Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв

46-р анги

46-р анги — Шарсан гурилан савхыг зэвсэг гэж бүү гол

Лу Ян илдээ барьсан хэвээр Чи Үгийн хүзүүвчнээс шүүрэн авч, арагш шидээд,

— Ард чинь хаалга байна. Хурдан зугт! — гэж хашхирлаа.

Нүд ирмэхийн зуур Чи Ү гурав дөрвөн метрийн цаана шидэгдэв. Газарт савж унах гэж байтал доороос нь үл үзэгдэх хүч өргөн тосож, хөл дээр нь тогтвортой буулгалаа.

— Мөнх настнаа, амь аварсанд баярлалаа!

Үгээ хэлж дуусмагцаа тэр А Юэ болон бусдыгаа дагуулан огт эргэлзэлгүй гадагш гүйлээ.

Тэд Лу Ян, Бар мангас хоёрын Бясалгалын түвшинг ялгаж мэдэхгүй. Гагцхүү бясалгагчид тулалдахад хэн нь ялж, хэн нь ялагдахаас үл хамааран орчин тойрон заавал өртдөг гэдгийг мэднэ. Эгэл махан биетэй тэдэнд тулааны зах төдий шүргэвэл үлдсэн насаа оронд хэвтэж өнгөрөөх эсвэл шороонд булуулах хоёрын нэг болох байлаа.

Бар мангасын бүх үс босож, духан дээрх “хаан” ханз үл ялиг гэрэлтэв. Лу Яныг хэдэн хэсэг тас татах гэсэн мэт довтолгоо нь улам догширлоо.

— Би тусалъя!

Нөгөө хоёр Уулын сахиусын хөшөөнөөс ч дуу гарлаа. Нэг нь судар барьсан, эрдэм төгс бичгийн хүн шиг харагдана. Нөгөөхийн биеэс алтан гэрэл цацарч, хэмжээлшгүй Алтан биетэй гэгээрсэн лам мэт сүртэй байв.

Мань Гү гар дахь судар нь хэтэрхий хөнгөн санагдсан тул хураагаад, өвөр дотроосоо “Их Ся толь бичиг” хоёр боть гаргаж ирлээ.

— Гар дүүрэн сайхан юм.

Мань Гүд багаас нь зэрлэг угсаатан бол дайчин угсаа гэж сургажээ. Зэвсэг ямар ч хэлбэртэй байж болно. Гар дор таарсан бүхэн зэвсэг болж чадна. Юу хамгийн эвтэйхэн байна, түүнийгээ л ашигла.

Одоо хамгийн гарын дор байсан зүйл нь ном байлаа.

— Мэдлэг бол хүч!

Тэр хоёр толь бичгийг хоёр тоосго шиг атгаад Бар мангасын дух руу хүчтэй буулгав. Бар мангас ийм зэвсэгтэй хэзээ ч таарч байгаагүй тул хэсэг мэл гайхлаа.

Мэн Жинжоуд зэвсэг хэрэггүй. Түүний өөрийн бие л хамгийн хүчтэй зэвсэг нь байв. Бүх бие нь алтан хөшөө шиг болж, Бар мангас руу шууд дайрлаа. Бар мангасын ард байсан барын зарц сүнс өрөвдөлтэй орилон, бие нь шаржигнан утаж эхлэв.

Цэвэр аргын сүнслэг язгуур сүнс төрлийн амьтдад үнэхээр гайхалтай нөлөөтэй байлаа!

Барын зарц сүнс айсандаа чарлан, Бар мангасын тушаалыг ч тоохоо больж, сүмээс гүйн гарч бороон дунд алга болов.

Бар мангас өнөөдрийнх шигээ хэзээ ч хилэгнэж байсангүй.

Бясалгагчидтай зөрчилдөхийг хүсдэггүй гэдэг нь тэднээс айдаг гэсэн үг биш. Энэ юу ч мэдэхгүй хэдэн жаалыг урж тасдаад өөр газар зугтчихад л болно. Тэгээд хэн түүнийг олох юм?

Гагцхүү өлзийт сайхан Сун уулыг орхих нь жаахан хайран.

Ингэж бодоод Бар мангас дахиж хүчээ нуусангүй. Барын сүүл исгэрэн Лу Ян руу шавхуурдлаа. Лу Ян довтолгоогоо үргэлжлүүлсэн бол хүнд шарх авах нь гарцаагүй!

Лу Ян шууд шийдвэр гарган илдээ хуйнд нь хийж, арагш ухарлаа. Барын сүүл газрыг нүдэхэд Уулын сахиусын сүм тэр чигтээ доргив.

Гурвын царай зэрэг ноцтой болов.

— Аль хэдийн Алтан цөмийн хийсвэр дүрийг бүрдүүлчихжээ!

Алтан цөмийг нягтруулахын өмнө бясалгагч эхлээд хийсвэр Алтан цөм бүрдүүлнэ. Тэр хийсвэр цөм нь бодит болон нягтарч байж сая албан ёсоор Алтан цөмийн шатанд ордог.

