Бодит байдал нэг үнэнийг нотлов. Хүний хэлээр ярьдаг болгон Мангас араатан байдаггүй.
Тоть ч байж болно.
— Энэ чинь хаанаасаа Мангас шувуу байдаг юм бэ!
Лу Ян уурлан алгаа дэлгэхэд сорох хүч үүсэж, тотийг агшин зуур өөр рүүгээ татав. Тоть юу болсныг ойлгож ч амжаагүй байхад баригдчихлаа.
Тосгоны ахлагч ч уг нь ингэж чадна. Гэвч тэр үүнийг Хий боловсронгуй болгох шат эсвэл Суурь тогтоох шатны Мангас араатан гэж бодоод зориглоогүй аж.
— Мангас араатан! Мангас араатан! — гэж тоть тасралтгүй чарлана.
Чимээ сонссон Тао Яо-е хүрч ирээд байдлыг харав. Түүний сэтгэл Лу Яныхаас нэг их ялгаагүй.
Даалгавар амархан дууссан нь сайн хэрэг. Тулалдах шаардлага гараагүй нь ч сайн хэрэг. Гэхдээ асуудал нь тэд Даог эрэлхийлэх бүлгэмээс бүтэн гурван өдөр нисэж ирчихээд ердөө нэг тоть барих гэж ийм хол зам туулсан хэрэг үү?
Үүнийг инээдтэй сонсогдуулахгүйгээр даалгаврын тайландаа яаж бичих вэ?
Тайпин тосгоныхон гүн ойд амьдардаг шувуудыг таних хэмжээний мэдлэггүй байж болох ч Лу Ян, Тао Яо-е хоёр энэ шувууг мэднэ. Даог эрэлхийлэх бүлгэмд бол энэ ердөө суурь мэдлэг.
— Даос багш үнэхээр гайхамшигтай юм аа! Мангас шувууг гарын үзүүрээр л барьчихлаа! — гэж тоть баригдсан мэдээ тармагц тосгоны ахлагч тэргүүтэй хүмүүс Лу Яны бясалгал гүн гүнзгий хэмээн магтаж эхлэв.
Лу Ян, Тао Яо-е хоёр тэвчээртэйгээр энэ бол маш жирийн шувуу, зүгээр л тивийн хойд хэсэгт тэр бүр үзэгддэггүй гэдгийг тосгоныхонд тайлбарлав.
— Энэ тоть... та нарын хэлдгээр Мангас шувууны хамгийн сайн чаддаг зүйл нь хүний хэл дуурайх.
— Хүний хэл дуурайх, хүний хэл дуурайх, — гэж тоть хажуунаас чарласаар байхад Лу Ян хошууг нь атгаж аваад тайлбараа үргэлжлүүлэв.
— Оёдолчин Фэнийг хараад “мангас” гэж хэлсэн нь ч өөрийнх нь бодол биш. Оёдолчин Фэн “мангас” гэж хашхирахыг сонсоод сурчихсан, дараа нь Жан Гуаньжяг хараад санамсаргүй давтсан хэрэг.
Жан Гуаньжя уртаар амьсгаа авав. Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь ирэнгүүтээ л түүний нэрийг цэвэрлэж өглөө.
— Үүнтэй адил “Чи хэн бэ? Жан Гуаньжя хаана байна?” гэдэг өгүүлбэрийнхээ утгыг ч энэ ойлгодоггүй. Хаа нэгтээ сонссоноо л ямар ч утгагүйгээр давтаж байгаа юм.
— Энэ хараал идсэн шувууг одоо л нядалчихъя! — гэж Жан Гуаньжя тоть руу ууртайгаар дайрав.
Лу Ян гараа өргөн түүнийг зогсоолоо.
— Эндээс ширэнгэн ой хүртэл хагас тивийн зайтай. Энэ шувуу өөрөө нисээд ирсэн байх боломжгүй. Хэн нэгэн авчирсан байж таарна.
— Хэтэрхий завтай хүн хагас тив туулан, сонин содон харагдахаас өөр хэрэггүй энэ тотийг зориуд авчраагүй л бол ийм зүйл хийж чадах газар нь Газрын зоос худалдааны холбоо.
— Энд Газрын зоос худалдааны холбоо бий юу?
Тосгоны ахлагч толгой сэгсрэв.
— Манайх шиг жижиг, бөглүү газар холбоо салбараа нээхгүй. Харин Чюхэ хошууны хамгийн хөл хөдөлгөөнтэй газарт нэг салбар бий. Хэн нэгэн тотийг тэндээс худалдаж аваад санамсаргүй алдсан байж болох юм.
Тоть Газрын зоос худалдааны холбооноос өөрөө шууд оргосон байх боломжгүй.
Лу Ян дахин асуув.
— Энэ шувуу хорин хоногийн турш Тайпин тосгоныг тойроод л байснаас өөр газар яваагүй. Эзэн нь энд байгаа ч юм билүү. Тосгоны ахлагч аа, танд сэжиглэх хүн байна уу?
Тосгоны ахлагч хэсэг бодсоноо,
— Манай тосгонд Мангас шувууны тухай мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин мэдээгүй байж болох нэг айл гэвэл зүүн талын Шан овог байна, — гэв.
— Шан овгийнхон гэрээсээ бараг гардаггүй, бусадтай харилцах ч дургүй. Овгийн тэргүүн нь бас бясалгагч байсан гэдэг. Залуудаа нэг удаа бүтэлгүйтэж, бясалгалын түвшнээ ихээр алдсанаас хойш бясалгах хүсэл нь мохож, өөрийгөө тусгаарлан амьдрах болсон.
— Шан овог бас их хөрөнгөтэй, манай хавийн хамгийн баян айл. Газрын зоос худалдааны холбооноос Мангас шувуу худалдаж авсан байсан ч гайхах зүйлгүй.
— Тийм бол Шан овгоор орж асууя.
Тайпин тосгон том биш тул гурав тотьтойгоо удалгүй Шан овгийн үүдэнд хүрлээ.
Хаалга тогшсоноос удалгүй цэгцтэй хувцастай, эрүү доороо шовгор сахалтай нэг эр хаалга нээв.
— Тосгоны ахлагч та юм байна. Таныг ирснийг эзэнд яаж уламжлах вэ? Харин энэ хоёр эрхэм хэн бэ? — гэж сахалт эр асуулаа.
Лу Ян тотины нэг далавчнаас барьчихсан нь шинэ жилээр нядлах тахиа барьсан хүн шиг харагдана.
— Бид замаараа энэ тотьтой таарсан юм. Жаахан сурагласны эцэст Шан овгийнх байж магадгүй гэж бодоод асуухаар ирлээ.
Сахалт эр эхлээд Тао Яо-е рүү хараад гайхав. Тэр насандаа Тао Яо-е шиг үзэсгэлэнтэй эмэгтэй үзэж байгаагүй аж.
Дараа нь ногоон тотийг хармагцаа баярлан инээмсэглэв.
— Аан, тийм байжээ. Хоёр эрхэмд баярлалаа. Энэ манай авхайн тоть мөн бололтой. Тоть алга болсноос хойш авхай ихэд гуньж гутарсан. Үүнээс болоод бид үйлчлэгчид ч санаа зовсоор байгаа юм.
— Тоть олдсоныг сонсвол авхай үнэхээр их баярлана.
Тосгоны ахлагч аяархан шивнэв.
— Энэ бол Шан овгийн гэрийн даамал Жан ноён. Намайг ирэх болгонд л тэр хаалга нээдэг юм.
Жан даамал яаран дотогш мэдэгдээд удалгүй хариу авч ирэв.
— Эзэн та гурвыг дотогш урьж байна.
Тэд үүдний халхавчийг тойрон, урд хашааг гаталж, хоёр дахь хаалгаар орон хонгилоор явсаар эцэст нь гол танхимд хүрч Шан овгийн тэргүүнтэй уулзав.
Шан овгийн тэргүүн махлаг биетэй. Царай нь үргэлж барайсан мэт тул хүн ойртож удаан яримааргүй санагдана. Харин тосгоны ахлагчийг хараад нэлээд баярласан нь илт байлаа.
— Хуан ах аа, уулзалгүй уджээ.
Тосгоны ахлагч Хуан овогтой байв.
Хоёул бие биедээ ёслов.
Шан овгийн тэргүүн тотийг хэсэг ширтээд толгой дохив.
— Тийм ээ, мөн байна. Энэ бол манай охины Чюхэ хошууны Газрын зоос худалдааны холбооноос худалдаж авсан шувуу. Тэр үед би энэ хараал идсэн шувууг ийм их мөнгө хүрэхгүй гэж хэлсэн юм. Холбоо дэндүү өндөр үнэ нэхсэн. Гэтэл охин маань сонсохгүй, заавал авна гээд байхаар нь аргагүй авч өгсөн.
— Жан даамал, энэ хоёр залуу баатрыг Юань охинтой уулзуул.
— Мэдлээ, эзэн ээ.
Жан даамал хоёрыг дагахыг дохиод, үйлчлэгч бүсгүйд Шан овгийн тэргүүн болон Хуан ахлагчид цай бэлдэхийг заав.
Замдаа Тао Яо-е санаандгүй мэт асуув.
— Жан даамал, та Шан овогт хэдэн жил ажиллаж байна вэ?
Жан даамал хүндэтгэлтэйгээр хариулав.
— Эзэн нэг удаа тусгаарлан суухаар явж байх замдаа намайг аварсан юм. Тэр цагаас хойш би эзний дэргэд үйлчилж байна. Одоо хорин жил болжээ. Тэр үед авхай төрөө ч үгүй байсан.
— Тэгэхээр та Шан авхайтай их дотно байх нь ээ.
— Нуух юу байх вэ. Би авхайг нялхаас нь өсөж томрохыг харсан. Өөрийн хүүхэдгүй болохоор авхайг төрсөн охин шигээ боддог. Сүүлийн үед авхай байнга гуньж явааг харахаар гэрийн даамал миний сэтгэл их өвддөг юм.
Лу Ян гэнэт асуув.
— Тоть алга болох үед та дэргэд нь байсан уу?
Жан даамал санаа алдав. Дуунаас нь гэмшил тод сонсогдоно.
— Тэр үед би бодолдоо автаад, тоть нисэж одсоныг анзаараагүй. Хэрэв арай анхааралтай байсан бол авхай ингэж их шаналахгүй байлаа. Миний л хайхрамжгүйгээс болсон.
Лу Ян зүгээр л толгой дохиод дахин юм асуусангүй.
Жан даамал хаалгыг аяархан гурван удаа тогшоод тайван хоолойгоор,
— Авхай, алга болсон тоть тань олдлоо. Аян замд яваа хоёр залуу баатар авчирсан байна, — гэв.
Өрөөнөөс нэгэн хоолой сонсогдов.
— Оруул.
— Мэдлээ.
Лу Ян, Тао Яо-е хоёр хаалгыг нээв. Шан авхай цонх налан, чимээгүйхэн ном уншиж байлаа. Үдшийн нарны туяа үсэн дээр нь тусахад цаг хугацаа хүртэл зогссон мэт. Нам гүм, үзэсгэлэнтэй агшин аж.
Тайпин тосгоны олон залуу Шан авхайд сэтгэлтэй байв.
Лу Ян сайхан сэтгэлээр сануулав.
— Нарны гэрэлд, ялангуяа нар жаргаж байхад ном унших нүдэнд муу шүү. Дэнлүү асаачих. Танай аав мөнгөөр дутаагүй биз дээ.