И Юнь өөрийгөө жирийн хүн гэдгээ мэднэ. Ердөө хоёр сарын өмнө энэ бие нь тахиа ч барьж дийлэхээргүй сул дорой байв. Махлаг Настан “туйлын эгэл” гэж хэлсэн нь аль хэдийн зөөлрүүлсэн хэрэг байлаа.
Хэрэв махлаг Настан Тэнгэрийн нүдээ нээсэн бол сэтгэл дотор нь юу байгааг олж харахгүй гэж үү хэмээн И Юнь түгшив…
— Эгэл төрөлх өгөгдөлтэй, ядуу төрсөн атлаа… — гэж махлаг Настан бодлогошров. Тэр И Юний ард байх Усны хонхор руу харахад нэгэн бодол гэнэт харван орж ирлээ.
Тэр И Юний бүх биеэр тэмтэрч үзэхэд И Юний хамаг бие арзайв.
“Энэ өвгөн чинь юу хийгээд байна аа? Эрчүүд бие биедээ ингэж хүрэлцэх нь зохисгүйг мэддэггүй юм уу!”
— Одоо ойлголоо. Энэ хүү ямар нэгэн эрдэнэт хоол идээд, гүн усан дотор биеэ бэлтгэсэн байна. Эрдэнэт хоолны догшин эрчим хүйтэн усанд саармагжжээ. Тиймээс чи санамсаргүйгээр бүх биеэ чангалахад хүрч, ийм төлөвт хүрсэн байна!
Махлаг Настны үг И Юнийг хэлэх үггүй болгов. Энэ өвгөн ч ёстой сайн тааж байлаа. Таамаг нь бүрэн зөв биш ч үнэний яг дэргэд ирсэн байв.
— Ийм насандаа ийм амжилтад хүрнэ гэдэг үнэхээр амаргүй. Хэдийгээр эрдэнэс идэх аз чамд тохиосон ч цаашдаа ийм зүйл дахин олдохгүй байх гэж бодож байна… Гэхдээ л амаргүй ололт шүү!
Махлаг Настны үг И Юнийг нүдээ эргэлдүүлэхэд хүргэв. Энэ чинь магтаал уу, доромжлол уу!
— Хүү минь, надтай таарсан нь хувь заяа байх. — гэж махлаг Настан хэлээд ямар нэгэн зүйл авах гэж байгаа мэт цээжиндээ гараа хийв.
И Юний нүд гялалзав. “Тэнгэрээс бялуу унахын эхний шинж үү? Энэ өвгөн намайг үнэлээд, надад ямар нэгэн техникийн гарын авлага юм уу Зэлүүд ясны шим өгөх гэж байгаа юм биш биз? Гайхамшгийн үрэл байсан ч яах вэ!”
Махлаг Настны гар бүдүүн, тарган байлаа. Эрхий хуруундаа гял цал хаш бөгж зүүсэн нь жирийн настнуудын хуурайвтар гартай огт адилгүй.
Атгасан зүйлээ махлаг нударгадаа чанга зуусан байв. Цагаан жигнэсэн боов шиг атгасан гараа И Юний алганд тавиад аяархан суллав.
Шажиг, шажиг!
Хэдэн хүрэл зоос И Юний гарт унав. Зооснууд махлаг Настны гарын халуунд бүлээцсэн байлаа.
— Хүрэл зоос гэж үү?
И Юний сэтгэл ичгүүр, гутралаар дүүрэв.
— Үүнийг аваад чихэр ав. — гэж махлаг Настан өгөөмөр хүн шиг гараа даллан инээмсэглэв. Хажууд нь байсан маалинган хувцастай охин ч аяархан инээмсэглэв. Тэд И Юнийг хүүхэд гэж үзэж байлаа.
— Новш гэж! — И Юнь гар дахь хорин хүрэл зоосыг ширтэх зуур толгойд нь “ээжийг чинь…” гэсэн мянган хараал жирэлзэж байв.
Энэ ертөнцөд жирийн хүмүүс алт, мөнгө, хүрлийг мөнгөний хэрэгсэл болгон ашигладаг. Гэвч Үүлэн зэлүүд нутагт алт, мөнгө нь зөвхөн нэмэлт төлбөрийн хэрэгсэл байв. Жинхэнэ валют нь хоол хүнс, хуяг дуулга, зэвсэг байлаа.
Энэ өвгөн илт хүчирхэг нэгэн байсан ч энэ ертөнцөд багахан мөнгө авч явах шаардлага түүнд бас гардаг байв.
Мөнгөн гулдмай нь жирийн ертөнцөд томоохон мөнгөн нэгжид тооцогдоно. Харин ердийн дэн буудалд буух юм уу хоолны мухлагт хооллоход хүрэл зоос зайлшгүй хэрэгтэй байлаа.
Тиймээс өвгөнд хүрэл зоос байсан нь гайхах зүйл биш.
Гэхдээ…
Гэхдээ хүчирхэг хүмүүсийн хувьд хүрэл зоос байтугай алт, мөнгө ч өчүүхэн үнэ цэнтэй. Хэрэв өгөх гэж байгаа юм бол ядаж хэдэн алтан гулдмай өгдөггүй юм уу!
И Юнь хэлэх үггүй болов.
Үнэндээ хоосноос юм олно гэж горьдсон ийм бодол төрсөн нь өөрөө ичмээр байв. “Ядуурал хүнийг хачин нөхөдтэй учруулдаг” гэдэг дээ.
Бясалгалын бүх нөөцөө шавхсан ч И Юнь Меридианы түвшинд хэвээр байлаа. Бие чангалагдсан төлөвт хүрсэн нь сайн хэрэг ч Нил Цусны түвшинд ороогүй цагт өргөн зэлүүд нутагт ан хийхээс зүрхшээнэ. Ан хийхгүй бол яаж хооллох вэ? “Би зүгээр л тариан зутан идээд суух юм уу?”
Тэр ч байтугай тариан зутан идэхэд хүртэл Жянь Сяожоу тариаг дандаа түүнд үлдээгээд, өөрөө зутангийн усыг л уудаг байв.
И Юнь өлсвөл Жянь Сяожоуг ч бас өлсгөнө.
И Юнь өөрийгөө шоолуулсан мэт санагдсан ч хүрэл зоосыг хураан авлаа. Авчихсан нь дээр байв. Эцсийн эцэст Жянь Сяожоу эдгээрийг овогт нь юм уу өөр хүмүүстэй хоол хүнсээр сольж чадна.
Тэнгэрээс бялуу унахгүй нь тодорхой байлаа.
Мөн махлаг Настан түүнийг хүүхэд гэж л үзсэн. Тиймээс түүнд чихэр авах хэдэн хүрэл зоос өгсөн нь өөрийгөө зугаацуулах гэсэн хэрэг байв.
Тэр Бие чангалагдсан төлөвт хүрсэн ч төрөлх биеийн өгөгдөл нь дундаж, энэ төлөвт эрдэнэсийн ачаар хүрсэн тул онцгой зүйлгүй байлаа.
Тэр бяцхан биетэй, ядуу, хүч чадал муутай. Бас энэ өвгөнтэй огт танил биш байхад өвгөн түүнд яагаад ямар нэгэн ашиг өгөх билээ?
Настан зүгээр л түүнтэй тоглохыг хөгжилтэй санаж, даажигнасан хэрэг байв.
— Настан аа, та хаашаа явж байна? — гэж И Юнь яриа өдөв.
Ямартай ч энэ өвгөнтэй танилцаад авахад гэмгүй.
— Бид Тао овог руу явж байна.
Махлаг Настан үүнийг нуухыг ч оролдсонгүй.
— Тао овог… — И Юнь Тао овог нь Лянь овгийн ойролцоох томоохон овог төдийгүй, Лянь овгийг захирдаг эзэн нь гэдгийг мэднэ.
Лянь овгийн үйлдвэрлэдэг зэвсэг, хуяг дуулгыг Тао овогт нийлүүлдэг байв.
Энэ өвгөн, охин хоёр яах аргагүй зиндаатай хүмүүс байлаа. Үүлэн зэлүүд нутгийг огт түдгэлзэлгүй туулж чаддаг нь бахархмаар хэрэг байв.
И Юнь Лянь овгийнхонтой ярилцаж байхдаа Жан Юйсянь Үүлэн зэлүүд нутагт ямар нэгэн зүйл болсныг дурдсаныг гэнэт санав. Тэр бас хэд хэдэн эрхэм зочин Лянь овгоор дайран өнгөрөх тул Лянь овгийн Тэргүүн ямар ч хайхрамжгүй байдал гаргаж болохгүйг хэлж байсан.
