“Чамд чадвар байна бололтой, бясалгагч аа.” Чөтгөрийн аалз жигшүүртэй инээмсэглэл тодруулан, үргэлжлүүлэн, “Гэхдээ энэ чинь бүх хүч чинь мөн бол намайг ялж чадахгүй” гэв.
“Мангас байж ингэтлээ их ярьдаг юм уу!” гэж Юүан хэлээд, Чөтгөрийн аалз руу дахин ухасхийв.
“Ямар зоригтой юм бэ!” Чөтгөрийн аалз хөлөөрөө Юүаныг шүүрдэх гэж оролдсон ч Юүан үүнийг хялбархан бултав.
‘Шиао Хүагийн хэлсэн яг үнэн байна! Энэ амьтан хүчтэй, хатуу байж болох ч өмнө нь тулалдаж байсан бясалгагчидтай харьцуулахад хурд нь маш удаан юм байна!’ Чөтгөрийн аалзны дайралтыг ямар ч асуудалгүй бултаж чадсанаа мэдээд Юүан дотроо тайвшрав.
“Цуст сэлмийн цавчилт!”
Юүан сэлмийн техникээ идэвхжүүлээд, Чөтгөрийн аалзны нүүрийг шууд ониллоо.
“Хөлийг чинь цавчиж чадахгүй юм бол нүүрийг чинь шууд онилно!”
Динг!
Чөтгөрийн аалз дахиад хоёр хөлөөрөө нүүрээ халхлан хаав.
“Ха ха ха! Би найман мөчтэй гэдгийг мартчихсан юм уу?! Үх!”
Юүаны дайралтыг хаасныхаа дараа Чөтгөрийн аалз амаа ангайж, түүн рүү бөөн ногоон шингэн нулимав.
Нүүр рүү нь нисэж буй ногоон шингэнийг хараад Юүаны нүд томорсон ч тэр гэнэдсэнгүй. Учир нь тэр Чөтгөрийн аалзны хөдөлгөөн бүрийг маш анхааралтай ажиглаж байсан юм.
Хорыг нь бултан зайлсныхаа дараа Юүан Чөтгөрийн аалзнаас зайгаа авч, сэлмээ өвөрмөц байрлалтайгаар өргөв.
“Би чамайг цавчиж чадахгүй гэж итгэхгүй байна!”
Юүан гүнзгий амьсгаа аваад нүдээ анилаа.
“Бидний тулааны үеэр нүдээ анихаас чинь ичихгүй байна уу?! Намайг басамжилж байна уу?!” гэж Чөтгөрийн аалз ууртайгаар хашхираад, догшин аура цацруулан Юүан руу гүйв.
Гэвч Юүан тайван хэвээр байлаа. Тэр хэдхэн хормын дараа нүдээ аажуухан нээхэд, нүд нь хурц гэрлээр гялалзан, хар нүд нь гэнэт алтан өнгөтэй болов.
Юүаны алтан нүдийг харсан Чөтгөрийн аалз түүн рүү гүйхээ тэр даруй зогсоож, нүдээ нарийсган ширтэв. Юүанаас муу ёрын мэдрэмж төрж байлаа.
‘Би энэ техникийг анх удаа ашиглаж байна. Гэхдээ энэ техник Чөтгөрийн аалзыг ялж чадна гэсэн мэдрэмж надад төрж байна.’ Энэ мөчид Юүан өөртөө маш их итгэлтэй байв. Түүний мэдрэхүй улам хурц болсон нь дотор нь ямар нэгэн зүйл сэрсэн мэт санагдуулж байлаа.
‘Өө? Юүан ах эцэст нь тэр техникээ ашиглах гэж байна уу?’ гэж Шиао Хүа догдлон ажиглав.
Юүаны биеэс гэнэт асар их сүнслэг энерги, тэнгэрлэг аура оргилон гарч, сэлмээс нь маш тод, өтгөн алтан гэрэл цутгав. Гэрэл нь ирийг бүхэлд нь халхалсан тул сэлэм нь өөрөө харагдахаа больж, яг л гэрлийн багана болон хувирсан мэт байлаа.
Юүан сэлмээ тэнгэр өөд өргөснийхөө дараа далайг хувааж, тэнгэрийг салгах гэж байгаа мэт босоо чигт далайв.
“Тэнгэрийг Хуваах Сэлмийн Дайралт!”
Сэлмээс алтан гэрлийн цацраг харван гарч, Чөтгөрийн аалз руу чиглэн давхилаа. Анхааралтай харвал алтан гэрлийн дотор лууны дүрс харагдаж байв.
Чөтгөрийн аалз алтан гэрлийн цацраг өөр рүү нь нисэн ирэхийг нүд нь бүлтийтэл харлаа. Тэр бултахыг хүссэн ч ямар нэгэн хачирхалтай шалтгаанаар булчингаа, бүү хэл хөлөө ч хөдөлгөж чадсангүй. Яг л үл үзэгдэх гинжээр биеийг нь хүлсэн мэт байв.
Чөтгөрийн аалз гэнэт толгойгоо эргүүлэн харах хүсэл төрснийг мэдээд, хэдэн метрийн цаана зогсож буй жижигхэн биетэй Юүан руу аажуухан эргэж харав. Тэгээд Шиао Хүагийн нүүрэнд тодрох төдий инээмсэглэлийг хараад, биеэ хөдөлгөж чадахгүй байгаа шалтгаанаа тэр даруй ойлголоо.
“АААААААА! ХҮМҮҮСИЙН НОВШНУУД!”
Алтан гэрэл эцэст нь Чөтгөрийн аалзанд хүрч, түүний дүрийг бүхэлд нь залгив. Дараа нь биеийг нь сая хэсэг болгон буталж, оршин тогтносны нь ул мөр ч үлдээлгүй устгалаа.
Гэвч алтан гэрэл Чөтгөрийн аалзыг устгасныхаа дараа ч зогсолгүй, агуйн гүн рүү ниссээр байв.
БҮМ!
Юүаны сэлмийн дайралт агуйнд асар том нүх гаргаснаар бүх агуй хүчтэй чичирлээ.
«Баяр хүргэе! Тоглогч Юүан Элит босс: Чөтгөрийн аалзыг хамгийн анх алсан тоглогч боллоо»
«Баяр хүргэе! Тоглогч Юүан Чөтгөрийн аалзны Чимээгүй агуйг хамгийн анх байлдан дагууллаа!»
Дэлхийн бүх тоглогчийн харж болохоор тэнгэрт хоёр зар мэдэгдэл гарч ирэв.
Энэ хооронд Чөтгөрийн аалзны Чимээгүй агуйн дотор Юүан агуйн хананд гарсан асар том нүхийг чимээгүйхэн ширтэж байлаа. Тэр Тэнгэрийг Хуваах Сэлмийн Дайралтын хүч чадалд гайхсан бололтой.
“Ариун зэрэглэлийн техник гэдэг үнэхээр аргагүй юм. Чадвар нь үнэхээр хязгаараас давжээ...” гэж Юүан манарсан өнгөөр бувтнав.
Хэсэг хугацааны дараа Шиао Хүа гартаа хоёр зүйл барьсаар Юүан дээр ирээд,
“Юүан ах аа, Чөтгөрийн аалз Мангасын цөм болон Хорны уут унагалаа” гэв.
“Өө, баярлалаа...” гэж Юүан хэлээд Мангасын цөмийг эргэлзэлгүй авав. Харин Хорны уутыг санаа зовсон байдалтай ширтлээ.
“Шиао Хүа, тэр зүйлийг барихад аюулгүй юу?” гэж тэр асуув.
“Ун. Хор нь уутан дотроо агуулагддаг болохоор чи хордохгүй.” Тэр толгой дохилоо.
«Хорны уут»
«Материал»
«Тайлбар: Чөтгөрийн аалзнаас унадаг ховор зүйл. Үүнийг зэвсэгт хор шингээх эсвэл хорт эм хийхэд ашиглаж болно»
“Ямартай ч эндээс гарцгаая” гэж Юүан хэлэв.
Тэд агуйгаас гарахаар явж эхлээд, хэдэн минутын дараа гарцанд хүрлээ.
“Т-Тэгэхээр та амьд байна! Юу болсон юм бэ?! Миний охин хаана байна?!”
Дунд эргэм насны эр Юүаныг хараад цочирдон нүд нь томров.
‘Тэр яагаад амьд байж байгаа юм бэ? Чөтгөрийн аалзанд юу тохиолдсон юм бол?’
Дунд эргэм насны эрийг харсан Юүан тэр даруй хөмсгөө зангидан,
“Бидэнд худал хэлж, өгөөш болгохоосоо ичихгүй байна уу! Чи биднийг охиноо авруулахаар явуулахыг огт хүсээгүй байсан!” гэв.
Дунд эргэм насны эр тэр даруй өвдөг сөхрөн сууж, тэдний өмнө духаа газар хүргэн мөргөв.
“Намайг уучлаарай, бясалгагчид аа! Надад өөр сонголт байгаагүй юм! Чөтгөрийн аалз миний охиныг барьцаалсан! Тэр надад арван хүн авчирвал охиныг минь амьд үлдээнэ гэж хэлсэн!”
Юүан толгой сэгсрээд,
“Чи бидэнд худал хэлсэнтэй адил Чөтгөрийн аалз чамд бас худал хэлсэн. Тэр анхнаасаа хэлсэндээ хүрэх бодолгүй байсан. Охиныг чинь... хоёр дахь өдөр нь идчихсэн” гэв.
“Ү-Үгүй! Боломжгүй!”
Дунд эргэм насны эр Юүан руу итгэж ядан ширтээд, цөхрөлөөр дүүрсэн хоолойгоор түүнээс гуйв.
“Гуйя! Тийм байж болохгүй! Тэр дотор хаа нэгтээ байгаа нь гарцаагүй!”
“Чамд худал хэллээ гээд надад ямар ч ашиг байхгүй. Итгэхгүй байвал дотогш орж өөрөө шалгаж болно. Би Чөтгөрийн аалзыг аль хэдийн алчихсан болохоор санаа зовох хэрэггүй—”
Юүан өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал дунд эргэм насны эр босож, агуй руу гүйн орон харанхуйд алга болов.