Маргааш өглөө эрт Тулаанчийн бэлтгэлийн хуарангийн гишүүд талбайд цуглав. Тэд Жан Юйсянийг явсныг аль хэдийн мэдэж байлаа. Өнгөрсөн шөнө Жан Юйсяний унасан араатан давхин одохыг олон хүн сонссон байв. Мэдээж, И Юнь ч тэдний нэг байлаа.
—И Юнь! Талбай дээр Лянь Чэнъюй холоос И Юнийг дуудав. Түүний царай урьдын адил дулаахан байлаа.
—Залуу Эзэн Лянь, юу болсон бэ? И Юнь инээмсэглэв. Лянь Чэнъюйн одоогийн төрх тосгоныхны өмнө үзүүлж буй жүжиг гэдгийг тэр мэдэж байлаа.
Талбай дээр олон хүн үзэж зогсов. Лянь Чэнъюй И Юнийг аль хэдийн зайлуулахыг хүсэж байсан ч тосгоныхны нүдэн дээр үүнийг хийхийг хүссэнгүй.
И Юнийг өндрөөр үнэлсэн Жан Юйсянь даалгавраа дуусмагцаа түүний төлөө Лянь овогт буцаж ирж ч мэднэ.
Буцаж ирэхгүй байсан ч Хаант улсын шалгаруулалтын үеэр И Юний тухай асууж магадгүй.
Лянь Чэнъюй И Юнийг олны өмнө довтолбол сэтгэл нь онгойх байлаа. Гэвч ийм олон хүн харж байгаа нөхцөлд энэ тухай ам дамжин тархана. Ямар ч байсан бүх овгийн амыг таглаж чадахгүй.
Хэрэв энэ хэргийг Жан Юйсянь шалгавал Лянь Чэнъюй ч хэрэгт татагдана. Тиймээс тэр И Юнийг яаралгүй, аажмаар зайлуулахаар төлөвлөжээ.
Лянь Чэнъюй шууд нүүр буруулахгүй байгааг анзаарсан И Юнь баяртайгаар түүний Тай Чи дасгалд даган оролцов. Тэгээд ч үнэхээр мөргөлдөөн гарвал И Юний хүч одоохондоо хүрэлцэхгүй байлаа. Мөн тэр Зэлүүд ясны шимийг шингээж дуусаагүй байсан юм.
—И Юнь, Жан ноён нэг захиа, бас нэг хайрцаг үрэл үлдээсэн. Захиандаа тэр үрлийг бид хоёрт зориулсан гэж бичсэн байна. Надад зориулсан үрэл нь энгийн эм биш. Бясалгалын түвшин доогуур хүн үүнийг ууж болохгүй. Харин чинийх анхан суурь тавихад тун тохирно.
Лянь Чэнъюй үгээ тун үнэмшилтэй болгож хэлэв. Хэрэв И Юнь түүнийг хэн болохыг мэддэггүй байсан бол бүрэн итгэх байлаа.
—Өө, үрэл гэж үү!? И Юний нүд гялалзав. Тэр туйлын их догдолж, хүлээлтэд автаад байлаа. —Жан ноён надад хүртэл үрэл үлдээсэн хэрэг үү?
—Тийм ээ! И Юний тэнэг дүрийг хараад Лянь Чэнъюй дотроо ёжлон инээв. “Үнэхээр мангуу юм. Тэнгэрээс бялуу унахыг үнэхээр үнэмшчихжээ.”
—Жан ноён үнэхээр өгөөмөр хүн юм. Бид хоёрт үзүүлсэн энэ ачийг хожим дэвшсэн ч мартаж болохгүй!
Лянь Чэнъюй И Юний мөрөн дээр алгадаж, зөвлөж байгаа мэт хэлэв. Нүдэнд нь алах санаа гялсхийж байлаа.
Жан Юйсянь явсан тул Лянь Чэнъюй И Юнийг алах санаагаа цаашид нууж чадахаа больжээ.
—Залуу Эзэн Ляний хэлсэн үг үнэхээр ухаалаг байна. Би, өчүүхэн дүү нь, мартахгүй гэж И Юнь чин сэтгэлээсээ суралцахыг хүссэн мэт хариулав.
—И Юнь, чиний авьяас чадвар надаас хавьгүй илүү. Зэлүүд ясны шимийг гарган авсны дараа би чамд хэсгийг нь өгөхөөр бодож байна. Энэ Зэлүүд ясны шим зөвхөн бидний ирээдүйг бус, Лянь овгийн мянга мянган хүний ирээдүйг ч шийднэ. Би өөр хэнд ч итгэж чадахгүй, зөвхөн дүү И-д л итгэнэ. Боловсруулах ажлыг чи ахалж байвал би илүү тайван байна.
—Ингэе. Өдөр нь чи Зэлүүд ясыг үргэлжлүүлэн боловсруул. Бэлэн болмогц ах дүү шиг хамт хүртэцгээе. Дараа нь би чамд тусалж, Эгэл Цусны хоёрдугаар түвшин болох Хүч тамирт хүргэнэ. Тэгээд Жан ноёны өгсөн үрлийг чамд өгч, бясалгалыг чинь дахиад нэг шат ахиулна!
Лянь Чэнъюй эдгээр үгийг хэлэхдээ уруулаа ёжтой мушилзуулав. Харин И Юнь тэр нь шоолсон инээмсэглэл гэдгийг мэдэж байлаа.
Жан Юйсянь байхгүй болсон тул Лянь Чэнъюйн хувьд И Юнь алгандаа амархан атгаад бяцалчих хүүхэд төдий байв.
Лянь Чэнъюй үнэхээр түүнд зориулж үрэл бэлдсэн байсан ч тэр нь ихэнхдээ удаан үйлчилдэг хор байх байлаа. Хор нь И Юнийг саажилтад оруулж, өвдөж шаналсаар аажмаар үхүүлнэ.
Гэхдээ Лянь Чэнъюйн бодлоор ямар ч хор Мөсөн питоны хүйтний хороос дээр байлаа. Тэр хорд эмчлэгдэх аргагүй. И Юнийг Мөсөн питоны хүйтний хороор алах нь хамгийн тохиромжтой!
—Залуу Эзэн Ляний даалгасан ямар ч ажлыг би гүйцээнэ. И Юнь цээжээ дэлдэн батлав. Тэрээр цус халуун залуу шиг тангараглаж байлаа.
Жан Юйсянь Лянь овогт ирсэн ч Зэлүүд ясыг боловсруулах ажил зогсоогүй. Зүгээр л Лянь овгийн Эмийн уул руу шилжүүлсэн байв. Эцсийн эцэст Жан Юйсянь Лянь овогт байх үед асар том тогоог өдөр шөнөгүй галлах нь зохисгүй байлаа.
Лянь Чэнъюй хүйтний хорыг ашиглан И Юнийг үргэлжлүүлэн зовоохыг хүсэж байв. Энэ нь И Юнийг аажмаар өрөвдөлтэй үхэлд хүргэнэ. Мөн үхсэн хүн гэрчлэхгүй тул өөрөөсөө сэжиг холдуулна.
Харин И Юнь Лянь Чэнъюйтэй муудалцахаасаа өмнө Зэлүүд ясны бүх эрчмийг шингээж авахаар төлөвлөжээ. Тэр Ци хураагчийн түвшинд нэвтэрч, гар дахь хөзрөө нэмэгдүүлэхийг хүсэж байлаа.
Ингээд хоёр тал тус тусын тооцоотой ч хоорондоо сайхан нийцэж байв. Тиймээс И Юнь баяртайгаар Зэлүүд ясыг боловсруулахаар явлаа.
Мэдээж, Лянь Чэнъюйн хувьд И Юний хөөрсөн байдал нь төлөвшөөгүй хүүхдийн ааш л байлаа.
“Энэ мангуу! Би түүнийг үхэл рүү явуулж байхад тэр ингэтлээ баярлах гэж. Миний авьяас чадвар ийм мангуугийнхаас дутна гэж үү? Яасан ичгүүртэй юм бэ!” гэж Лянь Чэнъюй ёжлон бодов. Тэр нударгаа тийм чанга атгасан тул хурууны үеэс нь сулхан тас няс хийх чимээ гарлаа.
…
И Юнь Зэлүүд ясны шимийг гурван өдөр шингээгүй тул түүнийг тэсгэлгүй санаж байлаа.
Зэлүүд яс түүнд эрчим нөхөж өгөхгүй болсон тул И Юний бясалгал удааширчээ. Үүний зэрэгцээ тэр өлсөж эхлэв.
—Хараал идсэн жаал аа, хаачиж үхчихээд ирэв?
Ясыг боловсруулах ажлыг хариуцсан бараан царайтай эрчүүд И Юнийг ууртайгаар загнав.
Тэд Лянь овгийн Эмийн ууланд хонож ажилласаар байсан тул Жан Юйсяньтай холбоотой үйл явдлыг мэдээгүй байлаа.
Тэдний И Юний тухай төсөөлөл өвчинд баригдсан жаал хэвээрээ байсан учир түүнд найрсаг хандсангүй.
И Юнь тэднийг тоосонгүй. Танил газраа очоод түлээ хагалж эхлэв.
Өнөөдөр тэр Зэлүүд ясны бүх эрчмийг шингээж авахаар бэлджээ. Учир нь цаг бага үлдсэнийг И Юнь мэдэж байв. Лянь Чэнъюйн тэвчээр хэдхэн хоногийн дараа барагдаж магадгүй.
Тэр Эгэл Цусны тавдугаар түвшин болох Ци хураагчийн түвшинд заавал нэвтрэх ёстой байлаа.
Шатаж буй тогооны өмнө зогссон И Юнь гүнзгий амьсгаа авав. Түүний хараанд хязгааргүй олон гэрлийн цэг үзэгдэв.
Тэдгээр гэрлийн цэг амттай хоол мэт санагдаж, И Юний амнаас аль хэдийн шүлс гоожиж байлаа.
“Алив, бүгдийг нь цэвэрхэн идчихье!”
Ингэж бодоод И Юнь зүрхийг нь шуурганы нүд болгон, нил ягаан хуйлраа төрүүлэв.
Тэрхэн агшинд И Юнь бие нь халж эхлэхийг мэдэрлээ. Саяхан нээсэн Рэнь-Ду хоёр меридианаар нь халуун урсгал гүйж эхлэв.
Үүний дараа И Юний хараанд тогооны амсраас хэд хэдэн нил ягаан-улаан гэрлийн цэг гарч ирэв. «Ли галын ус»-наас тоо томшгүй олон гэрлийн цэг цацран гарч, сүрэг шувуу мэт И Юнь рүү нисэн ирлээ!
—Энэ чинь… И Юнь хэсэг зуур цочирдов. Гэрлийн цэгүүдийн тоо санаанаас нь давж, бүр нэгэн цуваа үүсгэсэн байлаа!
—Шуу! Шуу! Шуу!
Гэрлийн дуслууд бороо мэт И Юний бие дээр бууж, ямар ч эсэргүүцэлгүйгээр меридиануудад нь нэвтэрлээ.
И Юнь гэнэт бие нь чичирч байгааг мэдрэв. Меридианууд нь задран тэсрэх гэж байгаа мэт санагдлаа!
Өвдөлт!
Тэсэшгүй хүчтэй өвдөлт И Юнийг газарт унагаав. Гэвч эрчмүүд зогсолтгүй бие рүү нь нэвчсээр байлаа.
Зэлүүд ясыг боловсруулж байсан эрчүүд харж чадсан бол И Юний биеийг гэрэлт цагираг бүрхсэнийг үзэх байлаа.