— ...Яагаад ярианы нэр нь эрдмийн нэрээсээ илүү албаны сонсогдоод байна аа? — гэж Лу Ян араас нь аяархан бувтнав.
— Учир нь Цэвэр аргын сүнслэг язгууртай анхны ахмад өөрийн сүнслэг язгуурыг “Ганц биеийн сүнслэг язгуур” гэж нэрлэсэн юм, — хэмээн Юнь Жи хариулав.
Түүний бясалгалын түвшин хэмжээлшгүй гүн тул Лу Яны аяархан бувтнасан үг яг чихнийх нь дэргэд хэлсэн мэт тод сонсогджээ.
Юнь Жи хэсэг завсарласнаа үргэлжлүүлэв.
— Бясалгалын ертөнцөд ганц бие ахмадуудаа хүндэлдэг уламжлал бий.
Яагаад ч юм, үүнийг давтаж хэлэх тусам түүний тайлбар улам үнэмшилтэй сонсогдох шиг болов.
Мэн Жинжоу эхний давааг төвөггүй давсны дараа Лу Яны ээлж ирлээ.
— Хм?! Бас нэг Дан сүнслэг язгуур уу?!
Дай Буфаний хүүхэн хараа үл ялиг агшив. Саяхан л нэг ч Дан сүнслэг язгуур таарахгүй байна гэж гомдоллож байсан атал одоо дараалан хоёр таарчээ.
— Би Дан сүнслэг язгууртай гэж үү?
Лу Ян өөр рүүгээ хуруугаараа заан асуухдаа зүрх нь хүчтэй цохилж байгааг мэдэрлээ. Өөрийгөө буруу сонссон байх гэж бодсон ч уруулынх нь үзүүр өөрийн эрхгүй дээш татагдана.
— Тийм ээ. Чи хувирсан Дан сүнслэг язгууртай. Илдийн сүнслэг язгуур, — гэж Дай Буфань баттай толгой дохив.
Сүнслэг язгуур танихдаа тэр хэзээ ч алдаж байгаагүй.
Илдийн сүнслэг язгуур төрөлхийн Илдийн хийгээр дүүрэн, довтлох чадвараараа эн тэнцэх хүнгүй, туйлын сүртэй язгуур байв!
Ахлах эгч Юнь Жи Лу Ян руу үл ялиг гайхсан харцаар харав. Тэр зүгээр л санаандгүй тэдний тэргэнд суухаар зөвшөөрсөн төдий. Гэтэл нэг тэргэнд бясалгалын дээд зэрэглэлийн хоёр авьяастан хамт явж байна гэж төсөөлсөнгүй.
Эргэн тойрны хүмүүсийн харц улам халуу дүүгэж, аль айлын ямар охин Лу Янд тохирох бол хэмээн дотроо тооцоолж эхлэв. Ирээдүйтэй хүргэн болгож гэр бүлдээ татахыг хүсэж байгаа нь илт.
Мэн Жинжоугийн ард Мэн овог байдаг. Харин Лу Ян ямар ч түшиг тулгуургүй жирийн гаралтай хүн гэдэг нь хэн бүхэнд харагдана.
Авьяас нь гайхалтай атлаа ар талгүй — улс төрийн гэрлэлтийн хувьд төгс сонголт гэсэн үг.
Хамгийн гол нь тэр гэрлэж, үр хүүхэдтэй болж чадна!
Өөр рүү нь чиглэсэн хачин харцнуудыг мэдэрсэн Лу Ян яаран хоёрдугаар даваа руу явлаа.
Дай Буфаний ард хулсан төгөл байх бөгөөд хоёрдугаар шалгалт тэнд явагдах аж.
— Тэгээд чиний сүнслэг язгуур юу гэнэ ээ? — гэж Мэн Жинжоу Ганц биеийн сүнслэг язгууртай гэдгээ мэдсэн цочролоосоо удалгүй гарч, Лу Янаас догдлон асуув.
Ганц биеийн сүнслэг язгууртай байлаа гээд яах вэ. Мөнх насны зам хуурай ясаар дүүрэн байдаг. Эмэгтэй хүн гэж арьс мах нөмөрсөн араг яс төдий, хажуудаа дагина дагуулах түүнд ямар хэрэгтэй юм!
Лу Ян ч эхний давааг давсан нь үнэн. Гэхдээ Мэн Жинжоу өөр шиг нь онцгой авьяастан дахиад нэг таарна гэж бодоогүй тул Лу Яны авьяас ихдээ л Хос сүнслэг язгуурын түвшинд байх гэж төсөөлж байлаа.
Өөрөө Дан сүнслэг язгууртай суутан болсон хойно жирийн авьяастнуудаа бага зэрэг харж үзэх хэрэгтэй гэж боджээ.
— Илдийн сүнслэг язгуур.
— Пөөх.
— Хм?
Лу Ян түүний хариуг огт ойлгосонгүй.
Дахиад хагас өдөр өнгөрч, ард эгнэсэн хүмүүс ч бага багаар хоёрдугаар даваанд орж ирэв. Сүнслэг язгуурын шаардлага хангахгүй хүмүүсийг Дай Буфань хассаар байлаа.
Араас сонсогдох ярианаас үзвэл бас хэд хэдэн өвөрмөц хүн гарч ирсэн бололтой. Яг ямар хүмүүс болохыг нь асууж амжаагүй байтал ахлах эгч Юнь Жи тэдний өмнө гарч ирээд,
— Хоёрдугаар даваа одоо эхэлнэ, — гэж хайхрамжгүй хэлчихээд тэр дороо алга болж, бүгдийг мэл гайхуулав.
Удалгүй өтгөн манан аажмаар хөөрч эхэллээ. Утаа ч юм шиг, давалгаа ч юм шиг, ус мэт урсан хулсан төгөл доторх бүхнийг бүрхэв.
Хүмүүс зөнгөөрөө эсэргүүцэхийг оролдсон ч ямар ч нэмэргүй. Бие нь хүчгүйрэн, ухамсар нь бага багаар живж эхэллээ.
Энэ бол бүлгэмийн Их хамгаалалтын шидэт байгууламжтай нэгтгэсэн Төөрөгдлийн хулсан төгөл. Тэдний хүчээр эсэргүүцэх боломжгүй байв.
Юнь Жи гараараа хялбархан нэг тойрог зурмагц манан сарниж, жижигхэн задгай орон зай бий болов. Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нар түүний ард зогсоно.
Дай Буфань инээмсэглэв.
— Төөрөгдлийн хулсан төгөлд орсон хойно тэд өөрсдийнхөө хэн болохыг, шалгалтыг, ер нь бүхнийг мартана. Тэгээд жинхэнэ хариу үйлдлээ л харуулна. Хоёрдугаар давааг хэд нь давах бол доо.
— Аль болох олон хүн давбал сайн. Энэ удаагийн дотор ирээдүйтэй хэд хэдэн авьяастан байна. Хоёрдугаар даваан дээр хасагдчихвал хайран.
Юнь Жи Мэн Жинжоу, Лу Ян хоёрыг шалгалтаас хасаагүй хэвээр байлаа. Учир нь Мэн Жинжоугийн худалдаж авсан шалгалтын асуулт энэ жилийнх биш, хорин жилийн өмнөх асуулт байжээ.
— Үүнийг зарсан нь аль ахлагч юм бол доо.
— Дай дүү ээ, хоёрдугаар давааг хэн давах бол гэж бодож байна?
— Мэдээж тэр Эртний зэрлэг угсаатны залуу. Эртний зэрлэг угсаатан энгийн шулуун, үнэнч шударгаараа алдартай. Үүнд эргэлзэх юмгүй.
— Ганц биеийн сүнслэг язгууртай, Илдийн сүнслэг язгууртай хоёр ч бас дажгүй харагдсан. Үнэнч хүмүүс шиг л санагдсан.
Юнь Жи тэрэг дотор Лу Ян, Мэн Жинжоу хоёр хэрхэн хуурч мэхлэх талаар ярилцаж байсан дүр зургийг санав.
Яагаад ч юм, тэр хоёр тийм ч үнэнч харагдахгүй байлаа.
...
— Би хаана байна?
Эртний зэрлэг угсаатны хүдэр залуу Мань Гү сая юу болсныг мартчихсан мэт гайхан эргэн тойрноо харав.
Тэр гартаа хуучин сүх атган, гялалзсан долгио мяралзах нэгэн голын эрэг дээр зогсож байлаа.
Мань Гүгийн гар халтирч, хуучин сүх нь гол руу уначихав. Сүхээ авахаар завдтал уснаас хөөс буцалж эхэллээ. Хөөс улам томорч, олширсоор ус оргилон цацарч, гурван өөр сүхээр хүрээлүүлсэн дагина мэт дүр уснаас гарч ирэв.
— Залуу минь, би Голын сүнс. Чи аль сүхээ унагасан бэ? Хуучин сүх үү, сүнслэг Уул хагалах сүх үү, эсвэл мөнх настны Тэнгэр нээх сүх үү?
Сүнслэг Уул хагалах сүх, мөнх настны Тэнгэр нээх сүх хоёр Төв тив даяар тун алдартай. Авьяасгүй жирийн хүн ч эдгээрийн аль нэгийг эзэмшвэл агуу хүчтэн болж, ертөнцөд нэр алдарт хүрэх боломжтой.
Мань Гү бодолгүй шууд,
— Хуучин сүх, — гэв.
Голын сүнс инээмсэглэв.
— Чи үнэхээр үнэнч шударга залуу юм. Тиймээс энэ гурван сүхийг бүгдийг нь чамд өгье.
Ингээд Мань Гү хоёрдугаар давааг давлаа.
— Харж байна уу, Мань Гү хоёрдугаар давааг гарцаагүй давна гэж би хэлсэн биз дээ. Одоо Ганц биеийн сүнслэг язгууртай, Илдийн сүнслэг язгууртай хоёр яаж сонгохыг харъя, — гэж Дай Буфань улам сонирхон ажиглав.
Хоёрдугаар даваа үнэнч шударга занг шалгана. Давах нөхцөл нь гурван сүхийг бүгдийг олж авах.
Голын сүнс бол төөрөгдөл биш. Тэр хулсан төгөлийг тойрон урсах голоос төрсөн сүнслэг оршихуй байлаа.
Тэр тоо томшгүй олон хувилгаан бие гарган төөрөгдөл бүрд орж, шалгуулагчдыг сорьдог аж.
Голын сүнс үнэнч хүнд дуртай. Хоёрдугаар давааг давах цорын ганц арга нь түүний асуултад үнэнийг хэлж, гурван сүхийг шагнал болгон авах явдал байв.
...
— Хм? Сүх яагаад гол руу уначихав аа?
Лу Ян бага зэрэг гайхав. Ямар нэг үл мэдэгдэх хүч зориуд сүхийг нь унагачих шиг санагджээ.
Голын сүнс ахин гарч ирээд найрсгаар асуулаа.
— Залуу минь, би Голын сүнс. Чи аль сүхээ унагасан бэ? Хуучин сүх үү, сүнслэг Уул хагалах сүх үү, эсвэл мөнх настны Тэнгэр нээх сүх үү?
Лу Ян суун гурван сүхийг нэг нэгээр нь харснаа Голын сүнс рүү толгой өргөн, тэнэг хүн харж байгаа мэт өрөвдсөн харцаар ширтэв.
— Эдний хоёр нь таны сүх биз дээ. Өөрийнхөө хоёр сүхийг аль нь болохыг мэдэхгүй байж надаас асуугаад байгаа юм уу?
Голын сүнсний инээмсэглэл царцлаа. Юу хэлэхээ мэдэхгүй хэсэг гацсанаа Лу Яны үгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болов.
— Тийм ээ. Аль хоёр нь минийхийг би мэдэхгүй юм байна.
Лу Ян сэжиглэн харав.
— Тэгвэл би нэгийг нь сонгосны дараа та гэнэт ой санамжаа сэргээд, аль хоёр нь өөрийнх байсныг санаж болохгүй шүү.
— Тэгэхгүй, тэгэхгүй, — гэж Голын сүнс тангараглав.
— Гурвууланг нь надад түр үзүүл дээ.
Голын сүнс гурван сүхийг бүгдийг Лу Янд өглөө.
Лу Ян тэр дор нь гурвууланг нь буцаагаад гол руу шидчихэв.
— Одоо асуултаа дахиад асууж болох уу?
Голын сүнс яг л хэвшсэн хөдөлгөөнөөрөө,
— Чи аль сүхээ унагасан бэ? Хуучин сүх үү, сүнслэг Уул хагалах сүх үү, эсвэл мөнх настны Тэнгэр нээх сүх үү? — гэж асуув.
Лу Ян инээмсэглэл тодрууллаа.
— Гурвууланг нь би унагасан.
Голын сүнс: — .....
Голын сүнс шүдээ зуун,
— Чи үнэхээр үнэнч шударга залуу юм. Гурван сүх бүгд чинийх, — гэв.