— Түүнийг Арьс хуулагч сүнс гэдгийг яаж мэдсэн юм бэ? — гэж Тао Яо-е талийгаач Жан даамлын хариулт авч амжаагүй асуултыг асуулаа.
Лу Ян тулааны дараах газрыг цэвэрлэж, Арьс хуулагч сүнсний үнсийг жижиг овоолго болгон шүүрдэж байв. Тао Яо-е ч тусалж, үнсийг тосгуурт хамлаа.
— Маш энгийн. Би тотины хэлсэн үгийг санасан юм. “Чи хэн бэ? Жан даамал хаана байна?” гэж.
— Шан Юаньтай уулзсаны дараа тэр биднийг зориуд хөөн, Шан овгоос аль болох холдуулах гэж оролдсон.
— Энэ нь одоогийн Жан даамал Шан авхайн мэддэг хүн байхаа больсон, бас маш аюултай гэдгийг харуулсан.
— Жан даамлын оронд өөр хүн орчихсон байж болох гурван хувилбар бий.
— Нэгдүгээрт, Жан даамалд ямар нэг сүнс шүглэсэн байж болно. Гэхдээ тийм сүнс яагаад Шан овогт ингэж удаан үлдэх билээ? Би л байсан бол хүний биед шүглэсэн даруйдаа Тайпин тосгоноос явж, бясалгалаа үргэлжлүүлэх сайн фэншүйтэй газар хайна. Тэгээд ч Жан даамлын авьяас онц биш. Түүнд шүглэхийн оронд Шан овгийн тэргүүнд шүглэсэн нь хамаагүй дээр, — гэж Лу Ян өөрийгөө сүнсний оронд тавин тайлбарлав.
— Хоёрдугаарт, хэн нэгэн Жан даамлын дүрд хувирсан байж болно. Гэхдээ энэ ч бас утгагүй. Шан овогт үнэхээр үнэ хүрэх зүйл нэг их байхгүй. Хүн яах гэж гэрийн даамлын дүрд хувирах юм? Үйлчлэгч болох дуртай гаж сонирхолтой юм уу? Шан овогт үнэт зүйл байсан ч шууд дээрэмдчихгүй яасан юм?
— Суурь тогтоох шатны хожуу түвшний хүчтэй хүн Тайпин тосгонд хүссэнээ хийж чадна.
— Гуравдугаарт, тэр Арьс хуулагч сүнс. Ийм сүнснүүд хүний арьс цуглуулж, хүн болж дүр эсгэн, хүмүүсийн дунд амьдрах дуртай.
Арьс хуулагч сүнснүүд амьд ахуйдаа хүн байсан ч үхсэний дараа сүнсэн амьтан болж хувирсан, өөрөөр хэлбэл Сүнсний бясалгагчдын нэг төрөл байв. Сүнсний бясалгагчдын ихэнх төрөл ямар нэг сэтгэцийн гажуудалтай байдаг.
Жишээлбэл Арьс хуулагч сүнс жинхэнэ төрхөө илчлүүлэхийг туйлын үзэн яддаг. Өөрийгөө хүн мөн гэж итгүүлэхийн тулд хүн шиг ярьж, хүн шиг авирлана. Нэг дүрээсээ залхмагцаа өөр дүрд орж, энэ мөчлөгийг дахин дахин давтдаг.
Лу Яны дүгнэлт үндэслэлтэй, итгэл төрүүлэхүйц байлаа. Тао Яо-е гайхаж, Нисдэг завин дээр сандарч байсан Лу Ян ахаас тэс өөр ийм саруул ухаантай байгааг нь өөрийн эрхгүй бишрэв.
Тао Яо-е Лу Янтай ижил мэдлэгтэй ч ийм богино хугацаанд асуудлыг ингэж гүнзгий тунгааж чадахгүйгээ мэдэрлээ. Энэ бол сэтгэх хурдны ялгаа байв.
— Үнсийг нь цэвэрлээд аваарай. Даалгавар биелүүлснийг нотлох баримт болно, — гэж Лу Ян хэлээд Арьс хуулагч сүнсний үнсийг хийх жижиг цагаан шаазан сав гаргав.
Арьс хуулагч сүнстэй таарсан нь үндсэн даалгаврын үргэлжлэл болсон тул түүнийг устгасны шагнал тоть олсноос хавьгүй их байх нь гарцаагүй.
