Дахин гэрлэсэн хатан

19-р анги

19-р анги — Лоттешу дэд гүнлэг

Сонсох

Одоо намайг л ярьж байгаа байх даа... Рашта нуман хаалганы зүг түгшин харлаа. Совиешуг оролцуулаад онцгой хүлээн авалтад ердөө хорин зочин оролцож байгаа тул бүх зүйл тайван өнгөрөх учиртай. Гэсэн ч тэр санаа зовохгүй байж чадсангүй.

Хайнри хунтайж бусдад түүний талаар муухай зүйл ярьчихвал яана? Хатан хаан цуу тараагаад байх хүн шиг харагддаггүй ч хунтайжийг тэгэхэд нь хориглохгүй байх.

Ингэж санаа зовсоор Рашта уруулаа өвдтөл нь хазчихжээ.

— Рашта хатагтай, өнөөдөр та нэг л цонхийсон харагдах юм. Бие тань зүгээр үү? — гэж Ланте барон асуулаа.

— Үнэнийг хэлэхэд, үгүй ээ. — Тэр санаа алдав.

Ланте барон Раштад Совиешугаас дутахааргүй сайн ханддаг байлаа. Рашта Хайнри хунтайжтай муудалцахад түүний нэр төрийг хамгаалахын тулд Ланте барон өөр цуу яриа тараасан билээ. Рашта түүнд сайн байхаас өөр яах билээ?

— Санаа бүү зов. Хайнри хунтайж юу ч хийлээ гэсэн Эрхэм дээдсийг харгалзах ёстой. Одоо тэр Зүүн эзэнт гүрний нутагт байна шүү дээ. Тэгээд ч Баруун хаант улс хүчирхэгжиж байгаа ч Зүүн эзэнт гүрний сүр хүчтэй хараахан эн зэрэгцээгүй.

— Тийм л байх... — Рашта уруулаа цорвойлгов.

— Таны нэр төрийг хамгаалахын тулд би чадах бүхнээ хийнэ, Рашта хатагтай. Тайвшраад, сүүлчийн үдэшлэгээ сайхан өнгөрүүл.

Эцэст нь Рашта инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхтэй зэрэгцэн танхимын уур амьсгал хүртэл гэрэлтэх шиг болов. Сэтгэл санаа нь тавгүй байгаа болов уу гэж эмээн түүнээс зай барьж байсан зочид сая л дөхөж ирцгээлээ. Удалгүй Раштаг Шинэ жилийн ёслолын үеэр дотноссон язгууртнууд нь тойрон хүрээлэв.

Сэтгэл нь баяраар дүүрлээ. Яагаад онцгой хүлээн авалтад ороогүйг нь хэн ч асуусангүй. Түүнийг бодолцсон хэрэг үү, эсвэл огт тоогоогүй юм уу гэдгийг мэдэхгүй байв. Рашта өөрөөс нь тав дахин ах дарснаас шимж, язгууртнуудын бишрэл, анхаарлыг дуртайяа хүлээн авлаа.

— Рашта хатагтай, таны мөнгөлөг үс, тас хар нүд хоёрын зохицлыг хараад үнэхээр атаархах юм, — гэж нэг бүсгүй хэлэв.

— Хэчнээн эрхэмсэг харагдана гээч, — хэмээн нэг эр санал нийлэв. — Яг л хөндийн сараана цэцэг шиг.

— Туаниа гүнгийн хатан болгоомжтой байсан нь дээр дээ. Та Зүүн эзэнт гүрний хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэсэн алдрыг нь булаачихаж мэднэ шүү.

Дээдсийн хүрээний эрвээхэй гэгддэг Туаниа гүнгийн хатан одоо онцгой хүлээн авалтад оролцож байгаа болохоор л тэд ийм зүйл ярьж байгаа биз. Гэсэн ч урьд урьдынхаас олон хүн Раштад дөхөж ирж буй нь илт байлаа.

Өнөөдөр би л тэр эрвээхэй нь болох нь.

Рашта дарсанд бага зэрэг халж, сэтгэл нь хөөрөв. Эзэн хааны амраг болохоос нь өмнө гоо үзэсгэлэн нь түүнд хараал мэт байжээ. Гоо үзэсгэлэнгээ хэрхэн ашиглахаа мэддэг байсан ч олон удаа алдаж, түүнээсээ сургамж авсан юм. Түүнийг зэвсэг болгон ашиглаж сурсан хойно нь ч гоо үзэсгэлэн нь нарийхан олсон дээгүүр алхахтай адил аюултай санагддаг байлаа.

