Хүүхдүүд нь өөрсдийгөө танилцуулсны дараа Лорд Ло Юүанд хандан,
— Даоист Юүан, та Панг хотод амрахаар ирсэн биз дээ? Би танд болон Залуу хатагтайд манай хамгийн сайн хоёр өрөөг бэлдүүлсэн. Бидний цуглуулсан мэдээллээр Уулын Эзэн маргааш эсвэл нөгөөдөр бидэн рүү дайрахаар төлөвлөж байгаа. Тэр хүртэл та хүссэнээ хийж болно, — гэв.
Дараа нь Лорд Ло Юүан руу эргэн харж,
— Танд ямар нэгэн зүйл хэрэг болж магадгүй. Тиймээс хүүхдүүдийнхээ нэгийг таньтай үлдээе, — гээд хамгийн бага охин Ло Ли рүү хурц харцаар харав.
Ло Ли эцгийнх нь юу хэлэх гээд байгааг тэр даруй ойлгоод урагш алхав.
— Би Даоист Юүаны бүх хэрэгцээг хангах болно. Хэрэв танд хүссэн зүйл байвал надтай ярихаас бүү эргэлзээрэй, — гэж тэр хэлэв.
Зочдын хэрэгцээг хангах нь ихэвчлэн зарц нарын ажил байдаг. Гэвч Лорд Ло Юүаныг асруулахыг охиндоо тусгайлан даалгасан нь тэдний хооронд ямар нэгэн романтик харилцаа үүсээсэй гэж найдсантай холбоотой байв. Учир нь Юүан шиг авьяастай хүн тэдний гэр бүлийн талд байвал энэ нь тэдэнд гарцаагүй ашигтай.
— Танд төвөг удна даа, — гэж Юүан илт өгсөн дохиог нь ойлголгүй тайвнаар хэлэв.
— Ло Ли, зочдыг өрөөнүүдэд нь хүргэж өг. Би энд ирэхийн тулд бусад зочдоо жаахан хүлээлгэчихсэн, тэдэн рүү буцаж очих хэрэгтэй байна, — гэж Лорд Ло түүнд хэлэв.
Тэр дараа нь Юүан руу хараад,
— Би цаашид танд төвөг удахгүй, Даоист Юүан. Танд юу ч хэрэг болсон бай, охинд минь хэлээрэй. Тэр зохицуулж өгнө. Тэр залуу байж болох ч би маш чадварлаг охин өсгөсөн гэдгээ бардам хэлж чадна, — гэв.
Лорд Ло болон бусад хүмүүс өрөөнөөс гарсны дараа Ло Ли Юүанд хандан,
— Одоо таны өрөө рүү явцгаах уу? — гэж асуув.
Юүан толгой дохин, түүнийг дагаж хонгилын цаахна байрлах том өрөө рүү явлаа.
— Энэ бол Даоист Юүаны өрөө. Хажуугийн өрөө нь Залуу хатагтайн өрөө, — гэж Ло Ли тэдэнд хэлэв.
— Шиао Хүа Юүан ахтай хамт байна, — гэж Шиао Хүа гэнэт хэлэв.
— Тэгж болно. Эцсийн эцэст ор нь дөрвөн хүн багтахаар том, — гэж Ло Ли толгой дохив.
Хэсэг хугацааны дараа тэд өрөөнд орлоо. Өрөөний бараг бүх өнцгийг Хятадын эртний эдлэлээр чимэглэсэн байхыг хараад Юүан гайхав.
— Даоист Юүан, танд энэ өрөө таалагдаж байна уу? — гэж Ло Ли хэсэг хүлээснийхээ дараа асуув.
— Ун, — гэж тэр даруй толгой дохив.
— Тэгвэл би одоохондоо таныг ганцааранг тань үлдээе. Танд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол би гадаа зогсож байна, — гэж Ло Ли хэлэв.
— Ээ? Ингэх хэрэггүй. Тэгвэл харин ч эсрэгээрээ нөлөөлөөд, би тайвширч чадахгүй, — гэж Юүан нүдээ томруулан түүнийг харав.
— Тэгвэл та юу санал болгож байна вэ, Даоист Юүан? Эцэг маань намайг тантай хамт бай гэж хэлсэн. Таныг ганцааранг тань орхивол тэр дургүйцнэ.
Юүан толгойгоо маажин,
— Тэгвэл одоохондоо энд байж болно. Бас хэдэн зүйлийн талаар асуух зүйл байна, — гэв.
— Тэгвэл би Даоист Юүантай энэ өрөөнд хамт байя, — гэж Ло Ли толгой дохин хаалга руу очоод ямар нэгэн харуул мэт тэнд зогсов.
— Өөртөө ингэж хатуу хандах хэрэггүй. Суугаад амар, — гэж Юүан эв хавгүй инээмсэглэн хэлэв. Түүний хэт нухацтай байдал Юүанд жаахан эвгүй санагдаж байлаа.
Хэсэг хугацааны дараа Юүан, Ло Ли хоёр буйдан дээр өөд өөдөөсөө сууж байв.
— Танай аав бусад зочдын талаар дурдсан. Тэд ч бас хотыг хамгаалахад туслах гэж байгаа юу? — гэж Юүан асуув.
— Тийм ээ. Тэдний ихэнх нь маш алс холын нутгаас ирсэн дайчид. Бид нөхцөл байдлаа хэлсний дараа тэд бүгд хотыг хамгаалахад маань туслахыг ихэд хүссэн. Бидэнд тусалж буй хүн бүрд, ялангуяа танд, Даоист Юүан, хэчнээн талархаад ч баршгүй, — гэж Ло Ли царайдаа сайхан инээмсэглэл тодруулан хэлэв.
‘Алс холын нутаг гэж үү? Тэд надтай адил тоглогчид байж болох уу?’ гэж Юүан дотроо бодов.
— Ойлголоо... Тэгвэл энэ газрын талаар надад илүү дэлгэрэнгүй хэлж өгч болох уу? — гэж тэр хэсэг хугацааны дараа асуув.
— Манай Панг хот уу? Бид хэдхэн мянган иргэнтэй жирийн нэг хот. Даоист Юүаны гарал үүсэлтэй харьцуулахад биднийг дурдах ч хэрэггүй, — гэж Ло Ли санаа зовсон инээмсэглэлтэйгээр хариулав.
— Миний гарал үүсэл үү? — гэж Юүан хөмсгөө өргөв.
Ло Ли толгой дохин,
— Даоист Юүан надтай чацуу насных ч аль хэдийн Сүнслэг Дайчны дөрөвдүгээр түвшинд хүрсэн байна. Би өмнө нь тантай адил авьяастай хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Та лав хүчирхэг бүлгэм эсвэл нэр хүндтэй гэр бүлээс гаралтай байх, — гэв.
Гэвч Юүан тэр даруй толгой сэгсрэн,
— Би хүчирхэг бүлгэмээс ч биш, нэр хүндтэй гэр бүлээс ч биш, — гэж хэлэв.
— Ээ? Үнэхээр үү? Тэгвэл Даоист Юүан хаанаас ирсэн юм бэ? Бас танд хэрхэн бясалгахыг хэн заасан юм бэ? — гэж Ло Ли нүдээ томруулан асуув. Юүан шиг авьяастай хүн хаанаас ч юм гарч ирсэн гэдгийг тэр төсөөлж ч чадахгүй байлаа.
— Би бас энэ газарт төдийлөн танигдаагүй алс холын нутгаас ирсэн. Харин надад бясалгал заасан хүний тухайд... — гэж Юүан хэлээд тайван царайтай хажууд нь сууж байсан Шиао Хүа руу харав.
— Энэ Залуу хатагтай танд бясалгал заасан юм уу? — гэж Ло Ли манарсан мэт түүнийг ширтэв.
Гэвч Шиао Хүа толгой сэгсрэн,
— Шиао Хүа үнэндээ юу ч хийгээгүй. Бүх зүйлийг Юүан ах өөрөө сурсан, — гэв.
— Тийм биш ээ, Шиао Хүа. Чи байгаагүй бол би ийм хурдан бясалгагч болж чадахгүй байсан. Надад бясалгалын техникийг өгч, бясалгагч байна гэдэг нь юу болохыг заасан хүн бол чи.
— Шиао Хүа Юүан ахад бясалгалын техникийг сурах боломж л олгосон. Харин түүнийг сурч чадсан нь голдуу Юүан ахын өөрийн хичээл зүтгэл, авьяасын ачаар.
Ло Ли юу хэлэхээ мэдэхгүй болов. Тэдний яриаг сонсоход Юүан дөнгөж саяхан бясалгагч болсон мэт сонсогдож байлаа.
— Даоист Юүан, та хэзээнээс бясалгаж эхэлсэн бэ? — гэж тэр сониучирхан асуув.
— Ум... ойролцоогоор долоо хоногийн өмнө? — гэж Юүан хэсэг бодсоны эцэст хариулав.
— ...
Ло Ли итгэж ядан нүдээ томруулж Юүаныг ширтэв. Тэр эхэлснээсээ хойш ердөө долоо хоногийн дотор дөрөвдүгээр түвшний Сүнслэг Дайчинд хүрсэн гэж үү? Тэр ямар бясалгалын мангас вэ?!