадах болжээ.
“Ци хураахын гуравдугаар шат! Тэр сүнсний сайжруулалт үнэхээр гайхалтай байлаа!”
Тэр босож, дахин нэг ширхэг сайжруулсан сүнсний будаа гаргаж авах тухай бодохдоо уруулаа долоов. Гэвч тэр мөчид хулсан хуйлмалд дотоод меридиануудын өсөлтийн талаар дурдсаныг саналаа. Одоо түүнд биеэ өргөссөн меридианууддаа дасгах хэрэгтэй байсан тул түр хугацаанд бясалгалаа үргэлжлүүлж чадахгүй байв.
Сүнсний будааны тухай бодлоо түр хойш тавиад, тэр өөрөөрөө ихэд бахархсан янзтай өрөөнөөсөө гарлаа. Гэвч хаалгаар гармагцаа Зуухнуудын гаднах жижиг зам, бас нүхтэй мод нүдэнд нь тусав. Шөнө орой болсон хэдий ч сарны гэрэлд тэр мод тодхон харагдаж байлаа.
“Ингэж болохгүй. Сюй Баоцайгийн модон сэлэм ердийнхөөс илт давсан. Ци хураахын гуравдугаар шатанд хүрсэн ч аюулгүй байна гэсэн баталгаа алга!”
Тэр хөмсгөө зангидан хэсэг бодсоноо өөрийнхөө олон өнгийн модон сэлмийг гаргаж ирэв. Дараа нь өрөө доторх тогоо руу эргэж харав.
“Дахин нэг удаа сүнсний сайжруулалт хийчихвэл арай итгэлтэй болох юм шиг байна.”
Тэр дахин эргэлзэлгүйгээр Зуухнуудын сүнслэг модноос хэсгийг авчрав.
Бүхнийг бэлдсэнийхээ дараа тэр нууцлаг тогооныхоо өмнө зогсоод гал асаав. Тогоон дээрх хээ гэрэлтмэгц модон сэлмийг дотор нь хийв.
Гэвч нэлээд удаан хүлээсэн ч ямар ч хариу үйлдэл гарсангүй. Бай Сяочүн хөмсгөө зангидан яст мэлхийн тогоон дээрх хээг харснаа доош өнгийж үзэв. Гал аль хэдийн унтарч, мод нь үнснээс өөр юу ч үгүй болжээ. Тэр өөртөө бувтнан өрөөнөөс гарч, дахин сүнслэг мод олж ирэв. Гэвч дахиад хэд хэдэн удаа түлээ шатаасан ч модон сэлэмд нь ямар ч өөрчлөлт гарсангүй.
“Эдгээр түлээнүүд бүгд нэг өнгийн дөл гаргадаг юм байна. Магадгүй халуун нь хүрэхгүй байгаа байх. Надад хоёр өнгийн дөлний халуун хэрэгтэй ч юм бил үү?”
Тэр дахин өрөөнөөсөө гарч, Зуухнуудад харьцангуй ховор байдаг нил ягаан өнгийн түлээ оллоо. Үнэндээ хэсэг хугацаанд хайсны эцэст ганцхан ширхгийг олж чадсан юм.
Түүнийг асаамагц хоёр өнгийн дөл гарч ирэв. Энэ нь нэг өнгийн дөлнөөс хавьгүй халуун байлаа.
Хоёр өнгийн дөл яст мэлхийн тогооны гадаргууд хүрсэн даруйд хоёр дахь хээ нь хурц гэрэлтэж эхлэв. Дөл өөрөө харин хурдан бүдгэрч байлаа. Дөлний хүчийг тогоо сорж байгаа нь илт байв. Удалгүй хоёр өнгийн дөл унтарч, ард нь үнс л үлдэв. Харин яст мэлхийн тогооны хоёр дахь хээ тод гэрэлтсээр байлаа.
“Болчихлоо!”
Түүний нүд гэрэлтэв. Тэр модон сэлмийг яаран буцааж дотор нь хиймэгц мөнгөлөг гэрэл мяралзаж эхэллээ. Энэ удаа гэрэл анх сүнсний сайжруулалт хийхэд үргэлжилж байснаас хэд хэдэн амьсгалын хугацаагаар илүү удаан үргэлжилжээ.
Гэрэл бүдгэрч эхэлсэн ч гэнэт дахин дүрэлзэн, шууд Бай Сяочүн рүү харван ирэв. Энэ өөрчлөлт маш хурдан болсон тул тэр огт хариу үйлдэл хийж чадсангүй. Хараа нь гэрэлд бүрэлзэж, үгээр хэлэхийн аргагүй хүйтэн мэдрэмж бүх биеэр нь нэвтлэв. Яг л өөрөө хөлдөж буй мэт санагджээ. Тэр үүнийг зогсоохын тулд юу ч хийж чадсангүй. Хүйтэн зүйл доторхыг нь харгисаар атган базаж байгаа мэт байлаа.
Царай нь цонхийж, хараа нь бүрэлзэв. Дотор нь байсан ямар нэг зүйл сорогдон гарч, яст мэлхийн тогоонд уусаж байгаа мэт мэдрэгдлээ.
Эцэст нь мөнгөлөг гэрэл бүдгэрэн алга болж, тогоон дотор модон сэлэм үзэгдэв. Тэр урьд урьдынхаасаа илүү хурц болсон байлаа. Үнэндээ түүн рүү ширтэхэд хүртэл нүд өвдөм хурц байв.
Сэлэм алаг будгаар будагдсан хэвээр байсан ч доторх модны судал аль хэдийн өөрчлөгджээ. Будгийг нь хусаж арилгавал, модны судлууд оддын гэрлээр дүүрсэн мэт харагдахаар болсон байлаа. Сэлэм бүхэлдээ бүрэн хувирсан мэт байлаа.
Шинэ модон сэлэм гарч ирсэнтэй бараг нэгэн зэрэг Сүнсний Урсгал Бүлгэмийн өмнөд эргийн дээгүүр тэнгэрт аянга нүргэлэв. Тэнгэр өөрөө уурлан нүргэлэх мэт байсан тул Сүнсний Урсгал Бүлгэм дэх тоо томшгүй олон бясалгагчийн зүрхэнд цочрол төрлөө. Гэвч аянга нүргэлмэгц л алга болов.
Аянга нүргэлж байх тэр мөчид модон сэлэм дээр хоёр дахь мөнгөлөг хээ гарч ирэв. Хэсэг зуур анивчсаны дараа хээ нь алаг будгийн дотор уусан алга болов.
Гэвч Бай Сяочүн сэлэм рүү ч харж чадсангүй. Царай нь барайж, тэр ганхан ухарлаа. Нэлээд удсаны эцэст сэтгэлээ барьж чадсан ч зүрхэнд нь айдас үлджээ.
“Энэ надаас юу сорж авчихав аа...?”
Тэр хананд өлгөсөн зэс толинд тусах дүрсээ түгшин харлаа. Өөрийгөө хэсэг зуур анхааралтай ажигласнаа нүдээ нухав. Дараа нь толинд туссан дүрээ амаа ангайн ширтэж, модон тахиа шиг цочирдон хөшив.
Толинд тэр духныхаа яг оройд ганц цагаан үс ургасныг олж харжээ. Царай нь огт өөрчлөгдөөгүй мэт байсан ч тэр цагаан үс өөрийг нь ядаж нэг насаар хөгшин харагдуулж байна гэсэн мэдрэмжээс салж чадсангүй.
“Миний амьдрах нас!!” хэмээн тэр цочирдон бувтнав.
“Дөнгөж сая миний амьдрах нас хорогдлоо. Миний... миний...”
Тэр уйлахыг хүссэн ч нулимс гарсангүй. Түүний бясалгал сурах болсон цорын ганц зорилго нь үүрд амьдрах явдал байлаа. Харин одоо үүрд амьдрах зорилгодоо хүрэх нь битгий хэл, амьдрах насныхаа бүтэн нэг жилийг алдчихсан нь түүнд асар том цохилт болов.
“Балрав аа... Би, Бай Сяочүн, амьдралдаа ингэж болгоомжтой байж ирсэн хүн атлаа эцэст нь өөрийгөө ингэж баллана гэж хэн санах билээ...”
Тэр хэсэг хугацаанд манаран сууснаа эцэст нь гашуунаар хөхрөв. Сэтгэлээ тайвшруулсныхаа дараа яст мэлхийн тогоо руу эргэж харахад нүдэнд нь аажмаар хачин гялбаа тодорлоо. Яагаад ч юм, амьдрах насных нь нэг хэсгийг сорж авсны дараа тогоотой өөрийнх нь хооронд ямар нэгэн холбоо үүссэн мэт санагджээ. Тэр одоо тогоог үнэхээр удирдаж чадах болсон бололтой.
Зүрх нь хүчтэй дэлсэж, тэр гараа сунган хуруугаараа тогоо руу заав.
Яст мэлхийн тогоо тэр даруй анивчин, жижигрээд Бай Сяочүн рүү нисэн ирэв. Нүд ирмэхийн зуур хурууных нь үзүүрт орж алга болов. Бай Сяочүний нүд гайхсандаа томрон, тэр үсрэн босоод хэдэн алхам ухарлаа. Тэр хуруу руугаа доош харснаа, дараа нь хоосон зуух руу эргэж харав.
“Энэ... энэ чинь...”
Тэр хуруугаараа газарт заахад хар гялбаа цахилж, тачигнах чимээ гарахад тогоо дахин гарч ирэв.
Дахин хэд хэдэн удаа туршиж үзсэний дараа түүний царай барайсан төрхөөсөө баярласан, дараа нь гашуудсан төрх рүү шилжив. Эцэст нь тэр санаа алдав.
“За яах вэ, би энэ зүйлийг биедээ шингээгээд алга болгож чаддаг юм байна. Гэхдээ үүний төлөөс болгож бүтэн нэг жилийн амьдрах насаа төлчихлөө. Яагаад ч юм би өөрийгөө хохироочихсон мэт санагдаад байх юм бэ?”
Маргааш нь үдийн үед Бай Сяочүн өөрөөс нь сорогдож одсон амьдрах насыг хэрхэн буцааж авахаа бодож байлаа. Тэр энэ талаар судалж суутал гэнэт толгойгоо өргөв. Тэр Зуухнуудын үүд рүү найман хүн ойртон ирж байгааг дөнгөж сая мэдэрчээ.
Ци хураахын нэгдүгээр шатанд байхдаа тэр ийм зүйлийг огт мэдэрч чадахгүй байв. Харин одоо гуравдугаар шатанд хүрсэн тул тэр найман хүний нэг нь Сюй Баоцай болохыг даруй мэдлээ.
Бараг тэр агшинд Сюй Баоцайгийн уур хилэн, үзэн ядалтаар дүүрсэн дуу гэнэт цуурайтав.
“Бай Сяочүн, чамайг хамгаалах ах нар бий, гэхдээ надад ч бас бий! Өнөөдөр бид хоёрын дайсагнал нэг мөр дуусна!”