Гадаа хэд хэдэн хүний алхах чимээ хаалганд ойртож ирснээ гэнэт зогсов. Аймшигт зүүднээс дөнгөж сэрсэн хүмүүс өрөөнд орж зүрхлэхгүй байгаа мэт.
Гадаа хэн байгааг таахад хэцүү биш. Лу Ян чангаар инээгээд,
— Шан овгийн тэргүүн ээ, орж болно. Арьс хуулагч сүнсийг би устгалаа. Одоо аюулгүй, — гэв.
Хаалга “чах” хийн нээгдэж, Шан овгийн тэргүүн түрүүлэн орж ирлээ. Араас нь эхнэр, охин, шивэгчид, зарц нар дагалдана. Нийт арван хоёр хүн үхлийн аюулаас мултарсан мэт тайвширсан царайтай байв.
— Хоёр эрхэм Арьс хуулагч сүнсийг устгаж, манай Шан овгийн арван хоёр хүний амийг аварсанд үнэхээр их баярлалаа! — гэж Шан овгийн тэргүүн өвдөг сөхрөхөд бусад нь ч даган сөхрөв.
Арьс хуулагч сүнс хэзээ юу хийх нь мэдэгдэхгүй. Даамлын дүрээсээ залхсан л бол тэднийг бүгдийг нь хөнөөж мэдэх байжээ!
— Шан овгийн тэргүүн ээ, хэрэггүй дээ. Бид Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нар. Чөтгөр мангасыг дарж, зөв ёсыг сахих нь бидний үүрэг, — гэж Лу Ян энэ сүртэй үзэгдэлд үл ялиг балмагдсан ч бүгдийг нь яаран босгов.
— Хоёр эрхэм уучлаарай. Энэ сүнс маш нууцлаг, үйлдэл нь ч таамаглах аргагүй байсан. Хаанаас ирснийг нь бид огт мэдээгүй.
— Жан даамлын дүрд орсноосоо хойш биднийг Шан овгоос нэг ч алхам гарахыг зөвшөөрөөгүй. Нууцыг нь хэнд ч хэлж болохгүй, хэлсэн хүн үхнэ гэж сүрдүүлсэн юм!
Энэ үед хажууд зогсох Шан Юань гэмшсэн төрхөө нууж чадсангүй. Нэр хүндтэй айлын дөлгөөн авхай атлаа өрөөндөө Лу Ян, Тао Яо-е хоёрт хүйтэн хөндий хандсан нь тэднийг аюулаас холдуулах гэсэндээ л тэр байжээ.
Шан овгийн тэргүүн Шан Жунтянь чин сэтгэлээсээ үргэлжлүүлэв.
— Харамсалтай нь би одоо хөдөө суусан зодог тайлсан хүн. Бясалгагч байх үеийн бүх хөрөнгөө алт эрдэнэс болгочихсон. Та хоёрт шагнал болгож өглөө ч хэрэггүй байх.
— Хэрэв ямар нэг зүйл хэрэгтэй бол хэлээрэй. Эдлэн газраа зарах хэрэг гарсан ч би чадах бүхнээ хийнэ.
Энэ бол зүгээр нэг ёс төдий үг биш. Амийг нь аварсан ачийг хариулах гэсэн чин сэтгэлийн санал байлаа.
Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нарын нүдээр бол Шан Жунтянийн эд хөрөнгө бараг үнэ цэнгүй.
Гэхдээ Лу Янд нэг хүсэлт үнэхээр байв.
— Таныг булш ухаж явахдаа амь насанд тулсан аймшигтай зүйлтэй таараад, түүнээс хойш Бясалгалын ертөнцөөс бүр мөсөн гарсан гэж сонссон. Тэр үед яг юу болсон юм бэ?
Тао Яо-е сониучирхан Шан Жунтянь руу харав. Булш ухах, үхэл амьдрал, аймшигт явдал, хорвоогоос тасрах... энэ бүхэн тун сонирхолтой түүх шиг сонсогдоно. Магадгүй бүр асар том хувь заяаны боломж ч нуугдаж байж мэднэ. Тао Яо-е үл мэдэгдэх, нууцлаг газрыг судлах дуртай.
Лу Ян Тао Яо-е шиг үл мэдэгдэх зүйл рүү тэмүүлдэггүй ч сонин хачин явдлын түүх сонсох сонирхолтой байлаа.
Шан овгийн тэргүүний нүдний булан өөрийн эрхгүй татвалзав. Үнэндээ тэр аймшигт өнгөрснийг дахин санах ямар ч хүсэлгүй. Гэвч амийг нь аварсан хүмүүс асууж байхад хариулахаас татгалзаж чадсангүй.
Тэр бусдыг бүгдийг гаргав. Нууцаар үлдэх гэж оролдсон Шан Юанийг хүртэл явуулж, Лу Ян, Тао Яо-е хоёртой л үлдлээ.
— Өнөөдөр миний ярих зүйлийг та хоёр өөр хүнд дамжуулж болохгүй шүү.
Лу Ян, Тао Яо-е хоёр зэрэг толгой дохив.
Тэд зөвшөөрснийг хараад Шан овгийн тэргүүн хорин жилийн өмнө болсон явдлаа ярьж эхлэв.
— Гучин жилийн өмнө би, Шан Жунтянь, Хий боловсронгуй болгох шатны булш ухагчдын дунд нэлээд нэртэй хүн байлаа. Хүмүүс намайг үзэн яддаг байсан ч муу нэрээрээ бол тун алдартай байсан, — гэж Шан овгийн тэргүүн гараа ташаандаа авч, сүртэй өнгөрснөө бахархалтай дурсав.
Лу Ян, Тао Яо-е хоёр бага зэрэг гайхав. Шан Жунтянь муу нэртэй байсандаа яагаад ийм бахархаж байгааг ойлгосонгүй.
Тэд мэдэхгүй ч булш ухагчдын дунд өрсөлдөөн маш ширүүн. Муу нэр алдаршсан байна гэдэг ур чадвар нь онцгой гэсэн үг байжээ.
— Би булш ухахдаа үргэлж болгоомжтой байсан. Том булш, эртний булш хоёрт хэзээ ч хүрдэггүй. Манай мэргэжлийнхэн бүгд “том булшинд сүнс бий, эртний булшинд мөнх наст бий” гэдгийг мэднэ.
Энд хэлж буй “сүнс” нь Суурь тогтоох шатны Арьс хуулагч сүнс төдий бус, сүнсэн амьтдын дундах илүү хүчтэй оршихуйнуудыг хэлж байлаа.
— Хий боловсронгуй болгох шатныхан ядуу. Үнэтэй юмаа үр хүүхдэдээ өвлүүлдэг болохоор булшинд нь дээрэмдэх юм бараг үлддэггүй.
— Харин Суурь тогтоох болон Алтан цөмийн шатныхан нэлээд хөрөнгөтэй. Үхэхдээ эд хөрөнгийнхөө нэг хэсгийг үр хүүхдэдээ үлдээгээд, үлдсэнийг нь дагуул эдлэл болгон булшилдаг. Тэр үлдсэн жаахан хэсэг нь л намайг баяжуулахад хангалттай.
— Гэхдээ голын эргээр байнга явбал гутал норохгүй гэж хаа байх вэ. Нэг удаа Алтан цөмийн шатны булш ухаж байтал тэр нь булшин доторх булш болохыг олж мэдсэн. Алтан цөмийн булш нь гол булшны дагалдах булш байж, гол булшинд Нялх сүнсний шатны бясалгагч оршуулсан байсан юм!
— Манай мэргэжлийн дүрмээр өөрөөсөө хэт өндөр шатны бясалгагчийн булш ухаж болохгүй. Гэхдээ тэр үед би дэндүү хөөрчихсөн байлаа. Би Хий боловсронгуй болгох шатны оргилд байсан. Зугтвал Суурь тогтоох шатныхтай бараг адил хурдтай гэж өөрийгөө боддог байв.
— Булш ухахад тулалдах шаардлагагүй болохоор өөрийгөө дээш нь тоймлоод Суурь тогтоох шатных гэж тооцож болно. Тэгэхээр өөрөө хүрээд ирсэн Нялх сүнсний шатны булшийг ухахад юу нь аюултай байх вэ гэж бодсон.
— Тэгээд өвөг дээдэстээ хүж өргөж, ивээж хамгаалахыг нь гуйчихаад Нялх сүнсний шатны булшийг ухаж эхэлсэн юм.