Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв

39-р анги

39-р анги — Салах ёс үнэхээр сэтгэл хөдөлгөм

Лу Ян ёс суртахуун, сэтгэхүйн хэв маягийг зэрэг сорьсон энэ аргыг яаж үнэлэхээ мэдэхгүй нэлээд удаан бодлоо.

— Асуудал шийдэгдсэн нь л сайн юм даа.

Удаан бодсоны эцэст амнаас нь гарсан ганц үг энэ байв.

Ба авга ч асуудал шийдэгдсэн нь сайн хэрэг гэж бодож байлаа. Тэгээд ч энэ аргыг анх өөрөө санаачилсан хүн нь шүү дээ.

Ба авга Лу Яны мөрөн дээр алгадаж,

— Бяцхан Эмийн хаад бүгд нэлээд сахилгагүй улс. Энэ хэдэн өдөр чамд хэцүү байлаа. Хаш унжлагаа өг дөө, — гэв.

Лу Ян хэлснээр нь хийлээ. Ба авга хаш унжлагыг нь нэг товшоод,

— Даалгаврын шагналын гурван зуун Хувь нэмрийн оноог унжлагад чинь оруулчихлаа, — гэв.

Хичээл зүтгэл шагналтай. Хөдөлмөр нь талаар болсонгүй. Гурван зуун Хувь нэмрийн оноо Лу Янд бол нэлээд их хөрөнгө байлаа.

Гэтэл дараагийн мөчид Лу Ян бодлоо. Гурван зуун оноо их мэт боловч Бяцхан Эмийн хаадын хөлөө дүрсэн уснаас ч авч хүрэхгүй юм биш үү?

Солилцооны жагсаалт дээр Эмийн хааны сүнслэг шингэн энгийн болон тансаг гэсэн хоёр хувилбартай гэж тодорхой бичсэн байдаг.

Лу Яны ойлгосноор энгийн хувилбар нь Бяцхан Эмийн хаадын хөлөө дүрсэн ус, тансаг хувилбар нь бүтэн усанд орсон ус байжээ.

— Бяцхан Эмийн хаадтай салах ёс хий. Эмийн ургамлын цэцэрлэгт орох боломж ховор. Цаашдаа эргэж ирэх боломж ч бараг гарахгүй байх...

Ба авга өгүүлбэрийнхээ дунд гэнэт зогсов. Юнь Жи Лу Яныг оруул гэж зөвшөөрсөн л бол өөрөө айсандаа хорьж зүрхлэхгүй, дуулгавартай нэвтрүүлэхээс өөр аргагүйгээ сая санажээ.

— Хм. Ямар ч байсан очоод салах ёс хийгээд ир.

Лу Ян “өө” гэж л хариулав. Ба авга хэлэх гэсэн зүйлээ дутуу орхисон мэт санагдана.

Лу Яныг явах гэж байгааг мэдсэн Бяцхан Эмийн хаад ч бага зэрэг салж ядав.

— Бүгд найзууд болсон юм чинь миний хөгшин хүн орхоодойн үндсээс аваад яв... Өө, арай дэндүү үнэтэй юм байна. Өгч чадахгүй нь.

— Тэгвэл хөгшин хүн орхоодойн хальснаасаа... үгүй ээ, хуулахад хэт өвдөнө. За больё. Надад өгөхөөр нэг их үнэтэй юм алга. Амаараа л баяртай гэж хэлье дээ, — хэмээн Хүн орхоодойн жаал Лу Янтай салах ёс хийв.

Өвгөн Сар багштай салахдаа ч тэр юу ч өгч байгаагүй.

— Бид бүгд бясалгагчид. Нэг сар гэдэг урт хугацаа биш. Тиймээс салж байна гээд сүртэй юм хийх шаардлагагүй биз дээ? — гэж Гурван навчит одны өвс үгээрээ далдуур салж ядаж байгаагаа илэрхийлэв.

— Миний усан үзмийн ороонго мэт бие, навч хоёрын амин эрчим хэт хүчтэй. Чи аваад явбал бие чинь хувирч мэднэ. Тэгэхээр өгөхгүй байсан нь аюулгүй, — гэв. Энэ нэг сарын хугацаанд Лу Ян Чилинь үхэшгүй эмийн жинхэнэ үндсэн бие нь ногоон ороонго болохыг мэдэж авчээ.

Чилинь үхэшгүй эм үнэн хэлж байлаа. Энэ нэг сарын турш Бяцхан Эмийн хаад Лу Янд санамсаргүй нөлөөлчих вий гэж амин эрчмээ байнга дарж явсан юм.

Хэрэв биеийнхээ аль нэг хэсгийг Лу Янд өгвөл дор хаяж хэдэн арван давхар битүүмж тавих шаардлагатай. Авсан ч Лу Ян хэрэглэхээс айх байлаа.

— Салах ёс хийж байгаа юм чинь чи бидэнд бэлэг өгөхгүй юм уу? — гэж харин Цаг зогсоох цэцэг Лу Янаас бэлэг нэхэв.

Лу Ян уур амьсгалд автан, нүдэндээ халуун нулимс цийлэгнүүлээд,

— Хэсэг хугацааны дараа ахлах эгчийг заавал та нартай уулзуулахаар авчирна аа, — гэв.

Бяцхан Эмийн хаад Лу Яныг тэр дор нь хөөж гаргав.

Салах ёс нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа.

...

Эмийн хааны сүнслэг шингэнтэй харьцуулахгүй бол энэ гурван зуун Хувь нэмрийн оноо Суурь тогтоох шатны Лу Янд асар их хөрөнгө байв.

Тэр Даалгаврын танхимд очиж, хэрэгтэй сайн юм худалдаж авахыг тэсэн ядан хүснэ.

Ахлах эгчээс үргэлж юм аваад байж болохгүй. Өөрийн хөдөлмөрөөр мөнгө олж үзэхийг хүсэв.

— Өө, би сая Тэнгэрийн хаалганы уул руу чамайг хайж очъё гэж бодож байлаа. Гэтэл энд таарчихлаа, — гэж Мэн Жинжоу эмийн ургамлын цэцэрлэгээс гарч ирсэн Лу Яныг хараад гайхав. Гэхдээ Юнь Жи түүний хүндэлдэг ахлах эгч учраас энд ирсэн нь нэг их сонин биш гэж дорхноо ойлголоо.

Мэн Жинжоугийн хажууд эрдэмтний дээл өмссөн нэг залуу зогсоно. Бие нь булчинлаг ч төрх нь боловсон, дөлгөөн.

Тэр залуу ёслон,

— Лу ах аа, уулзалгүй уджээ. Бид хоёр албан ёсоор нүүр тулан уулзаж байгаа нь анхных бололтой, — гэв.

— Мань Гү, чамайг дөрөвдүгээр ахлагч шавиа болгоно гэж хэн ч төсөөлөөгүй шүү, — гэж Лу Ян хариу ёслоод инээмсэглэв. — Намайг хайж ирсэн юм уу, ямар нэг хэрэг байна уу?

— Хэрэггүй бол чамайг хайж болохгүй юу? — гэж Мэн Жинжоу уурласан дүр үзүүлэв.

— Яв, цай ууж суунгаа сайхан ярилцъя, — гээд Мэн Жинжоу Мань Гү, Лу Ян хоёрыг дагуулан цайны газар орлоо.

Мэн овгийн дүрэм бол аливаа асуудлыг аль болох хоолны ширээн дээр ярилцах. Яриа бүтвэл Мэн овог дайлна. Бүтэхгүй бол хүн бүр өөрийнхөө мөнгийг төлнө.

— Эрхмүүд ээ, юу уух вэ? Манай цайны газарт бүх төрлийн цай бий шүү, — гэж зөөгч шалмаг асуулаа.

Лу Ян зөөгчийн Бясалгалын түвшнийг мөн л ялгаж чадсангүй.

Тэр Мань Гү рүү тонгойж,

— Мань Гү ах аа, энэ зөөгчийн Бясалгалын түвшнийг чи ялгаж чадах уу? — гэж аяархан асуув.

Мань Гү мөн аяархан,

— Миний мэдэхээр энэ бүлгэмийн хамгийн сул хүмүүс нь бид шинэ шавь нар. Уулын тахиа хүртэл биднээс өндөр Бясалгалын түвшинтэй, — гэж хариулав.

Мэн Жинжоу нэлээд алдартай нэгэн цай захиалж,

— Нэг данх сүүтэй цай авъя, — гэв.

Зөөгч хэсэгхэн зуур Мэн Жинжоуг зориуд хэрэг өдөж байна уу гэж сэжиглэв.

— Өө, буруу хэлчихлээ. Нэг том сав сүүтэй цай гэсэн юм. Алс хойд нутгийн онцгой ундаа гэж санаж байна, — хэмээн Мэн Жинжоу зөөгчийн царай хувирсныг хараад яаран гараараа дохиж, муу санаагүйгээ илэрхийлэв.

Зөөгч сая л Мэн Жинжоу шинээр чанасан давстай сүүтэй цай хүсэж байгааг ойлгов.

Удалгүй зөөгч халуун төмөр сав авчирлаа. Дотор нь хуурсан будаа, шар тос, хатаасан үхрийн мах, сүүний өрөм хийсэн бөгөөд араас нь нэг данх сүүтэй цай авчрав.

Лу Ян, Мань Гү хоёр бие бие рүүгээ гайхан харж, яахаа мэдэхгүй тул бүхнийг Мэн Жинжоуд даатгав.

Мэн Жинжоу эхлээд саван дахь зүйлсийг аажуухан халааж, хуурсан будааг шаргалтан шаржигнадаг болтол нь болгов. Дараа нь данхтай сүүтэй цайгаа “дус дус” хийн төмөр сав руу бүгдийг нь юүллээ.

Сүүтэй цай улайссан төмөр савтай хүрэлцэхэд “шажиг” хийх чимээ гарч, сүүтэй цайны үнэр хамар сэнгэнүүлэн эргэн тойронд тархав.

Лу Ян нэг балгаад уруулаа шилэмдэв. Давстай, амт нь тун өвөрмөц ч нэлээд сайхан байлаа.

Мань Гү нэг балгаснаа бүтэн аягыг шууд залгилчихав.

— Одоо чамд хийх даалгавар байгаа юу? — гэж Мэн Жинжоу асуулаа.

Лу Ян толгой сэгсрэв. Ба авгын эмийн ургамлын цэцэрлэгийн даалгаврыг дөнгөж дуусгасан, дараагийн даалгавраа хараахан олоогүй байлаа.

— Бидэнд тохирох даалгавар их цөөхөн. Даалгаврын танхимын даалгавар бид гуравт хүрэлцэхгүй шахуу. Надад нэг сонин санагдсан юм. Бидэнд хүрэлцэхгүй байхад өмнөх үеийн ах, эгч нарт яаж хүрэлцдэг байсан юм бол?

— Тэгээд би ах, эгч нараас асууж үзээд дотор учрыг нь мэдсэн.

— Юу гэж байна?

— Зөвхөн Даалгаврын танхимд зарласан ажлыг хийснийг даалгавар гээд тооцдог юм биш. Өөрөө даалгавар олж, өөрөө шийдсэн ч Хувь нэмрийн оноо авч болно. Дуусгасан ажлынхаа үр дүнг бүлгэмд тайлагнахад л болно. Бүлгэм шалгаж, бодит болохыг нь баталгаажуулсны дараа тохирох шагнал өгдөг.

— Даалгаврын танхимын даалгаврууд хаанаас ирдгийг мэдэх үү?

— Хаанаас юм?

— Гурван эх үүсвэр бий. Нэгдүгээрт, Мөнх настны таван их бүлгэм болон Их Ся улсын хооронд байгуулсан “Зөв замын харилцан туслах гэрээ”-ний дагуу ирнэ. Их Ся улсад бясалгагч зайлшгүй хэрэгтэй атлаа хүн хүч хүрэлцэхгүй ажил гарвал манайхаас тусламж хүсдэг. Гэхдээ ийм тохиолдол маш ховор.

— Эцсийн эцэст бид бүгд хүн төрөлхтний Зөв замын хүчнүүд мөн ч зуун мянган жилийн түүхтэй сүр жавхлант Их Ся улс нэг бүлгэмээс тусламж гуйна гэдэг жаахан нүүр улаймаар хэрэг.

— Хоёрдугаарт, хэн нэгэн Мөнх настны таван их бүлгэмээс тусламж хүсэж, өөрийнх нь төлөө шударга ёс тогтоож өгөхийг хүсдэг. Гэхдээ Их Ся улс оролцохгүй тохиолдолд л. Жишээ нь чиний тоть барих даалгавар шиг.

— Гуравдугаарт, манай Даог эрэлхийлэх бүлгэмийн хүмүүс гадуур аялж явахдаа ямар нэг сэжүүр олно. Түүнийг Даалгаврын танхимд зарлаж, бүлгэм тохирох шагнал бэлддэг.

— Бидний найдвар гурав дахь төрөл дээр байна.

39-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв39-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах