Сүнслэг Мастер болон Дүгийн ах дүү хоёр аль хэдийн хол явсны дараа Шиао Хүа хэлэв:
—Юүан ах, та яагаад тэднийг явуулсан юм бэ? Тэдний зан чанарыг мэдэхийн хувьд Дүгийн ах дүү хоёр өнөөдөр болсон явдлыг лав өршөөхгүй. Тэд хэзээ нэгэн цагт илүү хүчтэй болоод өшөө авахаар заавал эргэж ирнэ.
—Шиао Хүа Юүан ахын сайхан сэтгэлтэйг мэднэ. Юүан ах саяхан л бясалгагч болсон болохоор хүн алах нь танд одоохондоо хэцүү байж болох юм. Гэхдээ энэ ертөнцөд үхсэн нь дээр хүмүүс гэж байдаг. Учир нь тэд танд дахиж заналхийлж чадахгүй болсон ч өөр хэн нэгэнд заавал заналхийлнэ.
—Бясалгалын ертөнцөд дайснаа чи залгихгүй бол эцэстээ дайснууд чинь чамайг залгина. Тиймээс та бусдад залгиулах биш, бусдыг залгидаг нэгэн болох ёстой.
Шиао Хүагийн сургаалыг сонсоод Юүан санаа алдав.
—Би чиний нүдэнд гэнэн, бүр тэнэг ч харагдаж байж болохыг мэдэж байна. Бас эдгээр хүмүүс бол тоглоом доторх ердөө NPC-үүд гэдгийг мэднэ. Гэхдээ зайлшгүй шаардлага гараагүй л бол өөр нэг хүний амийг хороохыг хүсэхгүй байна. Учир нь энэ нь миний сэтгэл санаанд муугаар нөлөөлж магадгүй гэж айж байна. Би хэд хэдэн удаа өөрийгөө үнэндээ видео тоглоом дотор байгаагаа мартчихсан. Энэ ертөнцийг яг л бодит ертөнц мэт үзэж байсан.
—...
Шиао Хүа түүний үгийг чимээгүй сонсов. Хэдийг нь л ойлгосон ч Юүан юу хэлэх гээд байгааг мэдэж байлаа. Тэгээд тэр хэлэв:
—Юүан ахын өнөөдөр туулсан зүйл бол Бясалгалын ертөнцийн өчүүхэн хэсэг төдий бөгөөд манай ертөнцөд маш энгийн зүйл. Тэнд Дүгийн ах дүү хоёр шиг олон хүн бий. Тэр ч бүү хэл, зан чанар нь үүнээс хавьгүй дор хүмүүс ч байдаг. Та цаашдаа үүнтэй төстэй нөхцөл байдалтай олон удаа тулгарна. Заримдаа нэг өдөрт нэгээс олон удаа ч тохиолдож магадгүй. Харин та хангалттай хүчтэй, өөрт тулгарсан ямар ч нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахуйц хүчтэй биш л бол үргэлж хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүст дээрэлхүүлсээр байх болно.
Юүаны нүүрэнд гашуун инээмсэглэл тодров.
—Бясалгагчийн амьдрал миний анх бодож байснаас тийм ч амар биш бололтой. Би Дүгийн ах дүү хоёр шиг ёс суртахуунгүй, эсвэл бусдын амийг огт тоодоггүй хүн болохгүй байгаасай гэж л найдаж байна.
—Санаа зоволтгүй, Юүан ах. Хэрэв та бясалгалын замаасаа хазайж, өөр хүн болж байгаа мэт санагдвал Шиао Хүа таныг хэвийн байдалд тань буцаахад тусална.
—Баярлалаа, Шиао Хүа. Би ч бас чамд дараа болохгүйгээр бясалгагчийн энэ шинэ ертөнц, амьдралын хэв маягт дасахын тулд чадах бүхнээ хийнэ.
—Хүмүүс үргэлж өөрчлөгддөг. Харин тэд хэрхэн өөрчлөгдөх нь л хамгийн чухал. Юүан ах одоо байгаа шигээ сайхан сэтгэлтэй хэвээр байвал бага зэрэг өөрчлөгдсөн ч зүгээр.
Шиао Хүа түүнд ингэж хэлэв.
—Ха ха ха... Чи үнэхээр миний дүүтэй адилхан юм. Гэхдээ харагддагаасаа хавьгүй илүү төлөвшсөн, ухаалаг юм байна.
Юүан инээмсэглэн хэлэхдээ Шиао Хүагийн сүүдрээс Юү Рөү харагдах шиг санагдав.
Хэсэг хугацааны дараа Шиао Хүа түүнээс асуув:
—Юүан ах бие чинь ямар байна? Дүгийн ах дүү хоёртой тулалдахдаа бэртээгүй биз?
—Хэдэн өнгөц шалбархайтай, бас дахиад бага зэрэг өлссөнөөс өөрөөр бол би бүрэн зүгээр.
Тэр эрч хүчтэй төрхтэйгээр хариулав.
