“Тэнд байгаа барилга бол над шиг Гадаад ордын шавь нарын хоолны газар. Дотоод ордын шавь нар тусдаа барилгад хооллодог юм” гэж Мө Жоу Нисдэг Сэлмийн Бүлгэмээр Юүаныг дагуулан явах зуураа тайлбарлав.
“Мм. Мм” гэж Юүан догдлон толгой дохив.
“Тэр тэнд байгаа задгай талбайг харж байна уу? Шавь нар долоо хоногт нэг удаа Бүлгэмийн Ахлагч нараас хичээл сонсохоор тэнд очдог.”
“Тэр өндөр барилга бол шавь нар сэлэмний техникээ сайжруулахын тулд бэлтгэл хийдэг газар” гэж Мө Жоу алсад харагдах суваргыг заан хэлэв.
“Ямар өвөрмөц хэлбэртэй барилга вэ...” гэж Юүан дотроо тэр уран тансаг цамхгийг бишрэв.
Тэгээд тэр Мө Жоугаас,
“Би дотогш нь орж, ойроос харж болох уу?” гэж асуув.
Мө Жоу уучлалт гуйсан байдалтай хурдхан толгой сэгсрэв.
“Уучлаарай, Бясалгагч Юүан, гэвч зочдыг дээвэртэй ямар ч барилга руу оруулахыг зөвшөөрдөггүй юм...”
“Пф. Ямар муухай газар вэ. Бүх юмыг хаачихаад шинэ шавь нарыг яаж татах юм?” гэж Юүан өрөвдсөн байдалтай толгой сэгсрэв.
“Өө...” Мө Жоу түүний мэдлэггүй үгийг хэрхэн няцаахаа мэдсэнгүй. Тиймээс эвгүйхэн инээмсэглэхээс өөр зүйл хийж чадсангүй. Ер нь хүн элсэх эсэхээ шийдэхээсээ өмнө Бүлгэмээр ингэж аялан үздэггүй байлаа.
“Мартъя” гэж Юүан гэнэт хэлэв. “Аяллаа үргэлжлүүлье.”
Юүан энэ сэдвийг цааш нь хөндөөгүйд Мө Жоу санаа нь амрав.
“За тэгвэл би чамд Нисдэг Сэлмийн Бүлгэмийн шавь нарын хувьд энэ Бүлгэмийн хамгийн чухал зүйлд тооцогддог зүйлийг үзүүлье!”
“Өө?”
Түүний үгийг сонсоод Юүан энэ газрын талаар тэр даруй сонирхов.
Хэдэн минут алхсаны дараа тэд зэрэгцэн байрласан гурван өндөр чулуун самбарын өмнө зогсов.
Эдгээр гурван чулуун самбар яг тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд дээр нь хэдэн арван нэр сийлээстэй байв. Тэдгээр нь нас барагсдын дурсгалын самбартай төстэй харагдана. Гэхдээ бусад хоёроос ялгаатай нь голын чулуун самбар дээр цөөхөн хэдэн нэр байсан бөгөөд тэдгээрийн сийлбэр бусдаасаа хавьгүй том, тод байлаа.
“Энэ юу вэ? Нас барагсдын дурсгал уу?” гэж Юүан бодолгүй асуув.
“Юу—” Мө Жоу айсан царайгаар түүн рүү харав. Дараа нь түүний үгийг сонсох хүн байгаа эсэхийг мэдэхээр эргэн тойрноо ажиглав.
Тэнд хэн ч байхгүйг хараад Мө Жоу дахин санаа алдан санаа нь амрав.
“Бясалгагч Юүан, Бүлгэмүүдийн талаар чи ямар ч ойлголтгүйг мэдэж байна. Гэхдээ чи саяын үгээрээ зөвхөн намайг төдийгүй энэ Бүлгэмийн бүх шавийг маш ихээр доромжиллоо!”
“Юу?” гэж Юүан гайхсан царай гаргав.
“Энэ бол нас барагсдын дурсгал биш, харин бүх Бүлгэмийн эрэмбэ юм! Эдгээр гурван самбар дээрх нэр бүр Бүлгэм доторх суутныг төлөөлдөг бөгөөд тэднийг энэ Бүлгэмийн мянга мянган шавь хүндэлдэг! Хэрэв надаас өөр хүн чиний үгийг сонссон бол сэлмээ сугалан чам руу дайрах байсан. Учир нь тэр хүмүүс энэ эрэмбэд орохын төлөө хөлс, цусаа урсгасан юм!”