Харин одоо бүх зүйл өөр болжээ. Хүн бүр түүнийг магтаж, хайрлана. Түүнийг хамгаалж буй эр энэ ертөнцийг захирдаг. Түүнд заналхийлж чадах хүн ганц ч үгүй.

Гэвч энэ жаргалтай мэдрэмжээ дөнгөж хагас цаг эдэлж байтал нэг хүн түүний хамгийн их эмээж байсан асуултыг тавилаа. — Рашта хатагтай, та онцгой хүлээн авалтад оролцоно гэж хэлээгүй бил үү? Тэгээд яагаад энд ирчихэв?

Рашта асуусан эрийг анхааралтай ажиглав. Тэр дээд зиндааны язгууртан ч биш, том эдлэнтэй ч биш, ордонд алба хашдаг ч биш бололтой. Шинэ жилийн ёслолын эхний өдөр харснаа бүдэг бадаг санаж байгаа ч түүнээс өөр мэдэх зүйл алга.

Гэтэл энэ хэнд ч үл танигдах эрийн асуултыг сонсоод эргэн тойрныхон нь нэгэн зэрэг нам гүм болов. Хэн ч энэ тухай асууж зүрхлээгүй ч бүгд сонирхож байсан нь илт.

— Тэр тухайд гэвэл... — Рашта шалтаг хайж толгойгоо гашилгав. — Би оролцохгүй байсан ч зүгээр гэж хэлсэн юм.

— Яагаад тэр билээ, Рашта хатагтай?

— Онцгой хүлээн авалт бол гадаадын чухал эрхэм зочдод зориулсан арга хэмжээ. Миний оронд эзэнт гүрэнд илүү чухал холбоотнууд нь оролцвол дээр гэж бодсон юм, — хэмээн тэр хариулав.

Түүний үгийг сонсоод эргэн тойрноос нь сайшаасан дуу алдалт ар араасаа гарлаа.

— Рашта хатагтай, та эзэн хааны амраг байхад дэндүү ухаантай юм, — гэж нэгэн бага зиндааны язгууртан хэлэв.

— Яг үнэн, — хэмээн эзэн хааны харуулын нэгэн удирдагч санал нийлэв. — Өмнөх эзэн хааны амрагууд найрлаж цэнгэх, дэлгүүр хэсэхээс өөр зүйл хийдэггүй байлаа. Олон улсын хэрэг явдлыг огт сонирхдоггүй байсан. Харин та тэднээс тэс өөр юм, Рашта хатагтай.

Рашта ичингүйрэн инээмсэглээд харцаа буулгав. — Өө, би зүгээр л боломжтой үедээ Эрхэм дээдэст тусалдаг юм.

Энэ магтаал, бишрэл ямар ч мансууруулах бодисоос илүү толгойг нь эргүүлжээ. Дарс улам нөлөөлж байгааг мэдэрсэн ч тэр дахиад нэг хундага авахаар гараа сунгав. Түүнийг дохих төдийд зургаан залуу язгууртан өөр өөрийн хундагыг санал болголоо.

Рашта лаванда цэцгийн өнгөтэй, урт нарийхан хундагыг сонгов. Хундагыг нь өгсөн залуу яг л онцгой хүнээр сонгогдсон мэт нүүр дүүрэн баярлав.

Яг тэр мөчид залуугийн мөрөн дээгүүр харахдаа Рашта энд байх ёсгүй нэгэн эрийг олж үзлээ. Нарийн хийцтэй хундага хурууных нь завсраар мултарч, чанга дуу гарган хэдэн хэсэг болтлоо хагарав.

Хэдэн бүсгүй цочин дуу алдав. — Рашта хатагтай, та зүгээр үү?

— Бэртчихээгүй биз?

Рашта ам нээж чадалгүй толгой сэгсэрлээ. Өнөөх эр аль хэдийн алга болжээ. Би хий юм харсан байж таарна...

Гэсэн ч нуруугаар нь хүйт даав. Дарснаас л болсон байх.

Би хэтэрхий их уужээ. Ердөө л тэр.

Үйлчлэгчид хагарсан шилний хэлтэрхийг яаран шүүрдэх зуур Рашта өнөөх эр зогсож байсан газрыг дахин нүдээрээ нэгжлээ.

— Юу болсон бэ, Рашта хатагтай? — гэж Ланте барон асуун, харцыг нь дагуулж харлаа.

Рашта түүнийг эргэж харахаас нь өмнө хүрэмнээс нь шүүрэн авав. — Ланте барон, танаас нэг юм асуумаар байна.

