Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв

33-р анги

33-р анги — Хүн орхоодойн жаал

Шударгаар хэлбэл, эмийн ургамлын цэцэрлэгт ажиллах нь үнэхээр муугүй санаа. Газрыг агшаах шидэт аргаа давтахын зэрэгцээ эмийн ургамлын тухай мэдлэг олж, энэ талын дутагдлаа нөхөж чадна. Нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг.

Ахлах эгч миний сайн сайхныг бодож байгаа.

Ахлах эгч миний сайн сайхныг бодож байгаа.

Ахлах эгч миний сайн сайхныг бодож байгаа.

Лу Ян өөрийгөө ингэж ятгасаар чийгийн өтний оронд газар доогуур шургах даалгаврыг хүлээн зөвшөөрөв. Гэтэл бодож суутал нэг зүйл санаанд нь орлоо. Чийгийн өт чинь эр, эм ялгаагүй байдаг биш бил үү?

— Тэгвэл чийгийн өт яагаад хань ижилтэй байдаг юм бэ?

Ба авга тайлбарлав.

— Эгэл ертөнцийн чийгийн өт эр, эм гэж ялгардаггүй. Гэхдээ тэр бол доод түвшний амьтдын шинж шүү, доромжилсон санаа алга. Харин оюун ухаантай болж, хувирч чаддаг чийгийн өтнүүд эр, эм нь тодорхой болдог. Ялангуяа Мөнгөн цагирагт хаан чийгийн өт бол бүх чийгийн өтний хаан, төрөл нэгтнүүдээ төрөлхийн сүрээрээ дарж чадна.

— Ойлголоо. Цааш нь ярь даа.

Ба авга үргэлжлүүлэв.

— Мөнгөн цагирагт хаан чийгийн өтний хос байхад хөрс сийрүүлэх ажил ямар ч асуудалгүй байсан. Гэтэл нэг өдөр би ам алдчихсан юм. Эм өтөөс нь “Хүмүүс чийгийн өтийг хоёр хуваачихсан ч амьд үлддэг гэдэг. Тэгвэл чи өөрийгөө хоёр хуваачихвал яах вэ? Нөгөө хагастайгаа ээлжлээд өдөр өнжиж ажиллаж болох биш үү?” гэж асуучихсан.

— Миний үг сэтгэлийг нь хөдөлгөсөн бололтой. Тэр газар дээрээ өөрийгөө тас огтлоод, хоёр тусдаа биетэй болчихсон.

— Хоёулаа яг адилхан. Ихэр эгч дүүс ч гэмээр... үгүй ээ, бүр хувилах арга шиг. Нэг нь нүдний өмнө хоёр болчихоор нь аль нь анхны бие болохыг би ч ялгаж чадаагүй.

— Аз болоход өөрсдөө бол бие биеэ ялгаж чаддаг байсан.

— Гэтэл нөхөр нь буцаж ирээд хоёр эхнэртэй болсноо хараад бүр алмайрчихсан. Тэгтэл хоёр эхнэр нь зэрэг “Бид хоёрын хэнд нь илүү дуртай вэ?” гэж асуусан.

— Нөхөр нь их шулуухан зантай амьтан байж. Үгээ гоёж, нууж хаалгүйгээр “Хоёуланд нь дуртай” гээд хэлчихсэн.

— Тэгээд л гэр бүлийн дайн эхэлсэн дээ. Гурвалсан харилцааных нь хайр хорсол ээдэрсээр, одоо хүртэл ажлаа хийхгүй байгаа, — гэж Ба авга ихэд харамссан янзтай хэлэв.

Лу Ян: — ...

Новш гэж, эд нар чинь бүгд солиотой юм байна.

— Тэгэхээр би яг юу хийх ёстой юм бэ? — Лу Ян санаа алдсанаа хурдан тайвширч, бясалгагч хүний сэтгэлгээнд аажмаар дасаж эхлэв.

Энэ бол ердөө жижиг асуудал.

Ба авга цагаан сахлаа илэн инээмсэглээд,

— Дотогшоо ор. Чамд зааж өгөх хүн байгаа. Гэхдээ нэг зүйлийг сайн санаарай. Чамд эмийн ургамлын цэцэрлэгт зөвхөн хөрс сийрүүлэх эрх өгсөн. Хэрэв эмийн ургамал хулгайлж зүрхэлбэл Сахилгын оргил чамаас хариуцлага нэхнэ шүү! — гэв.

Сахилгын оргил бол их ахлагчийн хариуцдаг уул. Тэнд шударга хатуу байдал нэрд гарсан бөгөөд хэнд ч онцгой эрх олгодоггүй.

Лу Ян Ба авгад талархаад эмийн ургамлын цэцэрлэг рүү орлоо.

Дөнгөж дотогш хөл тавихад өмнөхөөс хэдэн арав дахин хүчтэй анхилуун үнэр хамар цоргив.

Ийм богинохон зайд үнэр ингэж их өөрчлөгдөнө гэж байхгүй.

Лу Ян тэр даруй ойлгов. Эмийн ургамлын цэцэрлэгийг Ба авга ганцаараа хамгаалдаггүй, гаднын хүн орохоос сэргийлсэн бүтэн Шидэт байгууламжийн арга ч бүрхэж байжээ.

Тэр Шидэт байгууламжийн арга цэцэрлэгийн эрчмийг дотроо түгждэг. Гэвч эмийн ургамлын үнэр хэт өтгөн тул багахан хэсэг нь ямар ч байсан гадагш нэвчинэ.

Тэр өчүүхэн үнэр нь хүртэл эгэл хүний насыг мэдэгдэхүйц уртасгаж чадна. Тэгвэл цэцэрлэг доторх эмийн үнэр ямар ер бусын ашигтайг төсөөлөхөд ч бэрх!

Эмийн үнэрээс гадна хамгийн мэдэгдэхүйц зүйл нь өтгөн Сүнслэг эрчим байлаа. Лу Ян эмийн ургамлын навч дээр тогтсон шүүдэр ус биш, харин өтгөрөн дусал болсон Сүнслэг эрчим байж магадгүй гэж сэжиглэв. Дусал бүр нь доод зэргийн нэг Сүнслэг чулуутай дүйцэхээр!

Хаашаа л харна, урьд өмнө огт харж, сонсож байгаагүй төрөл бүрийн цэцэг өвс нүд дүүрэн үргэлжилнэ.

Ургамлуудыг төрлөөр нь тус тусад нь бүс болгон нямбай тарьсан бөгөөд олон өнгө, олон хэлбэр нь нүд эрээлжлүүлэм байлаа.

Лу Ян үнэт ургамал гишгэчих вий гэж айгаад нэг алхам ч хийж зүрхэлсэнгүй.

Тэр бөхийж хэдэн эмийн ургамлыг анхааралтай ажигласны эцэст арай гэж таних нэгийг оллоо. Гурван навчтай, судал нь тод, яг л өтгөрсөн мөсөөр урласан мэт тунгалаг бөгөөд үл ялиг хүйтэн жавар ялгаруулна.

— Мөсөн сүнсний өвс. Санаж байгаагаар энэ ургамал мөсний төрлийн шидэт арга бясалгахад тусалж, Сүнслэг эрчим шингээх хурдыг нэмдэг.

Мөсөн сүнсний өвсний иш бүр хоорондоо нэлээд хол зайтай ургажээ. Ургамал бүрээс ялгарах хүйтэн жавар ойр орчмын бүхнийг хөлдөөчихгүйн тулд ингэж тарьсан бололтой.

Лу Ян хүүхэлдэйтэй тулгарсан үеэ санав. Тэр хүүхэлдэй өөрийг нь сайтар балбаж аваад шархан дээр нь Мөсөн сүнсний өвс тавьж өгсөн. Тэр дурсамж одоо ч тодхон.

Үлдсэн ургамлуудаас нэгийг нь ч таньсангүй.

— Хөөе, чи хэн бэ? — гэх тун ч найрсаг бус хоолой сонсогдов. Лу Ян өөрийн эрхгүй толгой эргүүлсэн ч хэнийг ч олж харсангүй.

— Хэн ярив?

— Хөөе, доошоо хар! — гэж өнөөх хоолой сануулав.

Лу Ян доош хартал хөлийнх нь дэргэд гурван ямх өндөр хүн орхоодойн жаал үсчин харайж байлаа. Лу Ян өөрийг нь анзаарах гэж хэт удсан дээр нь бүр дуугаа өндөрсгөж байж анхаарлыг нь татсан тул жаал тун дургүй байгаа бололтой.

— Яасан тэнэг юм бэ, яагаад доошоо хардаггүй юм? Би хүртэл хэлж сануулах хэрэгтэй юу!

Хүн орхоодойн жаал махлаг, жижигхэн чийрэг хөлтэй бөгөөд Лу Яны эргэн тойронд гүйж байлаа. Хоёр үндэс нь гар шиг дээш доош савлана. Биеийг нь бүрхсэн хээ судал нийлж хүнийхээс дутахгүй илэрхий нүүр царай үүсгэжээ.

— Залуу минь, чи хэн бэ? — гэж хүн орхоодойн жаал яг л настай өвгөн шиг өнгөөр асуув.

Сүнс орсон хүн орхоодой гарцаагүй асар өндөр настай. Тиймээс Лу Ян бүдүүлэг авирлаж зүрхэлсэнгүй, хүндэтгэлтэйгээр,

— Өчүүхэн намайг Лу Ян гэдэг. Эмийн ургамлын цэцэрлэгийн хөрс сийрүүлэх даалгавартай ирсэн юм, — гэв.

— Аан, хөрс сийрүүлэх гэж ирсэн юм уу, — гэж хүн орхоодойн жаал санаа амарсан янзтай амьсгаа авав. Өөрсдийг нь түүхээр ирсэн бас нэг зэвүүн хүн байх вий гэж айжээ.

Цэцэрлэг дэх бүх эмийн ургамал түүний хойч үеийнхэн байлаа.

— Ба жаал чамайг оруулсан юм бол зүгээр. Сүүлийн хэд хоног Ба жаал, тэр эм мангас хоёроос өөр гаднын хүн харсангүй дээ.

Хүн орхоодойн жаалын нүдээр бол өтөл насны Ба авга ч ердөө залуухан дүү байлаа.

Бясалгалын түвшин өндөр байлаа гээд ямар хэрэгтэй юм? Наслах чадвараараа эмийн ургамлууд л ялна.

Тэр Даог эрэлхийлэх бүлгэмийн бүх хүнийг дээрээс хардаг байжээ.

Лу Ян эмийн ургамлын цэцэрлэг дүрэмтэйг мэднэ. Эндхийн ургамал бүр маш үнэтэй. Хэн нэгэн эмийн ургамал авахыг хүсвэл хамгаалагчаас хүсэж, түүгээр түүлгэх ёстой. Хамгаалагчаас өөр хүн цэцэрлэгт орох эрхгүй.

Энэ даалгавар байгаагүй бол Лу Ян ч энд орж чадахгүй байв.

Хүн орхоодойн жаалын хэлсэн “эм мангас” хэн болохыг Лу Ян мэдсэнгүй. Өөр нэг цэцэрлэгч юм болов уу?

Хүн орхоодойн жаал үндсэн гараа ташаандаа тулсан мэт тавьж,

— Та нар хүн төрөлхтөн яагаад ийм өндөр байдаг юм бэ? — гэж гомдоллов.

Лу Ян ч бөхийж байгаад хүнтэй ярилцах ядраадаг гэж бодсон тул тэр дор нь Ямх болтол агших аргаа хэрэглэж, хүн орхоодойн жаалтай адил гурван ямх өндөр болов.

— Хөөх, энэ залуу чинь бясалгагч болох авьяастай юм байна. Ба жаалаас хамаагүй дээр, — гэж хүн орхоодойн жаал эхлээд гайхсанаа дараа нь ихэд баярлав. Өөртэй нь ижил өндөр хүн ховор тул дандаа хүмүүс рүү дээш харан ярих нь түүнд дургүй хүргэдэг байжээ.

Хүн орхоодойн жаал хүзүүгүй, толгой бие хоёр нь шууд залгаатай.

— Одооноос энэ цэцэрлэгт надтай явж бай! — гэж хүн орхоодойн жаал өгөөмөр зан гарган хэлээд, өөрийн хүн болгож буйгаа илэрхийлэн үндсээрээ Лу Яны мөрийг алгадав.

— Надад хийх хэдэн ажил бий. Чи дагаад яв. Дуусгачихаад чамайг бусад Эмийн хаадтай танилцуулна.

Сүнс орсон эмийн ургамлыг Эмийн хаан гэж нэрлэдэг бөгөөд тэд эмийн ургамлын дундаас хамгийн үнэтэй нь.

Маш хүчирхэг бүлгэмд ч Эмийн хаан нэг ч байхгүй байж болно. Харин нэгийг олж чадвал өвөг дээдэс шигээ тахин шүтэхэд ч багадна.

Хүн орхоодойн жаалын ярианаас үзэхэд энэ эмийн ургамлын цэцэрлэгт түүн шиг Эмийн хаад цөөнгүй байдаг бололтой.

Даог эрэлхийлэх бүлгэмийн суурь ямар аймшигтай гүн зузаан болохыг Лу Ян дотроо бишрэн бодов.

33-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв33-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах