# Онлайн тулаанчид
— Ахаа! Таны хүсээд байсан тоглоомыг авчихлаа!
Орон дээр хэвтэх залуугийн хажууд зогссон өсвөр насны охин баяртайгаар хэлэв. Тэр гартаа мотоциклийн дуулга шиг боловч илүү ирээдүйлаг загвартай том дуулга барьжээ.
Залуу нүдээ анисан, унтаж байгаа мэт харагдана. Гэсэн ч охин үргэлжлүүлэн,
— За, би өмсгөөд өгье... — гэв.
Тэр дөрвөн хүн багтахаар том орон дээр гарч, ахынхаа толгойг болгоомжтой өргөн бэлдсэн дуулгаа өмсүүллээ.
Охин толгойг нь зөөлөн дэрэн дээр буцааж тавьсны дараа залуу сөөнгө хоолойгоор,
— Баярлалаа... — гэж хэлэв.
Охин инээмсэглэн, үс нь төвөг болохгүйгээр зөөлөн янзалж өгөв.
— Ахаа, энэ долоо хоногт сургуулиасаа болоод завгүй байна. Харин дараа долоо хоногт заавал тантай хамт тоглоно оо.
— Мм...
— Би дараа эргээд ирнэ. Тэр болтол сайхан тоглоорой!
Ингэж хэлээд охин дуулганы хажуу талын товчийг дарлаа. Хэдэн хором хүлээсний дараа ахыг нь ганцааранг нь үлдээн өрөөнөөс гарав.
---
Товч дарагдсанаас хэдхэн секундын дараа бодит ертөнц дэх залуугийн бие нойрсож буй мэт байдалд шилжив.
Тэр өрөөнийхөө танил үнэрийг мэдрэхээ больж, бие дээр нь дарах хөнжлийн жин ч алга болов.
Харин оронд нь өөрийгөө зогсож байгааг мэдэрлээ.
Олон жилийн турш мэдрээгүй мэдрэмж.
Түүний өмнөх ертөнц одгүй шөнийн тэнгэр шиг бараг бүхэлдээ харанхуй байв. Харин дээр нь цагаан тоонууд хөвөн, аажмаар буурч харагдана.
«10:01»
«10:00»
«09:59»
— Би харж байна... Гар, хөлөө мэдэрч байна... Би... дахиж сохор биш. Бас хөдөлж чадахгүй хүн биш...
Сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй тэр харанхуй дунд өвдөг сөхрөн унав.
Тэр төрөлхийн эдгэшгүй өвчтэй байжээ. Долоон настайдаа хараагүй болж, арван гурван настайдаа биеэ хөдөлгөх чадвараа алдсан. Одоо тэр арван найман настай. Сүүлийн таван жил орон дээр хэвтэхээс өөр юу ч хийж чадаагүй юм.
Тийм амьдралыг өөр дээрээ төсөөлөхөд ч бэрх.
Гэсэн ч амьдралынхаа талаас илүүг гэрэлгүй ертөнцөд өнгөрүүлсэн энэ залуу цөхрөлд бүрэн автаагүй байлаа.
Учир нь түүний хажууд өдөр бүр ямар ч гомдолгүй асарч, түшиж ирсэн охин дүү нь байсан юм.
— Тэгэхээр энэ чинь дэлхийн анхны 100 хувийн бодит мэдрэмжтэй VRMMORPG юм байна, тийм үү?
Охин дүүгээсээ энэ тоглоомын талаар анх сонсоход тэр бараг итгээгүй.
Хүний оюун санаан дотор ажиллаж, гар хөлөө огт хөдөлгөхгүйгээр өөр ертөнцөд амьдарч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг тоглоом.
Ийм гайхалтай, өндөр түвшний технологи үнэхээр байдаг гэж хэн итгэх билээ?
Түүгээр ч зогсохгүй ийм дэвшилтэт төхөөрөмжийг энгийн айл ч авч чадахаар үнээр худалдаанд гаргасан байв.
Анх сонсоход төсөөлөхийн аргагүй санагдсан ч одоо өөрийн биеэр мэдэрч байгаа болохоор итгэхээс өөр арга байсангүй.
«02:19»
«02:18»
Тоолуур буурсаар байх зуур залуу гар, хөлөө хөдөлгөн, биеэ дахин удирдах мэдрэмждээ дасахыг хичээлээ.
Эхэндээ хэцүү байв. Хэдхэн алхам тутамд бүдэрч унаж байсан ч удалгүй хөдөлгөөндөө бага багаар дасаж эхэллээ.
«00:03»
«00:02»
«00:01»
«00:00»
«“Онлайн тулаанчид” тоглоомд тавтай морил!»
Системийн мэдэгдэл гарч ирэхтэй зэрэгцэн тас харанхуй орон зай хурдан гэрэлтэж, цав цагаан өрөө болон хувирав.
Яг залуугийн өмнө хоосон агаарт шилэн цонх хагарч байгаа мэт ан цав үүслээ.
Тас. Тас. Тас...
Ан цав улам томорсоор, эцэст нь насанд хүрсэн хүн багтахаар болов.
Гэнэт тэр ан цав бүхэлдээ бутран задарч, цаадах харанхуй орон зай ил гарлаа. Тэндээс гоолиг, уян налархай биетэй үзэсгэлэнт бүсгүй аажуухан алхсаар гарч ирэв.
Өөр ертөнцөөс бууж ирсэн дагина мэт.
— Энэ чинь...
Залуу алмайран ширтэв.
Ан цаваас гарч ирсэн бүсгүй түүнийг дээрээс нь доош хүйтэн харцаар шинжлээ. Тэр үл таних загварын улаан, алтан өнгийн нөмрөг өмссөн байв. Галбир нь уян налархай, төрх нь тэгш хэмтэй, өөгүй бөгөөд ер бусын үзэсгэлэнтэй.
Гэхдээ тэр төгс төрхийн цаана нөхөрсөг гэхээр зүйл огт байсангүй.
Алтан нүдээрээ залууг ширтэхэд түүний харцнаас бусдыг захирах сүр хүч мэдрэгдэнэ. Биеэс нь цацрах хүчийг залуу огт ойлгож чадахгүй байв.
— Эгэл хүн, гараа үүн дээр тавь.
Бүсгүй захирагчид зохих хүйтэн өнгөөр хэлээд хоосон агаараас болор бөмбөлөг гаргаж ирлээ.
— За.
Түүнийг зохиомол дүр гэж бодсон залуу нэг их эргэлзэлгүй зааврыг дагаж, гараа болор бөмбөлөг дээр тавив.
Удалгүй бөмбөлөг дотор үгс тодорч эхэллээ.
Нэр: ???
Зэрэглэл: Байхгүй
Өв: Байхгүй
Цусны төрөл: Байхгүй
Махбодь: Дээд тэнгэрийн боловсронгуй махбодь
Биеийн хүч: 34
Оюун ухааны хүч: 275
Сүнсний хүч: 1,210
Биеийн хамгаалалт: 10
Оюун ухааны хамгаалалт: 1,121
— ?!
Мэдээллийг харсан бүсгүйн царай тэр дороо хувирч, тунгалаг нүдэнд нь итгэж ядсан харц тодров.
— Дээд тэнгэрийн боловсронгуй махбодь?!
Болор бөмбөлөг атгасан гар нь хүртэл чичирч эхэллээ.
— Ямар ч зэрэглэлгүй эгэл хүн атлаа Сүнслэг дайчны түвшний Сүнсний хүчтэй... Үгүй ээ. Тэр нь энэ махбодийн дэргэд юу ч биш!
Тэр урьд өмнө хэзээ ч ингэтлээ цочирдож байсангүй. Бүр бие нь чичиртлээ гайхжээ.
— Ямар нэг асуудал байна уу? — гэж залуу түүний чимээгүй атлаа догдолсон төрхийг хараад асуулаа.
Бүсгүй толгойгоо өргөн түүн рүү харав.
Бусад нь түүнийг олж мэдэхээс өмнө өөрийн бүлэглэлд элсүүлэх хэрэгтэй...
— Чамайг хэн гэдэг вэ? — гэж тэр энэ удаа нухацтай асуув.
— Намайг Юүан гэж дуудаж болно.
— Үүнийг аваад, биднийг дахин уулзах хүртэл өөртөө хадгал.
Бүсгүй хоосон агаараас хаш тэмдэг гарган Юүан руу шидлээ.
— Надад энд үлдэх цаг бага байна. Тэмдгийг битгий алдаарай. Бид дахин уулзана.
— Айн? Хүлээгээч, надад хэдэн асуулт...
Юүан асуултаа дуусгаж ч амжаагүй байхад бүсгүй ан цав руу буцаж алхав. Тэр алга болохтой зэрэгцэн агаарт байсан ан цав ч ор мөргүй замхарлаа.
— Ямар сонин зохиомол дүр вэ. Одоо би яах ёстой юм бол?
Юүан хоосон орон зайг тойруулан харав.
«Дүрийн үнэлгээ дууслаа. 10 секундын дараа шилжүүлэлт эхэлнэ.»
«00:02»
«00:01»
Тоолуур тэг болоход Юүаны хараа гэнэт мушгирах мэт болж, толгой нь үл ялиг өвдөв.
Нүдээ анивчаад дахин нээхэд тэр өөр газар ирчихсэн байлаа.
Өөртэй нь адил цагаан хувцас өмссөн олон хүн цугларсан өргөн тавцан дээр зогсож байв.
— Энэ чинь... Онлайн тулаанчид уу?
Үүлсийн дээгүүр тэнгэрт хөвөх уулс, тэр уулсын дээр баригдсан байшингуудыг хараад Юүаны нүд өөрийн эрхгүй томров.
— Тавтай морил, эгэл хүмүүс ээ!
Цэнхэр нөмрөгтэй хөгшин гэнэт тэдний дээр гарч ирээд сүртэй дуугаар мэндчилэв.
— Би бол Сонг настан. Та нарыг энэ газраас явж, уудам ертөнцөөр аялахын өмнө энд юу хийхээ, юунд хүрэхээ тодорхой болгоход чинь чиглүүлэх үүрэгтэй.
Бүгд толгой өргөн түүн рүү харлаа.
— Тэр нисэж байна!
— Үнэхээр сэлэм дээр зогсоод нисэж байна!
Хүмүүс уулга алдав.
Сонг настан инээмсэглээд,
— Асуултуудад чинь дараа хариулна. Эхлээд энэ ертөнцийн тухай, өөрөөр хэлбэл бясалгалын ертөнцийн талаар тайлбарлая, — гэв.
— Юуны өмнө, энэ бол Тэнгэрлэг тив. Харин бид одоо 96-р ууланд байна. Та нарыг энд шилжүүлэн авчрахаас өмнө манай ертөнцийн нэг төлөөлөгч та бүхнийг үнэлсэн байх ёстой. Тэр бол дүрийн чинь мэдээлэл. Өөрийнхөө тухай мэдэх хэрэгтэй ихэнх зүйлийг тэндээс харж болно.
Тэр хэсэг завсарлаад үргэлжлүүлэв.
— Одоо үндсээс нь эхэлье. Энэ ертөнцөд хүн болон мангасууд бие, оюун санаагаа Сүнслэг энергээр бясалгаж, ер бусын хүч олж авдаг. Тийм хүмүүсийг бид Тулаанчид гэж нэрлэдэг. Зэрэглэл чинь өндөр байх тусам энэ ертөнцөд төдий чинээ хүчирхэг байна.
— Өв болон Цусны төрөл бол азтай бол хожим олж авч болох онцгой зүйлс. Харин Махбодь хүн бүрд байдаг. Сайн уу, муу юу гэдгийг энэ сахиус та нарт харуулна.
Сонг настан урт ханцуйгаа савчихад мянга мянган сахиус агаарт бий болж, цугласан хүмүүс рүү нисэн очив.
— Бодлоороо идэвхжүүл.
Хүмүүс зааврыг дагасны дараа удалгүй энд тэндээс гайхширсан дуу хадаж эхэллээ.
— Энд намайг Газрын ангиллын махбодьтой гэж байна! Энэ юу гэсэн үг вэ?
Сонг настан асуусан залуу руу хараад,
— Арван мянган хүн тутмын нэг нь Газрын ангиллын махбодьтой төрдөг. Баяр хүргэе. Чамайг бид “авьяастай” гэж нэрлэнэ, — гэв.
— Настаан, Махбодь хэдэн ангилалтай байдаг вэ?
— Эгэл, Газрын, Тэнгэрлэг, Ариун гэсэн дөрвөн ангилалтай.
— Настаан, Эгэл ангиллын махбодьтой байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Ангиллуудын ялгаа нь юу юм?
Сонг настан хэсэг чимээгүй байснаа жуумалзан,
— Эгэл махбодьтой гэдэг нь чи ердөө энгийн гэсэн үг. Харин Газрын махбодьтой бол авьяастайд тооцогдоно. Ялгаа нь ойлгомжтой. Илүү сайн махбодьтой хүнээс чи төрөлхийн доогуур байна. Авьяас өндөр байх тусам Тулаанчийн зам чинь төдий чинээ хялбар болно! — гэв.
Энэ үгийг сонссон олон хүний, ялангуяа Эгэл махбодьтой хүмүүсийн царай барайлаа.
— Махбодио өөрчилж болдог уу? — гэж нэг хүн асуув.
— Болно. Гэхдээ маш урт, тарчлаантай үйл явц. Тиймээс ихэнх хүн хувь тавилантайгаа эвлэрдэг.
Эгэл махбодьтой хүмүүс өөрчлөх боломж байдгийг сонсоод бага зэрэг тайвширлаа.
Сонг настан хүмүүсийг тойруулан харснаа,
— Энд Ариун ангиллын махбодьтой хүн байна уу? — гэж асуув.
Нүдэнд нь хүлээлт тодорсон ч хэн ч хариулсангүй.
Ариун махбодь зуун сая хүн тутамд нэг л тохиодог. Сод авьяастнуудын дундах сод. Ердөө мянган хүний дунд ийм хүн байхгүй нь гайхах зүйл биш.
Тэр дотроо толгой сэгсрэв.
— Настаан, би Тэнгэрлэг ангиллын махбодьтой, — гэж нэг хүн гэнэт хэллээ.
Бүгдийн харц түүн дээр төвлөрөв.
— Өө? Тэнгэрлэг махбодь сая хүн тутамд нэг тохиодог. Азтай залуу юм. Авьяаслаг хүү минь, чамайг хэн гэдэг вэ?
— Намайг Шэн Минг гэдэг, — гэж царайлаг залуу хариулав.
— Шэн Минг? Рояал Энтертайнментын захирал Шэн Лигийн том хүү биш үү?
Тэнд байсан зарим хүн бодит амьдрал дээрхтэйгээ яг адилхан төрхтэй залууг таньж шивнэлдэв.
Сонг настан сонирхсон янзтай,
— Чамайг үнэлсэн төлөөлөгчөөс ямар нэг зүйл авсан уу? — гэж асуулаа.
— Тийм ээ.
Шэн Минг үүнийг нуусангүй.
— Тэр надад энэ уутыг өгсөн.
— Өө... Энэ бол эд зүйл хадгалах уут. Дотор нь чамд хэрэг болох хэдэн зүйл байж мэднэ. Гэхдээ зөвхөн Тулаанч болсон хүн ашиглаж чадна. Бас үүнийг өгсөн хүнтэй дахин уулзаж чадвал чамайг бүлгэмдээ шавиар авах ч боломжтой.
— Бүлгэм? Guild шиг зүйл үү?
— Бүлгэм гэдэг нь нэг хүн эсвэл хэсэг хүмүүс шавь нараа хүчирхэг Тулаанч болгон сургахын тулд байгуулсан газар. Энгийнээр хэлбэл Тулаанчдын сургууль гэсэн үг.
Сонг настан товч тайлбарласнаа хүмүүсийг дахин тойруулан харлаа.
— Ингээд болоо юу? Өөр Тэнгэрлэг махбодьтой хүн алга уу?
Хэсэг чимээгүй өнгөрсний дараа Сонг настан толгой сэгсрэв.
Мянга мянган хүнээс хөрөнгө зарцуулахад үнэ цэнтэй нь ганцхан гэж үү. Харамсалтай. Гэхдээ Шэн Мингэд тэр уутыг хэн өгснийг би мэдэхгүй. Өөр хүний сонгосон хүнийг булаах гэвэл бүдүүлэг хэрэг болно. Тэгээд ч дайсагнаж болохгүй нэгний уурыг хүргэж мэднэ.
Удалгүй тэр бүгд рүү харав.
— Та нарыг явуулахаасаа өмнө нэг асуулт асууя. Та нар энэ ертөнцөд юунд хүрэхийг хүсэж байна?
Түүний хоолой улам сүртэй болов.
— Хүч чадал уу? Байр суурь уу? Эд хөрөнгө үү? Царайлаг залуус уу? Үзэсгэлэнт бүсгүйчүүд үү? Надад хэл! Өөр ертөнцөөс ирсэн эгэл хүмүүс ээ!
— Би тан шиг нисмээр байна!
— Би хүчтэй болмоор байна!
— Би алдартай болмоор байна!
— Уул шиг овоолох хэмжээний мөнгөтэй болмоор байна!
— Би хоёр гартаа үзэсгэлэнтэй бүсгүй тэвэрч явмаар байна!
— Би царайлаг залуусаар эрхлүүлмээр байна!
Хүмүүсийн хүслийг сонсоод Сонг настан инээмсэглэв.
— Ийм ертөнцөд амьд үлдэхийг хүсэж байвал хүчтэй байх ёстой! Энд хүчтэй нь сул доройгоо захирдаг! Хүчтэй байвал эд хөрөнгө, алдар нэр өөрсдөө дагаж ирнэ! Хүчтэй байвал хүмүүс өөрсдөө чам руу цуглана!
Түүний харц ширүүсэв.
— Миний үгийг сайн сана, залуус аа. Энэ ертөнц сул дорой, дорд нэгнийг үл тоож, зөвхөн хүчтэнийг хүндэлдэг. Хүч чадалтай байна гэдэг бүхнийг эзэмших эрхтэй байна гэсэн үг!
Сонг настан нүдээ нарийсган доорх хүмүүс рүү харахад тэдний нуруугаар хүйт даав.
— Энэ ертөнцөд хамгийн их хүчийг хэн эзэмшдэг гэж бодож байна?
Тэр өөрөө хариулав.
— Тулаанчид! Бид, Тулаанчид бол хүч чадал, эд хөрөнгө, алдар нэр, хүндлэлийн бэлгэ тэмдэг. Энэ ертөнцийг бид л захирдаг!
— Тулаанч гэдэг ямар нэг мэргэжлийн ангилал юм уу? — гэж хүмүүс хоорондоо шивнэлдэв.
— Настаан, яаж Тулаанч болох вэ?
Сонг настан инээмсэглэв.
— Маш энгийн.
Тэр ханцуйгаа дахин савчихад мянга мянган гэрэлт бөмбөлөг хоосон агаарт бий болж, хүмүүсийн дух руу нисэн орлоо.
— Би та бүхэнд бясалгал хийх аргыг өглөө. Одоо бясалгаж Тулаанч болох уу, эгэл хүн хэвээр үлдэх үү гэдгээ өөрсдөө шийд.
Сонг настан ханцуйгаа дахин хөдөлгөхөд цугласан хүмүүсээс холгүй дөрвөн хаалга бий болов.
— Хаалга бүр нэг тивийг төлөөлнө. Энэ Тэнгэрлэг тивийг тооцохгүйгээр манай ертөнцөд Дөрвөн Их Тив бий. Аль нэг хаалгаар ороход та нарыг тэр дөрвөн тивийн аль нэг газар санамсаргүй шилжүүлнэ. Яг хаана буухыг би ч мэдэхгүй. Бүх зүйл хувь тавилангаас чинь шалтгаална.
<Та Энгийн энерги хуримтлуулах аргад суралцлаа.>
<Ангилал: Эгэл>
<Мэргэшсэн түвшин: 1>
<Танилцуулга: Секунд тутамд 1 энерги хуримтлуулна. Зөвхөн завилан суусан үед идэвхжинэ.>
— За, одоо явцгаа. Та нартай зууралдаад үнэт цагаасаа хэт ихийг үрчихлээ. Энэ ертөнцөөр аялах явцдаа өөрсдөө илүү ихийг мэдэж авна. Үлдсэн насаа бүхэлд нь ярьсан ч би энэ ертөнцийн бүх зүйлийг тайлбарлаж дуусгаж чадахгүй.
Тэр ханцуйгаа дахин савчихад хүмүүсийн бие өөрийн эрхгүй агаарт хөөрч, хаалганууд руу татагдан нислээ.
— Аааааа!!!
Сандарсан хашгираан энд тэндгүй хадав.
Хаалгаар орсон хүмүүс төд удалгүй тэр уудам, үл мэдэгдэх ертөнцийн хаа нэгтээ санамсаргүй газарт гарч ирцгээв.
---
Хаалгаар шидэгдсэний дараа Юүанд дахин үл ялиг толгой эргэх мэдрэмж төрөв.
Ухаан ороходоо тэр аль хэдийн ойн дунд зогсож байлаа.
— Энэ хаана вэ? Ашиглаж болох газрын зураг байдаг болов уу?
Гэнэт түүний өмнө усаар тусгаарлагдсан дөрвөн том тив бүхий газрын зураг гарч ирэв.
— Зүүн тив?
Газрын зургаас ойлгож болох цорын ганц мэдээлэл нь энэ байлаа. Бусад бүх хэсэг харласан байв.
Юүан толгойгоо өргөн цэлмэг тэнгэр рүү хараад санаа алдав.
— Би Махбодийнхоо талаар түүнээс асууж амжсангүй. Тэр хөгшин Махбодь Эгэл, Газрын, Тэнгэрлэг, Ариун гэсэн дөрвөн ангилалтай гэж хэлсэн. Тэгвэл минийх яагаад тэр дөрвийн алинд ч багтахгүй байгаа юм бол? Надад онцгой махбодь байгаа юм уу?
Түүний гарт нэг сахиус байлаа.
Түүн дээр:
<Дээд тэнгэрийн боловсронгуй махбодь>
<Ангилал: Огторгуй>
гэж бичжээ.