Барон хөмсгөө өргөв.

— Шинэ жилийн ёслолын эхний, хоёр дахь өдөр ирээгүй язгууртнууд... с-сүүлчийн өдөр нь гэнэт ирж болдог уу?

— Тэгэлгүй яах вэ, — гэж тэр хэллээ. — Өмнө нь ирэхэд нь ямар нэгэн саад тохиолдсон байж болно шүү дээ.

Рашта дуугаа намсгав. — Хөдөөгийн язгууртнууд ч бас ирдэг үү? Өчүүхэн жижиг эдлэнтэй хүмүүс хүртэл үү? Хэнд урилга илгээдэг юм бэ? Ямар нэгэн шалгуур байдаг уу?

— Шалгуур байлгүй яах вэ. Гэхдээ жижиг эдлэнтэй язгууртан урилга авсан бол ирж болно. — Барон түүн рүү хөмсөг зангидан харав.

— Олон жил ёслолд ирээгүй хүмүүс ч гэсэн үү? — гэж Рашта асуув.

— Мэдээж. Олон жил ирээгүй бол тэр шалтгаанаар нь бид бүр урилга явуулдаг. Язгууртнууд өөрсдийгөө бусдаас тусгаарлагдсан, орхигдсон гэж бодож болохгүй шүү дээ.

Раштагийн уруул чичирлээ.

— Рашта хатагтай, юу болсныг надад хэлээч, — гэж барон хүсэв.

Рашта дахин толгой сэгсрээд, дарсны хундагаа түүний гарт атгуулав. — Би... би явах хэрэгтэй. Арай дэндүү их уучихаж, — хэмээн бувтнаад замд нь зогсох хүмүүсийг гараараа дохин холдуулав.

Хэрэв хий юм харсан бол ямар ч аюулгүй. Харин тэр эр үнэхээр энд байгаа бол Рашта аюулд оржээ.

Лоттешу дэд гүнлэг бол Раштагийн урьд нь амьдарч байсан эдлэнгийн эзэн юм. Тэр Раштаг хэн гэдгийг төдийгүй ямар хүн байсныг нь яг таг мэднэ. Боол.

Рашта зугтаж амжих гэж байтал ард нь хэн нэгэн дөхөж ирэв.

— Пөөх, пөөх. Би андуураагүй байсан байна шүү дээ.

Тэр дууг сонсмогц Раштагийн судсаар мөс гүйх мэт болж, биеийнх нь үс босов. Толгой нь хоосрон, нүд нь бүрэлзлээ.

[[IMAGE: CH_IMAGES/019.jpg]]

Тэр өөрийн мэдэлгүй гуйвж холдсон бололтой. Учир нь дараахан нь Ланте барон туслахаар яаран хүрч ирэв. — Рашта хатагтай? — хэмээн барон түгшин дуудав.

Тэр хариулж чадсангүй.

Эр хүний нам, бүдүүн хоолой улам ойртлоо. — Рашта хатагтай гэнэ ээ? — гэж тэр ёжтой, басамжилсан өнгөөр хэлэв. — Чи одоо юу хийж яваа бол гэж гайхаж байлаа. Байдлыг харвал зиндаа чинь дээшилсэн бололтой.

Танхим нам гүм болов. Зүг бүрээс хүмүүс өөрийг нь ширтэж буйг Рашта мэдэрч байлаа.

— Цаг үе ч өөрчлөгдөж дээ, — хэмээн тэр эр хүн бүрд сонсогдохоор чанга хэлэв. — Оргосон боол нэг л өдөр хатагтай болчихно гэж хэн төсөөлөх билээ?

***

— Эрхэмсэг дээдэс, та захидлаар харилцаж байсан нууцлаг хүнээ хайхаа больчихсон уу? — гэж хунтайжийн дэргэдэх нэгэн язгууртан бүсгүй асуулаа.

— Тэгэхээс өөр аргагүй бололтой, — гэж Хайнри хунтайж хэлэв. — Тэр хүн өөрийгөө илчлээгүй болохоор хэн гэдгээ нууцлахыг хүсэж байгаа байх.

— Та их урам хугарсан байх даа. — Бүсгүй түүн рүү өрөвдсөн харц шидэв. — Ялангуяа тэр хүнийг хайж байгаагаа олны өмнө зарласан болохоор.

— Би өөрийнхөө төлөө хэн нэгнийг таагүй байдалд оруулахыг хүсэхгүй байна.

