Лу Ян, Мэн Жинжоу хоёр газар сөхрөн сууж, чинжаалаар нүх ухав. Дараа нь аварга шатныхаа доод үзүүрийг нүхэнд суулгаад, эргэн тойрны шороог хөлөөрөө гишгэлэн нягтрууллаа.
Лу Ян шатыг өшиглөж үзэв. Шат хөдөлсөнгүй, харин баруун хөл нь өөрийнх нь өшиглөлтөд бадайрч орхилоо.
— Боллоо, бат бөх байна. Би түрүүлээд явъя. Амжилттай болбол чи араас дагаарай.
— Болно.
Мэн Жинжоу толгой дохив.
Лу Ян алгаа үрээд, нэг алхамдаа хоёр гишгүүр алгасан аварга шатаар төвөггүй өгслөө. Шатны нугарсан өнцөгт хүрч, тавь дахь чулуун гишгүүртэй нэг өндөрт очмогцоо амандаа хараал бувтнав.
Тэр доош харахгүй гэж өөрийгөө хүчлэн, харцаа урагш чиглүүлээд авгалдай шиг мөлхөн урагшиллаа.
Чулуун шатан дээрх хүмүүс толгой өргөн харахад Лу Ян тавь дахь гишгүүр рүү бага багаар ойртож байв. Бүгдийн нүд гайхсандаа бүлтийжээ.
Тэдний харж байгаа зүйл бол газарт суулгасан аварга шат. Дээд үзүүр нь ерэн градусаар нугарч, шууд тавь дахь гишгүүрийг чиглэж байлаа.
Лу Ян, Мэн Жинжоу хоёр шатаа хийж байгааг хүмүүс харсан л даа. Гэхдээ хэн ч нэг их тоогоогүй.
Тэр үед тэд өөрсдөө дөч орчим гишгүүрт арай ядан хүрч байсан тул нөгөө хоёр яг юу хийх гэж байгааг сонирхоод буцаж буух боломж байсангүй. Хэрэв тэдний хийсэн зүйл дэмий санаа байвал эргээд дөчдүгээр гишгүүрт гарах хүч үлдэхгүй, шалгалтад бүр мөсөн унана.
Хүмүүсээс хамгийн хурдан явсан Мань Гү аль хэдийн дөчин есдүгээр гишгүүрт хүрчээ. Гэвч тавь дахь гишгүүр түүнд хүршгүй ангал мэт санагдаж байлаа. Нуруун дээр нь аварга уул дарж, яг одоо няцлах гэж байгаа мэт.
Тэгтэл Мань Гү нүдээ бүлтийлгэн харсаар байхад Лу Ян хажуугаар нь дээрээс мөлхөн өнгөрч, шууд тавь дахь гишгүүрт хүрэв.
Лу Ян ямар ч саадгүйгээр давааг амжилттай давлаа.
Мэн Жинжоу араас нь дагаж, мөн амжилттай хүрэв.
Ингээд нэг, хоёрдугаар байр тодорчээ.
...
Үүний зэрэгцээ Зүрхээ шинжих уулын гадна Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нар бөөн үймээн болж байлаа.
— Намайг битгий хорь! Өнөөдөр би энэ хоёрыг заавал нэг сайн сургана! Амлая, үхтэл нь зодохгүй! — гэж Дай Буфань хилэгнэн хашхирлаа. Булчин нь зөгийн балаа хулгайлуулсан баавгай шиг овойж товойжээ.
Дүү шавь нар нь яаран бүчиж аваад ээлжлэн ятгав.
— Дай ах аа, зодолдож болохгүй!
— Дай ах аа, тайвшир!
— Шалгуулагчдад ямар нэг юм болбол манай Даог эрэлхийлэх бүлгэмийн нэр хүнд сүйрнэ!
— Өөрөөсөө сул хүнийг дээрэлхвэл таны нэр хүнд ч сүйрнэ шүү, Дай ах аа!
— Дай ах аа, гуравдугаар даваа чинь Даог эрэлхийлэх сэтгэлийг шалгадаг гэдгийг бүү мартаарай. Уур омогтоо хөтлөгдөж болохгүй!
Сүүлчийн өгүүлбэрийг сонсоод Дай Буфань үнэхээр тайвширлаа.
Тийм шүү. Гуравдугаар даваа Даог эрэлхийлэх сэтгэлийг шалгадаг. Ийм амархан дүрэлздэг зан цаашдын бясалгалд сайн зүйл биш.
