Раштатай холбоотой элдэв хэрэг явдлаас хэчнээн хол байхыг хичээсэн ч нэмэр болсонгүй. Рашта өөрөө эсвэл Совиешу хоёрын нэг нь намайг заавал хутгалдуулж орхино.
Энэ удаад Совиешу байлаа.
Зочдын зарим нь явж, зарим нь Өмнөд ордон руу буцав. Шөнөжин ууж наргих санаатай хүмүүс ч цөөнгүй бололтой. Би тэднээс уучлал хүсээд халуун усанд орохыг тэсэн ядан хүлээсээр Баруун ордны зүг алхлаа. Шадар хатагтай нар минь надаас дутахааргүй ядарсан байх тул бүгдэд нь амрахыг зөвшөөрөв. Өнөө орой би өөрөө усанд орчихож чадна.
Гэтэл ваннаа усаар дүүргэж ч амжаагүй байтал Совиешу эзэн хааны харуулын захирагчийг явуулж, намайг дуудуулав. Захирагчийн царайнаас харахад таатай уулзалт болохгүй нь илт байлаа.
Сүүлийн нэг сарын турш Совиешутэй ярилцах болгонд бидний яриа таагүйгээр төгсөх болжээ. Тэр нь ямагт Раштатай ямар нэг байдлаар холбоотой байдаг.
Энэ удаа юу болов оо?
Захирагчийг даган Зүүн ордон руу явахад сэтгэл минь түгшин хүндэрлээ. Гэвч гаднаа би урьдын адил тайван байв. Совиешутэй нүүр тулахдаа ч энэ төрхөө хадгалж чадах юм сан.
Совиешугийн унтлагын өрөөнд хүрч очлоо. Тэр орныхоо хажуугийн сандалд сууж байв. Цаана нь Рашта хэвтэж, зөвхөн толгой нь л цухуйх бөгөөд духан дээр нь чийгтэй алчуур тавьжээ.
Совиешу над руу ууртай ширтлээ.
Захирагч бөхийн ёслоод, — Би ингээд явъя, — гэж хэлэн хаалгыг хааж гарав. Түүнийг гармагц аль хэдийн хүнд байсан өрөөний уур амьсгал улам дарамттай боллоо.
— Чи надад хэлэх үггүй гэж үү? — хэмээн Совиешу тулган асуулаа.
— Намайг юу гэж дуудуулсан юм бэ? — гэж би түүнээс дутахааргүй хүйтнээр хариулав.
— Ердөө энэ үү? — Совиешугийн дуу ёжтой болов.
— Тийм ээ. Би чухам үүнийг л мэдмээр байна.
— Саяхан болсон явдал чамд өчүүхэн ч хамаагүй байгаа юм байна, — хэмээн Совиешу бувтнав.
Би сэтгэлээ нэлээд сайн нууж байгаа бололтой. Би уруулынхаа үзүүрийг үл ялиг өргөн инээмсэглэлээ.
Гэвч миний инээмсэглэл Совиешуг улам бухимдуулав. — Баяр чинь хүрч байна уу? Одоо Раштаг оргосон боол гэдгийг хүн бүр мэддэг боллоо.
— Надад уураа гаргалаа гээд ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэж бодож байна уу? — хэмээн би тайван хариулав.
— Навьер.
Би гараа хэвлий орчимдоо зөрүүлэн барилаа. — Раштад юу тохиолдсоныг сонссон. Таныг уурлаж байгааг ойлгож байна. Гэхдээ уураа надад гаргах шалтгаан алга.
— Би чамайг үүний төлөө дуудсан гэж бодож байна уу?
— Тэгвэл яах гэж дуудсан юм бэ? — Би толгойгоо үл ялиг хазайлгалаа. Над руу хилэгнэчихээд, уураа гаргаж байгаагаа үгүйсгэнэ гэж үү?
Совиешу унтаж буй Раштаг хэсэг харлаа. Хэдэн хормын турш өрөөнд цагны зүү чаг чаг хийх чимээнээс өөр юу ч дуулдсангүй. Эцэст нь тэр толгой сэгсрээд, — Чи түүнийг боол гэдгийг нотлохыг хүссэн үү? — гэж асуув.