Би нүүр халуу дүүгэн тэдний яриаг сонсож, бялуунаас бага багаар хазаж байв. Хунтайж хааяа над руу харсан ч инээмсэглэх юм уу толгой дохих төдий. Сэжигтэй зүйл огт байсангүй.

Тэр хэлсэндээ хүрчээ. Үнэхээр л жинхэнэ боловсон эр юм байна...

Харин Совиешу хунтайжийг ганц л эвгүй үг хэлбэл хэдэн хэсэг тасчиж хаяхад бэлэн байгаа мэт харагдана. Гэвч хунтайж Раштагийн тухай огт дурссангүй.

Ярианы сэдэв Хайнри хунтайжийн захидлаас Хва тив дэх Кауфман их гүнгийн нутаг, улмаар дайнд ид шидийг хэрхэн ашиглах тухайд шилжив. Кауфман их гүн тун дуу цөөтэй хүн болох нь илэрхий. Шидийн академийг төгссөн хэр нь энэ сэдвээр бараг үг дуугарсангүй.

Мэдээж бусад сэдвийн тухайд ч адилхан байлаа.

Бид ид сонирхолтой яриа өрнүүлж байтал харуулын захирагч танхимд чимээгүйхэн орж ирэв.

Юу болсон юм бол?

Тэр намайг өөр рүү нь харж байгааг анзаараад ёслон мэхийж, бидэн рүү дөхөж ирлээ. Совиешу Хайнри хунтайжид анхаарлаа хэт төвлөрүүлсэн тул түүнийг анзаарсангүй.

— Эрхэм дээдэс.

Совиешу цочсон янзтай эргэж, хүлэг баатар руу харав. — Юу болсон бэ?

— Эрхэм дээдэс та нийтийн их хүлээн авалтын танхимд түр очиж болох уу? — Захирагчийн царай ноцтой байлаа.

Энд ердөө хорин хүн байсан тул хүлэг баатрын хэлснийг бүгд сонсож, түүн рүү харцгаав.

— Юуны учир тэр вэ? — гэж Совиешу асуулаа.

Захирагч хариулсангүй. Олны өмнө ярих боломжгүй хэрэг бололтой.

Совиешу ч мөн ингэж ойлгосон бололтой. Тэр зочдоос уучлал хүсээд хүлэг баатрыг тэр даруй даган гарлаа.

Юу тохиолдсон юм бол?

Би араас нь очих уу гэж бодов. Гэхдээ надаар хэрэгтэй зүйл байсан бол захирагч хэлэх л байсан. Раштатай холбоотой юм болов уу. Тэгж өөрийгөө зовоох шаардлага надад байсангүй. Би зочидтойгоо үргэлжлүүлэн ярилцлаа.

Оройн зоог өндөрлөж эхлэхэд би Лаурад амласныхаа дагуу онцгой хүлээн авалтын танхимаас гарч, нийтийн их хүлээн авалтыг зорив. Мөн шөнө дунд дуугарах хонх, буудуулах салют зэрэг бүх бэлтгэл хэвийн байгаа эсэхийг сүүлчийн удаа тойрч шалгахыг хүссэн юм.

Нийтийн баярын танхимд ороход миний төсөөлснөөс хавьгүй их... шуугиантай байлаа.

Ёслолын энэ үед хүмүүс ихэнхдээ ядарчихсан байдаг. Сүүлчийн өдөр бид бүгд хамгийн ганган хувцсаа өмсдөг ч үдэшлэг эхний өдрүүдийнхээс эрт намждаг байв.

Гэтэл өнөө орой танхим хүнээр дүүрсэн хэвээр. Зочид бөөн бөөнөөрөө нийлэн хөхрөлдөж, учир мэдсэн харц солилцоно.

Намайг орж ирмэгц шуугиан улам ихсэв. Би учрыг нь олж ядан зогстол Лаура хатагтай гүйн ирлээ.

— Эрхэм дээдэс! Та сонссон уу? — хэмээн тэр дуу алдав.

— Үгүй ээ. Би энэ бүх хугацаанд Улаан сарнайн танхимд байсан. Ямар нэг юм болсон уу? — гэж би асуулаа.

— Ёстой сонирхолтой юм болсон! — Лаура догдолсондоо хамраа сарталзуулна.

Бид ярилцахад илүү тохиромжтой газар руу шилжив. Би далайн хоолны шарсан зууш, хулууны пудинг, сүүтэй кофе өрсөн ширээний дэргэд очлоо. Зууш идэнгээ ярилцахад яг тохирох газар байв.

