Лу Ян дахиад гүнжидтэй махан боовны лангуун дээр ирлээ.
Гүнжидтэй боов хийдэг эгч шавь эдлэл урлах аргад гаршсан нэгэн байв. Гурилаа исгэх, амраах, нухах, хэлбэржүүлэх гээд бүх хөдөлгөөн нь төгс боловсорчээ.
Тэр гурилаа маш нямбай олон жижиг бөөрөнхий болгон тасдаж, хуруу, бугуй, гар, цаашлаад их биеийнхээ хүчийг нэгэн зэрэг ашиглан дугуй боов болгон хэвлэнэ.
Хөдөлгөөн бүр нь ямар нэгэн далд зүй тогтлыг дагаж байгаа мэт нарийн. Зүгээр нэг гурил нухаж байгаа биш, харин бүх биеийн хөдөлгөөнийг уялдуулах тусгай дасгал хийж байгаа мэт харагдана.
Түүхий боовоо дөшөн дээр тавиад хүнд төмөр алхаар хүчтэй нүдэв. “Тан тан” гэх чанга чимээ хадаж, оч газар руу бутран үсрэхдээ жижиг жижиг хонхор түлнэ.
Дараа нь боовны түүхий суурийг асар өндөр халуунд шараад, огцом хүйтэн усанд дүрэхэд ус нь хүчтэй буцалж, эцэст нь амттай гүнжидтэй махан боов болон хөрөв.
Бүх үйл явцыг эхнээс нь дуустал харсан Лу Ян биширч орхив. Зуун давталтын оргил үнэхээр хоол хийхийг эдлэл урлах аргатай гайхалтай хослуулжээ.
— Нэг гүнжидтэй махан боов авъя.
Хоолны газрын юмс үнэхээр үнэ өртөгтөө тун ашигтай байв. Лу Ян урлагийн бүтээл гэмээр хэд хэдэн зүйл рүү шохоорхон харлаа. Хэрэв Хувь нэмрийн оноо нь хүрдэгсэн бол бүгдийг нь авчихмаар байв.
...
Маргааш өглөө нь тохирсон ёсоор Лу Ян Даог эрэлхийлэх бүлгэмийн үүдэнд бусадтайгаа уулзав.
— Чамайг л хүлээж байлаа, — хэмээн Мэн Жинжоу Лу Яныг хараад гараа даллав. Түүний ард морин тэрэг зогсоно. Даог эрэлхийлэх бүлгэмд анх ирэхдээ сууж явсан нөгөө тэрэг, нөгөө хөгшин морь хоёр байлаа.
Ганц ялгаа нь энэ удаа ахлах эгч Юнь Жигийн оронд Мань Гү хамт явна.
Номд дуртай Мань Гү хүлээж байх зуураа ч ном уншиж байв. Өргөн эрдэмтний дээл нь булчинлаг биеийг нь бүхэлд нь халхалсан тул түүнийг бяртай эрдэмтэн шиг харагдуулна.
— Нисдэг завиар явахгүй юм уу? — Лу Ян аль хэдийн нисдэг завинд суухад бэлдчихсэн байлаа. Газрыг агшаан ямх болгох арга нь найдвартай ч нисдэг завины хурдтай өрсөлдөх боломжгүйг тэр мэднэ.
Тэр Газрыг агшаан ямх болгох аргыг цааш судлахаа түр хойш тавьж, одоохондоо “газрыг агшаах” ба “ямх болгох” хоёр хэсэгт нь л гаршиж байв.
Мэн Жинжоу хажуу дахь тэргээ бахархалтай алгадаад,
— Миний энэ тэрэг ховор эрдэнэ шүү. Гаднаас нь Шидэт байгууламжийн аргаар бүрхсэн болохоор бид дотроосоо жирийн хурдаар явж байгаа мэт мэдэрнэ. Харин гаднаас харсан хүн биднийг нисдэг завь шиг хурдалж байгааг л харна, — гэв.
Мэн Жинжоугийн тайлбар үнэхээр учиртай байв. Түүний гэр хааны нийслэлд байдаг. Хэрэв морь алхам алхмаар явсан бол Даог эрэлхийлэх бүлгэмд хүрэхэд жил гаруй ч шаардагдаж мэднэ.
Анх замынхаа эхэнд энэ тэрэг Шидэт байгууламжийн аргаар хурдаа нэмсэн байх. Харин Даог эрэлхийлэх бүлгэмийн ойролцоо ирэхдээ хүндэтгэл үзүүлэн хурдаа сааруулжээ.
Лу Ян анх харсан үед тэрэг аль хэдийн удааширсан байсан хэрэг.
Гурвуулаа тэргэнд суухад доторх орон зай урьдын адил уужим байлаа. Лу Ян өнөөдөр л энэ тэрэг ямар үнэтэй эрдэнэ болохыг бага багаар ойлгож эхлэв.
— Тэгээд бид хаашаа явж байгаа юм? Яг ямар даалгавар вэ? — гэж Лу Ян сонирхон асуулаа.
— Өө, би чамд хэлээгүй бил үү? Чинхуай хошуу гэдэг газар руу явна. Даалгаврыг анх Мань Гү олсон болохоор дэлгэрэнгүйг өөрөөр нь яриулсан нь дээр.
Мань Гү номондоо хавчуурга хийгээд хаан, урьдын адил тайван хэмнэлээр тайлбарлаж эхлэв.
— Өмнөх нэг даалгаврынхаа үеэр нисдэг завинд сууж явахдаа нэг зорчигчоос сонссон юм. Тэр худалдаачдын ахлагч бөгөөд жирийн хүмүүсийн мэддэггүй олон зүйлийг мэддэг хүн байсан. Худалдаачдын дунд тархсан нэг яриаг надад ярьсан. Нэлээд үнэмшилтэй санагдсан.
— Чинхуай хошуу, Яньжян хошуу хоёрын хооронд асар уудам уулс үргэлжилдэг. Тэндээр нэвтрэх худалдаачид нутгийн анчдаар замчлуулах шаардлагатай байдаг.
— Гэтэл тэр ой шугуйд аймшигтай нэгэн зүйл гарч ирээд, анчдыг хүртэл амьжиргаагаа орхиход хүргэсэн гэсэн...
...
Шөнө бууж, аадар бороо асгарч эхлэв. Өтгөн модод сарны гэрлийг халхалж, тэнгэрийн нижигнэсэн дуу чихэнд хадахад газар шавар усанд хутгалдан, гишгэх тогтвортой газар бараг үлдсэнгүй.
Долоо найман хүн бүсэлхийгээрээ олсоор холбогдон нэг цуваа болжээ. Ингэснээр хэн нэгэн санаандгүй уулын хажуу руу халтирсан ч бусдаасаа тасран унахгүй.
Догшин аадар тэднийг тасралтгүй нүдэж байв. Хэн нэгэн унаад тусламж гуйн орилсон ч бусдад бараг сонсогдохооргүй.
Тэд борооны нөмрөг өмсөн, гартаа таяг барьж, нуруундаа сагс үүрээд алхам бүрээ болгоомжтой гишгэнэ. Хөл доорх сул хөрс хаана цөмрөхийг мэдэхгүй тул өчүүхэн ч анхаарал алдаж болохгүй.
Мөстэй мэт хүйтэн бороо нүүрийг нь шавар шороотой хутгажээ. Толгой өргөхөд өтгөн бороон хөшиг харааг нь халхална. Тэдэнд хамгийн туршлагатай өвгөн анчны араас дагахаас өөр арга байсангүй.
— Хөл доорхоо сайн хар! Бороо орвол уулын зам маш халтиргаатай болдог шүү!
— Ядарсан ч бүү зогс! Цааш яв! Бараг хүрчихлээ. Одоо суучихвал дахиж босож явах хүч гаргах бүр хэцүү болно!
— Би... би цааш явж чадахгүй нь... Туслаарай! Хальтирч байна!
Нэг хүн хөл алдлаа. Тулж тогтох газар олдсонгүй, замын ирмэг рүү гулсаж эхлэв.
Худалдаачид цувааны сүүлчийн олс гэнэт чангарсныг мэдрээд нэг хүн хальтарсныг ойлгов. Бүгд яаран зогсож, түүнийг дээш татах гэж сандран зүтгэлээ.
— А Юэ, олсноосоо чанга зуур! Бид хэмнэлээ тааруулж татах хэрэгтэй!
— Би чадахгүй нь... — А Юэ хадны хажуугаар унжин дүүжлэгдэж байв. Бүсэлхийг нь ороосон олс л түүнийг доош унахаас тогтооно.
Тэр өлсөж, ядарсандаа туйлдаж, олсны тусламжтай өөрөө авирч гарах хүч ч үлдсэнгүй.
Олон жилийн туршлагатай өвгөн анчин сандарсангүй. Өөрөө олс татахын зэрэгцээ бусдыг тайван зохион байгуулж эхлэв.
— Хэдүүлээ тэр том модноос зуур! Бусад хүн дагаад доош гулсахаас хамгаална!
— Үлдсэн нь олсоо бугуйдаа ороо! Би нэг, хоёр, гурав гэхэд бүгд зэрэг татна шүү!
— Нэг, хоёр, гурав, тат!
— Нэг, хоёр, гурав, тат!
Удаан ноцолдсоны эцэст тэд А Юэг арай гэж зам дээр гаргаж ирэв. Бүгд ядарсандаа ганхаж байлаа.
Гэвч өвгөн анчин огт тайвширсангүй. А Юэг анхааралтай ажиглаад,
— А Юэ, чи яг яаж хальтирчихав? Хэн нэгэн түлхсэн мэт санагдсан уу? — гэж асуулаа.
А Юэ гайхсан янзтай толгой сэгсрэв. Өвгөн яагаад ийм юм асуусныг ойлгосонгүй. Мэдээж өөрөө л хальтирсан. Түүнийг хорлох хүн хаанаас гарах билээ?
— Сун өвгөн, та яагаад ингэж асуув? — гэж худалдаачдын ахлагч Чи Ү лавлалаа. Өвгөн анчны асуултаас нэг л биш зүйл байгааг тэр бүдэг бадаг мэдэрчээ.
Сун өвгөн толгой сэгсрээд урд харагдах эвдэрхий сүм рүү заан,
— Цаашаа явъя. Уулын сахиусын сүмд хүрээд ярья, — гэв.
Ийм аадар бороонд зам дээр зогсож ярилцах боломжгүй. Чи Ү толгой дохин, бүгдийг Уулын сахиусын сүм рүү яаран очиж борооноос хоргодохыг уриалав.
Сүмд хүрмэгцээ бүгд төрх байдлаа тоох сөхөөгүй болж, борооны нөмрөгөө тайлан газарт тэр чигтээ сууж, амьсгаадан хүчээ сэлбэв. Дараа нь яаран сагснуудаа шалгаж, бороонд бараа нь норж гэмтээгүй эсэхийг үзлээ. Хэрэв бараа сүйдвэл энэ удаагийн аялал талаар болно.
— Ашгүй дээ. Чи Ү ах барааг ус нэвтрэхгүй даавуугаар урьдчилж боосон нь болж.
Уулын сахиусын сүм тийм сүртэй биш ч нэлээд уужим байв. Голд нь тоос шороонд дарагдсан, он цагийн элэгдэлтэй гурван уулын сахиусын шавар хөшөө залжээ. Эргэн тойронд шороо, амьтны баас хөглөрч, сахиусуудын нэрийг бичсэн пайзнууд ч алга болсон байв. Өргөл болгон тавьсан зүйлсийг амьтад аль хэдийн идчихжээ.
Сүмийн хоёр хаалга хоёулаа алга, цонхнууд нь хагарсан тул хүйтэн салхи дотогш чөлөөтэй сийгнэ.
Гэхдээ энэ бүхэн тэдэнд хамаагүй. Толгой хоргодох дээвэр л байвал хангалттай.
Чи Ү сагснаасаа хэдэн бараа гарган гурван уулын сахиуст өргөл болгон тавьж, борооноос хоргодох газар өгсөнд нь талархлаа.
Гурван уулын сахиусыг шавраар урласан бөгөөд хийц нь онцгой нарийн биш ч тус бүр өөр дүр төрхтэй. Голын сахиус ёс журамт хүний илд барьж, зөв шударгын сүр цацруулна. Зүүн талынх нь эрдэмтний дээлтэй, гартаа ном барьсан бичгийн хүн байв.
Баруун талынх нь тулааны байрлал авсан, цэвэр эр хүний сүр хүч мэдрүүлнэ. Бичгийнх нь зүүнд, тулааных нь баруунд байрласан нь хүртэл дэг журамтай.
— Уулын сахиусууд минь бидний замыг ивээг, — гэж Чи Ү залбирав.
Чи Ү яагаад ч юм энэ гурван уулын сахиуст сүнслэг чанар бий, ямар нэг байдлаар амьд мэт санагдаад байлаа.