— Бас л өнөөх яриа юу, — гэж би үл тоомсорлон дуу алдав.
— Чи өндөр зиндааны язгууртан гэр бүлд төрсөн охин. Эд хөрөнгө, эрх мэдэл, ухаан, гоо үзэсгэлэн гээд чамд бүх зүйл бий. Одоо бүр хатан хаан болсон.
Энэ үгс магтаал биш гэдэг нь илт байлаа. Би нүдээ онийлгов.
Совиешу санаа алдав. — Харин Раштад анх юу ч байгаагүй. Тэр ухаантай, үзэсгэлэнтэй ч тэр бүх авьяас чадвараа ашиглах боломж хэзээ ч олдож байгаагүй. Харин одоо тэр амьдралдаа анх удаа хайрлуулж байна. Халуун хоол идэж, аюулгүй газар амарч чаддаг болсон. Надтай уулзахаасаа өмнө төсөөлж ч зүрхэлдэггүй байсан зүйлсээ мөрөөдөж эхэлж байна. Сурч боловсрон, өсөж хөгжих боломж түүнд одоо бий.
Бас миний нөхрийг өөрийн болгосон.
Гэвч би юу ч хэлсэнгүй. Нэр төрөө хадгалах ёстой. Совиешу яагаад надад энэ бүхнийг ярьж байгаа юм бол? Раштаг өрөвдүүлэх гэсэн хэрэг үү? Түүний туулсан зовлонг сонсоод би түүнд санаа тавьж эхэлнэ гэж бодоо юу?
— Чам шиг язгууртан гаралтай эмэгтэй Раштаг ойлгоно гэж би хүлээхгүй. Гэхдээ чамд жаахан ч гэсэн хүнлэг сэтгэл байсан бол ингэж аашлахгүй байсан.
— Хүнлэг сэтгэл гэж та юуг хэлээд байна? — Би шүдээ зуулаа.
— Өнчин хүүхдийн асрамжийн газрууд, өндөр настны асрамжийн газрууд, эмнэлгүүд, сүм хийдүүд, тэтгэлгийн байгууллага, түр хоргодох байруудад ханддаг тэр л энэрэнгүй сэтгэлийг чинь хэлж байна! Чи яагаад Раштад ч бас тийм сэтгэл гаргаж болдоггүй юм бэ?! — хэмээн Совиешу хашхирлаа. Тэр бухимдан амьсгаагаа түргэсгэж, сандалдаа тухлаад Раштагийн гараас атгав.
Рашта түүний гараас чанга атган, аяархан ёоллоо.
Ханцуй минь гараа далдлахуйц урт биш байгаад би харамсав. Хэрэв тийм байсан бол хоёр гараа чанга атган зангидаж болохсон. — Рашта бол таны амраг. Түүнийг хариуцах ёстой хүн нь би биш, та.
— Чамайг түүнийг хариуц гэж би шаардаагүй. Зүгээр л тайван орхиж болдоггүй юм уу?
— Та яаж ийм үг хэлж чадна вэ? — Раштаг ордонд ирсэн өдрөөс нь л би түүнээс аль болох хол байхыг хичээсэн шүү дээ.
— Өчигдөр чи Хайнри хунтайжийн өмнө түүнийг доромжилсон. Хайнри бол танихгүй, харийн хүн. Чи түүний захидал бичдэг хүнийг таньдаг мэт дүр эсгэхийн оронд Раштагийн талд орох ёстой байсан. Рашта бол чиний эзэнт гүрний харьяат!
— Би зөвхөн үнэнийг л хэлсэн, — гэж би тайван хариулав.
— Раштаг худал хэлсэн гэх гээд байна уу? — Тэр над руу ширүүн харлаа.
— Түүнийг буруугүй гэж итгэж байгаа хүн нь та болохоос би биш.
— За, өчигдрийнхийг орхиё. — Тэр гараараа зангав. — Тэгвэл өнөөдөр яасан бэ?
— Би өнөөдөр түүнтэй ганц ч үг солиогүй.