“Т-Тийм юм уу? Би огт мэдсэнгүй. Гэхдээ бүдүүлэг үг хэлсэндээ уучлалт гуйя... Уучлаарай” гэж Юүан гэмшсэн өнгөөр хэлэв.
Түүний чин сэтгэлийн уучлалыг харсан Мө Жоу зөвшөөрсөн мэт инээмсэглэн толгой дохив.
“Зүгээр ээ. Чамайг санаатай хэлээгүйг би мэдэж байна.”
Тэр дахин гурван чулуун самбар руу хараад,
“Голын самбараас бусад чулуун самбар тус бүр дээр дөчин таван нэр бий. Харин голын самбар дээр ердөө арван нэр байгаа. Нийтдээ зуун нэр гэсэн үг.”
“Эдгээр зуун нэр бол Бүлгэмийн Ахлагч нар болон Бүлгэмийн Тэргүүнийг оруулаагүйгээр Нисдэг Сэлмийн Бүлгэмийн хамгийн хүчирхэг шавь нарын нэрс юм. Тэд бүгд Бүлгэмийн бүрэн дэмжлэгийг авдаг бөгөөд Бүлгэмээс өгдөг бараг хязгааргүй нөөцийг ашиглах боломжтой. Аан... бас голын чулуун самбар дээрх хүн бүр ‘Гол шавь’ гэсэн цолтой байдаг.”
Мө Жоугийн нүд гурван чулуун самбарыг ширтэхдээ бишрэлээр гялалзав. Ялангуяа голын самбар руу харах үедээ тэр бүр уяран автсан мэт байлаа.
“Энэ Бүлгэмийн бүх шавь, тэр дундаа би ч гэсэн өөрсдийн нэрийг чулуун самбар дээр сийлүүлэхийг хүсдэг.”
Мө Жоу үгээ дуусмагц гурав дахь чулуун самбарын хамгийн доод талд байсан нэр алга болов. Хэдхэн секундын дараа яг тэр газарт өөр нэг нэр сийлэгдэн гарч ирэв.
Үүнийг харсан Мө Жоугийн нүд догдлон гялалзав.
“Хар! Хэн нэгэн сая зуу дахь нэрийг сольчихлоо!”
“Өө? Самбар дээр сийлэгдсэн нэрс өөрсдөө яаж солигдчихов? Тэднийг сийлсэн биш гэж үү?” гэж Юүан болсон явдлаас илүүтэй тэр үзэгдлийг сонирхон асуув.
—
Юүан чулуун самбарыг хэсэг ширтсэнийхээ дараа гэнэт ‘Рэн Фүчен’ гэсэн нэрийг олж харав.
Тэр эхний чулуун самбарыг заан Мө Жоугаас сониучирхан асуув.
“Хөөе, тэр Рэн Фүчен... чиний гомдоосон Рэн мөн үү?”
Юүан Рэн Фүчэний нэрийг дурдахад Мө Жоугийн царай илт цайв.
Дараа нь тэр гундуухан толгой дохиж, Юүаны асуултыг батлав.
“Түүний нэр... арван дөрөвдүгээрт байна. Тэр энэ газрын арван дөрөв дэх хүчирхэг шавь гэсэн үг үү?”
Мө Жоу дахин толгой дохисон ч энэ удаа бүр ч удаан байлаа.
“Чиний сэтгэлээ илчилж байсан охин бас энэ эрэмбэд байгаа юу?”
Түүний асуултыг сонсоод Мө Жоу голын чулуун самбар дээр сийлээстэй хамгийн доод нэрийг чимээгүйхэн заав.
“Шинг Айин... аравдугаарт эрэмбэлэгджээ...” гэж Юүан хэлээд гайхсан харцаар Мө Жоу руу эргэв. “Чи чинь нэр нь эрэмбэд бичигдсэн хүнтэй, тэр тусмаа голын самбарт бичигдсэн хүнтэй хүртэл сэтгэлээ илчилсэн юм уу? Ямар зоригтой, тэмүүлэлтэй юм бэ!”
“...”
Юүаны бишрэл, магтаалаар дүүрэн мэт үгэнд Мө Жоу гашуунаар инээмсэглэхээс өөр зүйл хийж чадсангүй.
“Ямартай ч чам шиг зочны хувьд үзэх юм гэвэл ердөө л энэ байна даа” гэж Мө Жоу хэлэв.
