Тэнгэр аажмаар харанхуйлав. Шень И урьдын адил хаалгаа тогшоод түлхэн орлоо. Линь Байвэй мөн л арын хашаанд нуугдаж байв. Шень Игийн дууг сонссоныхоо дараа л толгойгоо цухуйлгалаа.
Өчигдрийн нэвт норсон төрхөөсөө өөр, өнөөдөр цагаан хувцас сольж өмсжээ. Биеийн хэмжээнд нь яг таарсан урт дээл хөдөлгөөн бүрд зөөлөн намирч, түүнийг энэ ертөнцөөс тасарсан мэт хөнгөн, цэвэрхэн харагдуулна. Хэрэв хоол харах бүрдээ өлөн нүд гаргаж, шүлсээ залгихаа больчихвол үнэхээр дагина гэж андуурмаар.
“Хэхэ, мах үнэртэж байна. Цалингаа авчихсан юм уу?”
Линь Байвэй Шень Игийн барьж явсан шавар гүц, бадамлянхуа навчин боодлыг шүүрэн авч, баяртайгаар ширээн дээр тавиад задлав. Шень И түүний хажуу төрх рүү харахад сэтгэлд нь өчүүхэн атаархал төрлөө. Энгийн гамбир идсэн ч, тансаг зоог барьсан ч Линь Байвэйн нүүрэнд яг адилхан баяр хөөр тодорно.
Хэрэв өмнөх амьдралдаа өөрөө ийм сэтгэлтэй байсан бол амьдрал тийм ч их зовлон санагдахгүй байсан ч юм билүү.
“Дахиад л бүх бие чинь цус болчихож. Өдөр бүр гараад…”
Линь Байвэй түүнийг хөнгөхөн шоолон ярьж байснаа бадамлянхуа навчийг задлан, шавар гүцний тагийг нээх үед хөмсөг нь үл ялиг зангирч, царай дахь инээмсэглэл нь хөрөв. Шень И түүний царай өөрчлөгдсөнийг анзаарсан ч шалтгааныг нь ойлгосонгүй. Гэхдээ нэг их тоосонгүй.
Идэх эсэх нь өөрийнх нь хэрэг. Тэр ширээнд суугаад шарсан галууны гуя авч том хазлаа. Шаржигнасан хальс, шүүслэг махны үнэр аманд нь тарж, амт нь жаахан сул байсныг ч анзаарагдахгүй болгожээ.
Линь Байвэйн хамар үл ялиг хөдөллөө. Тэр нүдээ тас анин, хоёр гараа цээжиндээ зөрүүлэв.
“Ямар тос ихтэй юм бэ! Огт идмээргүй байна.”
Шень И нүдээ эргэлдүүлээд Хуадяо архийг гүцнээс нь шууд балгав. Линь Байвэй нүдээ үл ялиг нээж, урт сормуусныхаа завсраар түүн рүү сэмхэн хяламхийв. Улаан уруулаа зөөлөн хазаад:
“Хэрэв гамбир идмээргүй байгаа бол маргааш шинэхэн мах, шар буурцгийн сүмс аваад би өөрөө хийж өгье. Бусдын юмыг булааж авах шаардлагагүй шүү дээ…”
гэв.
“Чи хоол хийж чаддаг юм уу?”
Шень И гайхан толгой өргөв.
“Хоол хийж чаддаггүй байсан бол аль эрт өлсөж үхэх байсан. Хаа сайгүй хоолны газар байдаггүй юм… Хөөе, чи ер нь миний үгийг сонсож байна уу?”
Линь Байвэй хуруугаа нэг нэгээр нь нугалан тооцож эхлэв.
“Нэг жин гахайн мах хорь орчим зэс зоос. Сарын цалингаасаа жаахан хэмнэвэл түлээ, будаа, тос, давсаа тооцсон ч бараг өдөр бүр мах идэж чадна.”
“Би оёж ч чадна. Хувцас, гутал урагдлаа гээд шинээр авах шаардлагагүй.”
Бүүдгэр өрөөнд Шень И зардлыг нэг бүрчлэн тооцож буй Линь Байвэйг чимээгүй ширтэв. Тэгээд өнөөдөр түүний эцэг найман зуун лан мөнгийг ямар хөнгөхөн гаргаж өгснийг саналаа.
“Чи үнэхээр Линь овгийн залуу хатагтай мөн үү?”
“Чихгүй юм уу?”
Линь Байвэй бухимдав. Энэ хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Төрөөс цалин авдаг, олигтойхон харуул түшмэл байж чөтгөрүүдтэй хутгалдаж, эгэл ардыг дээрэлхэх ямар хэрэгтэй юм?
Ийм авьяасыг ингэж дэмий үрэх үнэхээр хайран. Урьд нь байсан бол чихнээс нь бариад тас татчих байсан биз. Линь Байвэйн уруулаа цорвойлгон уурласан төрх санаанд оромгүй эгдүүтэй харагдав.
Шень И харцаа өөр тийш шилжүүлээд бүсэлхийнээсээ хэдэн жижиг мөнгө гарган ширээн дээр шидэж, тасралтгүй үглэхийг нь зогсоов.
“Аав чинь өгсөн.”
Үүнийг сонсоод Линь Байвэй тэр дороо хөшчихөв. Харц нь ширээн дээрх мөнгө, Шень Игийн хувцсан дээрх цусны толбоны хооронд ээлжиллээ.
“Чи тэр үнэгийг хайж очсон юм уу?”
Шень Игийн хариуг хүлээлгүй гэнэт босож, нүүрэнд нь тултал ойртов. Царайд нь жинхэнэ түгшүүр тодорчээ.
“Энэ хэрэг ямар ноцтойг мэдэж байна уу? Тэд чиний бодож байгаа шиг энгийн биш!”
“Хойд Хадан Цохионы үнэгэн чөтгөрүүдийн нэг ахмад энэ хавиар явж байгаа. Миний хэн болохоос болгоомжилсон учраас л хотод орж ирээгүй юм! Харин чи үр хойчис нь болсон чөтгөрийг алж, бүрмөсөн уурлуулчихвал хэн ч чамайг хамгаалж чадахгүй!”
Тэр үнэхээр санаа зовжээ. Ойртон ирэхэд нь амьсгалаас нь зөөлөн анхилуун үнэр мэдрэгдсэн ч Шень Игийн царай тайван хэвээр.
“Тэгвэл чи яг хэн юм?”
Линь Байвэйн үг тэр дороо тасрав. Удаан дуугүй байснаа:
“Энэ удаад харин голыг нь сонсож дээ.”
гэж бувтнав. Шень И ч босов. Царайдаа юу ч ил гаргалгүй, сэтгэлд нь төрж эхэлсэн өчүүхэн дотно мэдрэмжийг тэр дор нь дарлаа. Энэ эмэгтэй гарцаагүй ямар нэг том зүйл нууж байна.
Түүнийг тойрсон гай өөрийнх нь төсөөлснөөс хавьгүй том.
“Хоолоо ид.”
Шень И орны захад буцаж суулаа.
“Би муу хүн биш шүү дээ.”
Түүний хөндийрснийг мэдэрсэн Линь Байвэй ширээнд буцаж суугаад савхаараа шар загасыг оролдов. Энэ удаа үнэхээр хоолны дуршил алга. Нэлээд удсаны дараа намуухан асуулаа.
“Аав минь зүгээр үү?”
“Одоохондоо.”
Шень И түүний сэтгэл санааг бараг гадарлажээ.
“Үнэгэн чөтгөр танай гэрт байгаагүй. Гэхдээ өөр чөтгөрийг гэрт чинь оруулсан байсан.”
“Баярлалаа.”
Шень Игийн хувцсан дээрх цус, ширээн дээрх мөнгө хоёр болсон явдлыг хангалттай тайлбарлаж байв. Линь Байвэй үл ялиг чичирсэн гараа тогтоохыг хичээн, гүцтэй загасны шөлийг бага багаар оочив. Хэдэнтээ гүн амьсгаа авсны эцэст сэтгэлээ аажмаар тайвшрууллаа.
Шень И түүний өмнө хэлсэн үгийг эргэн санав. Тэр заавал амьд үлдэх ёстой… Одоо л энэ үгийн цаадах утгыг илүү тодорхой ойлгов.
Эцэг эхийнх нь амь аюулд орсон ч Линь Байвэй өөрөө амьд үлдэх ёстой. Түүний хэлснээр үнэгэн чөтгөрүүдийн ахмад хүртэл Линь Байвэйг хэн болохоос болгоомжилж, хотод нэвтрэн орж зүрхлэхгүй байгаа аж.
“Би үнээ нэмнэ.”
“Юу?”
Линь Байвэй гайхан харав. Шень И даавуугаар сэлмийнхээ хуйг нямбай арчиж байлаа.
“Анхны зэрэглэлийн тулааны эрдмийн хоёр судар хангалтгүй. Хаш шингэний зэрэглэлийнхийг авна. Тоо нь хэвээрээ хоёр. Нэгийг нь урьдчилгаа болгож өг.”
Линь Байвэйг хэн болох талаарх ойлголт нь өөрчлөгдсөн тул нэхэх үнэ нь ч дагаад өөрчлөгдөх ёстой. Линь Байвэй хэсэг чимээгүй ширтэв. Гайхалтай нь Шень Игийн энэ удаагийн шахалтыг эсэргүүцсэнгүй.
Савхаа авч загасаа дахин идэж эхлэв.
“Нэгийг нь л цээжээр мэднэ. Цаас, бийр бэлдэж өг. Гурав хоногийн дараа өгье.”
Тэр загасны махыг хүчтэй зажилж, нүдэнд нь хуралдах гомдлыг түүгээрээ дарахыг хичээлээ. Линь Байвэй бусдын өмнө сул дорой байдлаа харуулж сураагүй хүн. Яг тэр үед өнөөх хүйтэн, дургүй хүрэм хоолой дахин сонсогдов.
“Түрүүн хэлсэн үг чинь одоо ч хүчинтэй юу?”
“Би юу хэлсэн билээ?”
Линь Байвэй амтлаг, зөөлөн загасны махнаас дахин нэг хэсгийг амандаа хийв. Хацар нь бөмбийж, уруулд нь тос гялалзана. Хоолой нь чичирч байгааг Шень Ид мэдэгдэхийг хүссэнгүй.
“Хоол хийх тухай.”
Шень И цэвэрлэж дууссан сэлмийнхээ хуйг хананд өлгөв. Энэ эмэгтэй таавар шиг битүүлэг ярьдаг ч Шень И болсон явдлыг ерөнхийд нь холбож ойлгожээ. Үнэгэн чөтгөрүүд Линь Байвэйг хэн болохоос болгоомжилсон тул шууд алаагүй.
Гэтэл тэд эсэргүүцэх чадваргүй болсон эмэгтэйг өмнөх Шень Ид хээв нэг өгчихсөн. Хэчнээн ид шидтэй байлаа ч түүний гар хөдлөхөөс өдөр шөнөгүй сэргийлж чадахгүй шүү дээ. Тэд өмнөх Шень Игийн гараар түүнийг зайлуулахыг хүссэн байх магадлалтай.
Тэгвэл яагаад заавал өмнөх Шень Иг сонгосон юм? Хэсэг бодоод үзэхэд түүнд ганц онцгой зүйл байв. Төрийн түшмэл гэсэн байр суурь.
Эндээс Линь Байвэйн нуухыг хичээсэн үнэнийг таахад хэцүү биш. Цсс. Линь овгийнхон ганц охиноо эрдэм сургахаар явуулсан чинь Чөтгөр дарах албанд орчихсон юм байна.
Түүний айж явсан жинхэнэ аюул үнэгэн чөтгөр биш. Шень И байжээ. Хэрэв Линь Байвэй төрийн түшмэлийн гарт амиа алдвал үнэгэн чөтгөрүүд хэрэгт хамаагүй мэт цэвэрхэн мултарч, бүх бурууг Шень И рүү түлхэж чадна.
Хэрэв өөрөө анх өчүүхэн төдий буруу шийдвэр гаргаж, энэ эмэгтэйг цавччихсан бол яах байсан бэ? Чөтгөр дарах албаны хүнийг өөрийн гараар хөнөөсөн хэрэгтэн болох байлаа.
Бүх Их Цянь улс араас нь хөөж буй дүр зургийг төсөөлөх төдийд Шень Игийн нуруугаар хүйт даав. Тэр энэ биеийн өмнөх эзнийг дотроо хараав. Хүүхэн харахаараа ухаанаа алддаг тэнэг амьтан!
Ямар эмэгтэйтэй оролдож байгаагаа ч мэддэггүй байсан юм уу?!
Линь Байвэй Шень Игийн толгойд ямар олон бодол эргэлдсэнийг огт мэдсэнгүй. Тэр загасаа залгиж, үл ялиг улайсан хамраа татав. Тэгээд сөөнгө хоолойгоор хариулав.
“За, хийж өгнө!” Ердөө хоол хийх биз дээ? Чамайг идсээр байгаад үхтэл чинь хооллоно доо!
Жижигхэн гар нь савхаа чахартал чанга атгалаа. Энэ нэг сарыг давж, биед нь тавьсан хоригийг тайлах арга олсны дараа… Том түмпэн дүүрэн тогоо угаасан ус бэлдээд, хамрыг нь чимхэж байгаад хоолой руу нь цутгана даа.
Ингэж бодоход Линь Байвэйн сэтгэл бага зэрэг дээрдэв. Тэр архины гүцийг авч, нэг амьсгаагаар хөнтөрч орхив.