— Тийм ээ, чи түүнтэй яриагүй. Зүгээр л Лоттешу дэд гүнлэгийг ордонд авчирсан, — хэмээн Совиешу хорсолтойгоор хэлэв.
Тэр агшинд ямар нэг зүйл хагаран бутрах чимээ сонсогдсон мэт санагдав. Гэвч тэр чимээ зөвхөн миний сэтгэлд л хадаж байлаа. Бидний нөхөрлөлийн сүүлчийн хэлтэрхий хагарсан дуу байсан ч юм бил үү. Би Совиешу руу ширүүн харлаа. — Та юу яриад байна аа?
— Чи Раштагийн өнгөрснийг илчлэхийн тулд Лоттешу дэд гүнлэгийг урьсан.
Би өөрийн эрхгүй инээд алдлаа. — Намайг Рашта хатагтайгаас болоод Лоттешу дэд гүнлэгийг урьсан гэж бодож байна уу?
— Хүмүүс Раштаг хайрлаж, хүндэлж байгааг харах тийм хэцүү байсан уу? — Совиешу толгой сэгсэрлээ. — Миний буруу гэдгийг батлахыг тэгтлээ их хүссэн хэрэг үү?
— Та утгагүй зүйл ярьж байна. — Хэчнээн уур хүрч байсан ч би хоолойгоо тайван байлгахыг хичээв. Гэвч хэлсэн үг бүрээс минь уур хилэн мэдрэгдэж байлаа.
Совиешу босоод над руу ойртон ирлээ. Бид бараг шүргэлцэх шахам ойрхон зогсов. Түүний нүдэнд урьд өмнө хэзээ ч харж байгаагүй догшин гал дүрэлзэж байлаа.
[[IMAGE: CH_IMAGES/020.jpg]]
— Шинэ жилийн ёслолд оролцох зочдыг урих ажлыг чи хариуцдаг. Чи Лоттешу дэд гүнлэгийг зориуд урьсан. Үнэнээ хэл.
— Тийм ээ, урилга явуулах нь миний хатан хааны үүргийн нэг. Гэхдээ тэдгээр урилгыг Раштаг ордонд ирэхээс хэдэн долоо хоногийн өмнө явуулсан. Та үүнийг мэдэх ёстой шүү дээ! — хэмээн би огцом хариулав.
Совиешу нүдээ эргэлдүүлэв. — Лоттешу дэд гүнлэг тийм ч чухал зочин биш. Олон жил энэ ёслолд оролцоогүй хүн. Энэ жил ирэхийг нь чи төвөггүй зогсоож болох байсан.
— Өмнө нь хэлсэнчлэн би Рашта хатагтайд огтхон ч санаа тавьдаггүй. Түүний өнгөрсөн амьдрал, хувийн хэргийг хаанаас мэдэх юм бэ? Та цуу яриаг ор үндэсгүй гэж хүн бүрт баталсан. Гэтэл одоо би түүнийг Лоттешу дэд гүнлэгийн оргосон боол байж мэднэ гээд «болзошгүй» гэх шалтгаанаар урилгыг нь цуцлах ёстой байсан болж байна уу?
Совиешу Раштаг ордонд авчирсан өдөр шадар хатагтай нар минь түүнийг дэд гүнлэгийн эдлэнтэй залгаа ангийн газраас олсон гэж ярьсан. Гэхдээ түүнээс хойш Лоттешу гэх нэрийг дахин хэнээс ч сонсоогүй билээ.
Тэгээд ч би Совиешугийн баталж хэлсэнд итгэсэн. Хэрэв Рашта энгийн гаралтай хүн байсан бол дэд гүнлэг ёслолд оролцох нь огт хамаагүй хэрэг байх байв. Совиешу надаас ер нь юу хүлээсэн юм бол? Түүний Раштагийн өнгөрсний тухай хэлснийг үл тоон, өөрөө үнэнийг ухаж мэдээд, дэд гүнлэгийн ирэхийг урьдчилан таамаглаж, тэгээд түүнийг зогсоох ёстой байсан гэж үү?
Үнэхээр утгагүй хэрэг.
— Чамд өчүүхэн ч гэсэн бусдыг бодох сэтгэл байсан бол—
— Та надад бусдыг бодох тухай ярьж байна гэж үү! — Би гараа энгэртээ зөрүүлэв. — Рашта хатагтайн өнгөрсөн амьдралын талаар юу ч мэдэхгүй намайг, түүнийг энэ ертөнцийн хэнээс ч илүү нандигнадаг та хүртэл урьдчилан мэдээгүй үйл явдлыг таамаглаж, зогсоох ёстой байсан гэж шаардаж байна уу?
Совиешу байр сууринаасаа өчүүхэн ч ухарсангүй. — Чиний зүрх мөс шиг хүйтэн юм, Навьер. Энэ хөөрхий эмэгтэй анх удаа амар тайван амьдарч байгааг харах тийм аймшигтай байсан гэж үү? Чи өшөөгөө ч өөрийн гараар аваагүй. Бусдаар бохир ажлаа хийлгэсэн. Чи үнэхээр аймшигтай эмэгтэй юм.
***
Лоттешу дэд гүнлэг сандарсандаа тайван сууж чадсангүй. Тэр алс бөглүү нутгийн жижигхэн эдлэнг захирдаг ч тийм шалтгаанаар түүнийг дорд үзэж болохгүй. Хөдөө нутагт олон баатар, дайнд гавьяа байгуулсан ахмад дайчид амьдардгийн зэрэгцээ илүү амар тайван амьдралыг сонгосон өндөр зиндааны язгууртнууд ч бий.
Тийм эдлэнгүүд заримдаа чухал төв болон хөгждөг байв. Тухайлбал, Зүүн эзэнт гүрний хил орчим дахь Вильволь хэмээх эдлэнд Шидийн яам, Шидийн академи байрладаг. Дөрвөн талаараа уулсаар хүрээлэгдсэн өтгөн ойн гүнд байх Вильволийн нөлөөг эзэн хаан хүртэл үл тоомсорлож чаддаггүй байлаа.
Харин Лоттешу дэд гүнлэгийн эдлэнд энэ бүхэн огт хамаарахгүй. Лимвеллд онцгой хөгжил дэвшил гэж үгүй. Эзэн хааны ангийн газар түүний эдлэнгийн ойтой хиллэдэг тул цаашид ч ашигтай зүйл болгон хөгжүүлэх боломж бараг гарахгүй биз. Дэд гүнлэг эзэн хаантай нүүр тулж уулзах нь байтугай, холоос ч нэг удаа харж үзээгүй хүн байлаа.
Гэтэл одоо эзэн хааны хилэгнэсэн харцан дор Лоттешу дэд гүнлэг нүдээ шалан дээр тусгав. Дотор нь гомдол, хорсол буцална.
Найзууд нь түүний өчүүхэн эдлэнг шоолж тоглох үе бий ч Лоттешу дэд гүнлэг үнэндээ өөрийн байр сууринд тун сэтгэл хангалуун явжээ. Эзэн хаан байнга оролцож, элдвээр хутгалддаг томоохон эдлэнгүүдээс ялгаатай нь Лоттешу нутагтаа хаан шиг захирдаг байв. Эдлэнгийнх нь хүмүүс ч түүнд яг л хаанд ханддаг шигээ хандана. Тэр амьдралдаа хэний ч өмнө толгой бөхийж үзээгүй билээ.
Харин одоо өөрийнх нь хүү байж болохоор залуу эзэн хааны өмнө чичрэн зогсоно. Ингэх нь бэрх төдийгүй бардам занг нь гүн шархлуулж байв.
Эзэн хаан түүнийг ингэж дорд үзэж байгаадаа таашаал авч буй мэт. — Лоттешу дэд гүнлэг. Өнөөдөр юу болсныг тайлбарла.
Лоттешу тархиа гашилгав. Түүнийг Раштаг буруутгаж хэлсний дараа бүсгүй ухаан алдаж унасан. Эзэн хааны нарийн бичгийн дарга өөрийн биеэр түүнийг тэврэн авч, эзэн хааны унтлагын өрөөнд хүргэсэн билээ. Харин Лоттешуг эзэн хааны харуулын захирагч чирсээр Зүүн ордны нэгэн хоосон өрөөнд авчирчээ.
Үүний учрыг тэнэг хүн ч ойлгохоор байлаа.
Гэсэн атлаа эзэн хаан түүнээс тайлбар шаардаж байна. Энэ нь ганцхан зүйлийг илтгэнэ. Өмнө хэлсэн үгээ буцаахыг эзэн хаан хүсжээ.
— Эрхэм дээдэс минь, чин сэтгэлээсээ уучлал гуйхаас өөр юу ч хэлж чадахгүй нь, — хэмээн дэд гүнлэг аажуухан эхлэв. — Би хүний царайг сайн ялгаж таньдаггүй. Үүнээс болж олонтаа алдаа гаргаж байлаа. Манай эдлэнгээс оргосон боол мөнгөлөг үстэй, бараан нүдтэй байсан юм. Би Рашта хатагтайг тэр боолтойгоо андуурчээ. Эрхэм дээдэс, учрыг минь ойлгож, өршөөн соёрхоно уу. — Лоттешу дэд гүнлэг бүр өөрийн уруулаа алгадав. — Өнөөдрийн явдлаас болж Эрхэм дээдсийн амраг Рашта хатагтайд үгээр хэлэхийн аргагүй их хор хүргэлээ. Одоо яах билээ? Зөнөглөсөн өвгөний алдаа гэж үзээд миний гэмийг өршөөнө үү.
Толгойгоо бөхийлгөсөн ч дэд гүнлэгийн нүд сониучирхан гялалзаж байв. Залуу эзэн хаан Раштаг оргосон боол гэдгийг нь мэдсээр байж ивээлдээ авчээ. Лоттешу Раштагийн чадварыг бишрэхээс өөр аргагүй болов. Эдлэнд нь байхдаа тэр олон залуу эрийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг байсан. Гэтэл түүний авьяас Лоттешугийн төсөөлснөөс хавьгүй давжээ.
Өнөөдрийг хүртэл дэд гүнлэг эзэн хааныг түүний уг гарлын талаар юу ч мэдэхгүй гэж бодож явсан юм. Рашта нэр төрхөө өөрчилж, эзэн хааны сэтгэлд шургалсан гэж санажээ.
Гэтэл эзэн хаан түүнийг үнэхээр эрхэмлэдэг нь илт байлаа. — Тэгвэл сайн, — хэмээн тэр удаан дуугүй суусны эцэст хэлэв. — Лоттешу дэд гүнлэг, цаашдаа үг хэлээ бодож бай.
— Мэдээж, Эрхэм дээдэс. — Лоттешу дэд гүнлэг доогтой инээмсэглэлээ нуухын тулд улам гүн бөхийв.
Хэзээ нэгэн өдөр энэ бөглүү нутгийн эдлэнгээс гарч, илүү дээр байр суурьтай болж ч мэдэх юм.
***
Намайг дагаж ирсэн эзэн хааны харуулууд зогсоцгоов. Би урт хонгилын үлдсэн хэсгийг ганцаараа тууллаа.
Толгой лугшиж, зүрх минь хүндэрчээ. Хөл бүрд туухай зүүсэн мэт санагдаж, бүр даашинз хүртэл амьсгал боох шиг болно. Алхам тутамд цээжийг минь улам чанга ороон барих мэт байв.
Эцэст нь Баруун ордонд хүрч ирээд нэгэн баганыг түшин бөхийлөө. Дотор муухай оргиж, огиудас хүрэв.
Миний бардам зан шархалсан байлаа. Үгүй, үүнээс ч дор — бүрмөсөн бутарчээ.
Совиешу ер нь хэрээс хэтэрсэн ааш гаргадаг хүн биш. Гэтэл яагаад Раштагийн тухайд ийм зөрүүд болчихов оо? Өмнөх эзэн хаадын хаанчлалын тухай номыг надад уншиж өгч байхдаа нүд нь хэрхэн гялалздаг байсныг одоо ч санана.