Шиао Хүа толгой дохин үргэлжлүүлэв:
—Энэ тулааны ачаар Юүан ахын туршлага, ойлголт ихээхэн нэмэгдсэн. Энэ хурдаараа үргэлжлүүлбэл Юүан ах удахгүй Сүнслэг Дайчны түвшний мангасуудтай тулалдахад бэлэн болно.
—Тэгвэл бид юу хүлээгээд байгаа юм бэ? Бэлтгэлээ үргэлжлүүлье!
Юүан догдлон хэлэв.
—Юүан ах тулалдах их дуртай юм аа, тийм үү?
Шиао Хүа инээмсэглэн асуув.
—Мэдээж. Тулалдах үедээ би үнэхээр амьд гэдгээ мэдэрдэг. Бас биеэ хөдөлгөж, сэлэм далайж, тулаанаас ирдэг догдлолыг мэдрэх дуртай.
Юүан толгой дохив.
Удалгүй тэд зэлүүд нутгийн гүн рүү алхаж эхлэв. Юүан сэлмийн ур чадвараа үргэлжлүүлэн хурцалж, Шиао Хүа түүнд зориулан бүх мангасын байршлыг олж өгч байлаа.
Сэлмээр олон цаг бэлтгэл хийсний дараа Юүаны өмнө нэгэн мэдэгдэл гарч ирэв.
«Таны сэлэм ашиглах ур чадвар ихээхэн сайжирлаа»
«Сэлмийн талаарх таны ойлголт шинэ түвшинд хүрлээ»
«Та “Сэлмийн Эрчим”-ийг сурах шаардлагыг хангалаа»
‘Сэлмийн Эрчим...?’
Юүан шинэ нэр томьёог хараад хөмсгөө өргөв.
—Шиао Хүа, Сэлмийн Эрчим гэж юу вэ?
Тэр ойр байсан цорын ганц мэргэжилтнээс асахаар шийдэв.
—Сэлмийн Эрчим гэж үү?! Юүан ахын сэлэм ашиглах чадвар Сэлмийн Эрчмийг сурах түвшинд аль хэдийн хүрчихсэн гэж үү?!
Шиао Хүа цочирдсон царайгаар түүн рүү харав.
—Би тэр чинь юу болохыг ч мэдэхгүй байна... Гэхдээ чиний өнгө аясыг сонсоход их сүртэй зүйл бололтой?
—Мэдээж сүртэй зүйл! Зөвхөн жинхэнэ сэлэмчид л Сэлмийн Эрчмийг сурч чадна! Түүнчлэн сэлмээр бэлтгэл хийснээрээ л заавал сурах зүйл биш. Чи бүх насаараа сэлмээр бэлтгэл хийсэн ч Сэлмийн Эрчмийг ойлгохгүй байж болно. Харин зарим хүн хэдхэн жилийн бэлтгэлээр үүнийг хийж чаддаг! Сэлмийн Эрчимтэй хүмүүсийг бас Сэлмийн Мастерууд гэж нэрлэдэг! Гэтэл Юүан ах сэлмээр хэдхэн хоног л бэлтгэл хийсэн шүү дээ! Таны авьяасыг хүмүүс мэдчихвэл тоо томшгүй олон Сэлмийн Мастер таныг шавиа болгохыг гуйна!
Шиао Хүа догдлон хэлэв.
—Дахиад л намайг хэтэрхий их магтаж байна... Ичихээд байна шүү...
Юүан бага зэрэг улайсан царайтай хэлэв.
Хэсэг хугацааны дараа тэр түүнээс асуув:
—Тэгвэл энэ Сэлмийн Эрчмийг хэрхэн ашиглахыг надад зааж чадах уу?
Шиао Хүа толгой сэгсрэн хэлэв:
—Шиао Хүа Сэлмийн Мастер биш болохоор энэ Сэлмийн Эрчмийг ойлгодоггүй. Тиймээс боломжгүй.
—Ойлголоо... Тэгвэл хүмүүс ер нь Сэлмийн Эрчмийг хэрхэн сурдаг юм бэ?
—Бэлтгэл хийж байгаад, Юүан ах. Сэлмийн Эрчмийн ойлголтыг эзэмшмэгц сурах нь цаг хугацааны л асуудал болно. Үнэндээ бүх Сэлмийн Мастерууд сэлмээр бэлтгэлээ үргэлжлүүлсээр байвал эцэст нь Сэлмийн Эрчмийг сурдаг.
—Тэгвэл надад ямар нэгэн онцгой зүйл хийх шаардлагагүй юм байна, тийм үү?
Юүан асуухад Шиао Хүа толгой сэгсрэв.
‘Сэлмийн Эрчмийг сурахад хэр удах бол...’
Юүан гартаа барьсан сэлмээ манарсан харцаар ширтэнгээ дотроо бодов.
‘Дүгийн ах дүү хоёр үнэхээр өшөө авахаар эргэж ирвэл би тэдэнд бэлэн байх болно. Бас хоёр дахь удаагаа зугтахыг нь зөвшөөрөхгүй.’