“Одоо би энэ Галт гүрвэлийн мангасын цөмийг Рэн ахмад ахад өгөх хэрэгтэй...” гэж Мө Жоу гутран санаа алдав.
“Чи заавал түүнд өгөх ёстой юм уу? Чи буруу зүйл хийгээгүй шүү дээ. Тиймээс түүний утгагүй үгийг дагах ямар ч шалтгаан байхгүй” гэж Юүан хэлэв.
Мө Жоу толгой сэгсрээд,
“Бясалгагч Юүан, чи ойлгохгүй байна. Энэ бол хүчтэй нь дүрмийг тогтоож, сул дорой нь тэдгээр дүрмийг дагадаг ертөнц. Тэр дүрмүүд нь учир утгагүй, дэмий байсан ч гэсэн адилхан.”
“Тэгвэл ийм дүрмийг дагадаг хүн л тэнэг байна гэсэн үг” гэж Юүан мөрөө хавчив. “Энд ойлгохгүй байгаа хүн нь чи өөрөө.”
“Т-Тэнэг гэнэ ээ?” гэж Мө Жоу өөрөө ч мэдэлгүй энэ ертөнцийн бүх хүнийг тэнэг гэж нэрлэчихсэн Юүан руу хачин харцаар харав.
“Тэр Рэнтэй уулзахаар чамтай хамт явбал яасан юм?” гэж Юүан гэнэт хэлээд Мө Жоуг алмайруулав.
“Зүгээр ээ” гэж Мө Жоу хэсэг хормын дараа гашуунаар инээмсэглэн хэлэв. “Энэ бол миний асуудал. Би чамайг үүнд татан оруулж болохгүй, ялангуяа чи надад аль хэдийн ийм их зүйл хийсэн байхад.”
Юүан чимээгүй болж, тайван царайгаар түүнийг харав.
“Тийм үү? Тэгвэл—”
Гэнэт алсаас чанга дуу сонсогдов.
“Хөөе, тэр чинь Шинг ахмад эгчийг эргүүлэх гэж оролдоод, чамайг гомдоосон хүүхэд биш үү?”
Юүан, Мө Жоу хоёр дуу гарсан зүг рүү эргэж харав. Алсад өөрийг нь харж буй хоёр царайлаг залууг харсан даруйд Мө Жоугийн царай цонхийв.
“А-Рэн ахмад ах! Жэн ахмад ах!”
Мө Жоугийн хөл царцмаг шиг салганаж байгааг харсан Юүан тэр хоёр хүнээс хэчнээн их айж байгааг нь ойлгов.
“Мө Жоу, муу новш минь! Намайг чамайг хайж суудаг газар чинь хүртэл явуулдаг хэн бэ?” гэж баруун талд байсан царайлаг залуу ууртайгаар Мө Жоу руу ойртон ирэхдээ хоёр гараа чанга атгав.
“Чи хаана нуугдаад байсан юм? Өнөөдөр бол надад Галт гүрвэлийн мангасын цөм авчрах сүүлчийн өдөр гэж хэлээгүй билүү, эс тэгвээс—?!”
“Надад байгаа! Би Галт гүрвэлийн мангасын цөм авчирсан! Аваарай!”
Мө Жоу дээлнийхээ халааснаас жижигхэн улаан болор гарган авч, Рэн Фүчэнд үзүүлэв.
‘Тэр жаал үнэхээр Галт гүрвэлийн мангасын цөм авч чадсан байна!’ гэж Рэн Фүчен бодов.
Болорыг харсан даруйд түүний нүд томров. Мө Жоу шиг сул дорой хүн Галт гүрвэл шиг хүчирхэг араатныг алж чадна гэж тэр бодоогүй байлаа. Гэтэл тэр араатны мангасын цөм үнэхээр түүний гарт байв.
“Чи үүнийг яаж олж авсан юм? Битгий худалдаж авсан гэж хэлээрэй?”
“Би ямар аргаар олж авсан нь хамаагүй! Чиний хүссэн зүйлийг авчирсан. Тиймээс одооноос намайг зүгээр орхи!”
“Ха ха ха!” гэж Рэн Фүчен түүний үгийг сонсоод чангаар инээв. “Чи үнэхээр тэнэг юм! Би чамайг яаж ийгээд мангасын цөм олж авсаныхаа төлөө зүгээр орхино гэж бодсон юм уу? Тэр чинь чамайг зодох шалтаг л байсан!”
