— Чиний даалгаврын тайланг үзлээ. Арьс хуулагч сүнсийг ухаанаа ашиглан устгасан нь тун сайн болжээ.
Ахлах эгчээсээ ийм ховор магтаал сонссон Лу Ян дотроо ихэд баярлав. Тайпин тосгон руу явсан аялал нь үнэхээр талаар болсонгүй.
Юнь Жи товчхон үнэлгээ өгсний дараа Арьс хуулагч сүнсний цаад утгыг бодсон бололтой царай нь хүндэрлээ.
— Сүүлийн зуун жилд Их эрин эхэлснээр нойрсон байсан янз бүрийн хүчнүүд хөдөлж эхэлсэн шинжтэй болж, сүнс сүүдэр хорвоогоор тэнүүчлэх болов. Их Ся улс өнгөн дээрээ тайван харагдавч өөрөө ч мэдэлгүй тоо томшгүй гай гамшгийг дотроо тээж байна. Гэтэл төр нь Мөнх настны таван их бүлгэмээс тусламж хүсэхэд хэт бардам, — гэж Юнь Жи санаа алдан хэлэв. Энэ үгсийг тэр Лу Янд зориулаагүй нь илт байлаа.
Лу Ян түүний ярианаас нэг үгийг шүүрч авав.
— Их эрин гэж юу вэ?
Тэр энэ нэр томьёог өмнө нь огт сонсож байгаагүй, уншсан номнуудад нь ч гарч байгаагүй.
Юнь Жигийн хоолой алсаас сонсогдох мэт намуухан болов.
— Зуун жилийн өмнө Тэнгэрийн тооцооны бүлгэмийн дээд ахлагч үхэгсдийн дундаас алхаж гарч ирээд, цэлмэг голын усанд цусаа цацан, утга нь үл мэдэгдэх нэгэн зөгнөл хэлсэн.
Тэнгэрийн тооцооны бүлгэм юуг ч тооцоолж, бүхнийг нэвт мэдэн, тэнгэрийн ёс болон учир шалтгааны хуулийг дагадаг гэдгээрээ бахархдаг. Газрын зоос худалдааны холбооны даатгалын асуудлыг эргэлзээнд оруулсан хүмүүс ч тэд байлаа.
— Дараа нь тэр дээд ахлагч олны өмнө Их эрин ирлээ, эртний бясалгалын сүр жавхлант оргил үе дахин сэргэнэ гэж зарласан.
— Ер нь Мөнх настны таван их бүлгэм нэг удаагийн элсэлтээр Дан сүнслэг язгууртай ганц хүн олж чадвал арвин ургац хураалаа гэж үздэг. Харин танай энэ удаагийн элсэлтэд Эртний зэрлэг угсаатны нэг хүн, Дан сүнслэг язгууртай гурван хүн, бүр Дан сүнслэг язгуураас ч ховор Мөнх настны биетэй хүн хүртэл байна.
— Сүүлийн зуун жилд бусад мөнх настны бүлгэмүүд ч Дан сүнслэг язгууртай дүйцэх суутнууд элсүүлсэн гэж сонссон. Үүнээс л сүр жавхлант Их эрин ямар байх нь цухас харагдана.
Юнь Жи бараг инээдэггүй ч энэ удаа уруулынх нь үзүүр үл ялиг мурийв. Ёжтой инээмсэглэл шиг харагдана.
— Гэхдээ сүр жавхлантай гэж нэрлэдэг тэр Их эрин үнэндээ төсөөлөхийн аргагүй үймээн самуунтай байсан. Самуун цаг гэдэг зовлонгийн цаг. Янз бүрийн хүч, ашиг сонирхол хоорондоо сүлэлдэж, чөтгөр мангасууд нэгнээ мэхлэн, бясалгалын нэгэн Агуу хүчтэн тодрон гарах хүртэл тоо томшгүй гэмгүй амь үрэгддэг.
— Өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг тэр үетэй харьцуулах ч аргагүй.
Лу Янд ахлах эгчийнх нь инээмсэглэл хүйтэн санагдав.
Лу Ян номноос Их эриний тухай уншиж байсан. Тэр үед хүчтэй нь зөвд тооцогдож, ялагч л эцсийн үгийг хэлдэг байжээ. Хүн төрөлхтөн олон хүчний ердөө нэг нь байсан бөгөөд өнөөгийнх шиг ноёрхогч хүч болоогүй байв.