— ...Хүлээ. Гуравдугаар даваанд шалгуулж байгаа нь тэд болохоос би биш шүү дээ!
Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нар дахиад л бөөн үймээн болов.
Үүнийг харсан Голын сүнс арай тайвширч, нөгөө хоёртой тооцоо бодохоо больж голдоо буцлаа.
...
Лу Ян, Мэн Жинжоу хоёрын хамтын ажиллагаа, амжилт бусдад урам өгсөн бололтой. Шалгуулагчид нэг нэгээрээ хүч гарган хашхирч, эцсийн хүчээ шавхан тавь дахь гишгүүр рүү зүтгэлээ.
Хамгийн түрүүнд Мань Гү хүрэв. Түүний араас Лу Яны танихгүй хэд хэдэн хүн гарч ирлээ. Тэд бүгд Лу Янаас хойно шалгуулсан хүмүүс тул ямар биеийн онцлогтойг нь тэр мэдэхгүй. Харин хамгийн сүүлд өмнө нь харж байсан Хос сүнслэг язгууртай хүн хүрч ирэв.
Үлдсэн хүмүүс хэчнээн зүтгэсэн ч дахин нэг алхам урагшилж чадсангүй. Тэд уулнаас бууж, Лу Ян, Мэн Жинжоу хоёрын хийсэн шатаар тавь дахь гишгүүрт хүрэхийг хүссэн ч доош буухад хүртэл асар их дарамт тэсэх хэрэгтэй байлаа. Бие нь туйлдсан тул дээш ч, доош ч ганц гишгүүр хөдөлж чадахааргүй болжээ.
— Гуравдугаар даваа дууслаа. Уулан дээр үлдсэн хүмүүс хасагдав, — гэж Юнь Жи хүйтнээр зарлаад, тэднийг буулгаж ирэхийг Дай Буфаньд даалгав.
Зүрхээ шинжих уулын хүнийг байранд нь барих хүчийг жирийн аргаар арилгах боломжгүй, Дай Буфань ч гаднаас нь шууд цуцалж чаддаггүй аж. Уулан дээрээс хүмүүсийг авчрахын тулд өөрөө уулын дарамтыг үүрэн, гишгүүр бүрийг нэг нэгээр нь өгсөх хэрэгтэй байв.
Дай Буфань Лу Ян руу догшин харцаар нэг ширтээд Зүрхээ шинжих уул өөд алхлаа.
Тэр туйлын тайван харагдаж, тавь дахь гишгүүрт төвөггүй хүрэв.
Дөнгөж гуравдугаар давааг давсан хүмүүс өөрсдөө тавь дахь гишгүүрт хүрэх гэж хэрхэн зовсноо бодоод, Дай Буфань хэчнээн хялбар өгсөж байгааг харан асар их ялгааг мэдэрлээ.
— Үүнд ойлгоход хэцүү зүйл байхгүй. Та нар дөнгөж арван дөрөв, арван тавтай. Гэр бүл чинь багаас чинь бясалгалд оруулж, нөөцөөр дэмжсэн ч бодит туршлагагүй. Усанд туссан сар, толинд харагдах цэцэг шиг төдий л зүйл харсан. Дао гэж юу болох, мөнх нас гэж юу болохыг үнэхээр ойлгоогүй байна.
— Бясалгалд сэтгэлээ боловсруулах хэрэгтэй. Бясалгал чинь гүйцэж, сэтгэл чинь боловсрох цагт Зүрхээ шинжих уулыг авирах огт хэцүү биш болно.
Эцэст нь Юнь Жи ямар нэг зүйл сая санасан мэт нэмж хэлэв.
— Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь болсон та бүхэнд баяр хүргэе.
Юнь Жи гараа дохиход бугуйвч нь жингэнэж, манан хөөрөн үүл болон хувирч бүгдийг дээрээс нь түшин өргөлөө.
Лу Ян үүлэн дээр зогсоод газар улам холдохыг харан шүлсээ хүчээр залгив. Зүрх нь хоолойд тулчих шиг болжээ.
Новш гэж. Бясалгал гэдэг чинь үнэхээр догдлом юм байна!
Юнь Жи үүлэн дээрээс доор үлдэн цэвэрлэгээ хийж буй дүү шавь нартаа,
— Өнөөдөр та нар их ажиллалаа. Эндэхийг цэвэрлэж дуусаад өөрсдийн ажлаа хийцгээ, — гэв.