Миний мэддэг байсан Совиешу бүрмөсөн үгүй болчихсон гэж үү?
— Хатан минь. — Ард минь хэн нэгэн хөдөлж, хувцас шүргэх чимээ гарлаа.
Намайг ингэж дууддаг хүн ганцхан бий. Би нуруугаа цэхлээд эргэж харлаа.
Хайнри хунтайж хөмсгөө гүн зангидан намайг ажиглаж байв.
— Намайг тун эвгүй байдалд байхад минь харчихлаа шүү, — гэж би хэлэв. Ядаж уйлаагүй нь сайн хэрэг. Би хүчээр инээмсэглэн, — Та салхилж явсан уу? — хэмээн асуулаа.
Гэвч Хайнри хунтайж хөмсгөө тэнийлгэсэнгүй. Тэр миний нүүрийг бараг л шаналантайгаар, нэг бүрчлэн ажиглаж байв. Нүднээс минь сэтгэлээ нууж чадахгүй байх вий гэж айсандаа би толгойгоо буруулав. Харин хунтайж улам ойртон ирсэн тул түүнтэй харц тулгарахаас өөр арга үлдсэнгүй.
Хайнри гараа өргөн миний нүүр рүү дөхүүлэв. Хоорондох зайд хүртэл дулаан мэдрэгдэх шиг боллоо. Гэвч хүрэхээсээ өмнө тэр гараа татаж авав. Агаарт үлдсэн гар нь үл ялиг чичирч байлаа.
— Найз нөхөд минь шаналж байвал би нулимсыг нь арчиж, тэвэрч тайтгаруулах дуртай.
Би юу ч хэлсэнгүй. Хүссэн ч үг дуугарч чадах байсан эсэхээ мэдэхгүй.
— Та миний найз учраас би таныг ч бас ингэж тайтгаруулж болох уу? — гэж тэр асуулаа.
Би арайхийн толгой сэгсэрлээ.
Хайнри хунтайж гараа буулгав. Тэр одоо ч зүрх нь шимширсэн мэт харагдаж, хоёр чих нь час улайжээ. — Нөхөр тань дахиад таныг гомдоосон уу?
Дахиад гэж үү?
— Та яагаад тэгж бодов?
Түүний харц хурцдав. — Ажиглаж байгаад л таамагласан хэрэг.
— Би гэр бүлийнхээ хувийн асуудлыг тантай ярьж болохгүй, — гэв.
Хунтайж хэсэг чимээгүйхэн намайг харж зогсов. Дараа нь эрүүнийх нь булчин татвалзлаа. — Би тантай нөхрөөс тань түрүүнд танилцсан ч болоосой.
Би гайхсандаа хөмсгөө өргөв.
— Ядаж таван жилийн өмнө төрсөн бол... — Тэр уурссандаа уруулаа хазлав. — Хараал ид гэж.
Түүний сэтгэлээсээ өрөвдөн санаа тавьж буй нь намайг уяраав. Гэвч хунтайжийн хилэн тийм хүчтэй байсан тул Совиешу надад яг юу хэлснийг мэддэг ч юм шиг санагдав. Мэдээж тэгэх боломжгүй. Тэр өөр зүйлийн тухай ярьж байгаа биз.
Ер нь юу яриад байгаа юм бол?
— Би таныг өөрөө тайтгаруулж болохгүй юм бол Күинийг тань руу явуулж болох уу? — хэмээн хунтайж эцэст нь аяархан асуув.
Би толгой дохилоо. Хайнри хунтайжийг тэвэрч болохгүй ч Күинийг тэвэрч бололгүй яах вэ. Өхөөрдөм бяцхан шувууны дулаан илчийг мэдрэхийг би хүсэж байлаа. — Тэгвэл сайхан байна. Тэр хаана байгаа вэ?
— Би өрөөндөө очоод түүнийг тань руу явуулъя.
Үүнийг бодоод би энэ удаа чин сэтгэлээсээ инээмсэглэж чадлаа. — Хамт очвол ямар вэ? Үнэндээ би түүний талаар танаас хэдэн зүйл асуумаар байна.