Юүан хэсэг хугацаанд бодлогошрон зогссоныхоо эцэст,
“За, ингэе. Тэр хүн биднийг энэ урхинд оруулсан байж болох ч, би одоо яваад өгвөл энэ бүхнийг зүгээр орхисноос болж дахиад хэчнээн хүн энэ заль мэхний золиос болохыг хэн мэдэх билээ” гэв.
“Шиао Хүа, Чөтгөрийн аалзны талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч. Үхлийн аюултай сул тал бий юу?”
Шиао Хүа толгой дохин,
“Чөтгөрийн аалзнууд хүчтэй хороороо алдартай. Тэд Сүнслэг Дайчны түвшнээс доогуур хүнийг хэдхэн секундын дотор амархан алж чадна. Мөн том хад чулууг цаас мэт зүсэж чадах хурц хумстай. Гэхдээ энэ хоёр үхлийн аюултай довтолгооноос нь зайлж чадвал Чөтгөрийн аалз зүгээр л хэтэрхий том аалзнаас ялгаагүй” гэв.
“...Чи үүнээс нь зайлна гэдэг амархан зүйл мэт ярьж байна.” Юүан хөмсгөө өргөн түүн рүү харав.
“Чөтгөрийн аалз хүчтэй довтолгоотой ч, тэр хүчээ ашиглах хангалттай хурдгүй. Тиймээс Юүан ах анхааралтай байхад довтолгооноос нь зайлж чадахгүй байх шалтгаангүй.”
“Тэгээсэй дээ...” гэж Юүан санаа алдав.
Тэд агуйн гүн рүү алхсаар, эцэст нь агуйн өөр нэг хэсэг рүү орох хаалга мэт зүйлтэй тулгарлаа.
Таагүй мэдрэмж төрүүлж буй сэжигтэй орцыг харсан Юүан,
“Энэ лав боссын өрөө байна...” гэж өөртөө бувтнав.
Шиао Хүа ариун мэдрэхүйгээрээ тандаад,
“Чөтгөрийн аалз тэр цаана байна, Юүан ах. Сүнслэг Дайчны дөрөвдүгээр түвшинд байгаа бололтой” гэв.
“Дөрөвдүгээр түвшин... Энэ чинь чиний санал болгосон түвшнээс нэг түвшин дээгүүр байна...” гэж Юүан хэлэв.
“Юүан ах бол суут ухаантан. Тиймээс зүгээр байх болно.” Шиао Хүа түүн рүү эрхий хуруугаа өргөлөө.
“Чи намайг хэтрүүлэн үнэлээд байгаа юм шиг санагдаад байна...”
“Санаа зоволтгүй, Юүан ах аа. Хэрэв асуудалд орвол Шиао Хүа аврахаар ирнэ. Тиймээс сэтгэл ханатлаа тулалдаж болно.”
“Тэгвэл яах вэ дээ... Хамгийн муу нь юу байх юм? Би үхээд бясалгалаа дахин эхлүүлнэ. За, ингээд үзье.”
Юүан сэтгэлээ бэлдэхэд хэсэг хугацаа зарцуулсны эцэст гартаа сэлэм барин боссын өрөө рүү алхав.
Боссын өрөөнд ормогц Юүан шалаар нь аалзны тор, яс хөглөрсөн уудам талбайг харсан ч Чөтгөрийн аалз харагдсангүй.
“Чөтгөрийн аалз хаана байна?” гэж тэр зүүн, баруун тийш харсан ч мангасыг олж харалгүй асуулаа.
“Таны дээр байна, Юүан ах аа” гэж Шиао Хүа хэлэв.
“Яагаад энэ өрөөнд орохоос минь өмнө хэлээгүй юм бэ?!”
Юүан тэр даруй тааз руу хартал, бүхэл агуйн таазыг бүрхсэн аалзны торон дээр таван метр өндөр, хагас хүн, хагас аалз биетэй мангас дүүжлээстэй байлаа.
“Энэ чинь ямар том юм бэ!” Юүан урьд нь ийм аймшигтай зүйл огт харж байгаагүй тул айсан царайгаар уулга алдав.
Энэ нь аймшгийн киноноос шууд гарч ирсэн мангас шиг харагдаад зогсохгүй, найман том, хурц хөлтэй байлаа. Тэдгээрийн нэг бүр нь Юүаны бүх биеийн хэмжээтэй адил байв.
“Болгоомжлоорой, Юүан ах аа! Ирж байна!”
Шиао Хүа анхааруулсан тэр мөчид Чөтгөрийн аалз хөлөөрөө түлхэн, амаа том ангайсан чигээрээ Юүан руу үсрэн ирэв.
“Новш гэж!”
