— Шангуань ахмад багштан өөрөө үрэл тарааж байгаа юм байна. Дээрээс нь Дотоод хүрээний Сюй эгч, Чэнь ах хоёр хүртэл иржээ. Ийм юм тэр бүр тохиолддоггүй. Өнөөдөр Тусгай үрэл олголт болох юм биш биз?
— Тэгэх л байх. Хар даа, Хань Зүн ах хүртэл ирчихэж. Тэр Гадна хүрээний хоёрдугаарт эрэмбэлэгддэг шавь. Бясалгалын түвшин нь Ци Нягтруулах шатны тавдугаар түвшинд хүрсэн. Долоодугаар түвшинд хүрчихвэл шууд Дотоод хүрээний шавь болно. Харамсалтай нь Ван Тэнфэй ах алга.
— Ван Тэнфэй ахын чадварыг бодвол энэ хэдэн үрлийг тоохгүй биз. Урсгалд элссэн жилээ ахлагчдын дунд асар их шуугиан тарьсан хүн шүү дээ. Урсгалын ёсыг зөрчихийг хүсэхгүй болохоор өөрийн хүчээр Дотоод хүрээнд орох гэж байгаа байх. Тэгвэл манай Дотоод хүрээ гурав дахь шавьтай болно.
— Хэхэ, одоо л сонирхолтой болно доо. Тусгай үрэл олголтын үед үрэл хорин дөрвөн цагийн турш лацтай байдаг. Хоёр цаг тутам гэрэлтэнэ. Булаах гэсэн хүн байршлыг нь амархан олно. Үрлийг аваад зугтлаа ч хорин дөрвөн цаг дуустал нууж чадахгүй.
Мэн Хао эргэн тойрны яриаг чимээгүй сонсов.
Ийм олголтод анх удаа оролцож байгаа ч үрэл тараах бүрд зодоон болдгийг мэддэг болсон байлаа. Гадна хүрээнд ирээд хагас сар болохдоо олон тулаан, бүр хэд хэдэн үхлийг ч нүдээр үзсэн.
Хэрэв өнөөдөр үнэхээр Тусгай үрэл олголт болбол тэмцэл бүр ч ширүүн болох нь ойлгомжтой.
Мэн Хао дуугүй зогсоно. Өөрөө Ци Нягтруулах шатны нэгдүгээр түвшинд байгаа болохоор тэр тусгай үрэл өөрт нь ирнэ гэж огт төсөөлсөнгүй.
Эргэн тойрны шунахай царайг харах тусам “хүчтэний өмнө сул дорой нь сөхөрнө” гэдэг үгийн утгыг улам гүн ойлгож байлаа.
— Чимээгүй! — гэж алтан дээлтэй өвгөн хэлэв.
Тавцан дээрээс хүйтэн дуугаар хэлсэн ч чанга хашхираагүй. Гэсэн атлаа дуу нь аянгын нүргээн мэт талбай даяар цуурайлав.
Доор зогссон бясалгагчдын сэтгэл доргив. Чих нь дүнгэнэж эхэллээ. Мэн Хао бүр хамгийн их цочирч, хэсэг хугацааны дараа л ухаан санаагаа төвлөрүүлж чадсан юм.
— Намайг Шангуань Сю гэдэг. Өнөөдөр энд ирсэн хүн бүр нэг Сүнслэг Эрчим Нягтруулах Үрэл, хагас Сүнсний чулуу авна.
Шангуань Сю баруун гараа сэгсрэхэд хэдэн зуун үрэл, Сүнсний чулуу тал бүр рүү нисэв. Тэд яг эзнийхээ өмнө ирэн тогтлоо.
Мэн Хао өмнө нь хөвөх үрэл болон Сүнсний чулууг ширтэв. Үрлээс сэтгэл мансуурам анхилуун үнэр ханхална. Энэ бол түүний амьдралдаа анх удаа жинхэнэ үрэл, Сүнсний чулуу харж буй нь.
Сүнсний чулуу хурууны хумсны дайтай жижигхэн, бараг тунгалаг бөгөөд гялалзан гэрэлтэнэ. Зүгээр ширтэхэд хүртэл хүний сэтгэлийг татах увдистай мэт.
Мэн Хаогийн зүрх хурдан цохиллоо.
“Энэ хоёр зүйл нийлээд л хэдэн мянган алт хүрэх байх.”
Тэр эргэлзэлгүй гараа сунгаж үрлийг авлаа. Шууд амандаа хийгээд залгих гэж байтал эргэн тойрны хэн ч тэгэхгүй байгааг анзаарав.
Дотор нь зарсхийж, гар дахь үрлээ дахин ажлаа. Үрэл бүдэгхэн гэрэлтэж, гадуураа хачин лацтай байв.
Мэн Хао үрлээ ширтэж байтал Шангуань Сюгийн дуу дахин тавцангаас цуурайтав.
— Мөн... нэг Хатмал Сүнсний Үрэл бий.
Түүний гар дээр нил ягаан өнгийн үрэл гарч ирлээ.
Үрэл үзэгдэх төдийд талбай даяар гайхам анхилуун үнэр тархав. Мэн Хао ганц амьсгалахад л бие дэх сүнслэг эрчим нь өчүүхэн ч гэсэн нэмэгдсэн мэт санагдлаа.
Энэ жирийн үрэл биш нь тодорхой.
— Тэр чинь... Хатмал Сүнсний Үрэл!
— Ци Нягтруулах шатны тавдугаар түвшнээс доош хүнд хэмжээлшгүй үнэтэй эд шүү дээ! Урсгалд өөрт нь ч олон байдаггүй байлгүй!
— Тэр үрэл тараагдвал Гадна хүрээ цусанд умбах нь дээ. Хэчнээн хүн үхэх бол?
Олон түмэн шуугилдан, Шангуань Сюгийн гар дахь гэрэлт үрлийг шунахайран ширтэнэ. Ялангуяа дараагийн түвшинд дэвшихийн ирмэг дээр байгаа шавь нарын амьсгаа хүртэл хүндэрчээ.
— Уг нь өнөөдөр Хатмал Сүнсний Үрэл тараахааргүй байсан, — гэж Шангуань Сю хэлэв. — Гэхдээ энэ сард нэг зарц Гадна хүрээнд дэвшсэн гэж сонслоо. Энэ бол баярлууштай хэрэг. Сар бүр ингэж нэг хүн дэвшиж байвал Түшиг Урсгал маань удахгүй дахин мандан бадарна. Тиймээс тэр шавийг урамшуулахын тулд энэ үрлийг өгье.
Шангуань Сю инээмсэглэн, гялалзсан харцаараа олныг нэгжсээр Мэн Хао дээр тогтов.
Мэн Хаогийн зүрх хүчтэй дэлсэж эхлэв.
Шангуань Сюгийн ярианы эхний хагасыг сонсоод л таагүй мэдрэмж төрсөн ч юм бодож амжсангүй. Өвгөн баруун гараа дохиход нил ягаан үрэл нисэн ирж, татгалзах зав ч өгөлгүй Мэн Хаогийн алган дээр буулаа.
Ингээд Мэн Хао Түшиг Урсгалд орсон цагаасаа хойш урьд өмнө тохиолдож байгаагүй байдлаар олны анхаарлын төвд орлоо.
Талбайн бүх хүний харц түүн дээр буув.
Тэдний нүдэнд шунал, харгислал дүрэлзэнэ. Яг л Мэн Хаог амьдаар нь тасчин хуваах гэж байгаа мэт.
Шангуань Сюгийн хажууд зогссон мөнгөлөг дээлтэй эр, эм хоёр ч түүн рүү ширтэж байв. Эмэгтэйн нүүрэнд агшин зуур гайхсан өнгө тодорсон ч тэр даруй хүйтэн төрхөөрөө халхлав.