“Юу?!” гэж Мө Жоу дотроо гашуунд автав. “Хэрэв би чамд Галт гүрвэлийн мангасын цөм өгвөл Шинг ахмад эгчийг эргүүлж байсныг минь мартана гэж амласан биз дээ!”
“Мэдээж би хэлсэндээ хүрч, Шинг ахмад эгчийг эргүүлж байсан чиний ичгүүртэй үйлдлийг мартана. Гэхдээ чи надад Галт гүрвэлийг өгсний дараа асуудал тэр биш болно. Чам шиг дорд хог Шинг ахмад эгчид сэтгэлтэй байна гэж яаж зүрхэлж байна! Чиний тэр сэтгэл өөрөө чамайг зодуулахад хангалттай!”
Эдгээр үгийг сонсоод Мө Жоу өөрийн эрхгүй чичирлээ. Ахмад эгчдээ хайртай байсных нь төлөө зодуулахад хангалттай гэж үү? Энэ ертөнцөд шударга ёс гэж хаана байна вэ? Гэвч тэр сул дорой, харин Рэн Фүчен бол Сонгогдогч байлаа. Энэ ертөнц дэх тэдний байр суурь дэндүү өөр байв.
“Хөөх, ямар айхтар мэдэгдэл вэ!” гэж Юүан гэнэт чангаар хэлэв. Түүний үгийг сонсоод Мө Жоугийн бие учир битүүлгээр чичрэхээ зогсоов. “Чамтай адилхан хүнд хайртай болсных нь төлөө хүнийг зоддог гэж үү? Чиний зан чанар ч гэж ёстой гаж юм байна.”
Юүан чангаар инээв. Тэр яг л инээдтэй кино үзэж байгаа мэт байлаа.
“Чи ер нь хэн юм бэ? Чи энэ Бүлгэмийн шавь биш нь тодорхой байна. Тэгээд энд яаж орж ирсэн юм?” гэж Рэн Фүчен эцэст нь хажууд нь зогсож байсан Юүан, Шиао Хүа хоёрыг анзаарав.
“Би хэн бэ гэж үү? Би түүнд тэр Галт гүрвэлийн мангасын цөмийг өгсөн хүн байна” гэж Юүан тайван царайгаар хэлэв.
“Бясалгагч Юүан!” гэж Мө Жоу том нүдээр түүн рүү харав.
“Өө? Тэгэхээр чи юм байна...” гэж Рэн Фүчен нүдээ нарийсган Юүан руу харав.
“Чи яагаад түүнд Галт гүрвэлийн мангасын цөм шиг үнэтэй зүйл өгсөн юм бэ? Тэр хариуд нь чамд юу өгсөн юм?” гэж тэр асуув.
“Тэр надад юу ч өгөөгүй, би ч түүнээс юу ч авахыг хүсээгүй. Зүгээр л түүнд өгмөөр санагдсан юм” гэж Юүан энгийн өнгөөр хариулав.
“...”
Юүан гэж хэн болохыг мэдэхгүй байсан ч Рэн Фүчен түүнээс сэрэмжилж эхлэв. Эцсийн эцэст Галт гүрвэлийн мангасын цөм шиг үнэтэй зүйлийг үнэгүй өгдөг ямар хэвийн хүн байх билээ?
“Тэгээд? Чи юу хүсэж байгаа юм?”
“Түүнийг дээрэлхэхээ больчихвол би баярлана” гэж Юүан инээмсэглэн хэлэв.
“Хэрэв би татгалзвал яах вэ?” гэж Рэн Фүчен асуув.
Тэр Юүан шиг учир битүүлэг хүнийг гомдоохыг хүсэхгүй байсан ч түүнээс айгаагүй. Тэр өөрөө Сонгогдогч төдийгүй тэд одоо Нисдэг Сэлмийн Бүлгэмийн дотор байсан тул энд түүнд тал бүрээсээ хамгаалалт байлаа.
“Мэдээж чи татгалзана...” гэж Юүан хэлээд Мө Жоу руу эргэв. “Би түүний амийг нэгэнт нэг удаа аварсан. Ахиад нэг удаа аварлаа гээд сонин зүйл болохгүй биз дээ?”
“Чи...” гэж Рэн Фүчен түүний үгэнд шууд хөмсгөө зангидлаа.
Харин Мө Жоугийн нүдэнд нулимс цийлэгнэж, Юүан руу биширсэн харцаар харан, зүрх нь талархлаар дүүрэв.