Биеэ угааж дуусаад Сү Ян Бэлтгэлийн талбай руу буцаж очиход шавь нар аль хэдийн бэлтгэлээ эхлүүлээд уджээ.
“Сү Ян буцаад ирчихэж. Энэ төлөвлөгөөндөө үнэхээр тууштай юм аа…”
“Түүнийг дагаж зүрхэлсэн хоёр нь яасан бол? Түүний тухай мэдээлсэн үү?”
“Өө? Сонсоогүй юм уу? Тэр хоёр нь сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, үйлчилгээг нь магтан сайшааж бусдад ярьж яваа гэнэ.”
“Юу гэнэ ээ!? Эзэндээ тал засах гэсэн үнэнч ноход шиг аашилж байхыг бодоход Сү Ян тэдэнд чухам юу хийсэн юм бол?”
“Хэн мэдэх вэ дээ. Гэхдээ өчигдөр орой Жоу Шюанийг харахад нүүр дүүрэн инээмсэглэлтэй байсан. Саяхан шинээр төрсөн юм шиг л харагдсан шүү…”
“Хөөе, тэр тийшээ хар даа!”
“Тэр чинь…”
“Шавь би Лань ахлагчид мэндчилж байна!”
Холоос ойртон ирж буй үзэсгэлэнт бүсгүйд шавь нар мэндчилэв. Түүний хажууд толигор арьс нь царайг нь улам гэрэлтүүлсэн өхөөрдөм жаахан охин алхаж явлаа.
“Сү ах аа!”
Тэр бол Чи Юэ байлаа. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар түүн рүү дөхөж ирэв.
“Ингэж гүйж явааг чинь харахад хөл чинь аль хэдийн эдгэчихсэн бололтой, тийм үү?”
Чи Юэ толгой дохилоо. “Тийм ээ! Сү ахын гайхамшигтай эмчилгээний ачаар өчигдөр орой өвдсөнгүй. Удаан хугацааны дараа анх удаа тайван унтаж чадлаа.”
“Тэгвэл сайн байна.” Сү Ян түүнд халамж дүүрэн зөөлөн инээмсэглэл бэлэглэхэд Чи Юэгийн хацар улайв.
“Хи хи хи…” Өчигдөр Сү Ян гуяыг нь хөхөж байсан дүр зураг Чи Юэгийн санаанд гэнэт бууж ирлээ. Уруулынх нь хүрсэн мэдрэмж хүртэл зүрхэнд нь гүн хоногшсон мэт тун тод санаанд нь орж байв.
“Өчигдөр түүнийг чи эмчилсэн юм уу?” Хорин хэдтэй бололтой үзэсгэлэнт бүсгүй тэдний өмнө ирмэгц асуулаа.
“Тийм.”
Шавь нарын Лань ахлагч хэмээн дууддаг үзэсгэлэнт бүсгүй Сү Яны тайван байдлыг хараад хөмсгөө зангидав. “Сү Ян, 16 настай. Сургуульд гадна хүрээний шавиар бараг бүтэн жил болж байхад одоо хүртэл хостой болоогүй. Тэгээд ч чамайг мангар, арчаагүй гэж ярьдаг… Чи үүнийг яаж хийсэн юм бэ? Энэ жаал охиноос чамайг түүнийг яаж эмчилснийг хэчнээн асуусан ч хэлэхгүй юм.”
Сү Ян Лань ахлагчийн асуултад сандарсан Чи Юэ рүү хараад инээмсэглэв. “Урьдчилаад уучлаарай. Энэ бол үйлчлүүлэгч бид хоёрын хувийн зүйл тул танихгүй хүнд хэлж болохгүй.”
“Чи сая юу гэлээ?” Лань ахлагчийн царай барайв. “Хэнтэй ярьж байгаагаа сануулах хэрэг байна уу? Би бол гадна хүрээний эрүүл мэндийн тасгийн тэргүүн ахлагч Лань. Гадна хүрээний өвчтэй, бэртсэн бүх шавь миний хариуцлагад байдаг. Тэгэхээр тэр охин ч бас миний асрамжид байгаа!”
“…Тэгээд?” Түүнийг бүхлээр нь залгих гэж байгаа мэт заналхийлсэн харц тулгарсан ч Сү Яны тайван байдал огт өөрчлөгдсөнгүй. “Энэ надад ямар хамаатай юм?”
“Чи… Ахмадуудаа хүндэлж мэддэггүй, их зантай жаал вэ!”
“Лань эгч ээ! Болиорой!” Чи Юэгийн цочирдсон дуу Лань ахлагчийг зогсоов. Тэр Сү Яны нүүр рүү уураа барилгүй алгадахаас хормын төдий дутуу байлаа.
“…” Лань ахлагч доторх уураа дарж, гүнзгий амьсгаа авлаа. “Чи Юэ, над шиг туршлагатай эмч хүртэл чамд юу тохиолдсоныг мэдэж чадаагүй байхад ийм өмхий жаал хөлийг чинь эдгээсэн гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу?”
Лань ахлагч өөрийгөө “туршлагатай эмч” гэж хэлэхэд Сү Ян инээд алдав. Сү Ян өөрийг нь шоолж инээж байгаа мэт Лань ахлагчид санагдаад, тэр түүн рүү хяламхийн харав.
“Лань эгч ээ, бид өнөөдөр Сү ахыг гомдоох гэж ирээгүй! Тусламж гуйх гэж ирсэн юм.” Чи Юэ санаа зовсон өнгөөр хэлэхэд эгч шиг нь сонсогдов.
“Миний насны хагаст ч хүрээгүй ийм жаал юу хийж чадах юм? Ийм их зантай жаал надад тусалж чадна гэж үү!”
“Яг зөв. Суухад өгзөг чинь хатгуулж өвдөхийг намдаахад би тусалж чадахгүй. Илүү туршлагатай өөр хүн ол, ядаж чамаас хоёр дахин ахмад нэгнийг…”
Сү Яны ёжтой үгийг сонсоод Лань ахлагчийн хөмсөг өөрийн эрхгүй татганав.
“Харж байна уу? Сү ах жинхэнэ мундаг хүн! Чамайг бэртсэн гэдгийг ганцхан хараад л мэдчихлээ! Түүгээр туслуулах хэрэгтэй!”
Чи Юэгийн гэмгүй үгс хурц илд мэт Лань ахлагчийн зүрхийг сүлбэв. Хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй ч Сү Яны ажигч гярхай байдал түүнийг олон талаар гайхшруулсан нь гарцаагүй байлаа.
“Чи Юэ чамд итгэдэг байлаа ч би чамд хэзээ ч итгэхгүй! Явъя, Чи Юэ.” Лань ахлагч эргэн хараад Чи Юэг чирэн авч одлоо.
Тэнд байсан шавь нар тэр хоёр ямар холбоотойг гайхав. Эгч дүүс шиг харагдсан ч Лань ахлагч ах дүүгүйг бүгд мэддэг байлаа.
—
“Лань эгч ээ! Бэртлээсээ болоод хэд хоног их өвдөж, өдөр тутмын бясалгалаа хүртэл орхилоо. Ингэсээр байвал…”
“Надад санаа зоволтгүй, Чи Юэ. Тэр Сү Яны тусламжгүйгээр өөрийгөө эмчлэх арга олно. Эцсийн эцэст тэр гадна хүрээний шавь төдий, харин би сургуулийн ахлагч. Нэр нүүрээ барж, түүнээс тусламж гуйвал ичгэвтэр шүү дээ.”
“…” Чи Юэ түүний зөрүүд занг бодоод санаа алдав. Гэр бүлүүд нь холбоотой болохоор тэр Лань ахлагчийг нялх байхаас нь мэднэ. Тэд жинхэнэ эгч дүүс биш ч бие биедээ төрсөн эгч дүүс шиг ханддаг байлаа.
“Лань эгч ээ… ийм болохоор л та одоо хүртэл ганц бие яваа юм… Та дэндүү их зантай, дээрээс нь аль хэдийн 40 настай… Энэ хэвээр байвал ганц биеэрээ л үхнэ шүү.”
Чи Юэгийн үгэнд Лань ахлагч ам дүүрэн цус ханиах шахав. “Жаахан жаал минь! Чи өөрөө хостой болох насанд хүрээгүй байж миний хосын тухай ярих ч болоогүй! Долоо хоногийн турш намайг Лань ахлагч гэж дууд!”
“Ээ?! Гэхдээ…”
“Гэхдээ гэж байхгүй! Энэ долоо хоногт чи намайг Лань ахлагч гэж дуудна.”
Чи Юэ санаа алдаад толгойгоо эргүүлэн, одоо ч чимээгүй, тайван зогсож буй Сү Ян руу харав. “Сү ах аа…” Түүнийг хараад хацар нь улайлаа.