— Хаха! Ци Нягтруулах шатны нэгдүгээр түвшний шавь тэр үрлийг авчихлаа. Энэ удаа ёстой зодоон болно доо. Энэ нөхөр бүгдийн дайсан боллоо гэсэн үг.
— Өнгөрчээ. Өнгөрсөн удаагийн Тусгай үрэл олголтоор үрэл авсан хүн Ци Нягтруулах шатны хоёрдугаар түвшинд байсан. Хэдхэн хором эргэлзсэнийх нь төлөө Жао Үган ах уурлан Нийтийн бүс рүү чирч аваачаад толгойг нь тасалчихсан шүү дээ.
Талбай даяар шивнээ, яриа улам хүчтэй болов.
Ци Нягтруулах шатны хоёр, гуравдугаар түвшний олон шавь аюултайг нь мэдэж байсан ч шуналдаа автжээ. Үрэл авсан хүний бясалгалын түвшин дэндүү сул болохоор өөрсдөө булааж авч чадна гэж бодсон хэрэг.
Мэн Хаогийн бүх бие хүйтэн хөлсөнд дарагдав.
Тэр үрлийг хаях гэж оролдсон ч алган дээр нь наалдчихсан мэт огт салсангүй.
Эргэн тойронд шунахай харцнууд хүйтнээр гялалзаж, үхлийн сүүдэр өөрийг нь бүрхэж эхэлсэн мэт санагдав. Зарим хүн бүр алуурчин төрхтэйгээр түүн рүү аажуухан ойртож эхэллээ.
— Дүү шавь аа, тэр үрлээ над руу шидчих. Үгүй бол нүдэж өгнө шүү.
— Надад өгөхгүй бол ирэх жилийн энэ өдөр чиний нас барсны ой болно доо.
Тал бүрээс ирэх сүрдүүлэг хүйтэн салхи шиг Мэн Хаог нөмрөв.
Яг тэр үед ойролцоох нэгэн уулын оргил дээр хоёр өвгөн завилан сууж, Гадна хүрээний талбайд болж буй явдлыг инээмсэглэн ажиглаж байлаа.
— Шангуань багш ер нь юм боддоггүй хүн шүү. Урсгалд дөнгөж орсон жаалд тийм үрэл өгчих гэж. Энэ хүүхэд дууслаа. Манай Түшиг Урсгал бас нэг шавиар цөөрөх нь дээ.
— Энэ удаагийн булаалдаан ч сонирхолгүй болох нь. Талбайг тусгаарласан манан алга болмогц өнөөх жаал үрлээ шууд шидчихнэ гэдэгт мөрийцсөн ч болно.
Хоёр дахь өвгөн үгээ дуусгамагц талбайг хүрээлсэн луу сийлбэртэй есөн чулуун баганын өнгөт гэрэл бүдгэрч эхлэв.
Харахад арван амьсгаа хүрэхгүй хугацааны дараа бүрэн өнгөө алдах шинжтэй. Тэр үед талбайг тусгаарласан манан ч арилна.
Мэн Хаогийн зүрх дэлсэж байлаа.
Багануудын гэрэл унтармагц юу болохыг хэн ч түүнд тайлбарлах шаардлагагүй. Талбай тэр дороо галзуурсан тулааны талбар болно.
Үрлээ шидчихсэн ч зарим хүн түүнийг үзэн ядах нь гарцаагүй.
— Яагаад... яагаад заавал надад өгч байгаа юм бэ? — гэж Мэн Хао хөлсөө урсган бувтнав.
Түүний тархи асар хурдтай ажиллаж эхэллээ.
Үрлээ авч үлдвэл үхнэ. Шидчихвэл бас хүмүүсийн хорсолд өртөнө.
Гурван жил ном үзэж олсон бүх ухаанаа шавхан, бүдгэрч буй өнгөт гэрэл, дараа нь үүлэн дунд тавцан дээрээс явах гэж буй Шангуань Сю руу харлаа.
Яг энэ эгзэгтэй мөчид Мэн Хаогийн толгойд гэнэт нэг санаа харвав.
Тэр урагш нэг алхаж:
— Шавьд хэлэх зүйл байна! — гэж чангаар хэллээ.
— Түшиг Урсгалд ирж, мөнх настнуудын дунд амьдрах гайхамшгийг үзсэн нь шавийн хувьд хэмжээлшгүй хувь ерөөл. Энэ боломжийг надад өгсөн нэг хүнд би чин сэтгэлээсээ талархахыг хүсдэг.
— Түүнтэй дахин уулзаж, биечлэн талархах өдрийг шавь өдөр шөнөгүй хүлээсэн. Өнөөдөр эцэст нь тэр боломж гарлаа.
Мэн Хао улам хурдан ярьж эхлэхэд явах гэж байсан Шангуань Сю хүртэл гайхан зогсов.
— Тэр хүн бол Сюй эгч. Сюй эгч ээ, дүү шавь таны ачийг үнэхээр их санаж явдаг ч хариу барих боломж надад байхгүй. Надад шинэ амьдрал эхлүүлэх боломж өгсний тань хариуд энэ үрлийг танд өргөн барья.
Мэн Хао баруун гараа өндөрт өргөж, нил ягаан үрлийг алган дээрээ ил гаргав.
Шангуань Сю ам ангайн ширтлээ. Мэн Хао ийм үг хэлнэ гэж тэр огт төсөөлөөгүй бололтой. Удалгүй нүүрэнд нь хачирхалтай инээмсэглэл тодров.
Хажууд нь мөнгөлөг дээлтэй зогсох Сюй эгч ч гайхан харлаа. Тэр хүйтэн, хөндий төрхөө хадгалсан ч харцанд нь өчүүхэн өөрчлөлт оржээ.
Түүний бясалгал Ци Нягтруулах шатны долоодугаар түвшинд хүрсэн тул Хатмал Сүнсний Үрэл өөрт нь төдийлөн тус болохгүй. Гэсэн ч ийм үрэл ховор, Дотоод хүрээний шавь түүнд хүртэл амархан олдох эд биш.
Хэрэв энэ үрлийг өөр хэдэн үрэлтэй нэгтгэн боловсруулбал жирийн таван үрэлтэй тэнцэх үнэ цэнтэй шинэ үрэл гаргаж чадна. Тиймээс Сюй эгчийн сэтгэл өөрийн эрхгүй хөдөлжээ.
Яг тэр мөчид хүйтэн төрхтэй мөнгөлөг дээлт эр хүртэл доош Мэн Хао руу харлаа.
Талбай нам гүм болов.
Мэн Хао руу ойртож байсан бясалгагчид хүртэл байрандаа зог тусч, хачин царайлан түүн рүү ширтэнэ.
Хэдхэн хормын нам гүмийн дараа талбай бүхэлдээ шуугилдав.
— Ингэж болдог юм уу...?
— Бүх хүний өмнө үрлээ Дотоод хүрээний шавьд өгчихлөө. Одоо хэн булааж зүрхлэх юм? Булаавал Дотоод хүрээтэй шууд дайсагнасан хэрэг болно шүү дээ!
— Ямар энгийн арга вэ! Би яагаад урьд нь ингэж бодоогүй юм бэ? Хараал ид!
— Нээрээ шүү! Тэр удаа би яагаад үүнийг бодоогүй юм бол? Зодуулаад гурван сар орноосоо босож чадаагүй шүү дээ!
Мэн Хаог ширтсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл янз бүр байв.
Урьд цагт ийм зүйл болж байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Харин энд байгаа бясалгагчдаас хэн нь ч тусгай үрэлтэй ингэж харьцсан хүнийг урьд нь харж байгаагүй.
Энэ мөчөөс Мэн Хаогийн дүр төрх тэдний ой ухаанд гүн сууж үлдлээ.
Тэр үед луу сийлсэн чулуун багануудын өнгө бүрэн арилжээ.
Үрэл Мэн Хаогийн сунгасан алган дээр хэвээр байсан ч хэн ч хөдөлсөнгүй.
Түшиг Урсгалд ийм дүр зураг үнэхээр ховор.
Сюй эгчийн царай буцаад тайван болов. Тэр эргэлзэлгүй баруун гараа дохиход нил ягаан үрэл Мэн Хаогийн алганаас нисэн гарч, түүний гарт очлоо.
Үрэл холдохыг хараад Мэн Хао дотроо урт амьсгаа авав. Одоогийн хүчээрээ тэр үрлийг авч үлдвэл ашиг бус гай л дагуулах байсныг мэдэж байлаа.
Эргэн тойрны хүмүүс ч бас харамсан санаа алдаж, Мэн Хаод уурлаж байв. Гэвч Сюй эгчийг бодох төдийд тэр уур нь шууд намдана.
Сюй эгч хэсэг эргэлзэв.
Өөрөө Дотоод хүрээний шавь байж Гадна хүрээний шавиас ийм үнэтэй зүйл аваад хариуд нь юу ч өгөхгүй байх нь зохимжгүй.
Тэр хэсэг дуугүй байснаа:
— Олон жилийн өмнө би Гадна хүрээнд байхдаа нэг Үхэшгүйсийн Агуй хүртэж байсан. Тэр агуйг чамд амьдрахаар түр өгье, — гэв.
Тэгээд орон зайн уутаасаа цагаан хаш хавтан гаргаж, Мэн Хао руу шидэв. Мэн Хао агаарт барьж авлаа.
— Сюй эгчийн Үхэшгүйсийн Агуй гэнэ ээ... Энэ нөхөр үнэхээр азтай юм. Тэндхийн сүнслэг эрчим урсгалын бусад газраас хавьгүй өтгөн гэдэг.
— Сюй эгч “түр өгье” гэж хэлсэн ч үнэндээ бүр өгчихөж байгаа юм. Хүмүүс элдвээр бодохоос сэргийлээд л тэгж хэллээ. Энэ жаал үрлээ өгсөн нь зөв болж дээ.
— Хараал ид, би тэр үед яагаад ингэж бодоогүй юм бол доо!
Тэр үед Гадна хүрээний гаднах уулын оргил дээр өмнө нь ярилцаж байсан саарал дээлтэй хоёр өвгөн сууна.
Хоёул өндөр сүрлэг биетэй, нүдэнд нь магтаалын гэрэл гялалзаж байв. Тэд чангаар инээлдлээ.
— Энэ хүү сонирхолтой юм. Урсгалд дөнгөж орчихоод л түшиж тулах хүнээ олох хэрэгтэйг ойлгожээ. Төрөлхийн зөнтэй юм биш биз дээ... Сайн байна. Үнэхээр сайн!
— Түшиг Урсгалын жинхэнэ утгыг ойлгожээ. Энэ хүү муугүй юм. Үнэхээр муугүй!
Тайлбар:
1. Han Zong — 韩宗 (Hán Zōng): “Хань” нь түгээмэл овог. “Зүн” ханз нь “урсгал”, “шашин” гэсэн утга илэрхийлж болно.
2. Wang Tengfei — 王腾飞 (Wáng Téngfēi): “Ван” нь түгээмэл овог. “Тэнфэй” нь “дээш хөөрөх”, “дүүлэн нисэх” гэсэн утгатай.
3. Shangguan Xiu — 上官修 (Shàngguān Xiū): “Шангуань” нь харьцангуй ховор овог. “Сю” ханз нь “бясалгал”, “бясалгагч” зэрэг үгэнд ордог ханзтай ижил.
4. Zhao Wugang — 赵武刚 (Zhào Wǔgāng): “Жао” нь түгээмэл овог. “Ү” нь “тулаан”, “цэрэг” гэсэн утгатай; “Ган” нь “хүчтэй”, “хатуу” зэрэг олон утгатай.