Лянь овог эмийн хандаа чанаж байх зуур И Юнь сэмхэн Лянь овгийн Эмийн уулын ард ирсэн байлаа.
Сарны гэрэл өөд харсан И Юнь хад чулуун дээр нарс мэт цэх зогсоно.
Жао Тежу ургамал түүж байх үеэр И Юнь боломжийг ашиглан Нил Талстаар их хэмжээний ургамлын мөн чанарыг өмнө нь сэм шингээчихсэн байлаа.
Одоо ургамлын мөн чанар түүний биеэр галан шуурга мэт хуйлран давхиж байв!
Ургамлын мөн чанарыг шингээх хамгийн сайн арга нь бясалгах байлаа. Бясалгалын явцад тэр ургамлын мөн чанарыг боловсруулж, биеэ чийрэгжүүлнэ!
И Юнь зүүн хөлөө аажмаар тэнийлгэн, зүүн гараараа зүүн шагайгаа атгав. Баруун өвдгөө нугалж, биеэ нум мэт хотойлголоо.
Энэ нь “Догшин бар уулнаас буух” байрлал байв. И Юнь “Лууны хавирга, барын ясны нударга”-ны эхний зургаан байрлалыг сэм сурчихсан байлаа. Тэр байрлалыг яг зөв гүйцэтгэв.
“Догшин бар уулнаас буух” байрлалын гол учир нь биеийн шөрмөсийг чангалж татахад оршино. И Юнь өвдтөлөө биеэ татаж чангалсныхаа дараа архиран нударгаа буулгав!
“Тас няс!”
И Юнь өмнөө байсан жижиг модыг нударгаар цөм цохин нэвтэлжээ!
Гэвч ийм үр дүн И Юнийг огт хангалуун болгосонгүй. Тэр нударганы хүчийг хүсээгүй, харин шөрмөсөө дээд хязгаарт нь хүртэл сунгаж чаддаг болохыг хүсэж байв.
Эгэл Цусны таван түвшний эхний гурав болох Баатарлаг, Тэнхээт, Аянгат нь тулаанчийн биеийн байдлыг л хэмждэг байв. Мах, дотор эрхтэн, ясыг тасралтгүй дасгалжуулснаар биеийн далд чадавх илэрч, Тэнхээт болон Аянгат түвшинд хүрнэ. Энэ бүхэн нь байгалийн жам ёсны үйл явц болохоос зорьж байгаад хүрдэг зүйл биш.
И Юнь “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг эзэмшчихвэл Эгэл Цусны тавдугаар түвшинд хүрэхэд асуудалгүй гэдгээ ойлгож байлаа. Яо Юаний хэлснээр “Лууны хавирга, барын ясны нударга” нь Нил Цусны түвшний хүн ч өндөр үр дүнтэй ашиглаж чаддаг суурь техник байв.
“Тас няс!”
Цангинасан тасхийх чимээ гарлаа. И Юнь нас бие гүйцсэн хүний хөлний бүдүүнтэй адил бүдүүн нарсыг хугалан цөм цохив. Нударга нь хөхөрч няцарсан ч тэр тоосонгүй. Нил Талстын шингээж авсан ургамлын мөн чанар И Юний биед цугларч, аажмаар тархан түүний хүчний нэг хэсэг болж байлаа.
И Юнь нударгаа суллаад, дахиад атгав!
И Юнь “Догшин бар уулнаас буух” байрлалыг тоолж баршгүй олон удаа давтлаа. Түүний булчин усалсан залуу модны соёо мэт урган сэргэж байв.
И Юнь шөнө дундаас үүр цайтал бэлтгэл хийжээ!
Хэчнээн ширүүн бэлтгэл хийсэн ч их хэмжээний ургамлын мөн чанар шингээсэн Нил Талст И Юнийг эрч хүчээр сэлбэж, царай зүсийг нь гэрэлтүүлэн, сэргэг хэвээр байлгаж байв.
И Юнь “Догшин бар уулнаас буух” байрлал бүрт бүх хүчээ шавхдаг байлаа. Шөрмөс нь удаа бүртээ туйлын хязгаар хүртлээ татагдана!
Ийм ширүүн бэлтгэл И Юний хувьд ч амаргүй байлаа.
Бие нь өвдөн чилж байв. Өвдөлтөөс гадна тэр өмнө нь шингээсэн ургамлын мөн чанараа аль хэдийн бүрэн зарцуулжээ. Мөн чанар нь мах цусанд нь ууссан байв. И Юний шөрмөс дахин дахин татагдсаар аажмаар улам уян хатан, тэсвэртэй болж байлаа.
“Дүн! Дүн! Дүн!”
И Юнь хэчнээн нударга шидсэнээ мэдэхээ больжээ. Бие махбодод хүнд байсан тул нүд нь бүрэлзэж байв. Мэдрэхүй нь муудсан ч цохилтын өвдөлт болон шөрмөс татагдах үеийн лугшилт маш тод байлаа!
И Юнь гайхамшигтай төлөвт оржээ. Энэ нь сатаарах зүйлгүй, хагас ухамсартай байдал байв.
Тэр бүхнийг мартчихсан байлаа. Түүний санаж байсан цорын ганц зүйл нь биеийнх нь шөрмөс байв. Өөрөө ч анзааралгүй И Юнь шөрмөс, булчингийнхаа оюун санааны зураглалыг бүрдүүлжээ. Үнэхээр жигтэй мэдрэмж байлаа.
Өөрийгөө умартсан энэ бэлтгэлийн төлөвт И Юнь меридиануудаа “харж” чаддаг байв.
Хөлс бороо мэт асгарч, нударганаас нь цус гарч байлаа.
Хөлс нүдийг нь бүрэлзүүлэв. Салхины бүдэг исгэрээ сонсогдоно. И Юнь зөвхөн өмнө нь асар хүчтэй дарамт байгааг мэдэрч байв.
Тэр агшинд И Юнь хаанаас гарсныг мэдэх аргагүй хүчийг гаргаж чаджээ. Шөрмөсөө туйлын хязгаар хүртэл татан, архиран байж нударгаа урагш шидэв!
“Падхийв!”
И Юний бэлтгэлийн цохилт нарсыг үндсээр нь сугалан, модны үйрмэгийг энд тэнд цацрууллаа!
Нисэлдэх үртэсний дунд И Юний биеэс зөөлөн падхийх чимээ тод сонсогдов.
Чанга биш ч тун цэвэр, тод чимээ байлаа. Яг нумын хөвч татрах мэт, уужим шөнийн тэнгэр дор онцгой тод сонсогджээ.
“Нумын хөвч мэт шөрмөс. Энэ л нумын хөвч мэт шөрмөс гэж үү…”
И Юнь хоёр гараа дэлгэсэн чигээрээ тэнгэр ширтэн газар унав.
Тэр сүүлчийн нударга бүх эрч хүчийг нь шавхчихсан байлаа!
И Юнь гүнзгий амьсгаа авлаа. Баруун нударга нь цусанд будагдан шалбарч няцарсан ч өвдөлт түүнийг улам их догдлуулж байв!
Тэр “Догшин бар уулнаас буух” байрлалдаа багахан ч гэсэн ахиц гаргаснаа мэдэж байлаа!
Энэ шөнө түүний амьдралдаа анх удаа тулааны урлагаар хичээллэсэн шөнө байлаа. Тэр Тай А Тэнгэрлэг Улсын дээд техник болох “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг бэлтгэж байв. “Догшин бар уулнаас буух” байрлал нь Эгэл Цусны гуравдугаар түвшин болох Аянгат хүрсэн хүн л шөрмөсөөрөө нумын хөвч шиг дуу гаргаж чаддаг зүйл байлаа.
Гэвч И Юнь үүнийг хийж чаджээ. Чимээ нь зөөлөн байсан ч тэр эцсийн эцэст Баатарлаг түвшинд л байв. Тэгээд дөнгөж арван хоёрхон настай, яс булчин нь насанд хүрсэн хүнийхээс хол дутуу байлаа.
Үр дүн нь тулаанчийн бэлтгэлийн хуарангийн ямар ч гишүүний хүрч чадахгүй зүйл байв. Тэр бүр өмнөх үеийн Лянь Чэнъюйгийн Баатарлаг түвшнийг ч давжээ.
…
И Юнь бүтэн шөнө унтаагүй ч Лянь овгийн эмийн өрөөнд ургамал чанахыг хариуцсан өвгөн ч мөн адил унтсангүй!
Ургамалтай тогоо бүтэн шөнөжин буцалжээ. Тогоог тулсан чулуу хүртэл улайстал халсан байв.
Үүрээр хэдэн биерхүү эр ирж, тогооноос их хэмжээний хар шингэн юүлэн гаргаж авав.
Энэ бол тогоонд байсан бүх ургамлын мөн чанар байлаа.
—Хм… Энэ удаагийн ургамлууд хамгийн сайн нь байна. Дахиад гурав орчим удаа чанаж болно. Үр нөлөө нь багасах ч маш үнэтэй хэвээр. Та нар үүгээр биеэ дүрж болно. Ургамлын шаар нь эгэл ардад үлдэнэ. Зэлүүд ясыг боловсруулахад хэрэг болно!
Лянь овгийн боловсронгуй бус чанах арга нь ургамлын мөн чанарын ердөө 20 хувийг л гаргаж чаддаг байв. Энэ нь тэдний дээд хязгаар байлаа.
Харин Лянь Чэнъюй овгийн гаргаж авсан ургамлын мөн чанарын тал хувийг л усанд дүрэх аргаар биедээ шингээж чадна.
Өөрөөр хэлбэл, Лянь Чэнъюй ургамлын мөн чанарын ердөө 10 хувийг л шингээж чаддаг байв.
Хувь нь бага сонсогдож болох ч ойлгомжтой зүйл байлаа. Энгийн хүн идсэн хоолныхоо ихэнх хувийг ч биедээ шингээж чаддаггүй, шингээхэд түүнээс зуу дахин хэцүү ургамлыг бүр дурдах ч хэрэггүй.
Хар өнгийн ургамлын шингэнтэй хувинг Лянь Чэнъюйгийн тусгаарлах өрөөнд оруулав.
Дань Гуо, зэрлэг хүн орхоодой, Хар мөөг, чихэр өвс зэрэг үнэт ургамлууд тэр тогоонд байсныг Лянь Чэнъюй аль хэдийн сонсжээ!
Лянь Чэнъюйгийн бясалгал ахиц гарган дэвшихийн ирмэгт хүрсэн тул өөрийгөө тэтгэх ургамал түүнд нэн хэрэгтэй байв.
—Сайн! Сайн! Яг цагтаа ирлээ!
Лянь Чэнъюй хар ургамлын шингэнийг хараад баяр хөөрөөр дүүрэн болов.
Тэр хувцсаа тайлаад халуун шингэн рүү нүцгэнээрээ үсрэн орлоо.
Температур нь Цельсийн ерэн хэмээс дээш байсан тул ямар ч махыг болгоход хангалттай байв. Эгэл Цусны тавдугаар түвшний Лянь Чэнъюй хүртэл бүх биеэрээ өвдөж байлаа.
Гэвч энэ температур ургамлын мөн чанарыг шингээхэд хамгийн тохиромжтой байв. Ийм халуун ус нүх сүвийг нээж, ургамлын шингэн нүх сүвээр нь дамжин тулаанчийн биед нэвтрэх боломж олгоно.