Лу Ян, Мэн Жинжоу хоёрын толгойд яг одоо ганцхан бодол эргэлдэж байлаа. Баларлаа. Шалгалт авагчийнх нь нүдэн дээр хуурч мэхлэх аргаа ярьчихсан байна шүү дээ.
Тэдний хуурах төлөвлөгөөг огт сонсоогүй мэт ахлах эгч Юнь Жи хоёрыг ганц харснаа шалгалтыг зохион байгуулж эхлэв. Дахиж тийшээ харсан ч үгүй.
Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нар Юнь Жиг асар их хүндэлдэг нь илт байлаа. Түүний тушаалыг хэн ч эргэлзэлгүй дагана.
Энд байгаа Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь бүр гаднах ертөнцөд нэр хүндтэй хүчтэн, бусдын бишрэн хүндэлдэг авьяастан гэгддэг хүмүүс. Гэтэл тэд Юнь Жигийн үгийг ямар ч эргэлзээгүй, өчүүхэн ч хойрго зан гаргалгүй дагаж байгаагаас түүний байр суурь ямар өндөр нь тодорхой харагдана.
— Сүнслэг язгуур бол мөнх насны замд тавих хамгийн эхний алхам. Сүнслэг язгуургүй бол хэчнээн их нөөц өгсөн ч бясалгаж чадахгүй. Энэ шалгалтын эхний хэсэгт та нарын сүнслэг язгуурыг шалгана. Нэг нэгээрээ урагш гар. Өөрийн сүнслэг язгууртаа итгэлгүй хүн байвал одоо буцаж болно.
Хэн ч явсангүй.
Даог эрэлхийлэх бүлгэмийн шалгалтад ирсэн хүмүүс ихэнхдээ өөрсдийн сүнслэг язгуур ямар болохыг мэддэг байлаа. Гэртэй нь ойрхон гэсэн ганц шалтгаанаар азаа үзэхээр зориглон ирсэн Лу Ян шиг хүн тун ховор.
Энэ нь сүнслэг язгуурын шаардлага хангахгүй мөртөө шалгалтаар хуурч гарахаар завдах хүмүүсийг элсүүлэхээс сэргийлэхийн тулд Даог эрэлхийлэх бүлгэмийн авсан арга хэмжээ байв.
Ер нь хүний сүнслэг язгуурыг Сүнслэг чулуугаар шалгадаг. Гэхдээ тийм чулуу маш том, нүдэнд ил байдаг. Энд нэг ч харагдахгүй байгаагаас үзвэл Даог эрэлхийлэх бүлгэм энэ аргыг хэрэглэх бодолгүй бололтой.
Дай Буфань хэмээх Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь урд талд сууж байлаа. Түүний бясалгалын арга тун өвөрмөц. Өөрийн сүнслэг эрчмийг бусдын биеэр гүйлгэснээр тухайн хүний сүнслэг язгуур, бясалгалын арга, амин зангилаа зэрэг олон зүйлийг таньж чаддаг бөгөөд энэ чадвар нь тулаанд түүнд үлэмж давуу тал өгдөг.
Дай Буфань эртний эмч судас барьж байгаа мэт долоовор, дунд хоёр хуруугаа хүний бугуйн дээр тавихад л сүнслэг язгуурыг нь үнэн зөв тогтоож чадна.
— Металл, ус, галын гурван сүнслэг язгуур уу? Муугүй юм. Цааш ор.
— Ус, галын хоёр сүнслэг язгуур. Сайн байна.
— Ус, модны хоёр сүнслэг язгуур. Суурь чинь урьд нь гэмтэж байжээ. Арван хоёр настайдаа хүнд бэртэл авснаас болсон бололтой. Уг нь ийм гэмтэл үлдэцтэй үлдэх ёстой. Харин чи азтай байж, нэгэн буянт хүчтэнтэй таарчээ. Тэр чамайг чадварлагаар эмчилж, гэмтсэн суурийг чинь бүрэн сэргээсэн байна.
Тэр залуу Дай Буфань ингэтлээ үнэн зөв хэлсэнд цочин гайхав. — Би арван хоёр настайдаа ээжийгээ өвчнөөр алдсан. Дараа нь хойд эх гэр орныг эрх мэдэлдээ аваад, намайг өөрийн хүүгийн байр сууринд аюул болно гэж айсандаа хорлох арга сэдсэн юм. Би ухаан алдаж, сэрэхэд ямар ч гэмтэлгүй болсон байсан. Аав минь нэг буянт хүчтэн зам дайран өнгөрөхдөө намайг аварсан, харин нэрээ ч хэлэлгүй явсан гэж хэлсэн.
Тэр залуу явсны дараа Даог эрэлхийлэх бүлгэмийн өөр нэг шавь Дай Буфаний бясалгал ахисанд баяр хүргэв. — Болсон явдлыг яг дэргэдээс нь харсан мэт нэг бүрчлэн хэллээ. Дай ах аа, таны бясалгал үнэхээр биширмээр юм.