Юүан хурдхан хойш үсэрлээ.
Дүн!
Хормын дараа Чөтгөрийн аалз газарт бууж, хатуу газрыг ямар ч төвөггүй бут цохив.
“Энд нэлээд шалмаг нэгэн байна шүү” гэж Чөтгөрийн аалз сөөнгө хоолойгоор гэнэт хэлэв.
“Энэ чинь ярьж чаддаг юм уу?!” Юүан Чөтгөрийн аалз хүний хэлээр гэнэт ярьж эхэлнэ гэж огт төсөөлөөгүй байсан тул бүрэн цочирдлоо.
“Зарим чөтгөрлөг оршихуй тодорхой бясалгалын түвшинд хүрэхээрээ ярьж чаддаг болдог” гэж Шиао Хүа түүнд хэлэв.
“Ярьж чаддаг юм бол асууж байгаад авъя!”
Юүан үргэлжлүүлэн,
“Чөтгөрийн аалз! Гадаа байгаа тэр хүний охинд юу болсон юм бэ?!” гэж асуулаа.
“Юу... гэж асуув? Би түүнийг идсэн, мэдээж хэрэг... Ха ха ха!” Чөтгөрийн аалз чангаар инээж, Юүаны биеэр жихүүдэс гүйлгэв.
“Эцсийн эцэст хүүхдийн мах хамгийн сайхан үнэртэй, хамгийн амттай байдаг юм! Тэр хүн надад арван хүн авчирвал охиныг нь буцааж өгнө гэж амласан. Гэхдээ би хүслээ тэвчиж чадаагүй. Тэгээд хоёр дахь өдөр нь мах, ясыг нь бүгдийг идчихсэн!”
Чөтгөрийн аалз хүнийхтэй төстэй нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулан, тэр охиныг идсэнээ дурсав.
“Новшийн амьтан...”
Юүан нүдээ нарийсган уурлаж, урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй алах санаархлаа ил гаргалаа.
«‘Үл таних хүний гуйлт’ даалгаврын талаар шинэ мэдээлэл авлаа»
«‘Үл таних хүний гуйлт’ даалгавар шинэчлэгдлээ»
«Даалгаврын тайлбар: Тэр хүний охиныг идсэн Чөтгөрийн аалзыг ал»
“Нүдний чинь харц надад таалагдлаа. Зэрлэг араатныхтай адилхан байна...” Чөтгөрийн аалзны нүүрэнд инээмсэглэл тодорч, тэр үргэлжлүүлэн,
“Гэхдээ чи Сүнслэг Дайчны нэгдүгээр түвшинд л байна. Намайг ялж чадахгүй. Тиймээс зүгээр л бууж өгөөд, өөрийгөө надад идүүл” гэв.
Дараа нь Чөтгөрийн аалз Шиао Хүа руу харж,
“Өнөөдөр үнэхээр азтай өдөр байна. Арьс чинь маш толигор, үзэсгэлэнтэй юм. Бас өмнөх хүүхдээс хамаагүй сайхан үнэртэй байна. Чи ч бас илүү амттай байх нь гарцаагүй” гэв.
Шиао Хүагийн дур булаам биеэс хазаж байгаагаа төсөөлөхөд нүүрэн дээрх инээмсэглэл нь бүр ч өргөсөв.
“Ингэтлээ идэх дуртай юм бол сэлмийг минь ид!”
Юүан хашхираад, гар дахь сэлмээ өргөн Чөтгөрийн аалз руу ухасхийв.
“Цуст сэлмийн цавчилт!”
Улаан аура сэлмийн ирийг бүрхэж, Чөтгөрийн аалз руу цавчихад улаан сэлмийн гэрлийн нум үүсэв.
Динг!
Чөтгөрийн аалз нэг хөлөөрөө Юүаны цохилтыг хурдан хаалаа. Мөргөлдөөний чимээ нь хоёр сэлэм мөргөлдсөн мэт сонсогдов.
‘Хатуу юм!’
Чөтгөрийн аалзны хөл төмрөөр хийсэн мэт хатуу байгаад Юүан гайхав.
Гэхдээ энэ мөргөлдөөний дараа гайхсан цорын ганц хүн нь Юүан байсангүй. Чөтгөрийн аалз ч мөн Юүаны хүчийг хараад цочирджээ.
‘Энэ хүн Сүнслэг Дайчны нэгдүгээр түвшинд л байж яаж ийм хүчтэй байдаг байна аа?! Тэр ганц цохилтоор гангаас ч хатуу хөлнүүдийг минь хүртэл огтолж чадлаа!’
Чөтгөрийн аалз сэлмэндээ зүсүүлсэн хэсгийг нүд нь бүлтийтэл гайхсан харцаар ширтэв.