Лянь овгийн бэлтгэлийн талбай.
Талбайн голд гучин хүдэр эр бэлтгэл хийж, өчүүхэн элсэн шуурга босгож байлаа.
Тэд Лянь овгийн тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүд байв. Тэднийг Лянь овгийн сургагч Яо Юань удирдан зааж байлаа. Тэрээр Овгийн Тэргүүн, Лянь Чэнъюй хоёроос гадна Эгэл Цусны тавдугаар түвшинд хүрсэн гурван тулаанчийн нэг байв.
—Дүн! Дүн! Дүн!
Тэдний нударга тэнгэр өөд нүргэлэн цойлно. Овог нь эдгээр тулаанчийг нэг бүрчлэн хичээнгүйлэн бэлтгэсэн байлаа.
Өвөл дөхөж, уудам зэлүүд нутагт хүйтэн салхи үлээж байсан ч тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүн бүр бэлтгэлээсээ болж хөлсөөрөө гол урсгах шахаж байв!
Яо Юань тавцан дээрээс тэднийг ажиглангаа хөмсгөө зангидаж, —Зогс! гэж хашхирлаа.
Яо Юаний дуу аянга мэт чанга байв!
Бэлтгэл хийж байсан тулаанчид даруй зогсов.
—Би та нарт Тай А Тэнгэрлэг Улсаас уламжлагдан ирсэн үндсэн техникүүдийн нэг болох “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг заая!
—Энэ “Лууны хавирга, барын ясны нударга” ердөө арван найман байрлалаас бүрдэх ч байрлал бүр нь гүн утгатай! Та нар, тэнэг гахайнууд, зөвхөн хөдөлгөөнийг нь сурсан болохоос цаадах гүн утгыг нь ойлгоогүй. Өнгөц сүртэй ч ямар ч хэрэггүй!
Яо Юаний үг эрчүүдийн өөрсдийгөө бэлтгэхэд зарцуулсан бүх хөдөлмөрийг нь үгүй хийв!
Гэвч Яо Юань тулаанчийн бэлтгэлийн хуаранд асар их нэр хүндтэй тул хэн ч юу ч хэлж зүрхэлсэнгүй.
Лянь Чэнъюй ирээдүйнхээ ачаар өндөр нэр хүндтэй байв. Тэр Нил Цуст тулаанч, бүр Нил Цусаас ч дээгүүр түвшинд хүрч болох хүн байлаа.
Харин Яо Юань өнгөрсөн амьдралынхаа ачаар өндөр нэр хүндтэй байв.
Яо Юань Лянь овгийн хүн биш. Тэр өмнө нь Нил Цусны түвшинд хүрч байсан гаднын хүн байлаа. Гэвч дайснууддаа нэхүүлэн явахдаа шархадсанаар эгэл тулаанчийн түвшин рүү буцаж унажээ. Тэрээр хоргодох газар хайж уудам зэлүүд нутагт орж ирээд, Лянь овгоос тэр газраа олсон тул хэдэн жил тэнд суурьшсан байв.
Хэдийгээр хүч чадлаа алдсан ч Яо Юань туршлагаа алдаагүй. Тулаанчийн бэлтгэлийн хуаранг сургах чадварт нь хэн ч эргэлздэггүй байлаа.
Учир нь Лянь Чэнъюйг Яо Юань өөрөө сургасан юм!
Лянь овог шиг жижиг овогт өссөн Лянь Чэнъюй шиг залуу багш мэргэжилтний удирдамжгүйгээр ийм их амжилтад хүрч чадах байсан гэж үү?
—Энэ “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг бүү басамжил. Тай А Тэнгэрлэг Улсад хамгийн эрхэм нь “Тай А Ариун Техник” боловч түүнд маш өндөр түвшинд хүрсний дараа л нэвтэрч болно. Нил Цуснаас доогуур түвшний хүмүүст тэр ямар ч хэрэггүй! Нил Цуснаас доогуур түвшнийхэн “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг бясалгах ёстой! Тай А Тэнгэрлэг Улсын Хааны Гэр Бүлийнхэн хүртэл үүнийг бясалгадаг юм!