Дай Буфань тоосон шинжгүй, — Өө, сүртэй юм биш. Тэр “буянт хүчтэн” нь би байсан юм. Тэр үед яарч явсан болохоор аварчихаад нэрээ хэлэхээ мартчихсан, — гэв.
— ...
Ярьж байх зуураа Дай Буфань дараагийн шалгуулагч руу хайхрамжгүй гараа дохив. — Чи арван наймтай байна. Насны хязгаараас хэтэрсэн. Буц.
Нэгэн ахимаг лам дагуулсан сэргэлэн цовоо бяцхан лам Дай Буфаньд чин сэтгэлээсээ мэндчилэв.
Дай Буфань түүн рүү нэг хараад л бяцхан ламыг буцаан ахимаг ламд нь өглөө. — Хөвөгч хийдийн шавь лам энд юу хийж яваа юм? Биед чинь хийдийн тэргүүн ламын үлдээсэн тамга байна. Яв, яв. Хөвөгч хийд рүүгээ буц.
— Хөвөгч хийд чинь Мөнх настны таван их бүлгэмийн нэг биш бил үү? — гэж Лу Ян Мэн Жинжоугоос аяархан асуув.
Мэн Жинжоу нухацтай толгой дохилоо. — Мөнх настны таван их бүлгэмээс Хөвөгч хийд хамгийн цөөн шавьтай. Хамгийн цөөндөө тэргүүн лам, нэг шавь хоёрхон хүнтэй байсан үе бий. Хамгийн олондоо ч арав хүрч байгаагүй. Энэ бяцхан лам бясалгаж эхлээгүй мөртөө аль хэдийн Хөвөгч хийдийн шавь болсон байна гэдэг нь Буддын номтой гүн барилдлагатай гэсэн үг.
Тэр бяцхан шавь ламыг Хөвөгч хийдийн ахимаг лам дагуулан явахыг хүндхэн царайгаар ширтээд, — Би ирээдүйд бясалгалын ертөнцийг эзэгнэнэ гэж бодож байсан юм. Гэтэл өрсөлдөхүйц хүн бас байдаг л юм байна, — гэв.
Мэн Жинжоу энэ их итгэлийг хаанаас олдог юм бол гэж Лу Ян гайхав. — Юнь Жи эгч бид хоёрыг хөөчих вий гэж өчүүхэн ч санаа зовохгүй байна уу?
— Юунд нь санаа зовох юм? Зохиолуудад яаж гардагийг хараагүй юу? Том бүлгэмүүд нүд сохорч, залуу суутныг гүтгэж муулаад бүлгэмээсээ хөөчихдөг.
— Тэгэхээр нь залуу тэр доромжлолыг зүрхэндээ хадгалж, амжилтад хүрэхээр шүд зуун зүтгэнэ. Дараа нь адал явдал ар араасаа тохиож, эцэст нь тэнгэрт халин нисэж, том бүлгэм хүртэл доороос нь өөд... үгүй ээ, дээрээс нь доош харахаас өөр аргагүй агуу оршихуй болно.
Лу Ян хэсэг дуугүй байснаа сануулав. — Гэхдээ Юнь Жи эгч биднийг гүтгэж байж хөөх шаардлагагүй юм шиг байна.
— Бас үнэн юм.
Тэгээд Мэн Жинжоу ч сандарч эхлэв.
— Бие доторх амьсгал чинь тасралтгүй урсаж байна. Хувцас хунарыг чинь харвал нэр нөлөөтэй бясалгагчдын гэр бүлээс биш бололтой. Багадаа санамсаргүйгээр Ногоон модны мөнх настны жимс идчихсэн юм биш биз? За, цааш ор.
— Хм, чиний бие махбод сонирхолтой юм байна. — Дай Буфань хүрэл өнгийн арьст, хүдэр биетэй эрийн бугуйн дээр хуруугаа тавихад нүд нь гэрэлтэв. — Эртний зэрлэг угсаатны цус байна. Ийм зүйл хараагүй уджээ.
Хүдэр эр өндөр том, толгой нь гялалзсан халзан бөгөөд арьс нь нарны гэрэлд хүртэл ойж байлаа. Царай төрхийг нь харвал хорин хэдтэй гэж итгэмээр. Гэвч Дай Буфань насных нь талаар юу ч хэлээгүйгээс үзвэл арван зургаа ч хүрээгүй аж.
Лу Ян түүн рүү хараад дотроо ганцхан үг хэлэв. “Үнэхээр сайн бойжжээ.”
Олны дунд үл ялиг шуугиан дэгдэв. Эртний зэрлэг угсаатан уул нүүлгэж, нар сарыг халхлахуйц аймшигт хүчтэй, нэгэн цагт өөрсдийн эрин үеийг ноёрхож байсан ч цаг хугацааны урсгалд алга болсон угсаатан байв.
Эртний зэрлэг угсаатны цус Төв тивд харагдахаа болиод уджээ. Хүмүүс энэ эртний цус аль хэдийн тасарсан гэж боддог байтал өнөөдөр Даог эрэлхийлэх бүлгэмийн шалгалтан дээр гэнэт гарч ирэв.
Дай Буфань эвшээлээ. Тэр хүмүүсийн талыг нь шалгачихаад байхад Дан сүнслэг язгууртай нэг ч хүн таарсангүй. Бүгдийг нь бусад бүлгэм түрүүлээд авчихсан юм болов уу?
Мэн Жинжоу өөртөө итгэл дүүрэн урагш алхав. Дай Буфань түүнээс ч нэг их юм хүлээгээгүй. Гэвч долоовор, дунд хуруу нь Мэн Жинжоугийн бугуйнд хүрмэгц нүд нь орой дээрээ гарч, шууд босон харайв. — Энэ чинь Дан...
Дай Буфаний амнаас энэ үг гарахтай зэрэгцэн доороос шивэр авир яриа дэгдэв. Дан сүнслэг язгуур байна!
Дан сүнслэг язгуур гэж юу гэсэн үг вэ? Ийм язгууртай хүний шат бүрийн саад бусдынхаас хавьгүй сул байдаг. Ирээдүйд агуу бясалгагч болж, төрд өндөр албан тушаал хаших ч юм уу, эсвэл нэг нутгийг дангаар захирах хүчтэн болох хувьтай!
Бүх хүний харц Мэн Жинжоу дээр тогтож, сонирхол нь илт сэргэв. Ийм хүнтэй эртхэн танилцаад авахад хэзээд ашигтай!
Ахмадууд залуу үеийнхэндээ Даог эрэлхийлэх бүлгэмд орсныхоо дараа Мэн Жинжоутай заавал сайн харилцаа тогтоохыг яаран захиж байлаа.
Мэн овгийн хүн, Дан сүнслэг язгууртай, Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь. Энэ гурван зүйл нэг дор бүрдвэл ирээдүйд Даог эрэлхийлэх бүлгэмд өндөр байр суурь эзлэх нь бараг баталгаатай. Нэр нь ч түүхэнд агуу бясалгагч хэмээн үлдэнэ!
— Ганц биеийн сүнслэг язгуур, — гэж Дай Буфань Мэн Жинжоугийн сүнслэг язгуурын бүтэн нэрийг хэлэхэд тэр хавь тэр чигтээ нам гүм болов.
Мэн Жинжоу галзуурах шахав. Ганц биеийн сүнслэг язгуур гэж ер нь юу гэсэн үг вэ? Насан туршдаа ганц бие явах ёстой гэсэн үг үү?
— Би юм мэдэхгүй гэж бодоод дураараа ангилж нэрлээд байгаарай! — Мэн Жинжоу уурлан дүрэлзэж, ширээг нударгаараа балбав.
— Дай дүү ээ, хүнийг битгий ингэж шогло. — Манан дундаас намуухан дуу сонсогдов. Юнь Жи үүл манан дундаас гарч ирээд Дай Буфань руу ширүүн харахад тэр гэмшсэн мэт хүзүүгээ хавчив.
Мэн Жинжоу сая нэг тайвширлаа. Дай Буфань өөрөөр нь тоглож байсан байх гэж бодов.
Тэгтэл Юнь Жи Мэн Жинжоуд хандан, — Гэхдээ Дай дүү чамайг хуураагүй. Чи үнэхээр Ганц биеийн сүнслэг язгууртай. Энэ бол эрдмийн нэршил нь. Харин бясалгалын ертөнцөд хүмүүс яриандаа Цэвэр аргын сүнслэг язгуур гэж нэрлэдэг, — гэв.
Мэн Жинжоу: — ...
Тэр эцэст нь овгийн ахмад дайчид, аав ээж нь яагаад сүнслэг язгуурынх нь тухай хэлээгүйг ойлгов.
Мөнх настны таван их бүлгэмийн аль нэгэнд очоод өөрөө мэдчихнэ гэж хэлсний учир нь түүнд хэлэхээсээ ичиж байсан хэрэг байж!
Сүнслэг язгуурыг нь шалгаж дууссаны дараа аав ээж нь түүнээс дүүтэй болмоор байна уу гэж яагаад асуусныг ч одоо ойлгов.
Хувирсан Дан сүнслэг язгуур буюу Цэвэр аргын сүнслэг язгуур нь туйлын арга чанартай бөгөөд аливаа сүнс, хий үзэгдлийн төрөлхийн дайсан юм.
Цэвэр аргын биеэ хадгалж чадвал бясалгалын хурд үлэмж нэмэгдэнэ. Харин цэвэр аргаа алдвал бясалгалын түвшин маш хурдан ухарна.