Чөтгөр мангасууд хорвоогоор хэрэн хэсэж, аварга хүчтнүүд мөргөлдөнө. Суутнууд дэлхийг хөндлөн гулд туулж, цус ясны дунд нэр алдраа мөнхөлнө. Алж устгахдаа эргэлзэхгүй, тоо томшгүй агуу бясалгагч домог болон үлдэж, бусад бясалгагчдын хүрэх зорилго болдог. Уншихад хүний сэтгэл хөдөлж, өөрийн авьяасыг харуулахын тулд тэр үед төрсөн ч болоосой гэж бодмоор.
Ийм самуун цагт л баатрууд, ер бусын хүмүүс мандан гарч, сүр хүчээ харуулах боломжтой.
Гэвч ахлах эгчийнхээ царайг хараад Лу Ян Их эрин суутнуудад хувь тохиол байж болох ч жирийн хүмүүст амьд там байсныг ойлгов.
Үхэл хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, маргааш амьд байх эсэх ч баталгаагүй. Томчуудын хоорондох өчүүхэн мөргөлдөөнөөс болоод харьяат ард нь боол, олзны хүн болж, боолчлогдон алуулж, амар тайван амьдрах ямар ч баталгаагүй болно.
Номонд дүрслэгддэг Их эрин дандаа тэнгэр газар доргиосон сүрт үйл явдлаар дүүрэн байдаг нь тэдгээр номыг өндөр түвшний бясалгагчид бичсэнтэй холбоотой. Тэд өөрсдөө ийм цаг үеийг хүсэн мөрөөддөг байжээ.
Харин жирийн хүний өнцгөөс Их эринийг харвал дүр зураг огт өөр болно.
Лу Ян өөрөө бясалгагч болсноосоо хойш нэгэн цагт жирийн хүн байснаа мартах шахсанаа гэнэт ухаарав.
Тэгж болохгүй.
Юнь Жи энэ сэдвийг цааш сунгасангүй. Лу Янд энэ бүхнийг ярих арай эрт байлаа.
— Өөр асуух зүйл байна уу?
— Тэгвэл... ахлах эгч ээ, танд хурдан зорчих шидэт арга бий юу?
— Мэдээж бий. Гэхдээ чамд тийм арга юунд хэрэгтэй юм?
Даог эрэлхийлэх бүлгэм Газрын зоос худалдааны холбоотой гэрээтэй. Бүлгэмийн шавь нарын зорчих бүх зардлыг бүлгэм данснаасаа төлдөг тул Лу Ян Нисдэг хөлгөөр нэг ч Сүнслэг чулуу үрэлгүй зорчиж чадна. Тэгэхэд өөр хурдан зорчих арга яагаад хэрэгтэй гэж?
Лу Ян толгойгоо маажаад ичингүйрэн,
— Нэг их юм биш ээ. Зүгээр л сурчихвал бүлгэмдээ мөнгө хэмнээд өгчих юм болов уу гэж бодлоо, — гэв.
Юнь Жи түүнийг сэжиглэсэнгүй.
— Чи ийм бодолтой байгаа юм бол эгч нь урам зоригийг чинь мохоохгүй. Гэхдээ чи одоо дөнгөж Суурь тогтоох шатанд байгаа болохоор хэрэглэж чадах арга олон биш.
Лу Ян инээгээд гараа үрэв.
— Цөөн байсан ч болно.
— Өнгөрсөн нэг жилийн бясалгалыг чинь би ажиглаж байсан. Чи Илдийн сүнслэг язгуурынхаа нэрийг гутаасангүй. Би чамд Илдээр нисэх аргыг зааж болно. Түүнийг сурвал нисдэг илдэн дээр гарч, хүссэн газраа зорчино.
— Бас Сүнслэг мэдрэхүйг чинь бэхжүүлдэг шилжин одох арга бий. Сүнслэг мэдрэхүйгээр биеэ хүссэн газартаа шилжүүлж чадна. Хурд нь Илдээр нисэх аргаас удаан ч эрчим бага зарцуулна. Сүнслэг мэдрэхүйгээ сайжруулах нь ирээдүйн тулалдаанд ч тустай.