—“Лууны хавирга, барын ясны нударга” бол биеэ бэлтгэх шилдэг техник. Үүнийг үнэлбэл бүтэн хот ч хүрэлцэхгүй байж мэднэ! Тай А Тэнгэрлэг Улс хүч чадлаа бэхжүүлэхийн тулд ядууст тулааны урлаг сурах боломж олгож, уудам зэлүүд нутагт нүүрлэсэн аюултай тулгарахыг хүссэн. Тиймээс “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг санаатайгаар нийтэд нээлттэй техник болгосон юм. Энэ техникийг сурах боломж олдсон нь та нарын аз завшаан!
—Эгэл Цусны Ци хураагч шатанд хүрэхийн тулд Баатарлаг, Тэнхээт, Аянгат, Меридиан гэсэн түвшнүүдийг дамжих ёстой! Эдгээрийг бясалгахын тулд хүчээ хөгжүүлж, булчин, яс, дотор эрхтнээ боловсронгуй болгоно! “Лууны хавирга, барын ясны нударга”-ын арван найман байрлал нь булчин, дотор эрхтэн, ясыг боловсруулдаг юм!
—Хэрэв та нар “Лууны хавирга, барын ясны нударга”-ын эхний зургаан байрлалыг үнэхээр ойлгож чадвал мянган паундын тогоо өргөж чадна. Нэг тогооны хүчээр есөн ши нум татаж, нумаа бүрэн сунган харвасан сум мянган алхмын цаана хүрээд, давхар хуягийг хүртэл нэвт сүлбэж чадна!
Яо Юань чангаар тайлбарласан бөгөөд И Юнь нэг ч үгийг алдалгүй сонсов.
“Мянган паундын тогоо өргөж, есөн ши нум татна гэж…”
И Юнь сэтгэл нь хөдөллөө. Энэ ертөнцөд есөн ши гэдэг нь ойролцоогоор 900 паундтай тэнцэж байв!
“Яо Юаний хэлснийг сонсоход энэ ‘Лууны хавирга, барын ясны нударга’ үнэхээр гайхалтай нударганы техник юм байна. Улс орныхоо хүчийг бэхжүүлэхийн тулд Тай А Тэнгэрлэг Улс ийм үндсэн нударганы техникийг нийтэд нээлттэй болгосон гэж бодохоор үнэхээр сонин юм. Тай А Тэнгэрлэг Улсын хаанд мэргэн хүний шинж байна.”
И Юнь нүдээ ч цавчилгүй, амьсгалаа даран бэлтгэлийн талбайг ширтэж байлаа. Тэр энд тулааны урлагийг нууцаар сурахаар ирсэн юм!
И Юнь орон зай, цаг хугацааг нэвтлэн ирэхээсээ өмнө цэргийн алба хааж байхдаа сурсан цэргийн боксын хөдөлгөөнүүдийг л мэддэг байв. Тэдгээрийг гудамжны зодоон төдий гэж үзэж болох бөгөөд энэ хачин ертөнцөд огт хэрэг болохгүй. Биеийн чийрэгжилт нь асар их сайжирсан ч тулааны урлаг, техникгүй бол жинхэнэ дайсантай тулгарахдаа тэр сул талтай байх байлаа!
Техникгүй бол цаашдын бясалгал нь ч хавьгүй удааширна.
Түвшин ахих тусам энэ асуудал улам бүр томорно. Эс тэгвээс Тай А Тэнгэрлэг Улсын “Тай А Ариун Техник” ийм эрхэмд тооцогдохгүй байсан биз!
—Эхлээд би та нарт үзүүлж өгье. Сайн ажигла!
И Юнь анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд Яо Юаний дуу нүргэлэн гарав.