Харахад энэ өвгөн, залуу охин хоёр тэр эрхэм зочид байлаа!
Махлаг Настан явах гэж байв. Гэвч алхахын өмнөхөн гэдэс нь өлсөж байгааг мэдрэв. Тэр нарыг харан, махлаг давхар эрүүгээ илээд, — Ямар нэг юм идэх цаг болжээ. Эндхийн байгаль ч муугүй юм. Уултай, ус нь цэвэрхэн байна. Энд хооллоё. — гэв.
“Идэх” гэдэг үгийг сонсмогц И Юнь гэнэт… өлсөж эхлэв. Маш их өлсөв.
Хоёр сар дараалан тариан зутан идсэн тэрээр өвс ургамал, Зэлүүд ясны шимийг эрчмийн эх үүсвэр болгон хэрэглэж ирсэн байлаа. Гэвч гүн усанд өнгөрүүлсэн өнгөрсөн шөнө өөртөө шингээсэн бүх эрчмээ боловсруулж дуусгасан байв.
И Юний бие дотроо хоосорчихсон мэт санагдав.
— Шавь аа, хооллоё. — гэж махлаг Настан Линь Шиньтунг дуудлаа.
Линь Шиньтун толгой дохин И Юнь рүү хараад, — Дүү минь, бидэнтэй хамт хооллох уу? — гэв.
— Өө? — И Юнь алмайрав. Баярласандаа тэсрэх шахлаа. Охины хоолой үнэхээр сэтгэлд хүрэм сонсогдов. — Тэр… заавал хэрэггүй дээ…
Ингэж хэлсэн ч тэр аль хэдийн суух газар хайж эхэлсэн байв.
“Энэ өвгөн, охин хоёр ер бусын байр суурьтай хүмүүс бололтой. Иддэг хоол нь лав муу биш байлгүй дээ?”
“Ямар ч хоол бясалгалд ихээхэн тустай байх болно!”
Махлаг Настан гал түлэхээр завдаж байлаа. Гэвч И Юнь үлдэхээр санаархаж байгааг хараад дургүйцсэн янзтай мушилзав. Шавь нь аль хэдийн урьсан тул аргагүй хүлээн авахаас өөр замгүй байлаа.
Тэр баруун гарынхаа хаш бөгжинд хүрмэгц ид шид үзүүлж буй мэт өдийг нь зулгаасан гурван гургуул гаргаж ирэв. Тэдгээрийг саваагаар сүлбээд галын хажууд тавилаа.
Өвгөний хаш бөгж Дораэмоны халаас шиг байв. Төд удалгүй тэр амтлагч дүүрэн олон шил, сав гаргаж ирлээ.
И Юнь атаархав. Эхэндээ тэр өвгөний бөгжийг ид шидийн үзүүлбэр төдий гэж бодоод тоогоогүй байжээ. Гэтэл энэ нь асар том эд зүйлсийг хүртэл багтааж чадах эрдэнэс байв.
“Домогт өгүүлдэг орон зайн бөгж гэгчтэй төстэй бололтой.”
— Аз чинь гийжээ, хүү минь. Миний хийсэн хоолыг амталж үзсэн хүн олон биш шүү! — гэж хэлээд өвгөн гараа үрэн гургуул шарах ажилдаа орлоо.
Тэгэхэд л И Юнь энэ жирийн нэгэн гургуул бишийг ойлгов. Гаднаасаа гургуул шиг харагдсан ч дотроо асар их эрчим агуулж байлаа. Учир нь И Юнь гургуулын биеэс гэрэлт цэгүүд хөвөн гарч байгааг харж чадна. Тэр эрчим нь атаархмаар цэвэр байв.
И Юний аманд шүлс цуглав. Ёстой сайхан юм байна!
Тэр хоёр сарын турш мах идээгүй. Тэгээд цэвэр эрчмээс бүтсэн ийм махлаг гургуулыг харсан байж ам нь яаж шүлс гоожихгүй байх билээ?
Гургуулыг хурдан шарж аваад ходоод руугаа хийхийг И Юнь тэсэж ядан байв.
Гэвч удалгүй өвгөний шарах аргыг хараад И Юнь сэтгэлээр унав.
Өвгөний “хоол хийх ур чадвар” нь… харахын аргагүй дэндүү муу байлаа!