—Залуу хатагтай, энэ талаар ярилцаж болохгүй гэж үү? —хэрэв Шиао Хүатай тулалдвал түүнийг ялж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байсан Сүнслэг Мастер түрүүлж яриа өдөв. Мөн Дүгийн ах дүү хоёр Юүантай үргэлжлүүлэн тулалдвал эрт орой хэзээ нэгэн цагт түүнд ялагдаж, амиа алдах нь гарцаагүй байлаа.
Өөр арга үлдээгүй тул тэр тэдний уучлалыг гуйхаас өөр юу ч хийж чадахгүй байв. Ядаж Дүгийн ах дүү хоёрын амийг өршөөнө гэж найджээ.
Тэгээд тэр хэлэв:
—Хэлэлцээр хийвэл ямар вэ? Хэрэв та Залуу эздүүдийг энэ газраас бүтэн цэвэрхэн явуулчихвал Дүгийн гэр бүл тэдний таны Залуу эзэнд учруулсан төвөгт нөхөн төлбөр өгнө.
—Тэднийг явуулъя гэж үү? Гэхдээ тэд чинь Юүан ах руу өөрсдөө дуртайяа дайрсан шүү дээ. —гэж Шиао Хүа хайхрамжгүй царайгаар хариулав.
—Залуу эздүүд буруутай гэдгийг би үгүйсгэхгүй. Гэхдээ тэднийг алснаар та юу ч хожихгүй. Үнэндээ та нарын гарал ямар ч байсан, тэднийг албал Дүгийн гэр бүл үхлийнх нь өшөөг авахын тулд бүх хүчээ дайчилна. Дүгийн гэр бүл бүхлээрээ араас чинь хөөцөлдөхийг та хоёр хүсэхгүй нь лавтай.
—Дүгийн гэр бүл үү? Би өмнө нь тэдний талаар хэзээ ч сонсож байгаагүй. —гэж Шиао Хүа хэлэв.
—...
Сүнслэг Мастер дуугүй гацав. Дүгийн гэр бүл дэлхийн хамгийн хүчирхэг гэр бүл биш ч бясалгалын ертөнцөд нэлээд алдартай байлаа. Тэдний гэр бүлд Сүнслэг Агуу Мастерын зэрэглэлтэй хэд хэдэн хүчтэн байдаг бөгөөд хэн нэгэн тэдний гаргасан амжилтыг мэддэггүй байсан ч ядаж нэр хүндийг нь мэдэх учиртай байв.
—Түүнээс гадна, би та гурвыг бүгдийг нь алчихвал Дүгийн гэр бүл та нарыг хэн алсныг яаж мэдэх юм бэ? Та нарын нэг нь зугтаж чадлаа ч биднийг хэн гэдгийг мэдэх үү? Биднийг яаж олох юм? —гэж Шиао Хүа хүүхдийнхээ төрхтэй огт зохицохгүй хүйтэн харцаар түүнээс асуув.
Шиао Хүагийн үгийг сонссон даруйд Сүнслэг Мастерын царай цонхийв. Тэр нөхцөл байдлын ноцтойг сая л ойлголоо. Хэрэв Шиао Хүа түүнийг оролцуулаад Дүгийн ах дүү хоёрыг алчихвал Дүгийн гэр бүлд буруутныг хэн хэлж өгөх вэ? Тэд сүнстэй ярьж чаддаггүй л бол үнэнийг хэзээ ч мэдэж чадахгүй!
—Г-Гуйя, Залуу хатагтай! Өчүүхэн ийм асуудлаас болж цус урсгах ямар хэрэг байна? Эцсийн эцэст тэр хоёр бол бардам зан, омог нь толгой дээрээ гарсан дүү нар төдий! Тэдэн шиг хүмүүс хаа сайгүй бий. Таны Залуу эзэн ч өмнө нь алдаа гаргаж байсан байлгүй! —гэж Сүнслэг Мастер гуйж эхлэв. Хэрэв Шиао Хүагийн дарамт байгаагүйсэн бол тэр аль хэдийн сөхрөн мөргөх байлаа.
—Юүан ахыг тэр хоёр дээрэлхүүтэй бүү харьцуул! Хэн ч Шиао Хүатай тоглохыг хүсдэггүй байхад тэр надтай тоглодог сайхан сэтгэлтэй ах! —гэж Шиао Хүа гэнэт хашхирахад нь аллагын санаархал санамсаргүйгээр цацран гарч, Сүнслэг Мастерын амьсгалыг боогдуулав.
—Би... амьсгалж... чадахгүй... байна...! —гэж Сүнслэг Мастер багтран эхлэв.
Тэр үед Юүан Дүгийн ах дүү хоёрыг газарт цохин унагаасан яг тэр мөчид араас нь ирэх муу ёрын аураг анзаарч, эргэж харав.
—Шиао Хүа!
Шиао Хүагийн таагүй царайг харсан Юүаны хамгийн эхний бодол нь Сүнслэг Мастер түүнд ямар нэгэн зүйл хийсэн байх явдал байлаа. Тэр Дүгийн ах дүү хоёрыг тоолгүй, шууд Шиао Хүагийн дэргэд гүйн очив.
—Шиао Хүа, чи зүгээр үү?!
—Хм? —Юүаны дууг сонссон Шиао Хүа уур хилэнгээсээ гарч, өөр рүү нь санаа зовсон царайгаар ширтэж буй Юүан руу харав.
—Хаана нэг газар чинь гэмтсэн үү? —гэж тэр асуухад Шиао Хүа толгой дохив.
—Шиао Хүа зүгээр, Юүан ах аа.
—Тийм үү? Үүнийг сонсоход үнэхээр сайхан байна. —гэж Юүан санаа алдан тайвшрав.
Шиао Хүа аюулгүй гэдгийг мэдсэнийхээ дараа Юүан сая л газарт хэвтэж, яг марафон гүйчихсэн мэт хүндээр амьсгаадан байгаа Сүнслэг Мастерыг анзаарав.
—Түүнд юу болчихов? —гэж тэр Шиао Хүад аяархан асуув.
—Шиао Хүа мэдэхгүй. —гэж тэр хайхрамжгүй мөрөө хавчив.
Амьсгалаа бага зэрэг тогтворжуулсныхаа дараа Сүнслэг Мастер хэлэв:
—Гуйя... үнэхээр гуйя... биднийг битгий алаач...
—Үүнийг би шийдэх хүн нь биш. —гэж Шиао Хүа хэлээд гайхсан янзтай зогсох Юүан руу эргэж харав.
—Тэр юу яриад байгаа юм бэ? Би тэднийг яах гэж алах юм? —гэж Юүан асуув.
—Юу? Та биднийг алахгүй гэж үү? —гэж Сүнслэг Мастер нүд нь гайхлаар дүүрэн болон Юүан руу ширтэв.
—Мэдээж алахгүй. Өнөөдөр болсон бүх зүйлд бага зэрэг ууртай байгаа ч гомдсоныхоо төлөө бусдыг алчихдаг зарим хүн шиг би биш. Гэхдээ би хэзээ ч хэнийг ч алахгүй гэсэн үг биш. Надад ч бас хязгаар бий. —гэж Юүан түүнд хэлэв.
—Б-Баярлалаа, Залуу эзэн! Өршөөсөнд баярлалаа! Би тэр хоёртой хамт шууд явна. Бид дахиж хэзээ ч таны өмнө гарч ирэхгүй! —гэж Сүнслэг Мастер нүдэндээ нулимстайгаар сөхрөн мөргөв.
—Түр хүлээ! Ингэж хурдан явж болно гэж хэн хэлсэн юм? —гэж Юүан гэнэт хэлэв.
—Юу? —гэж Сүнслэг Мастер нүд нь бүлтийтэл түүн рүү харав.
—Би тэр хоёртой тулалдсаны дараа энергийнхээ ихэнхийг санаандгүйгээр хэрэглэчихсэн байна. Бас саяхан гэдсээ дүүргэхийн тулд 500 алтан зоос зарцуулсан. Одоо тэр мөнгөө дэмий үрсэн мэт санагдаж байна. Энэ хохирлыг минь яаж нөхөн төлөх гэж байна? —гэж Юүан хөмсгөө атируулан хэлэв.
—...
Сүнслэг Мастер төдийгүй Шиао Хүа хүртэл нүд нь гайхлаар дүүрэн болон Юүан руу ширтэж байлаа.
—Мэдээж... Залуу эздүүд ихэнхийг нь аль хэдийн хэрэглэчихсэн болохоор нэг их их зүйл биш л дээ, гэхдээ бүгдийг нь танд өгье...
Сүнслэг Мастер мөнгөний уутаа яаран гаргаж ирээд, бурханд өргөл барьж байгаа мэт Юүанд өгөв.
‘Би хэзээ нэгэн цагт мөнгө нэхүүлэлтийн хохирогч болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэгээд бүр зүгээр л Сүнслэг Дайчны түвшний нэг дүүд шүү!’ хэмээн тэр дотроо хашхирч байлаа. Сүнслэг Мастер гэсэн нэр төр нь мянган хэсэг болон бутарч байгаа мэт санагдав.
Юүан хоолойгоо засаж, өчүүхэн ч ичсэн шинжгүйгээр мөнгөний уутыг аваад хэлэв:
—Хандив өгсөнд баярлалаа.
‘Хандив ч гэх шиг!’ хэмээн Сүнслэг Мастер дотроо уурласан ч чангаар гомдоллож зүрхэлсэнгүй. Юүан бодлоо өөрчилж, тэднийг бүгдийг нь алчих вий гэж айж байлаа.
—Одоо явж болно.
Юүанаас зөвшөөрөл авмагцаа Сүнслэг Мастер Дүгийн ах дүү хоёрыг шүүрэн аваад тэр газраас яаран холдов.
—Х-Хүлээгээч! Биднийг хаашаа авч яваад байгаа юм бэ?! Бид түүнд хараахан ялагдаагүй байна!
—Намайг түүнтэй тулалдуул! Түүнийг зодож дийлэхгүй бол өнөө шөнө унтаж чадахгүй!
Дүгийн ах дүү хоёр Сүнслэг Мастерын атгалтаас гарахаар тэмцсэн ч түүний бясалгалын түвшнээс бүтэн нэг түвшнээр доогуур байсан тул Сүнслэг Мастер тэднийг ямар ч хүч гаргалгүй авч явжээ. Хэдхэн хормын дараа тэд сураггүй болов.