Тэдний өмнөх Бар мангас яг одоо Алтан цөмөө бүрдүүлж байсан тул хүч чадал нь энгийн биш байлаа!

— Би Алтан цөмийн шатанд хагас алхам хүрсэн Агуу хүчтэн! Та нар шиг Суурь тогтоох шатны жаалууд намайг шархдуулж зүрхэлнэ гэнэ ээ?!

— Алтан цөмийн шатанд хагас алхам хүрсэн гэж үү? — Лу Ян Мэн Жинжоу руу эргэн харав. Ахлах эгч энэ нэршлийг түүнд хэзээ ч хэлж байгаагүй.

Сайхан сэтгэлтэй Мэн Жинжоу тайлбарлав.

— Алтан цөмөө хараахан бүрдүүлээгүй мөртлөө өөрийгөө бусдаас дээгүүр гэж бодоод, Суурь тогтоох шатныхантай нэг зиндаанд тооцогдохоос татгалздаг хүмүүсийг хэлдэг юм. Алтан цөмийн шатанд хүрэх гэж зүтгээд байдаг ч жинхэнэ Алтан цөмийн шатныхан нь тоож ч хардаггүй. Нэлээд өрөвдөлтэй байгаа биз?

Сайхан сэтгэлтэй Мань Гү ч нэмэв.

— Лу ах аа, мэдэхгүй байх чинь хэвийн. Манай бүлгэмийн ах, эгч нар энэ нэршлийг сонсох болгондоо шоолдог. Хийсвэрээс Алтан цөм бүрдүүлнэ гэж үү? Бүдүүлэг хүмүүс л тэгдэг. Манай ах, эгч нар Алтан цөмөө шууд л бүрдүүлсэн.

Үнэнч шударга Лу Ян Бар мангас руу өрөвдсөн харцаар харав.

— Үнэхээр өрөвдөлтэй юм.

Бар мангасын уур улам оргилж, нүд нь цусаар дүүрэв. Өөрийн бахархал болсон Бясалгалын түвшинг нь энэ гурван жаал бараг юу ч биш мэт доош хийлээ.

Хамгийн гол нь тэдний бодож байгаа нь үнэн байв!

Ядаж дүр эсгээч дээ!

Бар мангас хүчирхэг дарамт суллан, эхлээд гурвыг нь дарахаар оролдов.

Гэтэл хэний ч санаанд оромгүйгээр гурвуулаа огт нөлөөлсөнгүй. Лу Ян, Мэн Жинжоу хоёр бүр инээлдэн,

— Бид Эртний лууны цустай Нялх сүнсний шатны агуу мангасын дарамтыг тэсэж байсан хүмүүс. Чиний дарамтад яаж нөлөөлөх юм? — гэв.

Мань Гүгийн хувьд бүр ярих ч хэрэггүй. Эртний зэрлэг угсаатны цус түүнийг ямар ч сүрдүүлгээс айхгүй болгодог. Эртний үед зэрлэг угсаатан айдас гэж мэддэггүй, харгис догшин зангаараа зартай байжээ.

Ялангуяа “зэрлэг” гэдэг үгийг биеэрээ харуулдаг байв.

Бар мангас хүн шиг хоёр хөл дээрээ босохоо больж, урд хоёр хөлөө буулган дөрвөн хөллөж хэвтэв. Эрүү нь бараг газарт шүргэж, барын нүд нь гурвыг хөдөлгөөн бүрээр нь ширтэнэ.

Бүүм!

Бар мангас хойд хоёр хөлөөрөө газрыг хүчтэй түлхээд их бууны сум шиг гурвын зүг харван ирлээ. Лу Ян Ногоон оргил илдээ цээжнийхээ өмнө хөндлөн барьж, Бар мангасын хурц саврыг арай гэж тогтоов.

Тэр Бар мангасын хүчийг сааруулахын тулд биеэ эргүүлэн ухарч байлаа.

Өмнөх Арьс хуулагч сүнснээс энэ Бар мангас тэс өөр. Сүнсний давуу тал нь жихүүцэм, тааварлашгүй шинждээ байсан бөгөөд угтаа шууд довтолгоонд сайн биш. Жинхэнэ төрх нь илэрчихвэл харьцахад хялбар. Харин Бар мангас өөр байлаа.

Мангас угсаатан биеийн хүчээрээ алдартай. Тэгээд ч Бар мангасын Бясалгалын түвшин гурваас бараг бүтэн нэг шат өндөр. Лу Ян түүний саврыг илдээрээ тосож, шархдалгүй үлдэж чадсан нь өөрөө амар зүйл биш байв.

Мэн Жинжоу, Мань Гү хоёр зүүн баруунаас хавчин дайрлаа. Бар мангасын цусанд гэрэлт хээ анивчиж, бие нь салхи болон хувирч, хоёрын дээгүүр нисэн гараад догшин савраараа самардлаа.