— Эсвэл Хувирах арга сурч болно. Бүрэн эзэмшвэл шувуу болж хувираад тэнгэрт чөлөөтэй ниснэ.
— Дүү минь, алийг нь сонгох вэ? — гэж Юнь Жи хэдэн аргыг хайхрамжгүйхэн нэрлээд Лу Янд сонголт өгөв.
— ...Нисэх шаардлагагүй арга байдаггүй юм уу?
Юнь Жи сонирхсон шинжтэй Лу Яны улайсан царайг ажиглав.
— Өө? Яагаад нисэхгүйгээр зорчдог арга сурах гээд байгаа юм?
Лу Ян үг олдохгүй балмагдан, хариулж чадсангүй.
Юнь Жи цааш шахсангүй.
— Нисэх шаардлагагүй арга үнэхээр бий. Гэхдээ Даогийн талаар өндөр ойлголт шаарддаг, бас шидэт хүч тодорхой түвшинд хүрсэн байх хэрэгтэй. Чамд арай эрт байж магадгүй.
— Зүгээр ээ, оролдоод үзье. Болохгүй бол больчихно.
— Энэ аргыг “Газрыг агшаан ямх болгох арга” гэдэг. Сурахад маш хэцүү. Энд бясалгах тарни нь байна. Эхлээд цээжил. Дараа нь би албан ёсоор зааж өгнө.
Юнь Жи гараа өргөхөд орон зайд ан цав нээгдэв. Тэр ан цаваас гоёмсог бичгээр нягт дүүрэн бичсэн алтан хуудас гаргаж ирлээ.
Лу Ян алтан хуудсыг тун болгоомжтой тосож авав. Харахад л үнэт эд гэдэг нь илт. Санамсаргүй урчихвал жинхэнэ хэрэг мандана.
Лу Ян явсны дараа Юнь Жи нүдээ анин бясалгалаа үргэлжлүүлэв. Гэтэл ёрын хүйтэн салхи үлээж, эртний бөгөөд хорсол занал шингэсэн хоолой чихэнд нь цуурайтлаа. Мөсөн нүх рүү уначихсан мэт жихүүдэс хүрмээр.
— Хайрт шавь минь, багшийгаа энд дахиад хэдий болтол хорих гэсэн юм бэ?
Тэр хоолой Есөн тамын ёроолоос шууд гарч ирж байгаа мэт нуруугаар хүйт даам аймшигтай байлаа.
— Багш нь чамайг олон удаа зааж чиглүүлээгүй байхад чи өнөөгийн энэ түвшинд хүрчээ. Чиний амжилтаар багш нь бахархдаг шүү.
— Эртний үгэнд “Нэг өдөр багшилсан хүн насан туршийн эцэг” гэдэг. Багшийнхаа сургаалийг үл тоогоод, багшийгаа энд хорьчихож болохгүй биз дээ.
— Даог эрэлхийлэх бүлгэм арван жил тэргүүнгүй явлаа. Чи багшийнхаа өмнөөс бүлгэмийн тэргүүний эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа. Хүмүүсийн хов жив ахлах эгчийн чинь цэвэр нэр хүндэд сэв суулгана гэж айхгүй байна уу?
— Чи багшийнхаа өмнөөс бүр шавь хүртэл авчихсан. Тэр нь илдийн урлагийн суут авьяастан юм байна лээ. Үүний төлөө багш нь чамайг шийтгэхгүй.
— Гэхдээ ядаж багшийгаа гаргаад шавьтайгаа нүүр тулан уулзуул л даа. Жинхэнэ хүн нь энд байхад тэр багшийнхаа хөрөгт л мөргөж байна. Энэ явдал гадагш тарвал элэг доог болохгүй гэж үү?
Тэр хоолойд сэтгэл булаам нэгэн хүч шингэсэн байлаа. Сонссон хүн өөрийн эрхгүй итгэж, битүүмжлэлийг эвдэн хоолойн эзнийг сулламаар болно.
Юнь Жи бясалгалаа үргэлжлүүлэн, огт сонсоогүй мэт байв.
Юнь Жи өчүүхэн ч хөдөлсөнгүйг хараад хөгшин хоолой уртаар санаа алдан, хэзээ ч байгаагүй мэт бүр мөсөн алга болов.
Юнь Жи Таван төвөө тэнгэр өөд харуулах байрлалаар суусаар, бүх зүйл урьдын адил байлаа.