Сюй эгч Түшиг Урсгалд тун нэртэй хүн байлаа. Үнэндээ түүнийг мэдэхгүй хүн бараг үгүй. Учир нь өнөө цагт Түшиг Урсгалын Дотоод хүрээнд ердөө хоёрхон шавь байдаг.
Нэг нь Сюй эгч. Нөгөө нь яг одоо Шангуань Сюгийн хажууд зогсож буй мөнгөлөг дээлтэй эр.
Сюй эгч Үхэшгүйсийн Агуйгаа Мэн Хаод түр өгсөн нь бусдад хангалттай сүрдүүлэг болжээ. Иймээс Мэн Хао Сүнсний чулуу болон Сүнслэг Эрчим Нягтруулах Үрлээ авч, хэн ч замыг нь хаалгүй талбайгаас гарч чадлаа.
Хүмүүс бүгд араас нь ширтэнэ.
Мэн Хао хурдан алхсаар холдоход нуруу нь хүйтэн хөлсөнд норжээ. Ард нь тусах харцнууд үл үзэгдэх хутга шиг мэдрэгдэж байсан ч зай холдох тусам аажмаар сарнив.
Гурван хүж шатах хэрийн хугацаанд Мэн Хао зогсолгүй алхлаа.
Өмнөх байр руугаа буцсангүй. Харин Сюй эгчийн өгсөн цагаан хаш хавтангийн зааврыг даган Өмнөд уулыг зорив.
Уулын бэлд хүрээд Үхэшгүйсийн Агуйг оллоо.
Агуйн амны хоёр талд өндөр чулуун хавтан сүндэрлэж, уулын хана болон эргэн тойрон ногоон мөчир, ороонго ургамлаар бүрхэгдсэн байв. Өмнөх хоёр байртай нь харьцуулахын аргагүй, огт өөр газар ажээ.
Эргэн тойрон нам гүм, өтгөн ногоон. Холгүйхэн уулын булаг урсана. Сэрүүн салхи халууныг үргээж, цэвэр агаараар орчныг дүүргэнэ.
Мэн Хао Үхэшгүйсийн Агуйн үүдэнд зогсон сэтгэл хангалуун инээмсэглэв.
Одоо л ийм агуй ямар үнэ цэнтэйг үнэхээр ойлголоо. Жирийн байрнаас хавьгүй дээр юм. Сюй эгч түүнд энэ газрыг өгсөн гэхэд Гадна хүрээний шавь нар яагаад тийм атаархаж байсныг гайхах зүйлгүй.
— Энэ чинь жинхэнэ мөнх настнуудын орон юм байна, — гэж Мэн Хао хэлэв.
Тэр баруун гараа дохиход цагаан хаш хавтан урагш нисэж, агуйн ногоон чулуун хаалганд наалдлаа. Зөөлөн дүнгэнэх чимээ гарч, чулуун хаалга аажмаар нээгдэв.
Үхэшгүйсийн Агуй тийм ч том биш. Ердөө хоёр өрөөтэй байлаа.
Нэг нь бясалгал хийх өрөө. Нөгөө нь чулуун хаалгаар битүүмжилжээ.
Мэн Хао дотогш ормогц гаднах ногоон чулуун хаалга ард нь аажмаар хаагдав. Хаалга бүрэн түгжигдэхэд цагаан хаш хавтан өөрөө салан нисэж, Мэн Хаогийн гар дээр буулаа.
Тэр мөчид барзгар чулуун таазнаас намуухан гэрэл цацарч эхлэв.
Харах тусам Мэн Хао улам сэтгэл ханана.
Эцэст нь харц нь битүү чулуун хаалган дээр тогтов.
Хэсэг бодсоноо хаш хавтанг хаалган дээр хүргэхэд чулуун хаалга аажмаар нээгдлээ.
Тэр даруй өтгөн сүнслэг эрчмийн анхилуун урсгал дотроос нь цутган гарч ирэв.
Мэн Хао нүдээ томруулан чулуун өрөө рүү харлаа.
— Сюй эгчийн Үхэшгүйсийн Агуй... энэ бэлэг арай дэндүү үнэтэй юм биш үү?
Тэр хэсэг хугацааны дараа л ухаан орж, өрөөний голд байх булгийн ам шиг зүйлийг гөлрөн ширтэв.
Тэндээс цэвэр сүнслэг эрчим өнгө алаглан гэрэлтсээр, усны уур мэт мушгиран дээш хөөрч байлаа. Хэчнээн удаан энд хуримтлагдсаныг хэлэх аргагүй. Хаалга нээгдэхтэй зэрэгцэн өтгөн эрчим гадагш асгарч, хамар аманд хүртэл таатай анхилуун мэдрэмж төрүүлэв.
Ганц амьсгаа авахад л бүх бие сэргэх шиг болно.
— Тэгэхээр энэ нь Сүнслэг Эрчмийн Булаг юм байна, — гэж Мэн Хао аяархан хэлэв.
Тэр урьд нь ийм зүйл хараагүй ч Ци Нягтруулах Номоос уншиж байжээ.
Ертөнцийн зарим булаг ус бус, сүнслэг эрчим ундаргадаг. Ийм булаг тун ховор бөгөөд ялгаруулах эрчим нь асар үнэ цэнтэй учраас ихэнхийг нь бясалгагчид эзэмшдэг аж.
Эндхийн Сүнслэг Эрчмийн Булаг харьцангуй жижиг. Хуримтлагдсан бүх эрчим нь гарч дууссаны дараа ч агуйн доторх эрчим гаднахаас үл ялиг өтгөн хэвээр үлдэнэ.
Гэхдээ Ци Нягтруулах шатны гуравдугаар түвшнээс дээш хүнд төдийлөн их тус болохгүй. Гуравдугаар түвшнээс хойш хэрэгтэй сүнслэг эрчмийн хэмжээ дэндүү ихэсдэг учраас энэ булагийн ашиг хязгаарлагдмал байв.
Харин Мэн Хаогийн хувьд бол хэмжээлшгүй үнэтэй бэлэг.
Бүр Хатмал Сүнсний Үрлээс ч илүү үнэ цэнтэй санагдав.
Үүнийг ойлгосон Мэн Хао баярласандаа бараг галзуурах шахлаа.
Тэр өөр юм бодолгүй шууд завилан сууж, нүдээ аниад амьсгалын бясалгалаа эхлүүлэв.
Хэдэн цагийн дараа агуйд хуримтлагдсан сүнслэг эрчмийн ихэнх нь шингэж дуусжээ.
Мэн Хао нүдээ нээхэд харц нь тод гялалзав.
— Энд хэдхэн цаг бясалгасан нь гадаа бүтэн сар бясалгасантай тэнцлээ. Энэ их эрчим хуримтлагдахад удаан хугацаа орсон болохоор дараагийн удаа ийм их байхгүй биз. Гэхдээ энд бясалгавал гадна байснаас хавьгүй хурдан ахина.
Тэр санаа алдан эргэн тойрноо ажлаа.
Хананууд дээр өөрийнх нь ойлгохгүй хачирхалтай тэмдэг, зурааснууд байв.
— Сүнслэг Эрчмийн Булаг ингэж их эрчим хуримтлуулж чаддаг нь эдгээр тэмдэгтэй холбоотой байх. Сюй эгч эрчмийг энд удаан хуримтлуулаад, дараа нь нэг дор ашигладаг байсан бололтой.
Мэн Хао хэсэг бодсоноо нэг санаа олж, дахин завилан сууж амьсгалын дасгал хийв.
Шөнө хурдан өнгөрч, маргааш өглөө нар мандахад Мэн Хао нүдээ нээлээ.
Чулуун өрөөний сүнслэг эрчим маш нимгэрсэн байв. Гэхдээ Сүнслэг Эрчмийн Булаг хэвээрээ.
Хэсэг хугацаа өнгөрөхөд энд дахин эрчим хуримтлагдана гэдэг нь тодорхой.
Мэн Хао бясалгалын түвшнээ дотроо мэдэрч үзэв.
Ердөө нэг шөнийн дотор бараг хоёр сарын бясалгалтай тэнцэх ахиц гаргасан мэт байлаа.
— Ийм маягаар дахиад хэдхэн удаа бясалгаж чадвал Ци Нягтруулах шатны нэгдүгээр түвшнийг нэвтлээд хоёрдугаар түвшинд орж чадна!
Тэр догдлон гүн амьсгаа авав.
Хоёрдугаар түвшинд аль болох хурдан хүрэхийг үнэхээр хүсэж байлаа. Учир нь Ци Нягтруулах Номд бичсэнээр хоёрдугаар түвшинд хүрсний дараа л анхны мөнх настны шидийг ашиглаж сурч болно.
мөнх настны шидийг бодоод Мэн Хао чулуун өрөөнөөс гарлаа.
Чулуун хаалгыг үнэт эрдэнэ мэт нандигнан хаагаад, Сюй эгчийн аргыг дуурайхаар шийдэв. Булгийн хажууд өдөржин суух хэрэггүй. Хэсэг хугацаанд эрчим хуримтлагдсаны дараа эргэж ирээд нэг дор шингээж авна.
Үхэшгүйсийн Агуйд сууж байтал гэдэс нь хонхолзов.
Сүүлийн хэдэн өдрийг бодоод туранхай гэдэс рүүгээ харвал сүүлийн үед зэрлэг амьтны мах бараг идээгүйгээ саналаа. Зэрлэг жимс ч идсэнгүй.
Гадна хүрээний шавь болсноос хойш зарц байх үеийнх шиг их хоол идэхээ больжээ.
Сүнсний чулуу хангалттай байвал Урсгалын Үрлийн Урланд аваачиж Өл Дарах Үрэл эсвэл Дуршил Дарах Үрлээр сольж болдог. Тийм үрлээс нэг дусал төдий хэрэглэвэл хэдэн өдөр өлсөхгүй явж чадна гэдэг.
Харин тийм зүйлгүй хүн хоол олох гэж цаг үрэхээс өөр аргагүй.
Хэсэг бодсоны эцэст Мэн Хао гадагш гарахаар шийдэв.
Сэрүүн салхи ой дундуур үлээж, навчис сэрчигнэнэ.
Алхах зуураа Мэн Хао дадсан ёсоороо орон зайн уутнаасаа зэс толийг гаргаж ирэв.
Одоо бол Эрдэнэсийн Асрын өнөөх ах өөрийг нь хуурсан гэдэгт бараг бүрэн итгэчихсэн байлаа.
Энэ толинд ямар ч ер бусын шинж алга.
Хагас сар гаруй өдөр бүр шинжилсэн ч өчүүхэн төдий нууц олж чадсангүй.
— Харамсалтай нь орон зайн уутанд хагас Сүнсний чулуу л байна. Толийг өөр зүйлээр солиулахын тулд өнөөх хүнд хүртэл хахууль болгож өгөх хэрэг гарах байх даа.
Мэн Хао гонсойсон янзтай гараа орон зайн уут руу хийж, Сүнсний чулуугаа гаргаж авах гэж байв.
Гэтэл гэнэт хөдөлгөөнөө зогсоож, толгой өргөн ой руу харлаа.
Холгүйхэн өнгөт зүйл гялсхийв. Тийм ч хурдан хөдөлсөнгүй.
Мэн Хаогийн нүд гэрэлтлээ.
Сүүлийн хэдэн сард зэрлэг тахиа барьж сурсан туршлагаараа тэр юу болохыг шууд танив.
Зэрлэг тахиа.
Зэс толь, Сүнсний чулуу хоёроо орон зайн уутанд буцааж хийх завгүй тул шууд өвөртөө шургуулж, урагш үсрэв.
Бие дотор нь сүнслэг эрчим бий болсноос хойш Мэн Хао урьдынхаасаа хавьгүй шаламгай болжээ.
Бие нь туранхай хэвээр ч хэрэгтэй үед гэнэт хүч гаргаж чадна.
Ялангуяа Ци Нягтруулах шатны нэгдүгээр түвшинд хүрснээс хойш ганц үсрэхэд л их зайг туулдаг болсон байв.
Арван амьсгаа ч өнгөрөөгүй байхад цочсон зэрлэг тахиаг гүйцэж, хоёр далавчнаас нь чанга атгалаа.
— Махлаг хүү одоо яаж байгаа бол доо?
Тахиагаа өргөх зуураа тэр махлаг хүүг санав.
“Очоод хамт шарж идэж болох юм.”
Эргэх гэж байтал өвөр доторх нэг зүйл гэнэт халж эхлэхийг мэдэрлээ.
Хэдхэн хормын дараа саяхан хүртэл номхон байсан тахиа галзуурсан мэт тийчилж, өрөвдөлтэй чангаар чарлав.
Тийм хүчтэй тэмцэлдсэн тул Мэн Хао бараг алдах шахжээ.
Тахиа улам хүчтэй тийчилж, чих зүсэм аймшигтай дуугаар орилсоор байлаа.
Гэнэт тасхийх чимээ гарч, бөгсөн хэсэг нь дэлбэрэн цус, мах үсчив.
Бүх зүйл дэндүү гэнэт болов.
Мэн Хао хөшчихсөн мэт зогслоо.
Ууланд ирснээс хойш олон зэрлэг тахиа барьсан. Гэхдээ ийм зүйл амьдралдаа анх удаа харж байна.
Тэр үхсэн тахианы дэлбэрсэн ар хэсгийг балмагдан харснаа эргэн тойрноо ажив.
Чимээ аниргүй. Хэний ч бараа алга.
— Сая юу болов оо?
Мэн Хаогийн бие арзайв.
Зэрлэг тахиа үнэхээр аймшигтай үхжээ. Тэр хэсэг нь дэлбэртлээ ямар их өвдсөн бол гэж бодохоос хүртэл эвгүй.
Мэн Хао гүн амьсгаа авч, сэтгэлийн түгшүүрээ дарахыг оролдов.
Тахианы үхэл хэтэрхий хачин, хэтэрхий аймшигтай. Нуруугаар нь хүйтэн салхи үлээх шиг болов.
— Нэг л биш байна.
Тэр үхсэн тахиаг хаяад өвөрөөсөө зэс толь, Сүнсний чулуу хоёроо гаргав.
Сая хачин явдал болохын өмнөхөн өвөр доторх нэг зүйл халсныг саналаа.
— Сүнсний чулуу байсан юм болов уу...?
Гэвч дараагийн мөчид харц нь зэс толин дээр тогтов.
Зүрх нь улам хүчтэй цохилж, нүдэнд нь хурц гэрэл аслаа.
— Байж болохгүй... тэгэхээр...
Толийг атгасан гар нь хүртэл чичирч эхлэв.
Махлаг хүү дээр очиж хооллох тухай бодох зав алга.
Зэс толийг чанга атгаад ой дундуур хамаг хурдаараа гүйж, өөр зэрлэг амьтан хайлаа.
Зэрлэг тахиаг алсан зүйл үнэхээр энэ толь мөн эсэхийг заавал мэдэх хэрэгтэй.
Удалгүй яг урд нь нэг зэрлэг буга гарч ирэв.
Буга эхлээд Мэн Хао руу мангардуу харснаа дараа нь ууртай янзтай хөлөө товшив.
Мэн Хао шууд зэс толийг түүн рүү харууллаа.
Бугын төрх тэр дороо өөрчлөгдөв.
Тэр үсрэн зугтахдаа зүрх шимшрэм өрөвдөлтэй дуу гаргалаа. Сонссон хүн бүр ямар их шаналж байгааг нь төсөөлөхөөр дуу.
Буга агаарт үсрэхэд Мэн Хао хажуу биеийг нь тод харж байв.
Газарт бууж ч амжаагүй байхад бөгсөн хэсэг нь тасхийн дэлбэрч, бүх бие нь татвалзсаар газар унав.
Мэн Хао үхсэн бугыг харснаа гар дахь зэс толиндоо дахин харав.
Нүүрэнд нь урьд өмнө байгаагүй их догдлол тодорлоо.
— Эрдэнэ! Энэ чинь жинхэнэ эрдэнэ байна!
Түүний нүд гэрэлтэнэ.
— Ямар хачин эрдэнэ вэ. Зэрлэг амьтдын бөгсийг дэлбэлдэг толь гэж...
Яагаад ийм нөлөө үзүүлдгийг огт ойлгоогүй ч Мэн Хао асар их догдолж байлаа.
Шалтгаан нь юу ч байсан хамаагүй. Одоо түүнд энэ толийг дахиад хэдэн амьтан дээр туршиж үзэх тэсэхийн аргагүй хүсэл төржээ.