—Энэ хөдөлгөөнийг “Догшин бар уулнаас буух” гэдэг. Энэ нь шөрмөсөө бэлтгэхэд тустай!
Яо Юань модон гадасны өмнө зогсоод зүүн хөлөө урагш сунгав. Тэр зүүн шагайгаа зүүн гараараа барингаа баруун өвдгөө нугалав. Бие нь мурийж, нуруу нь нум мэт хотойн, үл мэдэг чимээ гаргаж байлаа.
Энэ байрлал тун хачин харагдсан ч татсан нумыг санагдуулна. Яо Юаний бэлхүүсийн дэргэд байсан баруун нударга нь нуманд тавьсан сумтай яг адил байв!
Гэнэт Яо Юань хөдөллөө!
Түүний бие гэнэт тэнийв.
Тасхийх чимээ гарлаа.
И Юнь Яо Юаний биеэс гарах маш тод, чанга чимээг сонсов.
Яо Юаний баруун нударга аянга цахилах мэт хөдөлж, модон гадасныг цохилоо!
—Нүрр!
Модон гадас хуваагдан бутрав!
Ойр хавийн тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүд амьсгаа татав.
—Яо багш үнэхээр гайхалтай!
—Чөтгөр ав гэж, ямар бүдүүн гадас байлаа даа! Тэгсэн мөртлөө нударгаараа хуваачихлаа. Яо багш төмөр нударгын аргыг зааж байна!
Бүлэг эрчүүд Яо Юаньд долигнож эхэлсэн ч үнэндээ бүгд чин сэтгэлээсээ биширч байлаа. Уудам зэлүүд нутагт хүчтэнийг нь үргэлж шүтдэг.
Эрчүүдийн долигонож байснаас үл хамааран Яо Юаний царай ууртай хэвээр байв.
—Та нар миний нударгыг л харсан уу?
—Хм! Би өмнө нь хэлсэн. Энэ “Догшин бар уулнаас буух” бол шөрмөсөө бэлтгэх хөдөлгөөн! Миний нударга гадасыг сүйтгэсэн нь нударга хүчтэйдээ биш, харин шөрмөснийхөө хүчийг ашигласантай холбоотой!
—Хүний бие өөрөө эрдэнэс! Тай А Тэнгэрлэг Улсад “Од харвагч нум” хэмээх эрдэнэсийн нум байдгийг та нар мэдэх үү? Түүний нумын хөвч юугаар хийгдсэнийг мэдэх үү?
Яо Юань асуухад эрчүүд юу ч мэдсэнгүй. “Од харвагч нум”-ын талаар урьд өмнө нь сонсож байгаагүй юм чинь нумын хөвчийг нь юугаар хийснийг яаж мэдэх билээ?
—Торгоор хийсэн юм уу?
—Домогт Лууны хавиргаар хийсэн үү?
Яо Юань толгой сэгсрэн хэлэв. —“Од харвагч нум”-ын хөвчийг Тай А Тэнгэрлэг Улсыг үндэслэгч эзэн хаан нас барсны дараа түүний шөрмөсөөр хийсэн юм!
Яо Юаний үг эрчүүдийг хэлэх үггүй болгов.
Хүний шөрмөсийг нумын хөвч болгон ашигладаг гэж үү?!
—Тийм ээ! Саяын хэрэглэсэн “Догшин бар уулнаас буух” хөдөлгөөн нь бүх биеэ сунгах зориулалттай. Ясыг нум, шөрмөсийг нумын хөвч болгон ашиглаад би нударгаа “харвасан”! Шөрмөсний хүчийг төгс гаргаж чаддаг байх нь “Догшин бар уулнаас буух”-ын гол утга юм! Тиймээс “Догшин бар уулнаас буух” нь нударгаа биш, шөрмөсөө бэлтгэх хөдөлгөөн!
—Нударгаа гаргах үед биеэс минь гарсан чимээг сонсоогүй гэж үү?
Яо Юань нударгаар цохиход маш тод “тас” гэсэн чимээ гарсан.
И Юнь тэр чимээг маш тод сонссон. Энэ нь сум харвахад нумын хөвчнөөс гардаг чимээтэй яг адил байв.
—“Догшин бар уулнаас буух” нь шөрмөсийг татаж, илүү хүчтэй, уян хатан болгодог техник! “Догшин бар уулнаас буух”-ын оргилд хүрэхэд шөрмөснөөс гарах чимээ нь тэнгэрт нисэж буй галууны сүргийг хүртэл айлгаж унагаахад хангалттай! Үүнийг “Гэнэтийн нум сүрэг унагаана” гэдэг юм!
—“Лууны хавирга, барын ясны нударга”-т бас “Луу есөн огторгуйд дэгдэх” хэмээх хөдөлгөөн бий. Энэ нь ясыг бэлтгэдэг. Үүнийг гаргах үед бүх араг яс аянга цахилалгүй, алсаас нүргэлэх аянга мэт чангаар шаржигнана!
—Есөн үүлд нүргэлэх аянга, гэнэтийн нум сүрэг унагаана. Энэ түвшинд хүрвэл “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг эзэмшсэнд тооцогдоно!
Яо Юаний үгийг сонсоод эрчүүд ам ангайн ширтэв. Энэ лав хэтрүүлэг байлаа!
Хүн үнэхээр ийм түвшинд хүрч чадах юм гэж үү?
Эрчүүдийн царайг харсан Яо Юань тэднээс найдвар бараг байхгүйг ойлгов.
Тэр үргэлжлүүлэн хэлэв. —Есөн үүлд нүргэлэх аянга, гэнэтийн нум сүрэг унагаана гэдэг түвшин та нарын хувьд нэлээд хэцүү байж мэднэ. Та нарыг тэр түвшинд хүрнэ гэж би найдахгүй байна. Гэхдээ шөрмөсөө өчүүхэн төдий ч болов нумын хөвч шиг дуугардаг болтол нь, ясаа араг яс шаржигнах чимээ гаргадаг болтол нь бясалгаж чадвал би сэтгэл хангалуун байна!
—Тэгвэл та нар ядаж гуравдугаар түвшин болох Аянгат түвшинд хүрсэн байна.
Яо Юань эрчүүдэд зааж байх зуур эдгээр үгийг сонссон И Юний цус судас даган хүчтэй лугшив.
Есөн үүлд нүргэлэх аянга, гэнэтийн нум сүрэг унагаана!
Тэр ийм түвшинд хүрч чадах болов уу?
Яо Юань “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг “бүтэн хот ч хүрэлцэхгүй үнэ цэнтэй” хэмээн тодорхойлсон. Энэ хачин ертөнцийн хотууд Дэлхийн хотуудаас хавьгүй үнэ цэнтэй байлаа. Уудам зэлүүд нутгийн хот бүр зэлүүд араатнуудын сорилтыг тэсэж гарах ёстой. Олон хүчтэнгүй бол түүнийг хамгаалан тогтоон барих боломжгүй. Хот байгуулахын тулд тоо томшгүй их цус урсах учиртай!
Лянь Чэнъюй хот байгуулна гэсэн энгийн амлалтаараа хэчнээн олон ядуу хүнийг өөрийнхөө бясалгалыг дэмжүүлснийг бодоход энэ нь ойлгомжтой байв.
“Би энэ нударганы техникийг сайн ажиглан сурах ёстой. Хэрэв үүнийг сайн сурчихвал Тай А Тэнгэрлэг Улсын тулаанчдын сонгон шалгаруулалтын үеэр бүх зүйл амархан болно. Бүр “Улсын Хүлэг” хэмээх цолыг ч авч магадгүй. Тэр үед Сяожоу эгч надтай хамт нэр төрд хүрнэ!”
И Юнь энэ ертөнцөд ирсэн хойно боломжоо дээдээр ашиглахаар шийджээ.