Дүү шавь нар нэгэн зэрэг,
— Мэдлээ! — гэж хариулаад, нэг, хоёр, гурав хэмээн тоолон Лу Ян, Мэн Жинжоу хоёрын хийсэн аварга шатыг задалж, хэсэг хэсгээр нь зөөж эхлэв.
Зүрхээ шинжих уулан дээр ийм аварга шат зоогоод орхино гэж юу гэсэн үг вэ!
Үүлэн дээрх Лу Ян нүдээ нээж зүрхэлсэнгүй. Гэвч бусад хүмүүс догдлон дуу алдаж, эргэн тойрны үзэсгэлэнт байдлыг магтахыг сонсоод сониуч зангаа тэвчиж чадсангүй. Тэр нүдээ нээмэгцээ өмнөх дүр зургийг хараад хөшиж, дуу ч гаргаж чадсангүй.
Олон уулын голд нэгэн сүрлэг оргил сүндэрлэнэ. Үүлсийг цоолон тэнгэр өөд цойлсон тэр уулын дөрвөн талын хад асга эгц шулуун бөгөөд аварга мөнх настны илд газарт зоосон мэт харагдана. Түүнийг тойрон найман уул нууцлаг сүр хүчээр төв уулыг хамгаалан байрлаж, цаашлаад давхар давхар уулсын нуруу голын есөн оргилыг бүслэн хүрээлжээ.
Давхарлан хүрээлсэн уулс дэлгэрч буй лянхуа цэцэг мэт үзэсгэлэнтэй харагдана!
Есөн уулыг ороосон нууцлаг манан бүр ч ер бусын өнгө нэмнэ.
Юнь Жи тайвнаар тайлбарлав.
— Даог эрэлхийлэх бүлгэмийн гол цөм нь есөн оргилтой. Хамгийн төвд байгаа оргил бол бүлгэмийн тэргүүний орших Тэнгэрийн хаалганы уул. Үлдсэн найман оргил найман ахмадын эзэмшилд байдаг. Ахмад бүр өөр өөрийн мэргэшсэн зүйлтэй тул найман уул ч тус бүр өөр өөр зориулалттай.
— Эдгээрээс гадна зарим уул нь бүлгэмийн шалгалт, сорилтын газар, зарим нь ахмадуудын уулын салбар, зарим нь шавь нарын бясалгалын талбай, зарим нь аюултай бүс. Бясалгалын түвшин хүрэхгүй хүн орвол амиа ч алдаж мэднэ... Энэ бүгдийг хэдхэн үгээр тайлбарлаж дуусахгүй. Дараа нь та нар аажмаар өөрсдөө танилцаарай.
— Бясалгалд учрал ерөөл чухал. Ирэх нэг сарын хугацаанд та нар Даог эрэлхийлэх бүлгэмийн нутагт чөлөөтэй явж болно. Уулсаар орж үз, Судрын асарт оч, ах шавь нар болон ахмадуудаас зөвлөгөө ав.
— Нэг сарын дараа та нар нэг ахмадыг багшаа болгон сонгох хэрэгтэй. Мэдээж тухайн ахмад өөрөө та нарыг шавиа болгохыг зөвшөөрөх ёстой.
Мань Гү огт эргэлзэлгүй асуулаа.
— Заавал ахмадуудаас л сонгох ёстой юу? Бүлгэмийн тэргүүнийг сонгож болох уу?
— Болно. Гэхдээ бүлгэмийн тэргүүн ер нь шавь заах дургүй. Амжилт олох магадлал тун бага.
Юнь Жигийн үгийг сонссон ч олон хүн бүлгэмийн тэргүүний шавь болох хүсэлтэй хэвээр байлаа.
Даог эрэлхийлэх бүлгэм бол Төв тивийн Мөнх настны таван их бүлгэмийн нэг. Түүний бүлгэмийн тэргүүн өндөр дээд байр суурьтай, хүч чадал нь маргаангүй, Бясалгалын ертөнцөд өрсөлдөгч цөөн агуу нэгэн. Ийм хүний шавь болно гэдэг ил, далд тоо томшгүй ашигтай.
— Удахгүй хүн ирж та нарыг тус тусын сууцанд хүргэнэ.
Юнь Жи хэсэг зогсоод,
— Лу Ян, Мэн Жинжоу хоёр үлд, — гэв.