Үүл лууг дагаж, салхи барыг дагана. Бар мангас төрөлхийн салхины шидэт аргыг удирдах чадвартай. Энэ бол цусны угсаанаас нь заяасан төрөлхийн шид байв!

Мэн Жинжоу агаарт тулах зүйлгүй болсон ч Бар мангасын савартай шууд туллаа. Мань Гү толь бичгээрээ цээжээ хамгаалахад Бар мангас номын талыг тас татчихав.

Лу Ян энэ завшааныг ашиглан илдээ буулгалаа. Өчүүхэн ч өршөөлгүй. Илд нь аянга мэт гялсхийн, нүд ирмэхийн зуур Бар мангасын дэргэд хүрч хэд хэдэн удаа дараалан цавчив. Харамсалтай нь Бар мангасын арьс хэт зузаан тул илд нь нэвтэлж чадсангүй.

Бар мангас чангаар инээн, өөрийнхөө чадлыг хэт үнэлсэн Лу Яныг шоолох гэж байтал гэнэт бие дотроос нь хэд хэдэн Илдийн хий дэлбэрч, амнаас нь цус садрав.

Дэлбэрсэн газрууд нь яг Лу Яны илдээр цавчсан цэгүүд байлаа!

Далд хүчтэй Илдийн хий!

Лу Ян өрсөлдөгчийн арьсыг нэвт цоолох шаардлагагүй. Илдийн хийг нь бие дотор оруулж чадвал л хангалттай!

Энэ бол Мангас угсаатан Биеийн бясалгагчдаас дутах тал. Мангас угсаатны биеийн хүч арьс махандаа төвлөрдөг бол дотор эрхтэн, цус нь харьцангуй эмзэг байдаг!

Бар мангас ухран, Лу Яны илдтэй дахиж шууд тулгарахыг хүссэнгүй.

Гэтэл Лу Ян зогссонгүй. Бар мангас түүний баруун гарын илдийг бултаж байх зуур Лу Ян зүүн гараараа шарсан гурилан савх сугалж аваад толгой руу нь тас хийтэл буулгав!

Бар мангас уг нь бултаж болох байлаа. Гэвч Лу Ян шарсан гурилан савх барьсныг хараад сэрэмжээ сулруулж, “Энэ жаал үнэхээр мухарджээ, гар дор таарснаа бариад зодолдох нь” гэж дотроо шооллоо.

Тэгээд цохиулаад манарч орхив.

Энэ чинь ямар гээчийн шарсан гурилан савх вэ?!

Мэн Жинжоу уул шиг хүнд биеэрээ дайрч, Бар мангасын манарсан хэдхэн хормыг ашиглан бэлхүүс рүү нь мөргөв. Бар мангас гаднаас харахад туршлагатай, зальтай мэт боловч үнэндээ тулаанд дүүрэн цоорхойтой байжээ.

Тэр зөрчилдөхгүй байх зарчмыг баримталдаг, тулалдахаас илүү зугтахыг эрхэмлэдэг тул бясалгалынхаа турш бусадтай бараг гар зөрүүлж үзээгүй юм.

Мөргүүлээд бие нь ганхахад Мань Гү нүд рүү нь чиглүүлэн цохив. Бар мангас яаран толгойгоо хажуу тийш эргүүлэхэд нүд нь аврагдсан ч нударга хацрыг нь онож, арьс үснээс нь нэг хэсгийг хуулан авч одлоо.

Бар мангас зөнгөөрөө сүүлээ савж Мань Гүг цохив. Мань Гү сүүлний хүчийг даган хэд алхам гуйвсан ч бараг шархадсангүй.

Лу Ян нүд ирмэхийн зуур хэд хэдэн удаа илдээр цавчиж, завсраар нь шарсан гурилан савхаар ч хэд нүдсэн тул Бар мангас тасралтгүй ухарлаа.

Хэдэн үе тулалдсаны дараа гурвуулаа илт давуу болж эхлэв.

Бар мангас энэ гурвын нас бага, Бясалгалын түвшин ч өндөр биш мөртлөө арга чадвар нь гүнзгий байгааг хараад ард нь заавал Агуу хүчтэн бий гэж ойлгов. Тэгээд зугтах бодол төрж эхэллээ.

Гэвч гурвуулаа Бар мангасыг тавьж явуулах санаагүй. Өнөөдөр амьд тавибал маргааш хэдэн хүн түүний золиос болохыг хэн ч мэдэхгүй.

Заавал энд нь үлдээх ёстой!

— Хэтэрхий даварч байна шүү!

Бар мангас ууртай архирав. Түүний байдалд цөхрөл шингэснийг гурвуулаа мэдэрч, тэр дороо сэрэмжээ чангаллаа.

Бар мангасын нүд бүлтийж, сүмийн гадна тийш толгойгоо эргүүлээд нууц хөзрөө дэлгэн архирав.

— Эхнэр ээ! Энд хүмүүс намайг алах гээд байна!

46-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Хэн түүнд бясалгахыг зөвшөөрөв46-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах