— Чи намайг чамайг шавиа болгон авахыг хүсэж байна уу? — гэж асуухад Махлаг Настны нүд гялсхийн, сулбагар харцаа хурааж, дарамт үзүүлсэн мэт сүртэй харцаар солив.
И Юнь амьсгалаа түгжин, Махлаг Настны нүд рүү ширтээд, толгой сэгсрэн удаанаар хэлэв. — Та намайг шавиа болгохыг хүсэж байна уу гэж асууж байна. Гэвч энэ шийдвэрийг би гаргахгүй тул миний хүсэл тийм чухал биш. Хэрэв та шавь авахыг хүссэн бол таны өмнө олон элит ирж, та тэднээс сонголтоо хийх байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэд өвдөг сөгдөн гуйсан ч нэмэргүй байх байлаа.
— Өө? — Махлаг Настан И Юний үгэнд дахин гайхав. Энэ хүүхэд хэдийгээр шунахай ч хязгаараа хаана барихаа мэддэг байлаа!
Ийм чанар үнэхээр ховор.
Зарим хүн хамгийн их ашиг хүртэхээ мэддэггүй. Тэд аливааг дундажхан хийсээр, зорилгогүй амьдралаар зүтгэн өнгөрдөг байв. Ийм хүмүүс хүсэмжгүй.
Нөгөө хэсэг нь байр сууриа ойлголгүй шунадаг. Бардамнан хэтрэх аваас эцэстээ өөрсдийгөө сүйрэл рүү хөтөлнө. Үүнийг “Хүн баялгийг хөөж үхнэ, шувуу хоолыг хөөж үхнэ” хэмээх үгээр хэлдэг. Ийм хүмүүс бүр ч хүсэмжгүй.
Харин энэ арван хоёр настай хүүхэд ийм хэрсүү ухаантай атлаа урсгал сөрж чаддаг, мөн өөрийн байр суурийг мэдэж, ёс жудгийг сахидаг байлаа. Ийм чанаруудыг өөртөө цогцлоосон нь үнэхээр энгийн хэрэг биш.
Энэ хүүхэд Махлаг Настан өөрийг нь шавиа болгохыг хүсэхгүй байгааг ойлгосон тул зүтгэж гуйсангүй.
— Хүү минь, чи надад таалагдлаа. Чи зөв таасан байна. Би чамайг шавиа болгон авч чадахгүй. Чиний хоол хийх ур чадвар надад үнэхээр их сонирхолтой байгаа. Гэвч хоол хийх ур чадвар гэдэг бол амны зугаа төдий зүйл. Харин шавь авах нь миний хувьд асар том хэрэг. Үнэнийг хэлэхэд, би энэ олон жил тохирох залгамжлагчаа хайж явлаа. Гэвч чи... Биеийн суурь чинь сайн биш тул шаардлага хангахгүй. Миний үг хатуу сонсогдож болох ч энэ бол үнэн...
И Юнь үүнд огтхон ч хөдөлсөнгүй. Тэр тайвнаар хэлэв. — Би мэдэж байна.
— Аа... Ойлгож байгаа чинь сайн хэрэг. Чи үеийнхнээсээ хавьгүй ухаантай юм. Эрдмийн шалгалт өгөөд, доод тушаалын түшмэл болж болно. Тэгвэл хоол ундныхаа төлөө санаа зовох хэрэггүй.
Тай А Тэнгэрлэг Улсад жинхэнэ төрийн түшмэд бүгд хүчирхэг хүмүүс байв. Тай А Тэнгэрлэг Улс цэргийн захиргаанд байдаг тул жанжин ч бай, дүүргийн захирагч ч бай, хамгийн багадаа тулаанч байх ёстой. Бичиг ном сурч чаддаг ч тулааны урлагт суралцаж чаддаггүй хүн хамгийн ихдээ зөвлөх, бичээч зэрэг доод тушаалын түшмэл болж чадна.
И Юнь илт анхаарал тавихгүй байгааг харсан Махлаг Настан үргэлжлүүлэв. — Бясалгалд оюун ухаан ч чухал. Гэхдээ гол нь хүний төрөлхийн авьяас юм.
— Нөөц баялаг үнэтэй энэ ертөнцөд тулаанчийн нөөц гэдэг нь төрөл бүрийн эрдэнэс, зэлүүд ясны эрдэнэ байдаг! Том овгийн хүрээнд зэлүүд ясны эрдэнэ хязгаартай тул хамгийн их авьяастай хүмүүсийг л түрүүлж хангана.
— Авьяастай хүн зэлүүд ясны эрдэнийг шингээвэл хүч нь асар их нэмэгдэнэ. Харин авьяасгүй хүнд яг тэр зэлүүд ясны эрдэнэ хүчийг нь дөнгөж аравны нэгээр нэмнэ. Тэгээд цааш ахих тусам хүчээ нэмэгдүүлэх улам хэцүү болно. Тэр үед ямар ч гэр бүл үүнийг даах чадалгүй болно!
Махлаг Настны үгийг сонсоод И Юнь үүнийг баттай ойлгов. Тэр Жянь Сяожоугоос бясалгалын талаар бага зэрэг сонсож байсан ч энэ настны яриаг сонссоныхоо дараа л асуудлыг тодорхой ойлголоо.
Нөөц хязгаартай нөхцөлд авьяас үнэхээр чухал байв.
Лянь Чэнъюй Нил Цусны түвшнийг сэтлэх хүсэлтэй байсан нь мэдээж түүний авьяастай холбоотой.
Хэрэв түүнд авьяас байгаагүй бол Лянь овгийн Эмийн уул болон бүх зэлүүд ясыг эзэмшиж байсан ч Лянь Чэнъюй Нил Цусны түвшний босгыг хэзээ ч давж чадахгүй байлаа.
И Юнь өөрийн нөхцөл байдлыг мэднэ. Тэр ердөө л эгэл жирийн нэгэн залуу. Яс махандаа хүртэл жирийн мөнх бус хүн бөгөөд тулаанчдын гэр бүлтэй ямар ч холбоогүй. Тийм байхад тулааны урлагт бясалгах авьяас түүнд хаанаас байх билээ?
Гэвч сүүлийн хэдэн өдөр Нил Талстын тусламжтайгаар эмийн ургамал болон зэлүүд ясны энергийг шингээж байснаа бодвол, түүний бясалгалын хурд үнэхээр өндөр байлаа. Энэ бүхний гавьяа бүхэлдээ Нил Талстынх байв.
Зүрхнийх нь гүнд орших Нил Талст зүрх цохилох бүрд энергийг биеийнх нь хэсэг бүрд тарааж, биеийг нь улам чийрэгжүүлдэг. Ийнхүү энерги шингээх арга нь ходоодоороо энерги шингээдэг бусад тулаанчдынхаас хавьгүй үр ашигтай байлаа.
Эдгээрийг ойлгосныхоо дараа И Юний бодол улам тодорхой болов. Тэр толгойгоо өргөн Махлаг Настан руу хараад хэлэв. — Би таны шавь болох шаардлагагүй.
Нэгэнт өөрийн байр суурийг илэрхийлсэн тул И Юнь зүтгэхийг хүссэнгүй. Үнэндээ өвгөн түүнийг шавиа болгохыг хүссэн ч И Юнь маш нухацтай бодох хэрэгтэй байлаа. Эцсийн эцэст түүний биед асар том нууц бий. Нил Талстын эх үүслийн онцлогийг сайтар тунгаахгүй бол багш нь энэ нууцыг олж мэдэж магадгүй бөгөөд үр дагавар нь төсөөлшгүй байх байв.
— Би Ноёнтноос гайхамшгийн эм л хүсэж байна! Догшин араатны мөн чанар, зэлүүд араатны мах, эмийн ургамал, тэр байтугай зэлүүд яс ч байж болно!
Эдгээр үгийг сонсоод Махлаг Настан инээв. — Сөөм өгвөл тохой авахыг чи үнэхээр мэддэг юм байна. Миний өгсөн хэдэн тахианы төлөө зэлүүд ясны эрдэнэ солилцоно гэж бодоо юу?
Түүний бөгжнүүдэд хадгалагдаж байсан зэлүүд ясны эрдэнүүд бүгд өндөр чанартай байв. Тэдгээрийг хэдхэн хоолтой солих нь яавч өчүүхэн хэрэг биш.
— Миний үгийг сонсох хүсэлгүй бололтой, — гэж Махлаг Настан толгой сэгсрэн, сургаад нэмэргүй хүүхдийг үл зөвшөөрсөн харцаар харав. — Чи одоо ч тулааны замаар явахыг хүсэж байна. Бие чангалагдсан түвшинд хүрсэн нь өөрөө амаргүй байхад тулааны урлагийн зохистой бэлтгэл огт хийж байгаагүй. Чи ямар нэгэн бясалгалын техник мэдэх үү? Ямар нэгэн тулааны техник мэдэх үү? Сүнсний бясалгалын техник бий юү? Багшгүй, ямар ч гарын авлагагүй байж өөрөө заалсаар Нил Цусны түвшинд хүрэхээр төлөвлөж байна уу?
Ийнхүү дараалан тавьсан асуултуудын дараа И Юнь түүний хэлсэн бүхнийг тогтоож авлаа. Бясалгалын техник! Тулааны техник! Сүнсний бясалгалын техник!
Одоохондоо ойлгоогүй зүйл түүнд их байсан ч энэ нь чухал биш. Ямар ч байсан тэдгээрийг өөрөө олж авах хэрэгтэй!
Махлаг Настны хэлсэн Нил Цусны түвшний тухайд гэвэл, Нил Цусны түвшин И Юний зорилго огт биш байлаа. Нил Цусны түвшнээс цааш олон дээд түвшин байдгийг И Юнь мэднэ.
Нууцлаг Нил Талстын картыг олж авсан байж, яагаад зүгээр л Нил Цуст дайчин болоод Үүлэн зэлүүд нутгийн жижигхэн овогт нэгэн хэвийн амьдралаар өнгөрөөх билээ?
Гэхдээ тэр зорилгоо хэлж болохгүй. Тэгэхгүй бол хүмүүс түүнийг галзуу гэж бодно.
И Юнь хэлэв. — Би тулааны техник болон сүнсний бясалгалын техниктэй огт танилцаж байгаагүй. Харин “Лууны хавирга, барын ясны нударга” хэмээх бясалгалын техникийг бэлтгэл хийж үзсэн!
— “Лууны хавирга, барын ясны нударга”! — гэж Махлаг Настны царайд гайхшралын оч гялсхийв. — Чи үнэхээр энэ нударгын техникийг мэддэг юм уу? “Лууны хавирга, барын ясны нударга” бол Тай А Тэнгэрлэг Улсын дээд зэргийн бясалгалын техник гэж тооцогддог. Надад хүртэл энэ техникийн олон давуу тал харагддаг. Энэ бол сонгодог арга! Тэгэхээр чамд үүнийг заасан багш байгаа юм уу?
“Лууны хавирга, барын ясны нударга”-ыг Тай А Тэнгэрлэг Улс нийтэд нээлттэй болгосон ч Үүлэн зэлүүд нутгийн ядуу хүүхэд үүнийг сурч чадна гэдэг ховор хэрэг байлаа.
И Юнь “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг бага сага мэддэгийг сонсоод Махлаг Настан цочирдов.
— Надад ямар ч багш байхгүй. Овгийнхон бэлтгэл хийж байхыг сэм харж байгаад сурсан!
— Сэм сурсан гэж үү? — гэж Махлаг Настан толгой сэгсрэв.
“Лууны хавирга, барын ясны нударга” суурь техник байж болох ч амаргүй. Суурь нь муу энэ хүүхэд зөв заалгасан ч юу сурч чадах вэ дээ, тэр тусмаа сэм харж байгаад сурсан байж?
Сэм сурах гэдэг нь дуурайхаас өөрцгүй. Гол чухал хэсгүүдийг нь ойлгоход тун хэцүү.
Түүнээс гадна Үүлэн зэлүүд нутгийн ийм бөглүү ядуу тосгонд ямар сайн багш байх билээ?
Энэ хүүхдэд уг техникийг заасан хүн нь зүгээр л хальт мөлт мэддэг нэгэн байх. Түүний “Лууны хавирга, барын ясны нударга” ямар сайн байх билээ?
Дунд зэргийн багш дээр нь нэмээд хүүхэд сэм сурсан болохоор өнгөц хэдэн арга л дуурайж, өөрийгөө сайн сурсан гэж бодож байгаа нь тэр.
Махлаг Настан Үүлэн зэлүүд нутгийнхныг басамжилж байгаа хэрэг биш. Гагцхүү Үүлэн зэлүүд нутгийнхны мэдлэг хязгаарлагдмал бөгөөд гадаад ертөнц хэчнээн уудам, тэнд хэчнээн олон хүчирхэг хүн байдгийг тэд мэддэггүй байлаа.
— “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг сэм сурч болдог гэж үү? Нум мэт шөрмөс гэж юу болохыг мэдэх үү? Ясан доторх аянгыг мэдэх үү? Нударгаараа чичиргээ гаргаж чадна уу? — гэж Махлаг Настан асуув. Тулааны урлагийн суурийг мэддэг хүн “Лууны хавирга, барын ясны нударга”-ын хөдөлгөөнийг амархан үзүүлж чадна. Гэвч тэдгээр нь бүгд өнгөц, илүүц хөдөлгөөн байлаа. Тэд “Лууны хавирга, барын ясны нударга”-ын мөн чанарыг мэддэггүй.
И Юнь гараа хавсран ёслоод хэлэв. — Би дутуу дулимаг ч “Нум мэт шөрмөс” болон “Ясан доторх аянга”-ын талаар бага зэрэг гадарлана!
“Есөн үүлд нүргэлэх аянга, гэнэтийн нум сүрэг унагаана” гэдэг нь “Лууны хавирга, барын ясны нударга”-ын гол үр дүн байлаа. Тиймээс И Юнь үүнийг мэдэхгүй байх аргагүй. Тэр Меридианы түвшинд хүрэхээсээ өмнө ч шөрмөсөө тасхийлгэн дуугаргаж, ойн шувуудыг үргээж чаддаг болсон байв!
Одоо тэр Меридиануудаа бүрэн нээж, Рэнь-Ду хоёр меридианаа нээсэн бөгөөд Бие чангалагдсан түвшинд хүрчээ! И Юнь доторх эрчим нь далайн давалгаа мэт хүчтэй цалгилж байгааг мэдэрч байв. Хэрэв Махлаг Настан, цагаан хувцастай охин хоёр гэнэт гарч ирээгүй бол И Юнь “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг нэг бүтэн удаа давтаж, бясалгалынхаа ахицыг шалгах байлаа.
— Ха ха! Нэг их юм мэддэг гэж байгаа юм аа! — гэж Махлаг Настан илт итгэсэнгүй. — Чи ингэж хэлсэн болохоор, Ясан доторх аянгын ямар түвшинд хүрснийг чинь үнэхээр хармаар санагдлаа!
Махлаг Настан инээх зуураа И Юньд сургамж өгөх гэсэн хорон санаа гэнэт төрөв. Тэр толгойгоо эргүүлэн Линь Шиньтунд хэлэв. — Шиньтун, энэ удаа Тай А Тэнгэрлэг Улсаар аялахдаа би чамд “Лууны хавирга, барын ясны нударга”-ыг өгч, ерөнхийд нь харж танилцаарай гэсэн биз дээ? Энэ бясалгалын техникийг чи хагас сар хэртэй зүгээр л давтсан байх. Хэдийгээр хичээл зүтгэл гаргаагүй ч багахан амжилт гарсан байлгүй!
— Яагаад энэ хүүхэдтэй хүч үзэж, түүнд зааж зөвлөж болохгүй гэж?
— Түвшнээ бас дараарай. Эгэл Цусны гуравдугаар түвшин буюу Аянгат түвшин хүртэл буулгахад хангалттай. Энэ хүүхдийг бүү гэмтээгээрэй.