Гурван хоногийн дараа.
Биед эвтэйхэн бариу хувцас өмссөн Лу Ян цэх зогсож, нүүрэндээ сэтгэл хангалуун инээмсэглэл тодруулжээ. Алтан хуудсан дээрх тарнийг цээжилчихсэндээ бахархаж байгаа нь илт.
— Надад уншаад өг.
— Мянган газрын алс нүдний өмнө, хол ойр нь дурын аясаар... — Лу Ян түгдрэлгүй цээжээр урсган уншлаа. Нэг ч удаа тасалдсангүй. Агуулгыг бүхэлд нь цээжилсэн нь тодорхой байв.
Юнь Жи сайшаан толгой дохив. Энэ тарни нэн гүн бөгөөд үг бүр нь цөм утгаа шингээсэн. Цээжээр уншихад асар их оюуны хүч шаардана. Лу Ян ийм хэмжээнд цээжилсэн нь үнэхээр их хичээснийг нь харуулж байлаа.
— Энэ тарни бол оршил. Эхний үед аргаа сайн эзэмшээгүй байхдаа дотроо уншиж бай. Тэгвэл аргаа амжилттай хэрэглэхэд тусална. Хожим Газрыг агшаан ямх болгох аргыг чөлөөтэй хэрэглэдэг болчихвол энэ тарни хэрэггүй болно.
— Газрыг агшаан ямх болгох арга бол орон зайн шидэт арга. Чи үүнийг сурахад арай эрт байгаа. Гэхдээ чи манай багшийн шавь. Багш чиний одоогийн Бясалгалын түвшинд байхдаа энэ аргыг сурсан юм чинь чи ч сурч мэднэ.
— Орон зайн арга бясалгахдаа хамгийн чухал нь аюулгүй байдал. Орон зай өчүүхэн төдий зөрвөл толгой биеэсээ сална, эсвэл бэлхүүсээрээ хоёр хуваагдана. Тиймээс Бясалгалын ертөнцөд орон зайн арга сурахдаа орон зайн талаар гаргууд ахмад хүнээр заавал заалгах ёстой гэсэн бичигдээгүй дүрэм бий.
Юнь Жи ер бусын нухацтай болжээ. Түүнийг ийм байгааг хараад Лу Ян ч инээд хөөрөө хурааж, хэлэх үг бүрийг нь анхааралтай сонсов.
— Газрыг агшаан ямх болгох аргын зарчим нь газрыг хэдхэн ямхын хэмжээтэй болтол агшаахад оршино. Аргыг хэрэглэгч энгийн нэг алхам хийхэд л хэмжээлшгүй алсыг гатлан өөр газарт хүрнэ. Ур чадвар ахих тусам агшааж чадах газрын хэмжээ томорч, нэг алхмаар туулах зай улам урт болно.
— Их амжилтад хүрвэл уудам Төв тив ч чиний алхааг зогсоож чадахгүй.
— Бас нэг зүйлийг анхаар. Энэ аргыг сурахад гэгээрэл хэрэгтэй. Чи өмнө нь орон зайн аргатай огт харьцаж байгаагүй учраас амжилттай ч болж болно, бүтэлгүйтэж ч болно гэдгийг сэтгэлдээ бэлд.
— Бясалгахдаа хэт баярлах ч хэрэггүй, хэт гутрах ч хэрэггүй.
Юнь Жи өөрийн бясалгалын туршлагыг үг, үйлдлээрээ Лу Янд уламжилж байлаа.
Лу Ян толгой дохив. Энэ үгийг хэлэхэд ахлах эгчээс нь илүү тохирох хүн байхгүй гэж бодлоо. Тэр Юнь Жиг сэтгэл хөдлөлөө хэт савлуулж байхыг ер харж байгаагүй.
Өөрт нь энэ тал жаахан дутаж байх шиг.
Анх ахлах эгч нь дандаа нэг л царайтай байдгийг хараад Лу Ян түүнийг ямар ч сэтгэл хөдлөлгүй хүн гэж боддог байв. Харин хэсэг хугацаанд хамт байсны дараа сэтгэл нь хөдөлдөг, зүгээр л тэр өөрчлөлт нь хэт өчүүхэн гэдгийг ойлгожээ.
Одоо Лу Ян ахлах эгчийн нүүрний үл мэдэг өөрчлөлтөөс сэтгэл санааг нь тодорхой магадлалтайгаар тааж чаддаг болсон.
Жишээ нь яг одоо... за, энэ удаа бол тааж чадсангүй.
— Одоо би нэг удаа үзүүлээд өгье.
Юнь Жи Лу Ян юу бодож байгааг мэдэлгүй, эсрэг талын толгод руу улаан туг шидэв. Лу Ян сайн харж ч амжаагүй байтал Юнь Жи хөнгөн алхам хийлээ. Агшин зуур алга болоод, дараагийн мөчид улаан тугийг гартаа барьчихсан эргэн гарч ирэв.
— Нэг удаа амжилттай болчихвол хэдхэн удаа давтаад над шиг чөлөөтэй хэрэглэдэг болно.
Лу Ян байрандаа хөшиж, нэг анивчаад, дахиад нэг анивчив.
Сая ер нь юу болчихов?
Лу Яны нүдээр бол Юнь Жи улаан тугийг шидээд, дараа нь зүгээр л очоод аваад ирчихсэн мэт. Туг уулан дээр үнэхээр буусан эсэхийг ч тэр сайн мэдсэнгүй. Юнь Жи шидэт арга хэрэглэсэн гэх ямар ч шинж харагдсангүй.
Юнь Жи ховорхон тохиолддог шиг хөмсгөө үл ялиг зангидав. Багш нь түүнд энэ аргыг заахдаа яг ингэж үзүүлсэн бөгөөд тэр ганц хараад л сурчихсан юмсан.
Лу Ян ойлгоогүй байж магадгүй гэж санаа зовсон Юнь Жи дахин нэг удаа үзүүлэв.
Ингээд тугаа шидэх, алхах, буцаж ирэх бүх үйлдэл нь ус шиг жигд өрнөв. Харин Лу Янд ойлгогдсон зүйл огт үгүй.
— ...
Үнэхээр ахлах эгчид найдаж болохгүй үе ч байдаг юм байна. Сурах гэдэг эцэстээ өөрийн хүчээр хийх ажил ажээ.
Лу Ян ахлах эгчийн харцтай тулгараад энэ удаа түүний сэтгэл санааг тааж чадлаа.
Тэр Лу Яныг амжилттай сурна гэж хүлээж байв.
Гэхдээ ахлах эгч ээ, таны ийм заах аргаас хэн ч юм сурч чадахгүй шүү дээ.
Лу Ян дотроо санаа алдав. Ахлах эгчид цааш найдаж болохгүй. Газрыг агшаан ямх болгох аргын талаар өөрийн ойлгосноороо туршиж үзэхээс өөр аргагүй.
— Мянган газрын алс нүдний өмнө, хол ойр нь дурын аясаар... — Лу Ян нүдээ анин аргаа ажиллуулж, гарын тэмдэг зангидан тарниа уншив.
— Газрыг агшаан ямх болгох арга! — гэж Лу Ян чангаар хашхирахад бие нь агшин зуур алга болов. Эргэн тойрны дүр зураг өөрчлөгдөн, бүхнийг харанхуй залгиж, өөр орон зайд уначихсан мэт болов.
Лу Ян баярлав. Анхны оролдлогоороо амжилттай болчихлоо.
Тэр үнэхээр суут авьяастан юм байна!
Лу Ян ахлах эгчийн хэлснийг санав. Газрыг агшаан ямх болгох аргын зарчим нь орон зайг мушгиж нугалахад оршино. Аргыг хэрэглэгч өөр орон зайгаар явна. Тэнд зам шулуун тул хамгийн богино замаар зорьсон газартаа хүрч чадна.
Лу Ян баярласандаа чанга инээх гэж байтал эргэн тойрны хар бараан зүйл ам руу нь цутгаж эхлэв. Биеийг нь бүхэлд нь хавчин хөдөлж чадахаа больжээ. Түүнээс гадна тэр өөр орон зайд агаар байдаггүй бололтой, амьсгалахад нь туйлын хэцүү байлаа.
Лу Ян богинохон боловч тайван бодсоны эцэст нэг үнэнийг ойлгов.
Тэр газарт агшаад орчихжээ.
Одоо Лу Янд нэг сайн, нэг муу мэдээ байлаа.
Сайн мэдээ нь Газрыг агшаан ямх болгох аргын талыг сурчээ — газрыг агшаахыг.
Муу мэдээ нь тэр ердөө талыг нь л сурсан байв.
Газрын дээр зогсож байсан Юнь Жи юу хэлэхээ ч мэдсэнгүй. Лу Ян Газрыг агшаан ямх болгох аргыг хэрэглээд газар руу шурган, оронд нь Газраар нэвтрэн одох аргыг эзэмшчихийг тэр нүдээрээ харлаа.
Орон зайн арга яагаад гэнэт махбодын арга болчихов?
Юнь Жи Даог эрэлхийлэх бүлгэмийн ахлах эгч, бүлгэмийн тэргүүний хамгийн том шавь. Түүний Бясалгалын түвшин, бясалгалын авьяас Даог эрэлхийлэх бүлгэмийн бүх шавь дундаас нэгдүгээрт орно. Тэр томьёог амархан зохиож, шидэт аргыг ганц хараад эзэмшдэг, ойлгох чадвар нь юутай ч зүйрлэшгүй бөгөөд Эртний үеэс ч ховор. Бусад бүх суутан түүнтэй харьцуулахад бүдгэрнэ.
Үнэхээр аймшигтай хүн.
Гэтэл ийм Юнь Жи хүртэл Лу Ян энэ аргыг ямар зарчмаар ажиллуулсныг ойлгож чадсангүй.
Уг нь энэ хоёр чинь хоорондоо ямар ч холбоогүй хоёр өөр арга шүү дээ.
Бөглүү чимээ гарахад Лу Ян Газрыг агшаан ямх болгох аргыг дахин хэрэглэв. Толгой нь газраас цухуйж, сохор номин шиг харагдана. Харахад л алхаар цохиод доош нь шигтгэмээр, эсвэл гишгээд оруулчихмаар.
Лу Ян эвгүй байдлыг дарах гэж хоолойгоо засав.
Лу Ян хэчнээн нүүрэмгий байсан ч ийм эвгүй байдлыг тэвчихэд хэцүү байлаа.
Юнь Жи огт сэтгэл хөдлөлгүйгээр Лу Яныг газраас татаж гаргаад, наалдсан шавар шороог нь сэгсрэв.
Яг манжин сугалж байгаа мэт.
— Саяынх санамсаргүй алдаа. Дахиад нэг оролдоод үзье.
Лу Ян учрыг нь бараг олчихсон мэт санагдаж байлаа.
— Мянган газрын алс нүдний өмнө, хол ойр нь дурын аясаар... — Лу Ян дахин гарын тэмдэг зангидаж, энэ удаа тарниа өмнөхөөсөө ч хурдан уншив.
— Газрыг агшаан ямх болгох арга! — гэж Лу Ян хашхирахад дахин нэг өөрчлөлт гарлаа.
Юнь Жи өндөр нуруутай ч Лу Янаас хагас толгой намхан. Урьд нь Лу Ян ахлах эгчийнхээ толгойн оройг харж чаддаг байсан бол одоо байдал өөрчлөгдөв.
Юнь Жигийн бие аажмаар өндөрсөж, Лу Ян эхлээд дээрээс харж байсан байрлалаасаа эгц хардаг болж, дараа нь дээш харсаар, эцэст нь хүзүүгээ гэдийлгэн өөдөөс нь ширтэх хэрэгтэй болов.
Лу Яны өнцгөөс ахлах эгчийнхээ царайг ч харах боломжгүй болжээ.
Юнь Жи тэнгэр тулсан аварга хүн болж, толгой нь тэнгэрт хүрч, хөл нь газарт тулсан мэт харагдав.
— Үгүй ээ, би өөрөө жижигрээд байна!
Лу Ян газар дээр байсан хүний хагас өндөртэй чулууг хараад асуудал хаана байгааг ойлгон хашхирлаа.
Гурван ямх өндөр болсон Лу Ян газар дээгүүр үсчин харайж, хоолой нь хүртэл урьдынхаасаа хамаагүй сулхан сонсогдох болжээ.
Тэр дахиад нэг шинэ арга сурчихав — Ямх болтол агших арга.
Лу Яны шидэт арга сурах авьяас ч үнэхээр аймшигтай аж. Юнь Жи шиг суутнууд хүртэл Газрыг агшаан ямх болгох аргыг л сурч чаддаг байхад Лу Ян “Газрыг агшаах” болон “Ямх болтол агших” хоёуланг нь сурчихжээ!
Юнь Жи доош сууж Лу Яныг ажиглав. Хөмсөг нь үл ялиг зангирсан хэвээр, яг хаана алдаа гарсныг ойлгоогүй бололтой.