Лаура хатагтай тавган дээр минь хулууны пудинг тавьж, сэрээ өгөв. — Намайг бүгдийг ярьж өгөх зуур та идэж байгаарай. Энэ түүх пудингээс ч амттай гэдгийг амлая!

— Баярлалаа, Лаура. — Би тавгийг авлаа. — Яг юу болсон юм бэ?

— Раштагийн тухай л даа.

Олны дунд ярилцмааргүй сэдэв байлаа. Би царайгаа ярвайлгасан ч Лаура үргэлжлүүлэв. — Раштаг оргосон боол гэсэн цуу яриаг санаж байна уу?

— Мэдээж. Гэхдээ Эрхэм дээдэс түүнийг боол биш гэж бидэнд батлан хэлсэн шүү дээ, — гэж би хэллээ. Совиешу тэр цууг тараасан хүмүүсийг шийтгэх хүртлээ арга хэмжээ авсан. Ийм олон хүний дэргэд Лаура үүнийг ярьж болох хэрэг үү?

Би түүнийг зогсоож амжаагүй байтал Лаура уулга алдав. — Гэтэл нөгөө цуу үнэн байж! Лоттешу дэд гүнлэг өнөөдрийн үдэшлэгт хүрэлцэн ирээд түүнийг таньчихсан гэнэ! Итгэмээр байна уу?

— Лоттешу дэд гүнлэг гэж үү? — хэмээн би давтан асуулаа.

— Рашта өөрийнх нь эдлэнд боол байсан, тэндээсээ оргосон гэж хэлсэн гэнэ!

Цээж минь давчдав. — Чи итгэлтэй байна уу?

— Тэгэлгүй яах вэ. Хэрэв Эрхэм дээдэс тэнд байсан бол дэд гүнлэгийг яриулалгүй зогсоох байсан биз. Лоттешу дэд гүнлэг хэдхэн цагийн өмнө л нийслэлд ирсэн болохоор Раштагийн тухай сонсоогүй байж. Тэгээд олны өмнө үнэнийг шууд хэлчихсэн байгаа юм!

— Аан... — Би яахаа мэдэхгүй дуугарлаа.

— Рашта мэдээж үгүйсгэсэн. — Лаура хатагтай үл тоомсорлон тургив. — Гэхдээ бүгд Лоттешу дэд гүнлэгт итгэж байна. Раштагийн царай аймшигтай болсон гэсэн. Түүнтэй сүжрэлдэж байсан нөгөө язгууртнууд ч бүгд харж байж!

— Тэд одоо хаана байгаа юм бэ? — гэж би асуулаа.

— Рашта ухаан алдчихсан болохоор Ланте барон өрөөнд нь хүргэж өгсөн. Харин эзэн хааны харуулын захирагч Лоттешу дэд гүнлэгийг танхимаас гаргасан.

Тийм учраас л Совиешуг дуудаж дээ.

Надад нэг л хачин мэдрэмж төрлөө. Гүтгүүлсэндээ гомдсон сэтгэл минь зөвтгөгдсөнөөс болов уу? Совиешу намайг Раштагийн уг гарлын тухай цуу тараасан гэж буруутгаж билээ. Харин одоо тэгээгүйг минь мэдсэн байх учиртай.

Гэсэн ч сэтгэлийн минь нэг хэсэг тавгүй хэвээр. Яагаад ингэж байгаагаа би өөрөө ч тайлбарлаж чадсангүй.

Совиешу Раштагийн тухай үнэнийг мэддэг байсан болов уу? Мэддэггүй байлаа ч одоо түүнийг хайрлахаа болино гэдэгт эргэлзэж байв. Раштагийн өрөвдөлтэй төрх түүнийг хамгаалах хүслийг нь төрүүлсэн учраас Совиешу ордонд авчирсан. Анхны харцаар дурласан уу, эсвэл хожим нь Раштагийн арга мэхэнд автсан уу гэдгийг би хэзээ ч мэдэхгүй. Гэхдээ бүх зүйл ингэж эхэлсэн билээ.

Би энэ хэрүүл шуугианд оролцохгүй гэж шийдэв. Рашта эгэл ард ч байсан, оргосон боол ч байсан, Совиешугийн түүнд хайртай сэтгэл өөрчлөгдөхгүй. Совиешу Раштаг шившигт оруулахгүйн тулд юу ч хийхээс буцахгүй.

Яг яахыг нь харах л үлдлээ.

Юутай ч би түүнтэй ямар ч холбоотой байхыг хүссэнгүй.

19-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Дахин гэрлэсэн хатан19-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах