Усны урсгал аажмаар шуурган мэт догшин ширүүн урсгал болон хувирлаа. И Юнь хүрхрээнд ойртож байгаагаа мэдэж байв.
Тэр амьсгалын хэмнэлээ тасралтгүй тохируулж, биеэ хамгийн тохиромжтой байдалд барив.
Дэлхий дээр хүмүүс жаран метрийн өндрөөс үсрэн шумбаад амьд гарч байсан. Харин Зүүн мөрний хүрхрээний өндөр нь зуун метр байв.
И Юний бие бялдрын чийрэгжилт дээгүүр байсан ч мэргэжлийн шумбалтын сургалтад хэзээ ч сууж байгаагүй. Түүнээс гадна тэр хамгийн сайн байдалтай байсангүй. Тиймээс энэ нь асар том сорилт байлаа.
“Нүр!”
И Юнь хүрхрээний ус доорх цөөрөмд хүчтэй цохилон буух чимээг сонсов. Хүчтэй урсгал аль хэдийн И Юнийг урагш татаж эхэлжээ.
Усанд хэд хэд эргэлдсэний эцэст И Юнь хөлийнх нь доор хоосон орон зай үүссэнийг гэнэт мэдэрлээ. Жингүй болсон тэр агшин түүнийг бүхэлд нь эзэмдэв. Дээрээс харахад түүний нүдэнд ширүүн урсгалын цагаан хөөс л тусаж байлаа.
Ингээд тэр хүрхрээгээр зуун метр доош унав.
Алсаас харахад сүрлэг хад цохио нь цэх зогссон аварга биетийг санагдуулна. Тэр хаднаас урсах хүрхрээ нь аваргын сэлэм мэт харагдана. Аварга нь сэлэмдээ түшсэн мэт болсон энэ дүр зураг үнэхээр амьсгаа дарам байлаа.
Харин И Юнь тэр аварга сэлмээр асар хурдтай өнхрөн буух өчүүхэн хар цэг төдий байв!
“Пүлхий!”
Том цацралт нь бүрэн дэлгэрсэн бадамлянхуа цэцэг шиг харагдав.
Усан мандалд дахин гарч ирэхэд И Юнийг угтсан усны дайралт асар хүчтэй байлаа. Хүчирхэг цохилт дотор эрхтэн болон бүх биеийг нь балбаж байв. Бие нь дөш дээр тавигдаж, алхаар давтагдаж байгаа мэт И Юньд санагдав.
Энэ хүнд цохилт булчинг нь сулрууллаа. Бүх биеэр нь асар их өвдөлт тархсан ч тэр ер бусын тайвшралыг мөн мэдэрч байв.
И Юнь амьсгалаа түгжин, шууд доош шумбав!
Бие нь халуу шатаж байлаа. Мөстэй хүйтэн ус руу улам гүн орох тусам түүнд илүү таатай санагдав.
Ингэснээр тэр урьд нь хэзээ ч хүрч байгаагүй гүндээ чимээгүйхэн шумбан оржээ.
Тэр…
Ёроолд хүрлээ!
И Юнь хүрхрээний усан цөөрмийн ёроолд хүрч чадсан анхны удаа нь энэ байлаа!
Хүрхрээний усан цөөрмийн ёроол цэвэр ариун элсээр хучигджээ. Элс нь өнгөлсөн хаш чулуу шиг байв. И Юнь биеэ ургийн байрлалд хумиад, усан цөөрмийн ёроолд гүн нойронд автсан мэт болов.
Тэр цаг хугацааны мэдрэмжээ алдсан мэт байлаа. Хэчнээн хугацаа өнгөрсөн нь үл мэдэгдэх тэр үед И Юнь зүрхэндээ сэрүүн мэдрэмж төрөхийг мэдэрлээ. Амьсгалж чадахгүй байсан ч энэ мэдрэмж түүнийг амьсгал боогдохоос сэргийлж байв.
Мөстэй хүйтэн усны нөлөөгөөр меридианууд дахь халуун аажмаар буурч эхлэв. Ус И Юний дотор эрхтнүүдэд дарамт үзүүлсээр байлаа…
И Юнь эхийнхээ биед буцаж очсон мэт санагдав. Гадаад ертөнцөөс тасарсан эхийн хэвлий дэх нялх хүүхэд шиг байлаа…
Бие дотор нь гал дүрэлзэж байгаа мэт байв. И Юний ганц бодол нь тэр эрчмийг аль болох хурдан шингээж авах явдал байлаа. Эс чадвал эрчим нь меридиануудыг нь таслан хагалж, аймшигт үр дагаварт хүргэнэ.
Бараг тэг хэмийн усан цөөрөмд И Юний биеийн хэм хурдан буурч байлаа. Тэг хэмийн агаарт байгаа хүн сэрүүн ухаантай хэвээр байвал үхэхгүй байж чадна. Харин тэг хэмийн усанд хүрээлэгдсэн хүн арван минут ч хүрэхгүй хугацаанд бүрэн хөлдөнө.
Бага хэм, өндөр даралт, хүчилтөрөгчийн дутагдал нь хатуу ширүүн орчин байв. Энэ нь И Юний бие дэх Зэлүүд ясны эрчмийг хурдан зарцуулах боломж олголоо. Бие нь эрчмийг шингээх тусам биеийн бүтэц нь сайжирч, Чөмөг цэвэршүүлэлт явагдав.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр усан доор нам гүм ноёрхож байлаа. Усан цөөрөмд өчүүхэн ч хөдөлгөөн байсангүй. И Юнь бүрэн тусгаарлагдсан орон зай-цаг хугацааны хэмжээсэд орсон мэт байв. Тэр хэмжээсэд өөрийн удаан боловч тасралтгүй цохилох зүрхний чимээг сонсож чадна.
“Дүм! Дүм! Дүм!”
Дүүжингийн хэмнэл мэт тэр цохилтууд дахин дахин, улам алс зайтайгаар давтагдана.
Аажмаар И Юний сүнс биеэсээ салсан мэт болов. Оюун санаанд нь байсан сүүлчийн бодол ч арилжээ. И Юнь бүхэлдээ царцсан мэт байв.
Гүн шумбалтын үеэр ухаан алдсан хүн гарцаагүй үхдэг.
И Юнь ухаан алдсан байсан ч цээжин дэх Нил Талст аажмаар лугшиж, И Юний биеийн бүх хэсэгт эрчим илгээж байлаа.
И Юнь хийсвэр төлөвт оржээ. Биеийнх нь эс бүр Зэлүүд ясны эрчмийг шингээн хүйтэнтэй тэмцэж, аймшигт даралтыг сөрж байв!
Үнэндээ “Лууны хавирга, барын ясны нударга” шиг дээд зэргийн арга ч мах, цусны биеийн хэсэг бүрийг бэлтгэж чаддаггүй. “Догшин бар уулнаас буух” ч бай, “Луу есөн огторгуйд дэгдэх” ч бай, биеийн зарим хэсгийг заавал орхигдуулна.
Орхигдсон тэр хэсэг бүр дайчны сул тал болно.
Харин “Уудам усанд луу бүжих” хэмээх ганцхан байрлал л асар их усны даралтыг ашиглан дайчны биеийн мах, цусны хэсэг бүрийг онолын хувьд жигд бэлтгэж чадна.
Гэсэн ч бие махбодын хязгаар гэж бий. “Уудам усанд луу бүжих”-ийг туйлд нь хүртэл бэлтгэж чаддаг хүн олон биш.
Мах, цусны хэсэг бүрээ чийрэгжүүлэхийн тулд хүн хийсвэр сэтгэлийн төлөвт орох ёстой. Эс чадвал хүний бие оюун санааныхаа захиргаанд орно. Тэгээд оюун санаа нь хамгийн их ашигладаг, хүчтэй эрхтнүүдээ ухамсаргүйгээр хэрэглэнэ. Жишээлбэл, хүн том чулуу түлхэхдээ өөрийн дассан гараа өөрийн эрхгүй ашиглан хүч гаргадаг.
Ухаан санаагаа бүрэн хоосолсон цагт л эс бүр даралт, хүйтнийг төрөлхийн байдлаар сөрж чадна. Тэгж байж биеийг бүрэн бэхжүүлнэ. Ийм төлөвт хүний бие зөн совингоо дагана. Энэ нь мөн “Хууль үгүй, хэлбэр үгүй, хоосон чанар үгүй, би үгүй” хэмээх ойлголт юм!
Энэ төлөвт орох нь туйлын хэцүү. Харин гүний усанд үүнд хүрэх бүр ч хэцүү байлаа. Учир нь ухаан алдах нь амиа хорлосонтой адил!
И Юнь ухаан алдсан байсан ч Нил Талстын эх үүсэл И Юний цусаар дамжуулан эрчмийг тараасаар байв. И Юний тархи, меридиан болон дотор эрхтнүүд тэр эрчмээр тэжээгдэж байлаа. Хүний бие эрчмээ амьсгалаар дамжуулан ялгаруулахын тулд амьсгалах шаардлагатай байдаг. Харин Нил Талстын эх үүсэл эрчим өгч байсан тул хүчилтөрөгч хэрэггүй болжээ.
Ийм төлөвт И Юнь өөрөө ч мэдэлгүй бүтэн өдөр, бүтэн шөнийг усан доор өнгөрөөв!
Түүний бүх яс, дотор эрхтэн, эс гэнэт амь орсон мэт болов. Тэд өөрсдийн гэсэн бие даасан ухамсартай болсон бололтой.
Хоёр дахь өдрийн өглөө нэлээд өнгөрсний дараа И Юнь аажмаар дээш хөвж гарч ирэв. Живсэн хүний цогцос хөвөхтэй яг адилхан байлаа…
…
Үүлэн зэлүүд нутаг бол Тай А Тэнгэрлэг Улсын хорин дөрвөн зэлүүд нутгийн нэг байв. Том овгуудын хамгаалдаг гайхамшигт нутгуудаас бусад зэлүүд газраар цөөн хүн л хөл тавьдаг байлаа.
Үүлэн зэлүүд нутагт хүмүүсийн цуглардаг гайхамшигт нутгуудаас гадна “Зэлүүд газар” хэмээх өөр нэг газар бий!
Зэлүүд газар нь Зэлүүдийн хүчээр баялаг. Үнэхээр хүчирхэг Зэлүүд араатнууд бүгд “Зэлүүд газар”-ын төв хэсэгт байдаг!
Сул дорой дайчин Зэлүүд газарт орвол гарцаагүй үхнэ!!
Гэвч… яг энэ үед Үүлэн зэлүүд нутгийн “Зэлүүд газар”-ын хил хязгаарын дагуу нэгэн Настан, нэгэн залуу охин гарч ирэв.
Настан шар дээл өмсжээ. Бие нь тарган, царай нь улаа бутарсан байв. Гагцхүү нүд нь жижигхэн тул царай муутай харагдана.
Харин түүний хажууд байсан залуу охин нарийхан биетэй байлаа. Тэр арван долоон орчим настай харагдана. Нарийхан хос нүднийх нь дээр нумарсан хөмсөг татжээ. Тэр нүдний дотор хаврын ус шиг тунгалаг хос хүүхэн хараа байх бөгөөд үнэхээр цэвэр ариухан байв.
Залуу охин маалинган хувцас өмсжээ. Бүдүүн ширхэгтэй ханцуйных нь доороос бадамлянхуа үндэс шиг цагаан гар нь харагдана.
Охины арьс нарийн судсууд нь нэвт харагдахуйц зөөлөн, цагаан байлаа.
Ерөнхийдөө ийм улаан туяатай цагаан арьс маш үзэсгэлэнтэй бөгөөд эрүүл чийрэгийн бэлгэдэл болдог. Гэвч энэ охины арьс цагаан байсан ч сул дорой мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Гэхдээ нөхцөл байдлыг нь харахад тэгж бодох аргагүй байв.
Залуу охины хаш шиг гар цусанд будагдан улайжээ. Түүний өмнө үхэр шиг том догшин араатан үхсэн хэвтэж байв. Охин үүнийг ганцаараа алсан байлаа!